-Намуудын мөрийн хөтөлбөрөөс хямралын үеийн бодлого хайв-
Америкийн төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, олон улсын харилцааны нэртэй шинжээч Хенри Киссинжер “Удирдагчдын өмнө тулгарч буй түүхэн сорилт бол хямралыг даван туулж, ирээдүйг цогцлоон байгуулах явдал юм. Үүнийг хийж эс чадваас дэлхийг хамарсан гал дүрэлзэх болно” хэмээн айлджээ. Цар тахлын дараа дэлхийн дэг журам өөрчлөгдөнө гэж тэрбээр үзэж байна.
Ковид-19 цар тахал дэгдсэний дараа дэлхийн эдийн засаг уналтад орох төлөвтэйг олон улсын судалгааны байгууллагууд ээлж дараалан анхааруулж буй. Ийм цаг үед монголчууд бид УИХ-ын ээлжит сонгуулиа хийх болов. Хөл хорионы үед “бүсээ чангалсан” иргэд маань цар тахлын үед хөтөлж гарах удирдагчийг бас хямралын үеийн онцгой төлөвлөгөөг эрж хайх вий.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс “Хямралын үеийн онцгой бодлого” гэсэн хэсгийг олж хараад сонгогчийн хувьд ихэд олзуурхав. Тэд юу санал болгов?
Хямралын үеийн онцгой бодлого
Дэлхий нийтийг хамарсан (КОВИД-19) цар тахлын тархалтаас шалтгаалж олон улсад эдийн засгийн түүхэнд байгаагүй маш ноцтой байдал үүсээд байна. Дэлхийн эдийн засаг 2020-2021 онд уналтад орох төлвийг олон улсын байгууллагуудаас гурав дугаар сарын байдлаар гаргасан байна. Монгол Улсын эдийн засгийн гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ мөн уналтад ороод байна. Монгол Улсад 2020 оны эхнээс авч хэрэгжүүлсэн урт хугацааны гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлаас шалтгаалж, худалдаа эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдийн орлого их хэмжээгээр тасалдаад байна. Үүнээс үүдэж арилжааны банкнуудаас авсан зээлийн эргэн төлөлт буурснаас цаашид чанаргүй зээлийн хувь хэмжээ өсөх хандлагатай байна. Энэхүү үйл явц банкуудын үйл ажиллагаанд нөлөөлж, санхүүгийн системд савлагаа үүсгэснээр эдийн засаг бүхэлдээ доголдох ноцтой эрсдэлтэй тулгараад байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсвийн үрэлгэн зарцуулалтаас шалтгаалж Засгийн газрын өр нэмэгдсээр байна. Тухайлбал 2020 оны улсын төсөв хасах 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан бөгөөд эрдэс баялгийн үнийн уналт, компаниудын үйл ажиллагааны доголдлоос үүдэж компаниуд татвараа төлөх боломжгүй байдал үүссэн. Ингэснээр улсын төсвийн татварын орлого тасалдаж, цаашид төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал үүсэх юм. Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудаас ач холбогдол өндөртэй зардлуудыг эрэмбэлэх, үрэлгэн, ач холбогдол багатай зардлуудыг тэвчихийг тогтмол зөвлөж байна. Тухайлбал ОУВС-ийн тэргүүн Их долоогийн удирдагч нартай уулзсан уулзалтын өмнө гаргасан мэдэгдэлдээ төсвийн хатуу бөгөөд нягт уялдаа холбоотой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хохирлыг багасгах боломжтой ба улс орнууд төсөв-санхүүгийн эрчимжүүлсэн арга хэмжээ авах нь цаг тутам чухал болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Монгол Улсын нийт гадаад өр 2016 онтой харьцуулахад 35 хувиар өсч 22.7 тэрбум ам доллароос 30.6 тэрбум ам. доллар болсон байна. Энэ нь Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөцөөс даруй долоо дахин их үзүүлэлт юм.[1] Үүн дотор Засгийн газрын өр сүүлийн дөрвөн жилд 4.8 тэрбум доллароос 7.7 тэрбум долларт хүрчээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн бууралт нь дэлхийн зах зээл эрдэс баялгийн үнэд[2] шууд нөлөө үзүүлсэн. Энэ нь манай улсын экспортын орлогыг бууруулснаар зах зээл дээрх валютын ханшин дээр шууд савлагаа үүсгэх эрсдэлтэй юм. Энэхүү үйл явц нь цаашид даамжирсаар дээр дурдсан гадаад өр, төлбөрийг төлөхөд хүндрэл учруулж, эдийн засгийн дефолтод хүргэх аюулыг бий болгоод байна.
Иймд ажлын байрыг хадгалах, эдийн засгийг эрчимжүүлэх, хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна хэмээн уг мөрийн хөтөлбөрт өгүүлжээ.
Тийм ч учраас АН Сангийн бодлогодоо “Төсвийн зардлыг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлэх зарчимд шилжиж, үр ашигтай хуваарилалтын бодлого хэрэгжүүлнэ” хэмээн заажээ. “Төсвийг судалгаанд суурилсан төлөвлөлт, сахилга, хэрэгжилт, хяналтыг хангах оновчтой систем бүрдүүлнэ. Судалгааны тинк танк бүрдүүлнэ” хэмээсэн нь эрх баригчдын тооцоо судалгаагүй, үрэлгэн байдлаас залхаж гүйцсэн иргэдэд загатнасан газар маажих шиг л боллоо.
Харин “Эрүүл мэндийн төгс үйлчилгээ” гэсэн хэсгээс
“Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори”-ийг ашиглалтад оруулж, цар тахал, шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх нөхцөлийг яаралтай бүрдүүлнэ” гэсэн өгүүлбэр олж уншлаа. Гэнэт дэгдээд ирсэн гамшгийн үед “гал унтраахаар” байдгаа барж байхаар нийтийн “дайсныг” олж илрүүлж судлах ажлыг энхийн цагт ч хийж байвал “дайны” үед хэчнээн их хөрөнгө мөнгө хэмнэж, хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах билээ.
“Ажлын байр хөдөлмөр эрхлэлт” гэсэн хэсэгт “Ажлын цагийн уян хатан зохицуулалт, зайнаас болон цахим орчинд хөдөлмөрлөх боломж бүхий ажлын байрны эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэнэ шүү. Дэлхийн хүмүүс хөл хорионы үед гэрээсээ ажиллаж эхлээд, зарим нь энэ хэв маягаараа үлдэх төлөвтэй. Цар тахал бидэнд гэрээсээ, онлайнаар ажиллах боломж байдгийг сануулсан. Ашгүй улс төрчид энэ өөрчлөлтийг мэдэрсэн нь сайн хэрэг. Харин МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хямралын үеийн бодлогын талаар нэг их ач холбогдол өгсөнгүй бололтой. “Өрийн дарамтгүй улс” гэсэн хэсэгт хоёр хэсэг өгүүлбэр байна лээ.
“Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, бэлэн байдлыг хангана”.
“Covid-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна” хэмээжээ. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын амласан 200 мянган төгрөгнөөс авхуулаад олон амлалт нь мартагдаж орхигдсон болохоор энэ хоёр өгүүлбэрт төдийлөн сэтгэл хөдөлсөнгүй.
Эцэст нь ахин нэг америк хүнээс эш татъя. Билл Гейтс коронавирусийн цар тахал бидэнд юу сургаж байгаа талаар үзэл бодлоо хуваалцсан нээлттэй захидал бичсэнийг олон хүн санаж байгаа биз ээ. Коронавирус “Дэлхий өвдсөн байгааг сануулж байна” гэдгийг тэр ухаарчээ. “Бид дэлгүүрийн тавиурууд дээрх ариун цэврийн цаас хэр хурдацтай дуусч байгааг анзаарч буйн адил ой мод устгалын түвшинг ч сайтар хянах ёстой. Бидний гэр өвдсөн болохоор л бид өвдөж байна” гэж тэр өгүүлсэн юм. Дэлхий гэр маань нэгэнт өвдсөн учраас коронавирус мэтийн хөнөөлт вирусууд хүмүүст цаашдаа ч заналхийлэх нь. Харин биднийг төлөөлөн төр түшилцэхээр өрсөлдөж буй эрхмүүдэд хямралын үеийг гэтлэх төлөвлөгөө, санаа оноо байгаа эсэхийг эрхэм уншигчид маань ч бас лавлаад үзээрэй.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН