Үнэнээ хүлээнэ гэдэг хүний эрхэм чанарын нэг. Шинэ парламентын анхны чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хар жагсаалд орчихсон, эдийн засаг нь элгээрээ мөлхчихсөн, шийдвэрлээгүй олон асуудал бөөгнөрсөн” хүндхэн улс орныг хүлээж авснаа мэдэгдсэн. Энэ нь өөрөө өөрийнхөө гараар, өөрийхөөрөө баг хамт олноор ийм болгосноо хүлээн зөвшөөрсөн хэрэг болов уу. Шуудхан ингэж хэлэхийн учир, У.Хүрэлсүх болон түүний баг Монголын төрийг удирдан залж байсных. Тэр өөр хэнээс ч биш, өөрөөсөө шинэ Засгийн газраа хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, баруун гараасаа зүүндээ юм уу, алс эсвэл зүүнээсээ баруун гартаа шилжүүлсэн л хэрэг. Ерөнхий сайдын эл үгтэй зэрэгцээд улсын санхүү төсвийг барьж байсан Ч.Хүрэлбаатар сайд ч “Эдийн засаг хэцүүджээ.
Яаралтай төсвийн тодотгол хийхгүй бол болохоо байлаа” хэмээн дуу алдсан. Үнэндээ коронавирусын хөл хорио эхэлсэн цагаас л түүнд Монголын урдаа барьдаг эдийн засагчид “Ийм байдлаар үргэлжилбэл эдийн засаг хэцүүднэ шүү. Төсвийн тодотгол хийх хэрэгтэй” гэж сануулж байсан. Тэр үед нь “ “Ус үзээгүй хормой битгий шуу” гэдэг шиг юм битгий яриад бай. Бүх зүйлийг төлөвлөсөн байгаа. Санхүүгээ бэхжүүлж чадсан. Тийм болохоор төсөвт тодотгол хийх тухай саналтгүй” гэж даналзаад, дөргүй бух шиг зүтгэж байсан хүн биш бил үү. Бараг л хөл хорионы байдлаар жил болоход огт ажрахгүй бололтой юм хэлээд мэдэгдэл хийж байсан санагдана. Гэтэл одоо хэлсэн үгнээсээ буцчихсан харайж явах юм. Эд ингэж ярихаар бид хэнд итгэх вэ.
Сонгууль дуусаад бараг хагас сар болж байхад хөл, толгойгоо олохгүй бужигнасаар л байх юм. Одоогоор Засгийн газраа байгуулах гээд эх орон, эдийн засгаа анхаарч байгаа хүн алга. Монголд тарваган тахал гарчихсан, зарим газраа зуншлага муу, гантай байгаа. Юу юугүй наадам хаяанд тулчихсан байдаг. “Наадмын маргааш намар” гэдэг. Нөгөө хадлан тариалан юу болсон, бүү мэд. Нийслэлийнхэн онлайн наадам үзээд гэртээ суулаа гэхэд, аймаг сумдынхан ердийнхөөрөө наадмаа хийнэ. Тэнд морио унаж, мотоциклоо хөлөглөөд асар майхан хэссэн шиг монгол наадам жаягаараа л болно. Хотод наадамдаж чадаагүй нь гэнэт нутаг усаа, зон олноо гээд тал тал тийшээ одохоор жинхэнэ хонь хурга нийлсэн мэт болно доо. Зуны халуунтай зэрэгцээд амны хаалт зүүдэг хүн үгүй боллоо. Аюулт цар тахлаас айдаг айдас алгуурхан цаашилсаар. Тэр бүү хэл, сонгуульд ялсны баяр тэмдэглэсэн хүмүүс аялал зугаалгад явж МАН-ы яруу алдрыг магтан дуулж хундага тулгасаар байна.
Цар тахлын эхний давалгаа-агаар дуслын замаар дамждаг шатыг амны хаалт, дэг журам, ариун цэвэр сахиснаар эндэгдэлгүй давж байгаа бол хоёр дахь давалгаа-хоол, хүнсээр түгэх аюултайг дэлхий нийтэд сануулаад эхэллээ. Гэтэл бид яаж байна вэ. Нөгөө хадлан тариалан, төмс хүнсний ногоо юу болов. Гаднаас хүнсний ногоо оруулахгүй болохоор дотоодын тариаланчид хүнсний ногооныхоо үнийг хэт өсгөж, нэг литр бензиний үнээс илүү өртгөөр төмс авах дээрээ тулж байна. Үнэндээ бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, экологийн цэвэр хүнсээр иргэдээ бүрэн хангаснаар нүүрлэн ирэх цар тахлын хоёр дахь давалгааг элэг бүтэн тогтоон барьж чадах цаг иржээ. Хил хаалттай, хүнсээ дотоодоосоо голдуу базааж байгаа энэ үед л амжиж Атрын аянаа шамдуулж, аж үйлдвэрийн IV хувьсгалаа өрнүүлэх боломж нээгдэж байгааг олж харж буй төрийн өндөрлөгүүд байна уу. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Бүтээлч эдийн засаг” хэсэгт “Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эрчимжүүлж, бүтээлч аж үйлдвэрийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, соёлын аж үйлдвэрийн парк байгуулна” гэжээ. “Эдийн засгийн төрөлжилт” бүлэгт “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ”, “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана”, “Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана”, “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүүний үйлдэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно”, “Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ” гэх зэрэг олон заалт орсон байх юм. Цаасан дээр хэвлэж, цагаан дээр хараар бичсэн эл заалтуудын хэрэгжүүлэх эзэд нь хаана байна вэ. Сайдын сэнтий горилоод шүлсээ залгиж суухаар, ийм цаг үеийг овжин ашиглаад, нөхцөл байдлыг хүндэрчээ гэхээсээ илүүтэй “Боломж” гэж хараад шуурхай арга хэмжээ авч, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ итгэлийг олох Төрийн эрх мэдэлтнүүд байна уу гэж дахин дахин асуумаар байна.
Шинэ парламентын анхдугаар хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Миний ойлгож байгаагаар өнгөрсөн дөрвөн жил нэг ч хүн ядуурлаас гараагүй. Цаашид яах юм. Төр засаг ажлын байр бий болгодоггүй, ААН-үүд бий болгодог юм. Ууган нам энэ талаар бодсонгүй юу. Энэ бүтцээрээ ажиллаад хичнээн хүн ядуурлаас гарч, ажилтай болох юм бэ, хариулт өгөөч” гэснийг дахин сануулмаар байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр эдийн засгийн гүн хямралтай байгаа тул сэтгэл зовниж байна. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдал Засгийн газрын бүтцийг даах уу. Ард түмэнд ачаа үүрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж чадах уу. Төсвийн орлого өнөөдөр 1 их наяд 490 тэрбум төгрөгөөр тасарсан. Экспортын орлого 40, уул уурхайн салбарынх 30 хувиар буураад байна. Тэгэхээр тэтгэвэр, тэтгэмжээ маргаашнаас хэвийн тавьж чадах уу” гэсэнд бодит хариулт авмаар байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөдөө аж ахуйн сайд нь салбарынхаа эсрэг ажилласан. Үр тариагаа өөрсдөө тариад хэрэгцээгээ хангадаг байсан бол өнөөдөр гадаадаас авдаг боллоо. Малчдын эсрэг ажилласан. Ноолуур нэг кг нь 100 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгосон. Арьс 5000 мянган төгрөг байсан бол 500 төгрөг боллоо. Ноос нэг кг нь 4000 байсан бол 500 төгрөг болсон” хэмээснийг анхаарч үзэхийг хүсч байна.
Тийм ээ, татвар нэмэгдэж, иргэдийн өр зээл зузаарах болов уу гэсэн санаа зовоосон асуудал их байна. Шуудхан хэлэхэд төрөө төвхнүүлэх гэж бужигнаж, сандал ширээний төлөө сандралдаж явах зуурт чинь эх орон тань эзэнгүйдэж, иргэд бид цөхөрч сууна.