Б.Сүрэн
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороонд нам, эвсэл, бие даагчдаас бүрдсэн нийт 36 хүн нэр дэвшиж байна. Энэ утгаараа хамгийн олон нэр дэвшигчтэй тойргоор онцгойрч буй. АН-аас Ц.Одонтунгалаг, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар нэр дэвшиж байгаа бол эрх баригч МАН-аас Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар өрсөлдөж байна. Үлдсэн 30 хүн нь “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат эвсэл”, “Шинэ эвсэл”, “Хөгжлийн хөтөлбөр нам”, “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл” гэх мэт улс төрийн хүчин болон бие даагчид байгаа юм.
ХБИ-ийн төлөөллийг багтаасан тойрог
АН-ын эмэгтэй гишүүдийн нэг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нь хуульч мэргэжилтэй. Тэрбээр 1996 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд, хуульч, өмгөөлөгчөөр тасралтгүй ажилласан юм. Тодруулбал, 1996-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Ингээд 2012 НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, 2016 онд дахин өрсөлдөж, иргэдийн итгэлийг хүлээн ажиллаж буй чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл.
Тэрээр 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Автобус-1” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон очсон. Улмаар 2014 онд төрийн өмчит гурван компанийг нэгтгэж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан. Ингээд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, үргэлжлээд 2012-2016 онд цахим системд шилжих эхлэлийг амжилттай тавьсан. Өнөөдөр иргэд смарт карт уншуулаад автобусаар хялбар зорчдог болсон нь 2012-2016 оны хотын мээр Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нараар удирдуулсан нийслэлийн багийнхны хийж хэрэгжүүлсэн ажлын нэг яах аргагүй мөн. Мөн Ц.Одонтунгалаг Баянгол дүүргийн есдүгээр хороондоо ая тухтай орчин бүрдүүлсэн, хүүхдийн тоглоомын томоохон талбайг барьж, ашиглалтад оруулсан гавьяатай. Энэ мэт иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн хотын маш олон ажил түүний нэрийн хуудас болдог. Ц.Одонтунгалаг “ Ер нь, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн гэсэн төлөөллийн гурван шатлал бий. Энэ дундаа НИТХ бол хамгийн хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг. Улстөрч, төлөөлөгч хүн иргэд “юу гэж хэлэв, юу хүсэв” гэдгийг сонсч, шийдвэр гаргуулах үүрэгтэй. Яг асуудал дунд, иргэдийн амьдрал дунд орж ажиллахыг шаарддаг. Энэ чиг шугамаа алдахгүй юм сан гэж хичээж ажиллаж ирлээ. Хамгийн гол нь, асуудлыг жижгээс эхэлж шийдэх боломж байна гэдгийг Баянгол дүүргээс олж харсан. Энэ сайн жишгийг бусад дүүрэг, хороодод хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй хот болгохыг хүсч байна” гэсэн юм.
Дараагийн танилцуулах хүн бол Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Пүрэвдаваа. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Хоёр ах, нэг охин дүүтэй айлын бага хүү. Эдийн засагч мэргэжилтэй. Ардчиллын буянаар 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авч ганзагын наймаа хийж эхэлжээ. Тухайн үеийн хүүхдүүд бүгд л ганзагын наймаа хийдэг байж. Д.Пүрэвдаваа бусадтай адил ах нар, найз нөхөдтэйгээ нийлээд арван жилийн ахлах ангийн сурагч байхдаа л ганзагын наймаа хийж зуны амралтыг үеийн хүүхдүүд амарч, тоглож өнгөрөөдөг байхад тэрээр Эрхүү, Эрээнээс бараа зарчихдаг авхаалжтай хүү байж. Арван жилээ төгсөөд түүнд эхний хоёр жил нь их сургуулийн намар гэж байгаагүй. Ажил амьдралын шугамаар хоёр жил Солонгос улсад хар ажил хийжээ. Том баатар болж арван жилийнхээ биеийн тамирын багштай нийлээд ажил хийж баяжихаар Солонгосыг ихэд баяртайгаар зорьсон аж. Эхний нэг жил тахианы махны үйлдвэрт, дараа нь хуучин хувцасны, хуванцарын үйлдвэрт ажиллаж олсон мөнгөө ээж рүүгээ явуулдаг байдаг байж. Ажлын хүндийг Солонгост л мэдэрсэн Д.Пүрэвдаваа “Хүн ажил голдоггүй, ажил хүнийг голдог” гэж хэлэх дуртай болжээ.
Тэрээр 2010 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдож, хоёр хуваагдсан намаа нэгтгэж, 2012 оны анхны сонгуульдаа ялалт байгуулснаар Баянзүрх дүүргийн түүхэнд анх удаа цэнхэртсэн билээ. Тухайн сонгуульд 41 суудлаас нийслэлдээ хамгийн өндөр буюу 32 төлөөлөгч сонгогдон Ардчилсан нам дүүрэгт засаглах эрхийг авч, ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олджээ. Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон нэгэн. Дүүргийн намын хорооны дарга, Ардчилсан намын Бодлогын Зөвлөлийн дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн. Д.Пүрэвдаваагийн тухайд асуудлыг ужгируулаад байх бус цаг хугацаанд нь шийдэл гарцыг нь олоод хийгээд явахыг чухалчилдаг нэгэн гэдгийг нь мэдэх хүмүүс нь хэлдэг. Аливаа ажлыг хийе гэвэл арга нь үргэлж олддог хэмээн ярьдаг залуу.
“Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан АН-д элсч, улмаар 23 дугаар тойргоос нэр дэвшихээр болсон. Хоёр жилийн өмнө осолд орж, тэргэнцэр дээр суудаг болсон тэрбээр яагаад АН-ыг сонгох болсон тухайгаа ярьсан юм. Тэрбээр “Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Юун түрүүнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх ажлаа нэр томьёоноос эхлэх нь зүйтэй байх. Би хэдийгээр тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй.
Тийм болохоор хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёог тусгай хэрэгцээт болгон хуулийн нэрийг өөрчлөхийг хүсч байна. Тэгэх юм бол миний төлөөлж буй 110 мянга гаруй иргэн нийгмийн оролцоо, итгэл үнэмшлийн хувьд маш их зүйлийг олж авах боломжтой болно. Бүх зүйлд төр засгийг буруутгах аргагүй. Төрөөс тусгай хэрэгцээт сургуулиудыг байгуулсан. Гэвч хүртээмжгүй байна. Тусгай сургуульд очих тусгай автобус, замгүй байна. Бидэнд суралцах боломж хомс байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж байгаа нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг боломж бүрдээсэй гэж хүсдэг. Дунд сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэж байгаа” гэжээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн саарал үйлдэл ба бусад
МАН-аас Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ тойрогт нэр дэвшиж байна. Эл хатагтайг зөвхөн намынхан нь МАН-ын сайн боловсон хүчнүүдийн нэг гэж өмгөөлж хамгаалдаг. Гэвч түүнийг нийгэм мэдэхгүй, танихгүй. Улс төрд мөр байтугай нэр ч байхгүй ийм хүн Монгол Улсын нэгдсэн төсвийг зангидаж ирсэн. БНХАУ-д баклавр, АНУ-д магистр хамгаалсан гэхээр боловсролын тухайд гологдохооргүй ч амьдрал дээр дэд сайд болохоосоо өмнө төрд нэг ч өдөр алба хашиж үзээгүй юм билээ. “Оюу толгой” ХХК-д төслийн менежер, “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба Д.Оюунхоролын дэмжлэгээр крандуулсаар Сангийн дэд сайдаар томилогдсон гэх. “Х.Булгантуяа монголчуудын эгэл боргил амьдралыг мэддэг л байгаа даа. Цалин хангамж сайтай компанид ажиллаж байсан хүнд “Атар” талхыг хувааж авдаг ард түмний амьдрал сонин байх биз” хэмээн иргэд ярьж байна. Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч, “Оюу толгой” ХХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гадаад харилцаа, жендерийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тухайгаа намтартаа өгүүлжээ. Тэрбээр инженер аавтай, эдийн засагч ээжтэй. Нөхөр нь “Юнигаз” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад эхнэрээ дэд сайд болохын өмнөхөн ажлаа өгсөн байдаг. Тэднийх хоёр хүүхэдтэй. МАН-д 2010 онд гишүүнээр элсчээ. Түүнийг Монгол Улсыг Саарал жагсаалтад ороход хүргэсэн хүн гэж эдийн засагчид буруушаадаг юм. Учир нь ФАТФ-аас Сангийн яаманд тодорой хуулийн заалтуудаа шинэчилж, сайжруулах үүрэг бүхий албан бичиг явуулахад нь дэд сайд маань үл ойшоосон хариу өгсөн байдаг. Үүнээс удаагүй Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон юм. Үргэлжлээд өнөөдөр Хар жагсаалтад мөн ороод байгаа билээ. Эдийн засгийн салбараа элгээр нь хэвтүүлж, хоёр ч муу жагсаалтад орох нөхцөл байдал үүсгэсэн эмэгтэй ийнхүү УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байна.
Дараагийн нэр дэвшигч Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан. Уг нь орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт АН олонх болсон ч МАН-ын төлөөлөгчид шударга бус үйлдэл гаргаж, дүүргийг хоёр талцалд хувааснаар эцэстээ нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүч түрэн Э.Бат-Амгаланг томилсон. Тухайд үед хууль бус томилгоог эсэргүүцэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадна 300 гаруй иргэн жагсаал хийж байсан. Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн тухайд намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг гэнэ. Анх Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхбаатарыг дагаж орж ирж байсан гэдэг. Э.Бат-Амгалан өмнө нь ТӨУҮГ-т дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд элдэв тендер зохицуулж явсан гэдэг. Түүний хувьд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй, хэл ам, дуулиан шуугианаараа алдартай нэгэн. Баянзүрх дүүрэг дэх Сансрын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй сайн мэднэ. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баар Сансарт байдаг юм байна. Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хэмээн цагдаагийн байгууллагын мэдээлэлд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ийм нэгэн түүх намтартай Э.Бат-Амгалан гэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга болж, өнөөдөр УИХ-д нэр дэвшээд явж байна.
Удаах нэр дэвшигч бол ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн “элэгний” хэмээн алдартай Ж.Чинбүрэн эмч юм. Тэрбээр эмчийн халаадаа тайлж, улс төрд хүч үзэхээр шийдсэн нь энэ. Харамсалтай нь, алдарт эмч маань тийм ч ариухан нэгэн биш бололтой. УИХ-ын гишүүн М.Билэгтийн 100 хувь эзэмшдэг “Ачлал трейд” компани ХСҮТ-ийн дэргэд 11 мянган метр квадрат талбай бүхий өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай эмнэлгийн барилга барьсан. Барилгыг “Ачлал трейд” компанийн санхүүгийн эх үүсвэрээр эхлүүлж, арилжааны банк, Хөгжлийн банкны зээл авч, нийт 20 гаруй сая ам.долларын өртгөөр баригджээ. Асар өндөр өртгөөр баригдсан уг эмнэлгийн барилгыг ХСҮТ түрээслэн ашиглах асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж, түрээсийн гэрээ байгуулах хүртэл үнэгүй ашиглах гэрээг байгуулсан байдаг. Гэвч уг асуудлаар идэвхтэй ажиллаж байсан Н.Чинбүрэн эмч Гавьяат цол хүртсэнийхээ дараа гэнэт нэг өдөр ажлаа өгөөд алга болсон билээ. Улмаар түүний ажлыг авсан Х.Эрдэнэхүү эмнэлгийн барилгыг түрээслэхээс татгалзсан. Гол нь, хавдрын өвчлөлтэй иргэдийнхээ төлөө нэгэн насныхаа амьдралыг зориулж, ХСҮТ-ийг удирдах хугацаандаа сайн менежер гэдгээ ч харуулж дөнгөсөн Ж.Чинбүрэн эмч яагаад гэнэт эмнэлгийн барилгаа өргөтгөх асуудлаас бултав. Тодорхой улс төрийн болон ашиг сонирхлын нөлөөлөл байв уу гэх хардлага үүссэн. Өмнөх онуудын түүх сөхөхөд ч тэр, Н.Чинбүрэн эмч “Ачлал трейд” компанийн 10 шахам жил дамнан баригдсан эмнэлгийн төсөлд гар бие оролцсон түүх баримтаар нотлогддог. Тодруулбал, 2014 онд Ж.Чинбүрэн эмч “Каб Мед” ХХК-иараа дамжуулан, эмнэлгийн менежментийн багийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж байжээ. Нэг жилийн хугацаатай уг гэрээг сар бүр 10 мянган ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан түүхтэй аж. Гэрээний дагуу Ж.Чинбүрэн эмч гаднаас менежментийн баг оруулж ирэх, шаардлагатай тоног сонгох, байршуулахад туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна. Бүдүүлгээр хэлэхэд, Ж.Чинбүрэн эмч М.Билэгтийн эмнэлгийн барилгыг зах зээлийн эргэлтэд оруулж өгөхөөр амлаж, сар бүр 10 мянган ам.доллар авахаар гэрээ байгуулсан гэсэн үг. Мөнхүү менежментийн баг ажлаа амжилттай биелүүлбэл 370 мянган ам.доллар авахаар гэрээ хийж байсан нь анхаарал татав. Тэд гэрээгээ албажуулсны дараа “Ачлал трейд” ХХК-иас Ж.Чинбүрэн эмч рүү нийт 80.000 ам.доллар шилжүүлж байжээ. Гэвч эмнэлгийн барилгын төсөл шүүхийн маргаанд орж, менежментийн багийн зүгээс ч тодорхой шийдэл олоогүй тул гэрээг зогсоож байжээ.
Энэ талаар “Ачлал трейд” ХХК-ийн зүгээс “Тухайн үед танаас ганцхан юм гуйя. Танай эмнэлгийн барилгыг улс найдвартай авах учраас би дотоод заслыг нь сайн хийлгэмээр байна. Манай дүүгийн компанийг оруулчих гэсэн. Бид энэ дагуу 1.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн ч ажил нь яваагүй. Удаа дараа шаардах бичиг өгсний эцэст гэрээ цуцалсан. Манай компанид 200 сая төгрөгийн бодит хохирол учруулсан” гэх мэдээлэл өгсөн юм.
Харин энэ асуудлаар Ж.Чинбүрэн эмч “Би дүүгийнхээ компанийг огт санал болгоогүй. Манай дүүгийн компани төрийн тендерт оролцдоггүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгээд, чанартай сайн гэгдэж явдаг. Тэднийх “Ачлал трейд” ХХК-тай 1.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч ажил нь явж өгөөгүй. Хоёр компани хоорондын л маргааны асуудал. Намайг үүнд наах шаардлага байхгүй. “Ачлал трейд” ХХК-ийнхан тэднийд ажил гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүй, байсхийгээд л өмнө ярьсан зүйлээсээ буцдаг, муу материал шахдаг зэрэг маргаан үүсгэж, хоёр талаасаа гэрээгээ цуцалсан юм билээ” гэх хариулт өгч байжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН