2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хамгийн том сюрприз барьсан хүнээр АН-ын дарга С.Эрдэнэ тодрох нь лав. АН ялалт байгуулбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох тухай түүний шийдвэр олон нийтэд цочир сонин байлаа. Содон мэдэгдэл хийсэн хэвлэлийн хурлын үеэр түүний хэлсэн үгнээс тайлал хайв. Монголчуудыг хямрал түгшээж буйг АН-ын дарга сайтар мэдэрчээ. “Амаргүй энэ үед Монголын ард түмэн Ардчилсан намыг авран хамгаалагч, өмгөөлөгчөө гэж харж байна. Ардчилсан намын ялалт бол ард түмний захиалга. Ардчилсан намын хөтөлбөр бол монгол түмний найдвар. Гэхдээ сонголтын маань үр дүн зөвхөн Ардчилсан намын ялалтын тухай асуудал биш. Сонгуулийн дараагийн өдрөөс эдийн засгаа сэргээж, төрөө засах их ажил эхлэх ёстой. Өрх бүрд өсөлт авчрах өрнүүн их ажил нэн даруй эхлэх учиртай. Өнөөдөр ядуурсан иргэдээ хамгаалж, бялуурсан дарга нарыг солих хүчтэй баг хэрэгтэй байна. Шилдэг эдийн засагч, зарчимтай хүнээр удирдуулсан хүчирхэг баг л богино хугацаанд Монголын эдийн засгийг эрчимт эмчилгээнээс гаргаж чадна” хэмээн тэр хэлсэн юм.
Хямралын ачааг үүрч буй бизнес эрхлэгчдэд энэ шийдвэр таашаагдав бололтой. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэрвээ бид ялалт байгуулбал Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж мэдэгдсэн. Энэ мэт эдийн засгийн хямралыг даван туулах шийдэмгий алхам хэрэгтэй байна. Монголын эдийн засгийг аврахын тулд тооцоотой судалгаатай мэргэжлийн түвшинд ажиллах Засгийн газар болоод хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүнийг ойлгодог хүнд Засгийн эрхийг атгуулах хэрэгтэй” гэсэн юм.
Сонгогчид нэр дэвшигчдийг янз бүрийн “жор”-оор судалж байгаа. Датакомын Д.Энхбат саяхан ингэж “жиргэсэн” байна лээ. “Улстөрчдийн юу ярих, амлахыг харж сонгох хэрэггүй. Тэр нь 95 хувь худлаа байдаг. Харин тэдний юу хийж ирснийг нь харж сонго. Тэр нь 95 хувь үнэн байдаг” гэсэн юм. Түүний “онол”-ын дагуу Р.Амаржаргалын нэр Ерөнхий сайдад яригдахаас өмнө нь юу хэлж, бичиж байсныг уншигч танд хүргэхээр шийдлээ. Р.Амаржаргал https://www.amarjargal.org/ хуудсаар дамжуулан хүмүүст өөрийн нийтлэл, үзэл бодлоо хуваалцаж ирсэн. Энэ хуудаснаас иргэдийг зовоож буй эдийн засгийн хямралын талаарх бодол санааг нь “түүж” авлаа.
Р.Амаржаргал “Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан, тэр нь олон түмэнд итгэл төрүүлэх ёстой”
Тэрбээр дөрөвдүгээр сарын 28-нд ингэж хэлсэн байна. “Засгийн газрын шийдвэр хоосон тунхгийн шинж чанартай байна” хэмээн экс Ерөнхий сайд шүүмжилжээ. “Асуудлаа эхлээд шийд, заавар, журмаа гарга, дараалал, хугацаагаа тодорхойл. Харин үүний дараа зарлах ёстой. Засгийн газрын 5.1 их наядын хөтөлбөр бол санхүүжилт нь тодорхойгүй зүйл шүү дээ. Тиймээс энэ бүхэн одоохондоо хоосон тунхгийн шинж чанартай болчхоод байгаа юм. Харин хуульчлаад, эрх зүйн актыг нь гаргасны дараа бодитой, хэрэгжих боломжтой гэж ойлгогдоно. Гэхдээ бид нэг зүйлийг онцгой анхаармаар байна. Засгийн газар ямар ч шийдвэр гаргасан, тэр нь олон түмэнд итгэл төрүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар, Монголын төр юуг, яаж хийхээ мэдэж байгаа, зайлшгүй арга хэмжээнүүдээ авч байна гэсэн итгэл олон түмэн, бизнесийнхэнд төрвөл эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгнө. Гэтэл чоно борооноор гэгчээр коронавирусийг далимдуулаад төсвийн хөрөнгийг зувчуулах гэж байгаа бол эдийн засагт огт өөр нөлөө үзүүлнэ шүү дээ. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг хэн гаргаж, хэн хариуцлага хүлээх гэж байгаа нь маш тодорхой байх ёстой” хэмээн тэр онцолжээ.
Ковид-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөө
Р.Амаржаргал СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга. Тэрбээр тус сургуулийн ректор Б.Мөнхбаяр, доктор, дэд профессор Г.Батхуяг нарын судалгааг өөрийн вэб хуудсаар дамжуулан хүмүүст хүргэсэн байна лээ. Р.Амаржаргал түүний судлаачдын баг цар тахал бизнест хэрхэн нөлөөлж байгааг судалсаар ирсэн байх нь.
Уг судалгаанд “Монгол Улсын Засгийн газраас бүх шатны сургууль, цэцэрлэг болон сургалтын үйл ажиллагааг зогсоох, хилийн хорио тавих, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, үндэсний хэмжээний баяруудыг тэмдэглэхгүй байх, үйлчилгээний газруудыг хаах болон ажиллах цагийг богиносгох, олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг хориглох зэрэг томоохон арга хэмжээнүүдийг тухай бүрд хэрэгжүүллээ. Манай улсад одоогийн байдлаар зөвхөн зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь уг халдварт өвчний дэгдэлт болон тархалтыг хязгаарлах, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил шийдвэрүүд үр дүнтэйг харуулж болох хэдий ч дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа, цаашлаад Монголын бизнесийн салбарт том хэмжээний гадаад орчны цохилт (шок) болон орж ирлээ. Энэхүү нөхцөл байдал өдөр ирэх тусам улам бүр дордож байгаа бөгөөд нийт эдийн засгийг хамарсан хямралд хүргэхэд ойртоод байна” хэмээн дүгнэжээ.
Ковид-19 болон цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн Монголын ААН-үүдэд үзүүлэх нөлөөллийг 28 үзүүлэлтээр тодорхойлогдох 12 үндсэн хэмжигдэхүүнээр нарийвчлан судлах тандалт (exploratory) судалгаа хийсэн байна.
“Covid-19” буюу дотоод зөрчил, асуудлаа шийдэх боломж
Ийм гарчигтай нийтлэлийг манай баатар 2020 оны гуравдугаар сарын 6-нд вэбдээ байрлуулжээ. Дэлхий дахин нэгэн зүйл коронавирусийн гамшигтай тулж байна. Харин монголчууд хоёр төрлийн тахалтай тулж байгаа нь давхар гамшиг гэлтэй. Эхнийх нь мэдээж “Covid-19”. Нөгөөх нь манай төрд нүүрлэсэн чадамжгүйн вирус. Эхнийх нь хүнийг өвдүүлж, үхүүлж байгаа бол хоёр дахь вирус нь түүнтэй тэмцэх, хүн амаа хамгаалах боломжийг сүйдэлж буй. Иймээс төрийн эрүүл мэндийн асуудал яригдаад байгаа юм.
Миний хувийн таамгаар бол “гай газар дороос” гэгчээр томуугийн давтамж, цар хүрээ нэмэгдээд, цаашид өсөх хандлагатай байх шиг. Ийм нөхцөлд нэг удаа гал унтраах аргаар хол явахгүй. Харин бэлэн байдлын ерөнхий шийдэлтэй болж, түүнийгээ тодотгоод явмаар санагдана. Өөрөөр хэлбэл, “Covid-19” мэтийн “гэнэтийн гамшиг”-ийг давтагддаг ханиад, хатгаатай адилтгахын оронд үндэсний эв нэгдэл, чадамжийн шалгуур болгомоор байгаа юм. Улс үндэстний эв нэгдэл, нягтрал, эдийн засгийн чадавх, төр, засгийн чадамжаа сорин дүгнэж, шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлэх арга зам болгоно гэсэн үг.
Энэ дотор олон түмнээс төрдөө итгэх итгэл, улс төр, нийгмийн харилцааны соёл, иргэдийн эх оронч байдлын илэрхийлэл гэж цогцоор нь тодорхойлж, цогц шийдэл бүхий үйл ажиллагаа өрнүүлэх ёстой юм. Юуны өмнө Монгол Улсын аюулгүй байдлын зааг, хил хязгаарыг олж харах, тогтоон ойлгуулах ёстой хэмээн энд өгүүлжээ.
Р.Амаржаргал:
-Дараагийн нэг чухал сорилт бол иргэдээ эрүүл биетэй байлгахаас гадна саруул ухаантай буюу ямар ч нөхцөлд, хүнд хэцүү сорилтыг хамтдаа даван туулах чадамжтай болгон сурган хэвшүүлэх. Та бид махан биеэ эрүүл байлгах чадамжтай болж суралцсан бил үү. Улам бүр эх байгалиасаа тасарч, тэр хэрээр өөрийн дархлаагаа муутган, учир утгагүй тансагласан хэрэглээ, эдийг шүтсэн, түүгээрээ өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдсэн, тансаг хэрэглээ, эдийг олох аргаа эрх мэдэл гэж харсан харанхуй хүмүүс олонх болсон бус уу хэмээн эргэцүүлсэн байх юм.
“Covid-19” ба эдийн засаг гэж асуудал бий. Хятад улсад дэлхийн эдийн засгийн 16 хувь ногддог (2003 онд дөрөв хүрэхгүй хувь байсан) бөгөөд юм муугаар эргэвэл хил залгаа байтугай дэлхийн эдийн засагт доргилт үүсгэх нь ойлгомжтой. Энэ оны эхний сарын байдлаар зэс, нүүрсний (1/3-ээр буурсан) эрэлт хумигдаж байна. Хоёрдугаар сар гараад манай экспорт бүр зогслоо. Төмөр замтай байсан бол гэж халаглаж байгаа нь ч дуулдана. Ямар ч болсон төсвийн орлого хүндрэх нь тодорхой.
Түрээсийн төлбөртөө барьцаалагдсан жижиг бизнес, худалдаа, гуанз, ресторан, зочид буудал, такси, театрууд гэх мэт үйлчилгээний газрынхан хүнд байдалд орно. Энд л ажлын байрны ихэнх нь байгаа. Асуудлаа шийдэхэд нь төрөөс маш тодорхой, хүртээмжтэй, хүрэлцэхүйц дэмжлэг нэн даруй авч эхлэх цаг болсон. Бүр мөсөн нурахаас нь өмнө торгоож байхгүй бол нийгмийн дургүйцэл эсэргүүцэл дэгдэх аюултай” хэмээн тэр сануулж байв.
Тэрбээр цааш нь бичихдээ “Энэ утгаараа сангийн бодлого, нэн ялангуяа татвар, даатгал, шимтгэл хураамж, татаас, төрөл бүрийн үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг ашиглан эдийн засгийн өсөлтийг унтраахгүй байх, болзошгүй сөрөг үр дагаврыг амдан зогсоох шаардлагатай. Мөнгөний бодлого ч гэсэн арилжааны банкуудаар дамжуулан бизнесийг дэмжих үүрэгтэй бөгөөд валютын ханшийн бодлого ч хоцрох учиргүй бөгөөд зөв хэрэглэж чадвал хямралын эсрэг багцын нэн чухал хэрэгсэл болно.
Төсвийн тодотгол хийвэл эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тодруулбал, онлайн арилжаа худалдаа, хүргэлт ложистик, цахим орчны тэлэлт, гүнзгийрэлт, дата, takeaway зэрэг бизнесийн шинэ загвар цаашилбал, глобал зах зээлд өрнөж буй ажиллах хүч, валют, үйлдвэрлэл үйлчилгээний техник, технологийн нүүлгэн шилжүүлэлт, хөрөнгө оруулалтын хөдөлгөөнийг Монгол Улсад ашигтайгаар татах зэрэг асуудлыг давхар харж гүйцэтгэх учиртай.
Албан бус гэх тодотголтой, ёстой бор зүрхээрээ төр, засгаас ажлын байр, халамж нэхэлгүй гэр бүлээ авч яваа мянга мянган иргэнд хамгийн хүнд сорилт ирнэ, хамгааллаа ч нэхэж гуйх нь дамжиггүй. Уг нь дижитал эдийн засаг хүссэн хүсээгүй нэвтрээд эхэлсэн. Үүнийг дэмжих бүтцийг буй болгоход чиглэсэн өөрчлөлт хийн, гэр орноосоо ажил бизнесээ эрхлэн амьдралаа залгуулах шинэ боломж олгоход 1072 хувьцааны ногдол ашгийг зарцуулах боломж байлаа. Гэвч бас л улс төрийн зорилгоор тараах бололтой.
Нөгөө талаас энэ хүнд нөхцөлд бизнесийн зээл тэглэх, НӨАТ багасгах, нийгмийн даатгалын төлбөрийг хасах, хойшлуулах, шууд татаас өгөх зэрэг олон санаа гарч ирж байгаа бөгөөд илт турхирсан, өдөөн хатгасан популист уриалга газар авах шинжтэй. Нэг бужигнаад эхэлбэл юу болохыг таамаглах аргагүй. Ийм нөхцөлд эдийн засгаа тогтворжуулан бизнесээ дэмжих, үе шаттай хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбартай байх, асуудлыг хяналтдаа байлгаж, нэг толгойтой, юуг яаж хийхээ Засгийн газар мэдэж байгаа гэсэн итгэл, хүлээлт амин чухал болно. Эдийн засгийн шийдвэр нь аюулгүй байдлынх байдаг нь XXI зууны бодит байдал гэдгийг санахад илүүдэхгүй.
Төгсгөлд нь “Covid-19” аюул, гай гамшиг боловч асуудлыг орон зай, цаг хугацаанд цогцоор нь харж, аюул заналыг дотоод зөрчил асуудлаа шийдэх хэрэгсэл болгон хүндрэлийг давж чадна, чадах ч үүрэгтэй. Энэ үүрэг нь Засгийн газар болон иргэн та бидэнд шууд болон тойруу замаар ногдож буйг онцолмоор байна” гэсэн байна.
Р.Амаржаргал саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Миний гол зорилго бол учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулах. Цар тахал эдийн засагт маш хүндээр тусна. Сүүлийн статистикаар эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар унасан байна. Энэ хямрал дараа жилийн дунд хүртэл үргэлжилнэ гэсэн хүлээлт байна. Эхлээд энэ хямралыг бүгд сөхөрчихгүйхэн шиг давах хэрэгтэй. Түүний дараа санасан зорьсон зүйлсээ хийж болох биз. Ардчилсан намын хувьд цар тахлын хямралыг хэрхэн давах вэ гэдэг талаар мөрийн хөтөлбөртөө тусдаа бүлэг оруулсан ганц нам” хэмээн тэмдэглэжээ.
Жич:
Р.Амаржаргал 2016 онд намаасаа нэр дэвших бололцоотой байсан ч өөрийн мандатыг эмэгтэй нэр дэвшигчдэд найр тавьж, дэвшээгүй өнжсөн удаатай. Тэрбээр улс төрөөс хол байх хугацаандаа Эдийн засгийн аюулгүй байдлын сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.
Ийнхүү Р.Амаржаргал хэмээх хуучны улстөрч, шинэ найдвар тээн эргэж ирлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН"