Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явцын талаар тодрууллаа.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах гэж байна. Өнгөрсөн хугацаанд хууль зөрчиж сурталчилгаа хийсэн асуудал хэр гарсан бэ?
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа зургадугаар сарын 22-нд дуусна. Сонгуулийн хууль зөрчсөн талаарх гомдлыг иргэд, хуулийн этгээд нь цагдаагийн байгууллагад гаргах учиртай. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаад зөрчлийн хэрэг нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Тэгэхээр ямар төрлийн хэчнээн зөрчил гарсан нь цагдаагийн байгууллагад тодорхой байгаа.
-Сонгогчид хэдэн удаа саналын хуудас авч болох вэ?
-Саналын хуудасны тоог СЕХ-ны хурлаар эцэслэн баталдаг. Тэгэхдээ улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэдэг. Нийт хоёр сая 132 мянга 239 сонгогч бий. Энэ сонгогчдын тоонд үндэслээд таван хувийн нөөцтэй саналын хуудсаа хэвлүүлж санал тоолох төхөөрөмжийн хамт хэсгийн хороодод хүргүүлсэн. Энэ цагаас эхлээд цагдаагийн хамгаалалтад авдаг. Илүү тэмдэглэгээ хийсэн тохиолдолд сонгогчдод нэг удаа саналын хуудас өгнө. Орон нутагт сонгуулийн ирц өндөр байдаг. Ийм учраас нэг сонгогчид олон саналын хуудас өгөх боломжгүй. Иргэд санал өгөхдөө санал өгөх заавраа анхааралтай уншаад бөглөх хэрэгтэй.
-Зөөврийн хайрцгаар хэрхэн санал авах вэ?
-Зөөврийн хайрцгаас санал авах хүсэлт хүлээж авах хугацаа хараахан дуусаагүй байна. Зургадугаар сарын 21-ний өдөр хүртэл зөөврийн хайрцгаар санал авах хүсэлт хүлээж авна. Ингээд зургадугаар сарын 24-ний өдөр 12 цагт сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийхэд зөөврийн хайрцгаар хэдэн хүний санал авсан нь тодорхой болно.
-Зарим нэр дэвшигчдийг шүүхийн шийдвэрээр цагдан хориод байгаа. Энэ асуудал нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Энэ талаар СЕХ ямар нэг тайлбар, байр суурь илэрхийлэхгүй. Миний мэдэх асуудал биш.
-Нэг сонгогч хэдий хугацаанд санал өгөх тооцоо гарч байгаа вэ?
-Бид “Ковид-19”-өөс урдчилан сэргийлэх журам гарахаас өмнө нэг сонгогч санал өгөхдөө хэдий хугацаа зарцуулах талаар туршилт хийж үзсэн. Нэг сонгогч орж ирээд гараа ариутгаад аажуухан яваад саналаа өгөөд гарахад 5-6 минут зарцуулахаар байгаа юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн тоо олон байгаа. Иймд нэр дэвшигчдийн нэрсийг иргэд сонгогчдод таниулахын тулд саналын хуудасны загварыг СЕХ-ны сайтад тойрог тус бүрээр нь байршуулсан. Өөрөөр хэлбэл 29 тойргийн саналын хуудасны загвар манай сайтад байршсан гэсэн үг. Мөн санал авах байруудад бүх нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслийнх нь логотой хэвлэсэн сурталчилгааны заавар байршуулсан. Тэгэхээр сонгогчид санал авах байрт орох гээд зогсч байхдаа нэр дэвшигчдийн нэрстэй танилцаж болох юм.
-Урьдчилж санал авах уу?
-Одоо мөрдөж буй сонгуулийн хуульд урьдчилж санал авах тухай заалт байхгүй. Тэгэхээр урьдчилж санал авахгүй гэсэн үг.
-Иргэд регистрийн дугаар тэмдэглэж авлаа гэсэн гомдол гаргаж, ярьж байгаа. Үүнийг зөрчил гэж үзэж болох уу?
-Ямар зорилгоор хувь хүний регистрийн дугаар цуглуулж буйг мэдэхгүй. Иргэний хувийн мэдээллийг цуглуулна гэдэг нь хууль бус үйлдэл. Иргэний регистрийн дугаар, иргэний үнэмлэхний мэдээлэл нь иргэний хязгаарлагдмал мэдээлэлд ордог. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь мэдээд, цуглуулаад байдаг зүйл биш. Ийм учраас иргэд энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулах гээд байна уу гэсэн хардлага байна. СЕХ-нд энэ талаар нэлээд хандаж байгаа. Иймд манай байгууллага утасны дугаар, ирсэн мессеж зэргийг нь зурагжуулж баримтжуулаад цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгд гэсэн зөвлөгөө өгч байгаа. Регистрийн дугаар цуглуулж байгаа тул таныг хэнд саналаа өгснийг мэднэ гэсэн буруу суртал ухуулга гарч байна. Тэгвэл таныг хэнд санал өгснийг мэдэх ямар ч боломж байхгүй. СЕХ сонгогчдын саналын нууцлалыг хадгалах талаар өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байгаа. Иймд сонгогч өөрөө өөрийнхөө саналыг нууцлахад л хангалттай. Саналын хуудаст сонгогчийн нэр, регистрийн дугаар ч байхгүй. Ийм учраас сонгогчид миний саналын нууц алдагдана гэж айх хэрэггүй.
-Нэг хаяган дээр олон хүн бүртгэгдсэн байна гэсэн асуудал гарч байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг. Сонгогчдын бүртгэлийн бүх үйл ажиллагааг хариуцна гэсэн үг. Энэ асуудлын талаар тус газар тодорхой мэдээлэл өгч чадна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх эрхийг хэрхэн хангаж байгаа вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх эрхийг хангасан хуулийн зохицуулалт байдаг. Тухайлбал, санал авах байр нь тэргэнцэртэй иргэн орох боломжтой налуу орц, гарцтай байх ёстой. Мөн санал өгөх нэг ширхэг бүхээгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж тусгайлан бэлдсэн байх учиртай. Эдгээрийг санал авах байр бэлтгэх зааварт тодорхой тусгаж өгсөн.
-Улсын хэмжээнд хэчнээн хэсгийн хороо байгуулагдсан бэ?
-Сонгуулийн хэсгийн хороод бүгд ажлаа эхэлсэн. Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо байгуулагдсан. Ажил нь жигдрээд явж байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН