С.БАТ
УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч, НИТХ-ын төлөөлөгч, хуульч Цогтоогийн Одонтунгалагтай ярилцлаа.
-Та НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдон төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн. Энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд нэр дэвшжээ. Яагаад их хурлын сонгуульд өрсөлдөхөөр болов?
-Тиймээ, УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байна. Олон жил хуульч өмгөөлөгчөөр ажиллахдаа хууль шүүхийн шатанд иргэдэд өмгөөлөл, хуульзүйн туслалцаа үзүүлж ажилласан. Хуулийн хэрэгжилт харилцан адилгүй байна. Мөнгөтэй хүн хуулийн “цоорхой”-г ашиглаад хэргээс цэвэрхэн мултарч болдог, ядарсан нэгэн нь ялихгүй буруу үйлдлийнхээ төлөө хүнд ял авах жишээний. Тиймээс хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг шударга, ёсзүйтэй, хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Түүнчлэн МУ-ын хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг зөв өнцгөөс харж, зөв шийдвэрлэхэд хууль тогтоох шатанд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан.
Миний бие НИТХ-д найм дахь жилдээ иргэдээ төлөөлөн ажиллаж байна. Хууль өмгөөлөгчийн мэргэжил хийгээд олон жил иргэдийг өмгөөлж, хамгаалж ажилласан ажлын туршлага маань төлөөлөгчийн ажлаа амжилттай гүйцэтгэхэд томоохон суурь болсон гэж үздэг. Миний мэргэжил ур чадвар, ёсзүй, ажлын хариуцлага, мэргэжлийн болон төлөөлөгчийн ажлаас хуримтлуулсан улстөрийн туршлага маань хууль тогтоох шатанд ажиллахад чамлагдахгүй байх хэмээн бодож байна.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол Монгол Улсын гурван сая гаруй иргэн эрх тэгш нийгэмд айх аюулгүй, амар тайван ажиллаж амьдрах хууль эрхзүйн орчин, нийгмийн тогтолцоог бий болгохын тулд ажиллах ёстой байгууллага юм. Гэтэл өнөөдөр зөвхөн бүтээн байгуулалт, бизнес, уул уурхай руу түлхүү анхаарч, хувь хүний хөгжилтэй холбоотой нарийн чухал хууль тогтоомж, эрхзүйн баримт бичигт төдийлэн анхаарахгүй байна. Улс орноо удирдаж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа албан тушаалтны шийдвэр нь ард иргэдийн амьдралд нийцэж, баталсан хууль, журам нь иргэн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой. Үүний төлөө ажиллахыг зорьж явна.
-УИХ-аас батлагдан гарч байгаа хууль хөрсөн дээр буухгүй байна гэх шүүмжлэл нийгэмд их бий. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд хэрхэн харж байна?
-Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа зөвхөн танхимд хуралдаад суусангүй. Нийслэлийнхээ иргэдтэй ойр байж, тэдний санал хүсэлт, ахуй амьдрал, орчин нөхцлийг сайжруулах талаар судалж, шийдвэрлэж ажиллаа. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд нэлээн хийж байгаа боловч иргэдэд өдөр тутам тулгарч буй асуудлыг, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой ажил юу хийгдэв гээд харахаар бас учир дутагдалтай зүйлс их байна.
Тухайлбал нийслэлийн төсөв батлах асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж харж байгаа. Төсөв батлахад шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хандлага их нөлөөлдөг. Хамгийн ойрын жишээ ярья. Усан оргилуур барихад 3,2 тэрбум төгрөг баталж, барьж байна. Гэтэл тог цахилгаангүй, худаг усгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа айл өрх хотын захын гэр хороололд зөндөө байна. Энэ асуудлыг шийдэж чадаагүй байж өндөр өртгөөр усан оргилуур барьж байгаа нь төрийн шийдвэр иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэхгүй, хөрсөн дээр буухгүй байна гэсэн үг. Хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын түвшинд асуудлыг шийдвэрлэж байж энэ байдал өөрчлөгдөнө. Иймд юуны өмнө Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах, мөн төсөв батлахдаа иргэдийнхээ саналыг авч, санал оруулсан ажлуудыг эрэмбэлж байгаад иргэдэд нэн шаардлагатай, тулгамдсан ажлаас эхлэн төсөвт суулгадаг байхаар хуульчилж өгөхгүй бол зөвхөн даргын сонирхол, амбиц, хэн нэгний лоббигоор орж ирсэн ажлыг санхүүжүүлж, төсөвт тусгаж ажиллаж байна. Тийм учраас үүнийг хуульчлах ёстой гэж үзэж байгаа юм.
-УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Иргэдийн итгэлийг хүлээж, гишүүн болвол та өөр ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийх вэ?
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн “Өсөлтийг өрх бүрд” уриа маш гүн агуулгатай. Эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, амьдрах орчин нөхцөл гээд бүхий л талаас нь хөгжүүлэх, иргэддээ таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах мөрийн хөтөлбөр болсон.
Баянзүрх дүүргийн иргэд маань надад итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн болвол улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, дорвитой өөрчлөлт хийх ажлууд олон байна. УИХ-ын гишүүд ард иргэдийнхээ төлөө ажиллана гэж сонгогддог хэрнээ харуул, хамгаалалт бүхий төрийн ордонд ороод суучихдаг, иргэдтэйгээ тогтмол уулзах нөхцлөөр хангагдаагүй. Улсын их хурлын гишүүд хуралдаж хууль, тогтоомж батлахдаа төрийн ордондоо ажиллаад бусад үед сонгогдсон тойрогтоо иргэдийнхээ дунд ажиллах тогтмол үйл ажиллагаатай ажлын байртай, иргэд чөлөөтэй уулзаж болохуйц нөхцлийг бүрдүүлэхийн тулд хууль санаачилж ажиллах зорилго байна. Мөн улсын их хурлын гишүүний халдашгүй дархан байдлыг хуульчилсан байдаг. Үүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэснээр гоё сайхан амлалт ярьж сонгогдчихоод халдашгүй байдлаа ашиглаад зөрчилтэй шийдвэр гаргадаг, хуралдаа суудаггүй, иргэдийнхээ дуу хоолой, төлөөлөл болж төр түших ажлаа хийдэггүй гишүүнийг иргэд сонгосон шигээ эргүүлэн татах боломжийг бүрдүүлэх юм.
Улсын их хурал маань хуулийг боловсруулж, батлахаас гадна хуулийн хэрэгжилтэнд ямар асуудал тулгарч байгаа, бодит амьдрал дээр нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэхгүй байгаа зүйл заалтыг өөрчлөн шинэчлэх чиг үүрэгтэй байгууллага.
Зөрчлийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэн батлуулах ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна. Энэхүү хуулийн хэрэгжилтээс торгууль, шийтгэвэр хэлбэрээр нийслэлийн хэмжээнд 70 тэрбум төгрөг төвлөрч байна гэх судалгаа бий. Тэгэхээр улсын хэмжээнд түүнээс өндөр дүн гарах нь ойлгомжтой. Эдийн засаг хүнд байгаа үед иргэдийнхээ халааснаас их хэмжээний мөнгийг торгууль хэлбэрээр авч төсөвт төвлөрүүлж байгаа юм. Гэтэл энэ торгуулийн мөнгө буцаад иргэддээ зарцуулагддаг байсан бол өнөөдөр Улаанбаатарт тоггүй, худаггүй, явган хүний замгүй, гэрэлтүүлэггүй гэсэн асуудал гарах ёсгүй. Ард иргэдээ маш ихээр торгож шийтгэдэг энэ хууль иргэдэд халтай байна, иймд засч залруулах хэрэгтэй.
-Коронавирусын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байгаа хямралын үед Нийслэлийн төсвөөс шаардлагагүй бүтээн байгуулалтуудын зардлуудыг танаж, иргэддээ зарцуулъя гэсэн саналыг та гаргасан. Өнөө маргаашдаа шаардлагагүй ямар бүтээн байгуулалт байна, иргэдэд тухайн төсөв мөнгийг зарцуулах ямар боломж байна гэж харж байна вэ?
-Маш олон боломж бий. 2020 оны Нийслэлийн төсвөөс 8 орчим тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэж болохоор байна. Тухайлбал, энэ жил Зүүн хойд азийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хил хаагдчихсан энэ үед энэ ажлыг хийх боломжгүй учраас иргэд рүү хандсан ажилд шилжүүлэн зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Аз жаргалтай хотын индексийг дээшлүүлэхэд 1 тэрбум, гадаад томилолтоор явахад 1 тэрбум гэх зэргээр шаардлагагүй урсгал зардлууд олон байна.
Түүнчлэн, 2020 оны хөрөнгө оруулалтын зардлаас 160,7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой байна. Түр хойшлуулах боломжтой ажлууд олон бий. Тухайлбал, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны барилга барихад 6,8 тэрбум төгрөг, Налайх дүүргийн нутгийн захиргааны ордны барилгад 14,3 тэрбум төгрөг, Нийслэлийн нутгийн захиргааны шинэ барилгын тавилга авахад 2 тэрбум төгрөг гэх зэргээр төсөв хуваарилсан.
Энэ мөнгийг цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд зарцуулах, хоол хүнсний дутагдлыг нөхөх, хүүхдүүдэд витаминлаг зүйлс хэрэглэхэд зориулах шаардлага үүсээд байна. Хүнс тэжээлийн дутагдалд орсон, гэртээ өлсөж, хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэд байна. Бид барилга байгууламжаас илүү, хамгийн эхний ээлжинд иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих нь чухал. Миний хувьд энэ саналаа удаа дараа илэрхийлж байгаа.
-ТА НИТХ-д нэлээд “чанга дуутай” төлөөлөгчдийн нэг. Хуульд нийцээгүй, болохгүй байгаа асуудлыг шулуухан хэлж байгаа нь харагддаг. Таны мэргэжлийн онцлог асуудлыг өөрөөр харахад нөлөөлдөг үү?
-Анх 2012 онд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсоноос хойш найман жил төлөөлөгчөөр ажиллаа. 2016 оны сонгуулиар иргэд надад дахин итгэл хүлээлгэснээр би төлөөлөгчийн ажлаа хийсээр байна. Энэ бол илүү их итгэл, хариуцлага хүлээлгэсэн явдал гэж ойлгож, иргэдийн санал, хүсэлтийг ажил хэрэг болгохын төлөө ажилласаар байна. Шийдэлгүй асуудал гэж байдаггүй. Хамгийн гол нь иргэдийн саналыг ойроос сонсож, нэг хүнд биш, нийтэд тустай шийдвэр гаргаж, гаргуулж болдог гэдгийг олж харсан гэх үү дээ. Ер нь, иргэд юу хүсч, юуг шаардаж байгааг анзаарахгүйгээр урагшилна гэдэг байж боломгүй зүйл. Би 1996 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд, хуульч, өмгөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Хуулийн хүний харах өнцөг, зарчим маань Нийслэлийн иргэдийг төлөөлж, иргэдэд хэрэгтэй, голч шийдвэр гаргахад нэлээн давуу тал болсон гэж боддог.
Бүх юм хуульд нийцэж байх ёстой. Түүнээс биш, 45 төлөөлөгч нийлж суучихаад, гэнэтийн шийдвэр гаргаад байж болохгүй шүү дээ. Миний бие НИТХ дахь Ёс зүйн дэд хороог ахлаж ажилладаг. Улстөрч хүнд байх ёстой хамгийн том зарчим бол ёс зүй, хариуцлага. Нэгэнт иргэдийн итгэл хүлээж, сонгогдсон л бол тэр хүн хэлсэн үг, хийсэн үйлдэл болгондоо хариуцлага хүлээх чадвартай л байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр НИТХ, УИХ-ын аль ч түвшинд ёс зүйн асуудал их яригдаж байна. Наад зах нь ирц. Улстөрч хүн “Сонгууль дөхүүлж байгаад гоё юм ярьчихна. Дахиад итгээд сонгочихно. Тэр хүртэл алдаг оног хуралдаа суугаад аргалчихъя” гэсэн сэтгэлээр хандаж болохгүй. НИТХ байнгын ажиллагаатай, төлөөлөгчдийг бага хугацаанд ихийг амжуулахыг шаарддаг. Тиймээс ч, хууль тогтоомж батлалцах, боловсруулах хэмжээний эрх зүйн мэдлэгтэй, ачаа даах хүн л байх хэрэгтэй. Миний хувьд, зарчимтай байя. Бусдадаа шаардлага тавья. Хамгийн гол нь, сэтгэлтэй ажиллая. Ингэвэл юуг ч бүтээж болно гэсэн зарчмаар асуудалд хандаж ирсэн.
-Та “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал байсан. Тухайн үед автобусны парк өргөтгөл хийж, цахим системд шилжих эхлэлийг тавьж байсан санагдана. Эрчүүдийн гэгдэх салбарыг удирдах амаргүй байв уу?
-Хэрвээ би уяхан, зөөлөн зантай эмэгтэй байсан бол халшраад ажлаа өгчихмөөр хүнд үеүд байсан. Гэвч үүрэг даалгавар авчихаад би энэ ажлыг хийж чадахгүй нь гэж хэлэх эрх надад байгаагүй.
2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Автобус-1” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон очсон. Улмаар 2014 онд төрийн өмчит гурван компанийг нэгтгэж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан. Энэ томоохон байгууллагыг удирдаж ажиллах хугацаандаа хамт олонтойгоо хамгийн эхний ээлжинд иргэдэд аюулгүй, ээлтэй үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьсон юм. Нийтийн тээвэр гэдэг өөрөө нийгмийн захиалгат үйлчилгээ учраас парк шинэчлэлтийг амжилттай хийсэн. Мөн ажилчдынхаа ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч чадсан нь бидний ажлын амжилт. “Автобус 1”-ын даргаар ажиллаж байхдаа ч, гурван компани нэгдэж, нэгтгэл болсны дараа удирдаж ажиллахдаа ч тасралтгүй шинэчлэлт хийхийг зорьсон. Ер нь, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нэг цонхоор явуулах, алдагдлыг багасгахын тулд 2014 оны 10 дугаар сард нэгтгэсэн байдаг. Зарим нэг компани нь их хэмжээний алдагдалтай ажиллаж байхад, нөгөө нь ашигтай ажиллаж байсан. НИТХ-аар тогтоол гаргаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан нь оновчтой шийдвэр болж чадсан байдаг. Мөн бид 2012-2016 онд Нийтийн тээврийн салбар цахим системд шилжих эхлэлийг амжилттай тавсан. Өнөөдөр иргэд смарт карт уншуулаад л автобусаар хялбар зорчдог болсон шүү дээ. Анх удаа томоохон цогц шинэчлэлийн ажлыг зоригтой эхлүүлж чадсандаа баяртай байдаг.
-Улстөрчид сонгогдсон тойрогтоо үг хэлж, хурал хийх гэж л очдог. Бодитоор ажил хийхгүй байна гэх шүүмжлэл бий. Та сонгогчиддоо ойр ажиллаж чадсан уу?
-НИТХ-ын төлөөлөгч гэдэг сонгогдсон тойргийнхоо иргэдэд хамгийн эхний ээлжинд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй. Иргэдийн зүгээс ч ахмадын чийрэгжүүлэлтийн төв, хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөөч, гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний зам тавьж өгнө үү гэсэн хүсэлт маш их ирүүлдэг. Ингээд сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийнхээ 8, 9, 10, 12, 13, 14, 22 дугаар хороодод иргэдийг ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний зам талбай, худаг барих, мөн байр хорооллуудад автомашины зогсоол болон дээвэр засвар, лифт солих ажлуудыг хийж, ашиглалтад оруулсан. Энэ мэт иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн маш олон ажил бий. Ер нь, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн гэсэн төлөөллийн гурван шатлал бий шүү дээ. Энэ дундаа НИТХ бол хамгийн хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг. Улстөрч, төлөөлөгч хүн иргэд “юу гэж хэлэв, юу хүсэв” гэдгийг сонсож, шийдвэр гаргуулах үүрэгтэй. Яг асуудал дунд, иргэдийн амьдрал дунд орж ажиллахыг шаарддаг. Энэ чиг шугамаа алдахгүй юмсан гэж хичээж ажиллаж ирлээ. Хамгийн гол нь, асуудлыг жижгээс эхэлж шийдэх боломж байна гэдгийг Баянгол дүүргээс олж харсан. Энэ сайн жишгийг бусад дүүрэг, хороодод хэрэгжүүлэх боломжтойг анзаарсан.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН