Т.ЭРДМАА
УИХ-ын 2020 оны сонгуульд томсгосон 29 тойрогт өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын нэрс тодорсон бөгөөд хүн амын тоо, бүс нутгийн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан нэг тойрогт 2-4 мандат ногдож буй. 2020 оны сонгуульд АН, МАН-аас гадна дөрвөн эвсэл, хөдөлгөөн болон 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн нь өмнөх долоон удаагийн парламентын сонгуулийг бодвол өрсөлдөөнтэй, сонголттой болох дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс энэ удаагийн “Хэн нь хэн бэ” буландаа гурван мандаттай УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороонд нэр дэвшигчдийг онцолж байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн 28 дугаар тойрогт 10 нам эвсэл, бие даагчдаас 27 хүн нэр дэвшиж буй. Үүнд:
АН
О.Магнай (АН-ын нарийн бичгийн дарга, санхүүч эрхзүйч)
П.Цэцэгмаа (эрхзүйч)
Г.Очирбат (эдийн засагч)
МАН
П.Анужин
Д.Сумъяабазар
(УИХ-ын гишүүн,
УУХҮ-ийн сайд)
Н.Учрал
(УИХ-ын гишүүн)
Монголын ногоон нам
Ц.Эрдэнэчулуун
Та бидний эвсэл
Э.Батшугар
М.Наранбаатар
М.Тулга
Шинэ эвсэл
Д.Энхсайхан
Б.Цогтгэрэл
Д.Батбаяр
Ард түмний нам
Ш.Гантулга
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Ч.Мөнхбаяр
Н.Ган-Од
Сахигтун.
Үндсэн хуулийн-19 эвсэл
М.Алтанхуяг
Х.Бат-Ялалт
Б.Баяраа
ЗОН олны нам
П.Мөнхчимэг
Ард түмний олонхын
засаглал нам
А.Батдорж
Ш.Гантулга
Л.Лхагвадорж
Бие даагч
Ц.Түвшинтөр
Р.Ням-Очир
С.Мөнхчулуун
ШӨХТГ-ыг сэрээж, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлж, шударга нийгмийн төлөө зүтгэгчид
УИХ-ын 2020 оны сонгуулийн 28 дугаар тойрог хамгийн олон нэр дэвшигчтэй тойргийн тоонд орж буй. Энэ тойрогт АН эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй боловсон хүчнүүдээ илгээжээ. АН-аас нэр дэвшигч О.Магнай 2012-2016 онд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар томилогдон ажиллаж байв. Түүнийг иргэд ШӨХТГ-ыг жинхэнэ утгаар нь хамгийн сайн удирдаж чадсан хэмээн үнэлдэг. Шударга бус асуудал гарвал “О.Магнайд хэлнэ шүү” гэдэг үг ч гарсан билээ. Ийм ч учраас эдүгээ “О.Магнайн үед сэрж Б.Лхагвын үед ШӨХТГ” хэмээн хэлэлцэж буй юм. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын халдвар дэлхий даяар хурдацтай тархаж эхэлсэн өнгөрсөн хоёрдугаар сард амны хаалт, ариутгалын цэнхэр спиртын үнэ тэнгэрт хадсан. 150 төгрөгөөр зардаг байсан амны хаалт 2000, цэнхэр спирт 1400 төгрөг байсан бол 10 мянган төгрөгт хүрсэн удаатай. Тэгвэл ийм хүнд хэцүү цаг үед ШӨХТГ ажлаа хийсэнгүй. Үнийн хэт хөөрөгдөлт, монопол шударга бус байдлыг хянаж шалган, чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлж, хэрэглэгчийг хамгаалж чадахгүй ажлаа хийхгүй, унтаж байна хэмээн шүүмжлэл өрнөж байв. Өөрөөр хэлбэл ШӨХТГ “Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх” эрхэм зорилготой. Тэгвэл ШӨХТГ-ын шударга өрсөлдөөнийг хангасан, хяналт шалгалтын үйл ажиллагаа илүүтэй үгүйлэгдсэний илрэл юм.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Г.Очирбат эдийн засагч мэргэжилтэй үндэсний цөөхөн үйлдвэрлэгчийн нэг. Тэрбээр монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГРИ Инвест” группийн захирал. Амьдралын хүнд хэцүү шалгууртай тулгарч 16 настайгаасаа ээждээ туслахаар ажиллаж эхэлсэн гэдэг. Г.Очирбат хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зуны амралтаараа Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захын толгой цувдайны тасагт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэр үед хүмүүс хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, амьдралаа хэрхэн босгодог вэ гэдгийг харж, мэдэрсэн. Хүний олон мөн чанарыг ч таньж, амьдралын олон өнгийг ч харж байлаа. Удалгүй анхны цалингаа авч их урам зориг, эрч хүч мэдэрч байснаа одоо ч мартдаггүй. Туслах ажилтан учраас ажил тарсны дараа цэвэрлэгээгээ хийж, талбайн хогоо шүүрдэж дуусаад гэртээ харьдаг байв. Тухайн үед манайх Зурагтад амьдардаг байлаа. Гэртээ харих цаг 20-21, хоолоо идээд унтах гэсээр 22-23 цаг болно. Нэг ёсондоо 4-5 цаг унтдаг гэсэн үг. Залуу болоод ч тэр үү эрч хүч ундраад, унтах цаг ч хайран санагдаад 3-4 цаг унтаж босоод хэн ч ажилдаа ирээгүй байхад ажил дээрээ очоод цэвэрлэгээний ажлаа жин тан болгочихдог байв. Энэ нь цагийг үр бүтээлтэй зарцуулж сурах суурь болж байж” хэмээсэн байдаг.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Пүрвээгийн Цэцэгмаа эрхзүйч мэргэжилтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх, оролцоо болон олон хүүхэдтэй ээж нарын нийгмийн асуудал, эрх зүйн орчны талаар нэлээд ярьдаг. Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн хувьд төвийн зургаан дүүргээсээ сүүл мушгидаг гэж хэлж болно. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн хөгжлийн банк хамтран Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг хоёр жил тутамд хийдэг. Энэхүү судалгааны нэгдсэн дүнгээр засаглал, амьдралын чанар, аюулгүй байдлаараа Сонгинохайрхан хамгийн сүүлд бичигдэж байна. 300 гаруй мянган иргэдтэй тус дүүрэгт сүүлийн 30 жил МАН дангаараа засагласан. Хөрш зэргэлдээ дүүргүүд нь хөгжөөд байхад УИХ-ын зургаан гишүүнтэй, нийслэлийн есөн төлөөлөгчтэй, дүүргийнхээ 32 хорооны Засаг дарга нь МАН-аас ажиллаж байж хөгжлийн үзүүлэлтүүд нь ахиж дэвшсэн зүйл бараг байхгүй байгаа нь хачирхалтай. Э.Бат-Үүл даргын үед шийдвэрлэгдсэн хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт байгуулах ажлыг ажил хэрэг болгоод дэд бүтэц татуулаад, тэр орчмын иргэдийн газрыг чанаржуулаад, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж чадахгүй ХУД-т бариулахаар болчихсон. Энэ чинь л иргэдийнхээ төлөө ажиллаж чадаж байна уу гэдгийг харуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүний хувьд иргэдийнхээ өмнөөс маш их гомдолтой санагддаг. Газрынх нь асуудлыг шийдчихсэн, 10 гаруй тэрбум төгрөгийн төсөл нь батлагдсан, бүх бичиг тушаал шийдвэр нь гарчихсан, дэд бүтцийнх нь ТЭЗҮ зураг батлагдчихсан тэр том бүтээн байгуулалтыг яагаад ХУД-т барихаар шийдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Яагаад дарга нар энэ СХД-т Нийслэлийн төр захиргааны байрыг бариад эндээ ажиллаж амьдраад асуудлаа шийдэж болохгүй байгаа юм бэ, тэд яагаад гоё сайхан газар ажиллаад СХД-ийн иргэд утаа шороонд амьдарч байх ёстой гэж? Хотын захиргааг дагаад хийгдэх байсан бүх дэд бүтэц цуцлагдсан. Энэ ажил хийгдээд дэд бүтэц, барилгажилт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бол Сонгинохайрхан дүүргийн хөгжилд маш том түлхэц болох байсан. Манай СХД-ийн иргэд өөрсдийн сонгож гаргаж ирсэн хүмүүсээ маш сайн шахаж, хариуцлага тооцож ажилладаг байх хэрэгтэй. Тэгж байж бид хөгжинө. 2020 онд бид хөгжлийн төлөвлөгөөгөө маш томоор харах хэрэгтэй. Одоо тэр цуцлагдсан газар нь ямар нэг төрийн байгууллагыг барих ажлыг тусгуулна. Бүх гэр хорооллыг системтэйгээр хөгжүүлэх зураг, төлөвлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна. Одоо нутаг дэвсгэр, хороо хороогоор нь зааглаж хөгжүүлнэ гэхээсээ илүү цаг агаар, газар зүйн байршил, дэд бүтцийн хувьд нарийвчилсан судалгаа гаргаж бүсчлэлээр нь хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж бид үзэж байна.
МАН-ын маапантай
гурав
Д.Сумъяабазар 2017 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 2018 оноос Нийслэлийн МАН-ын даргаар тус тус ажиллаж байна. Түүний гаргасан амжилт нь бөхийн спортод илүү жин дардаг. Харин улстөрчийн хувьд 2012, 2016 онд УИХ-д сонгогдсон гэдгээс төдийлөн хэтрэхгүй л болов уу. УУХҮ-ийн сайд болсон цагаасаа л иргэд 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой компанийн IPO гаргана. Иргэдэд очих үр өгөөжийг дээшлүүлнэ” хэмээн ярьсан. Өнөөг хүртэл хэрэгжээгүй. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 2018 онд "УИХ-аас IPO гаргах чиглэл өгсөн. Манай яам энэ чиглэлд амралтгүйгээр ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж байна. 12 дугаар сарын сүүлээр УИХ-д мэдээлэл өгөх үүрэгтэй. “Тавантолгой”-д IPO гаргахаар олон улсын стандартын шалгуур хангаж ажиллана. Тавантолгой”-н компанийн ажиллах заалтыг өөрчилж байна. Төлөөллийн байдлаар оролцоог хангах үүднээс 70:30 хувийн квот гаргасан. Хувьцааны бэлтгэлтэй холбоотой дотоодын хөрөнгийн бирж дээр тодорхой ажил хийж байна. “Тавантолгой” цаашдаа үр ашигтай ажиллахаар байгаа. IPO гаргах хүрээнд бэлтгэл ажлууд үргэлжлэн хийгдэж байна" хэмээн ярьж байсан. Өнөөдөр ч энэ үгнээс нь илүү ажил амжуулсан талаар мэдээлэл байхгүй байгаа. Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ыг гартаа оруулахын тулд нэлээд “хор найруулсан” гэдэг. Нийслэлийн МАН-ын хороог 2016 оны сонгуулийн дараа удирдаж байсан Ц.Сандуй 60 тэрбумын хэрэгт холбогдож, 2017 оны есдүгээр сард ажлаа өгснөөр үүрэг гүйцэтгэгч даргатай бүтэн жил болсон байдаг. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хурлаа зарлах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Учир нь МАН-ын дотоод хоорондын зөрчил нь туйлдаа хүрч, “хор найруулах” ажил удаан үргэлжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүргийн намын хороо, 152 үүрийн гишүүдээс бүрдүүлэх учиртай 369 квотоос 69-ыг нь “хулгайлж”, дарга нарт зориулж квот бэлтгэх тохироо явсан ч бүтэлгүйтэж байлаа. Ийнхүү нийслэлийн МАН-ынхан дотроо “зодолдож” гаднаа зарим гишүүдээ хууль зөрчсөн хэмээн баривчилсан хуралдаан болж байж Д.Сумъяабазар даргаар нь сонгогдсон гэдэг.
Н.Учрал 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр УИХ сонгогдсон даруйдаа МАН-аар овоглогдсон ЖДҮ-чин гишүүдийн нэг болсон түүхтэй. Түүний аав “Их Засаг”-ийн хэмээх Н.Ням-Осорын эзэмшдэг “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. МАН-ынхны балаг ЖДҮ хэрэг дэгдэж байх үед тэрбээр “Тэр компани надтай ямар ч хамааралгүй явж ирсэн. Манай аав зээл авчихсан байна. Тэгээд хугацаанаас нь өмнө эргүүлж төлөхөөр шийдсэн” хэмээн иргэд сонгогчдын өмнө мэдэн будилж томорсон удаатай. УИХ-ын гишүүн Н.Учралын энэ үг нэг хэсэг цахим ертөнцөд “Учрал стайл. Тэрмуу зээлийг чинь өдөрт нь багтаагаад төлчихнө” хэмээн моод болсон байдаг.
Д.Анужинг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр хүмүүс мэдэх болсон. Энэ нэр нүүрээ ашиглаж 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн ч зорилгодоо хүрч чадаагүй. Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт “зөөлөн дуугараад” иржээ. Түүнийг хэвлэл мэдээллээр ярьдаг шигээ тийм ч зөөлөн хүн биш гэсэн мэдээлэл цацагдаж байсан удаатай. Учир нь найруулагч “Херо” Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэг нь олон нийтэд цацагдаж байв. Тус бичлэгт тэрээр Ч.Ундралд “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ” гэж хэлсэн байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН