Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх төсөөллөөсөө улам дордох нь. Тухайлбал, ОУВС-гаас энэ оны эхний хагас жилийн нөхцөл байдалд үндэслэж дүгнэсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа энэ тухай дурджээ. Тайланд “Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө оны эхний хагаст төсөөлснөөс илүү хүчтэй байлаа. Иймд сэргэлт удааширч дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудна” хэмээн онцолжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сарын байдлаар дэлхийн эдийн засаг 4.9 хувиар агшсан байна. Энэ өмнө нь төсөөлж байснаас 1.9 хувиар илүү муудсан гэдгийг илтгэж буй аж. ОУВС-гийн мэдээлснээр цар тахлын эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн улмаас Засгийн газруудын өрийн хэмжээ 2020 онд анх удаа 100 хувийг давж, дэлхийн ДНБ-ий 101 хувьтай тэнцэж эхлээд байна. Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас Засгийн газрууд нийт 10 гаруй их наяд ам.долларыг орлогын тасалдал, нэмэлт зардал, бизнесийн зээл, батлан даалт зэрэгт зарцуулсан тооцоо гараад байгаа юм. Мөн “Roubini Global Economics” байгууллагаас дэлхийн эдийн засаг 2020 онд 4.5-6.5 хувиар агшиж 2022 оноос алгуур сэргэхэд хүрч болзошгүй гэж үзэж байна. Бас “Bloomberg Economics”-оос зургадугаар сард хийсэн төсөөллөөр дэлхийн эдийн засаг энэ онд 4.7 хувиар агших нь. Гэхдээ 2021 оны сүүлчээр цар тахлын өмнөх түвшинд эргэж очих боломжтой хэмээжээ.
Тэгэхээр улс орнууд төсөв, мөнгөний бодлогоо чамбайруулж, илүү зардлаа танаж, ажлын байраа хадгалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд гол анхаарлаа хандуулах нь чухал болсон байна. Ийм ч учраас улс орнууд хөл хорионы дэглэмээ суларуулж, хилээ нээх тов гаргаж эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч эхлээд буй. Тухайлбал, Английн Tөв банкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 0.1 хувьд хэвээр хадгалах, бонд худалдан авах хөтөлбөрийн дүнг 100 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлж, оны эцэст нийт 745 тэрбум фунт стерлинг хүргэх шийдвэр гаргажээ. Цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч инфляцын дунд хугацааны зорилт, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэмэлт арга хэмжээг авахад бэлэн байгаагаа зарлаад байна.
Манай хойд хөрш ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 4.5 хувь болголоо. Оросын Төв банкны төсөөллөөр энэ онд тус улсын эдийн засаг 4-6 хувиар агшиж, инфляц оны сүүл гэхэд зорилтот түвшин болох 4 хувь орчимд байна гэж үзжээ. Эдийн засагчид ОXУ-ын Tөв банк цаашид бодлогын хүүгээ дахин 0.5-1.0 нэгж хувиар бууруулж магадгүй хэмээн төсөөлж буй аж.
Урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “Ковид-19”-ийн шинэ тохиолдлууд бүртгэгдсэнээр эдийн засгийн ирээдүйн төлөв, сэргэлтэд тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн хэдий ч сөрөг үр нөлөө багатай байхаар байна гэж шинжээчид дүгнэв.
БНХАУ-ын Ардын Банк (ХАБ) энэ онд “Ковид-19”-өөс үүдэн дотоод эдийн засагт ирэх дарамтыг саармагжуулахын тулд бодлогын хүүгээ 0.5-0.6 нэгж хувиар бууруулах хүлээлттэй байна.
Манай улсын хувьд экспорт буурч төсвийн орлого тасарч алдагдал нь 1.6 их наяд төгрөгт хүрсэн. Гаалийн ерөнхий гарын мэдээллээс үзвэл зэсийн баяжмалын экспорт 73 мянган тонн буюу 306 сая ам.доллараар буурсан байна. Зэсийн үнэ шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор огцом унасан бөгөөд энэ оны эхний улиралд 4609 ам.доллар болсон нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар сэргэж 5935 ам.долларт хүрлээ. Нөгөө талаас, зэсийн гол нийлүүлэгч Чили, Перу зэрэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Зэсээс гадна манай улсын эдийн засагт жин дардаг ашигт малтмал бол алт. Уг металын экспорт 3.1 тонн буюу 115.6 сая ам.доллараар тасалдаад байна. Алтны алтны ханш 2020 оны эхний улиралд 6.9 хувиар өссөн. Гэвч энэ оны хоёрдугаар улирлаас БНХАУ-д “Ковид-19” вирусийн тархалт буурч, ихэнх улсуудын Засгийн газар, Төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээг шийдэмгий авч эхэлсэнтэй холбоотойгоор нэг унц алтны ханш 1500 орчим ам.долларт болж огцом буурсан.
Гэхдээ өнөөдөр дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусийн дэлхийн бусад улс орнуудад тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэргээс үүдэн дэлхийн зах зээлд тодорхой бус байдлыг ихэсгэж алтны ханш өсч 1700-1750 ам.долларт хэлбэлзэж байна. Эдгээрээс гадна манай улсын гол орлого олдог нүүрсний экспорт есөн сая тонн буюу 793, газрын тос 2.1 сая баррель буюу 136 сая ам.доллараар тус тус тасарчээ. Энэ бүгдээс үзэхэд манай улсын төсвийн орлого бүрдэж чадахгүй нь тодорхой болсон байна. Гэтэл ажлын байр хадгалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийх зэрэг яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээ У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газарт өнөөдөр тулгараад байгаа. Эдийн засагт орж ирэх орлого ийнхүү тасарсан нөхцөлд ямар арга хэмжээ авах, гадаад өр төлбөрөө хэрхэн төлөх асуудал Засгийн газарт хүнд ачаа болон бууж байна. Төсвөө яаралтай тодотгож, түрийвчинд хэдэн төгрөг байгаагаа тооцохгүй бол тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагын цалингаа тавьж чадахгүйд хүрнэ гэж эдийн засагчид сануулж буй билээ.
Тэгэхээр томилгоогоо хурдан гүйцээж наадам гэж тухлалгүй ажилдаа ханцуй шалан орохгүй бол цаг алдаж мэдэх нь. Өнөөдөр иргэдийн орлого буурч дээр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж эхлээд байна шүү эрх баригчид аа.