МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Сүүлийн хоёр сар сонгууль гээд нэлээд бужигнаантай байлаа. Үүний хажуугаар "Ковид 19"-ын батлагдсан тохиолдол бага багаар нэмэгдсээр байв. Та сүүлд 40 мянган хүн ажлын байргүй болоод байна гэж мэдэгдсэн. Одоо нөхцөл байдал ямар байна?
Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сонгуулийн өмнө УИХ, Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгж, даатгуулагчийг чөлөөлөх, малчдад тушаасан ноолуурын нэг кг тутамд урамшуулал олгох зэрэг шийдвэр гаргаж, эрэлтийг дэмжсэн гэж хэлж болно. Хөдөө орон нутагт ажиллаж байх үед, дэлгүүрүүдээс борлуулалтын мэдээ авахад дээр дурдсан дэмжлэгүүд худалдааг тодорхой хэмжээнд дэмжиж байна гэдгийг хэлж байв. Сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшлээ. Тодорхой хэмжээний зардал гаргаж, орон нутагт ажиллалаа. Энэ нь мөн тодорхой хэмжээнд эрэлтийг нэмэгдүүлсэн.
Танхим бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тухай байр сууриа маш тодорхой илэрхийлж ирсэн. Сонгуулийн дараа нөхцөл байдал маш хүнд болно гэдгийг би сонгуулийн өмнө хэлж байсан. Төсвийн орлого маш их дутна. Хүссэн, хүсээгүй сонгуулийн дараа төсөв тодотгох болно гэдгийг хэлсэн. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй гэж олон удаа мэдэгдэж байсан шүү дээ. Харин өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Төсөв тодотгохгүй гэж эдийн засгийг "элгээр нь хэвтүүлэх"-д оролцсон хүн буцаад сэргээх тухай ярьж эхэлж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, эдийн засгийг эрчимжүүлэх, ажлын байрыг хамгаалах талаар хэлэлцэж, бодиттой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүнд байна.
Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдож, ажилдаа орлоо. Наймдугаар сарын 1-нээс ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэж ярьж байна. Халдварт өвчний тархалтын үеийн эдийн засгийн эрсдэлийг бууруулахад 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ гэж Засгийн газар мэдэгдсэн. Үүний үр дүнг аж ахуйн нэгжүүд мэдэрч байна уу? Ээлжит бус чуулган боллоо гэхэд хэлэлцэх гол асуудал юу байх бол? Төсвийн тодотгол хийхэд Сангийн яам, Танхим хэрхэн хамтарч ажиллах вэ?
Та бүхэн санаж байгаа байх. Долдугаар сарын 2 буюу Ерөнхий сайдыг томилогдсон өдөр Танхимаас УИХ, Засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх найман агуулга бүхий санал хүргүүлсэн. Ер нь бол эдийн засгийн эрсдэлтэй нүүр тулж байгаа үед төр засаг асуудлыг дангаараа шийдэж чадахгүй. Аль ч утгаараа хувийн хэвшилтэй хамтран зөв, оновчтой арга хэмжээ авч байж, эдийн засгийн хүндрэлийг даван туулна. Одоо хэд хэдэн тодорхой салбарууд маш хүнд байна. Аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр, түүнийг дагасан ложистик, хөнгөн, хүнсний үйлдвэр, жижиглэнгийн худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээний орлого эрс буурсан.
Танхимаас энэ оны дөрөвдүгээр сард 10 мянган хүний дунд хийсэн “Ажлын байраас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт” судалгаагаар 10 компанийн 7-гийнх нь үйл ажиллагаа хүндрээд байна. Иргэдийн 53 хувь нь хэрэглээгээ нэлээд багасгасан байна. Энэ бүгдээс харахад цаашид эдийн засаг улам хумигдана. Дээр дурдсан судалгаагаар 46 мянган хүн ажлын байргүй болсон гэж дүн гарч байсан бол энэ тоо одоо 60 мянгад хүрсэн байж болзошгүй. Учир нь манайд албан бус сектор олон бий. Хувиараа аж ахуй эрхлэгчдийн 80 хувийнх нь үйл ажиллагаа зогсоод байна. Энэ бол тэд орлогогүй болсон гэсэн үг. Тиймээс бидний хийсэн судалгааг үндэслэн, эдийн засгийг эрчимүүлэх, ажлын байрыг хамгаалах тал дээр Засгийн газар шийдэлд хүрэх нь гарцаагүй.
Одоо ер нь судалгаагүй, харанхуйд тэмтчиж байгаа юм шиг, эсвэл хоёр хүний яриан дундаас асуудал шийддэг цаг аль хэдийнэ өнгөрсөн. Бүх зүйл тооцоо, судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Мэдээж хэрэг "Ковид 19" цар тахлын улмаас гаднаас орж ирэх хяналт, шалгалтыг өндөр байлгах нь зүйтэй. Энэ тал дээр бүгд санал нэгдэж байна. Тиймээс цаашид ч сайн хянаж, дотооддоо хөдөлгөөнөө харьцангуй чөлөөтэй байлгах ёстой гэдэг нь гарцаагүй үнэн.
Бид зургаан сарын турш хөл хорионд байлаа. Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан хөл хоригдлоо. Гэтэл сонгуулийн үеийн нэг сарын процессыг харахад, нэр дэвшигчдэд ямар ч хорио цээрийн дэглэм үйлчилсэнгүй. Тэд маск зүүж, бээлий өмсөөд хүн бүртэй гар барилаа. Өөрөө тусдаггүй юм аа гэхэд ард түмэнд вирус дамжуулах өндөр эрсдэлтэй байлаа шүү дээ. Ийм байж болохгүй. Маш прагматик байх ёстой. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил хамтран, асуудлаа маш хурдан шийдэхгүй бол иргэд, бизнес эрхлэгчид бухимдаад байна шүү дээ.
"Ковид 19" цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар ярьж байгаатай холбогдуулан нэг зүйлийг тодруулахад, иргэдээ гаднаас татан авч буй процесс ер нь хэр зөв зохион байгуулалттай байна гэж дүгнэх вэ?
Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос бид хилээ хааж эхэлсэн. Эхлээд урьд хил, дараа нь хойд хил, сүүлд хилээ тэр чигт нь хаав. Эхэндээ коронавирусын халдварын тархалтыг дэлхий даяар ингэж удаан үргэлжилнэ гэж хэн ч тооцоолоогүй. Өмнө нь дэлхийг ингэж бүхэлд нь хамарсан цар тахал гарч байсангүй. Тиймээс коронавирусын халдварын эхэн үед харзнасан нь зөв байсан байх. Одоо бүх зүйл тодорхой болсон.
Манай Үндсэн хуульд "...Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй..." гэж заасан байдаг. Иргэдийн энэ эрхийг хангах нь төрийн үүрэг шүү дээ. Тийм учраас гадны орнуудаас иргэдээ авчрах зайлшгүй шаардлагатай. Хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан, ажлаар, аяллаар явж байгаад гацсан маш олон хүн байна. Сурч байсан оюутан залуучууд ч их бий. Жирэмсэн хүн, хүүхдүүд ч байна. Дэлхий даяараа хүнд нөхцөлд орж, ажилгүйдэл нэмэгдсэн учраас гадаадад байгаа Монголчуудын зарим нь гудамжинд хонож байна шүү дээ. Гадны авиа компаниуд мөн сул зогсолттой байна. МИАТ амжихгүй байж болно. Боломжоороо л нисэж байна. Гадны улс руу нисэж ирчихээд тусгаарлалтад орж байна. Гэтэл манайд тийм олон мэргэжлийн баг байхгүй байх. Шийдэл нь гаднаас онгоц түрээслээд иргэдээ авчирч болно шүү дээ.
Энд ирснийх нь дараа заавал зочид буудалд байлгах гэсний хэрэггүй байх. Зун цаг болж байна. Манай улс өргөн уудам газар нутагтай. Хоёр сая таван зуун мянгаар монгол гэр худалдан авч, нэг гэрт дөрвөн хүн тусгаарлаж агаарт байлгах боломжтой гэж харж байна. Гадаад улсад гудамжинд хонож байгаа хүмүүс эх нутагтаа ирээд дүрэм, журмаа бүгд ягштал мөрдөнө гэдэгт итгэлтэй байна. Гадны орноос иргэд маш их мөнгө төлж ирж байгаа шүү дээ. Сүүлдээ үүнээс болж авлигын асуудал ч яригдах боллоо. Улсын онцгой комиссын шийдвэр маш энэрэнгүй бус байна. Тооцоо, судалгаа байхгүй, асуудлыг шийдье гэсэн санаачилга алга. Мэдээж одоо сайд, дарга нар нь солигдож байгаа болохоор хүнлэг байх болов уу гэж найдаж байна.
Та сая зочид буудлын талаар дурдлаа. Улсын онцгой комиссын төлөөлөл: "Хоногийн 50 мянган төгрөгөөр тооцож, хүн байрлуулаач гэхээр зочид буудлууд зөвшөөрдөггүй” гэж хэлж байсан. Тэртэй, тэргүй сул зогсолттой байж, эх оронч үзлээр асуудалд хандаж, энэ үнээр хүмүүсийг байрлуулж яагаад болохгүй гэж?
Улаанбаатар хотын зочид буудлын зэрэглэлээс хамаарна. Гурван одоос доош зэрэглэлтэй зочид буудал бол ямар ч асуудалгүй байх. Түүнээс дээш зэрэглэлтэй зочид буудлууд зочныхоо тав тухтай байдал, аюулгүй орчныг сайн бүрдүүлдэг учраас өндөр зардалтай. Хөдөө орон нутгийн зарим баазад нэг хүнийг хоногийн 50 мянган төгрөгөөр байрлуулъя гэвэл болох байх. Гаднаас ирээд 21 хоног тусгаарлалтад байгаа хүн нэг сая гаруй төгрөг төлж байна. Улс тэднийг үнэгүй тусгаарлаагүй шүү дээ. Ингээд тооцохоор, дөрвөн хүний дөрвөн сая төгрөг. Тусгаарлах байрны хүрэлцээ, хангамж үнэхээр муу байгаа бол эрүүл агаарт монгол гэртээ байлгаж болно шүү дээ гэдгийг дахин хэлье. Би үүнийг энгийн бөгөөд байж болох гарц гэж бодож байна. Дараа нь тэр гэрийг бүрэн ариутгаж, устгалд оруулсан ч болно. Эрсдэлтэй бүлгийг ангилж болно. Энэ мэтчилэн шийдье гэвэл шийдэл хангалттай байна. Заавал хүн ам төвлөрсөн нийслэл хотод эрсдэл үүсгэн, тусгаарлах нь өөрөө тийм ч зохимжтой биш.
Аравдугаар сарын 1 хүртэл бид "Ковид 19"-ын эсрэг тодорхой дэмжлэг авч байна. Жишээ нь, ажилтан нийгмийн даатгалын шимтгэлгүйгээр цалингаа бүтнээр нь авч байна. Энэ мэт дэмжлэг хэр хугацаанд үргэлжлэх нь зүйтэй вэ? Сунгах хэрэгтэй юу?
Олон улсын нэр хүндтэй Маккензи институтийн хийсэн өөдрөг төсөөллөөр бол, энэ оны сүүлч, ирэх оны нэгдүгээр улирлаас нөхцөл байдал буцаад хэвийн түвшин рүү шилжих төлөвтэй байна. Энэ хүртэл бид улсын хэмжээнд бүсээ бүрэн чангалах ёстой. Эдийн засгийн эрсдэлийг бууруулахад анхаарах ёстой. Төсвийн тодотголоо бүрэн дүүрэн хийх ёстой. Хамгийн зөв зүйлдээ анхаарах ёстой. Энэ бол ажлын байр. Гадны ихэнх орны гаргаж буй шийдвэрийг анзаарах юм бол нэгд, ажлын байрыг хамгаалахад чиглэж байна. Хоёрт, ажлын байр олгож байгаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад анхаарч байна. Учир нь ажилгүйдэл гэдэг бол өөрөө улс орны хувьд хамгийн том асуудал. Ажилгүйдэл ихэсвэл орлогогүй хүмүүс олширно. Орлогогүй нийгэм ядууралд хүрнэ. Өнөөдөр иргэдийн 29 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Хэрэв ажилгүйдэл улам нэмэгдвэл хоёр хүн тутмын нэг нь ядуу болох гээд байна. Үүнээс болж дээрэм, танхай зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл гаарна шүү дээ. Тиймээс энэ бүх эрсдэлээс сэргийлж, хүмүүсийн амьдралыг сайжруулъя, урагшлуулъя. Ажлын байрыг хамгаалах, хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдээ ажилтай, орлоготой байхад анхаарал хандуулъя.
АНУ-ын хувьд нэгд, эрүүл мэнд үү, ажлын байр уу гэхэд ажлын байрыг эхэнд нь тавьж байх шиг. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
Нийгмийн эмх замбараагүй байдал үүсвэл түүнээс ч илүү хүнд л дээ. Гэхдээ энэ нь анхаарал, сонор сэрэмжээ сулруул гэсэн үг биш. Магадлалын онол, математик загварчлалаар өвчний тархалт, үргэлжлэх хугацааг тооцож байна шүү дээ. Ийм үед таны хэлж байгаа шиг ажлын байр, эдийн засгаа хаячихаад зөвхөн өвчинтэй тэмцэнэ гэвэл бид эцэс сүүлдээ туйлдана. Ямар ч мөнгө, орлогогүй болбол аюултай. "Ковид 19" цар тахал цаг хугацаатай. Эмчлэгдээд устана. Хянаж чадаж байгаа нь сайн хэрэг. Үүнтэй адил эдийн засгаа хамтад нь авч явах ёстой.
Вирусын тархалт, эдийн засагтаа зэрэг анхаарал хандуулж, энэ хослолыг хамгийн сайн хийж чадсан улс бол БНХАУ. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалахад ч, вирусын тархалтыг намжаахад ч онцгой анхаарсан. Тиймээс хүндрэлтэй нөхцөл байдлаас хамгийн түрүүнд БНХАУ гарч байна. АНУ эдийн засагтаа онцгой анхаараад, вирусын тархалтыг хаясан. Англи улс мөн адилхан. Энэ жишээнүүдэд давуу болон сул тал байна. Дэлхий нийтээрээ энэ вирусын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Тиймээс шинэ Засгийн газраас хүсэж буй зүйл бол үүссэн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засагт үүсэх эрсдэлийг тооцон, ажилгүйдлийг бууруулан, ажлын байрыг хамгаалаач гэж байгаа юм. Юун түрүүнд аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох асуудлыг Монгол банктай хамтран шийдэх хэрэгтэй байна. Банкныхаа секторыг зөв дэмжих ёстой.
Судалгаагаар 10 компанийн 6 нь нэмэлт санхүүжилт хүсэж банкинд хандахад, тэдгээрийн 25 хувьд зээл олгосон байна. Зээл авч чадаагүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож болзошгүй. Хэрэв ингэвэл өнөөдрийг хүртэл зарцуулсан цаг хугацаа, хүний нөөц гээд олон үнэт капиталаа алдана. Бүхнийг шинээр эхэлж, өмнөхөөсөө ч хүнд замыг туулна. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг яаралтай анхааралдаа авахгүй бол бизнесүүдэд ирэх он жилүүд илүү хүнд байх болно. Бид 30 жилийнхээ ололтыг ийм богино хугацаанд үгүй хийж магадгүй болчихоод байна.
Би таныг Танхимын ерөнхийлөгчөөс гадна АН-ын ҮБХ-ны гишүүн гэж танилцуулсан. Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Энэ үед сунгаа явуулах ёсгүй гэсэн танай намын зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн. Яг одоо юу болж байна?
Бид ардчилалд хүрээд 30 жил болж байна. Ардчиллын ололт, амжилт маш их. Мэдээж алдаа бий. Манай намд ард иргэд дүнгээ тавьсан. Нийгэм Ардчилсан нам шинэчлэгдээсэй гэж хүлээж байна. Залуучууд Монгол Улсын ирээдүйд хувь нэмрээ оруулж, өнөөдрийн нөхцөл байдлыг маргааш илүү сайжруулаасай гэж хүсэж байна. Тэгэхээр шинэчлэл бол зайлшгүй. Тийм ч учраас АН-ын гишүүн, Монгол Улсын иргэн, эх орныхоо сайн сайхан хөгжлийн төлөө санаа зовниж, ярьж хэлж байдаг хүний хувьд энэ шинэчлэлд манлайлж оролцох нь зүйтэй гэж шийдсэн.
С.Эрдэнэ дарга намын даргын сунгааг долдугаар сарын 6-нд албан ёсоор зарласан. Дүрмээрээ сунгаа хийж, бүх гишүүнийхээ саналыг авч, даргаа тодруулна. Энэ үед би шинэчлэлийн төлөө өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, санаачилгатай байхын тулд нэр дэвшигчээр бүртгүүлсэн. Аливаа улс орон хуультай, төрийн бус байгууллагууд дүрэмтэй байдгийн учир нь эмх замбараа, сахилга бат тогтоохын тулд шүү дээ. Гэтэл дүрмийн бус санал гаргаж, байр сууриа илэрхийлж байна. Намын их хурлаар шийдлээ гэхэд тодорхой төлөөлөл цугларч, санал хураалт болно гэсэн үг. Миний хувьд ямар ч санал, шийдвэрийг хүндэтгэн хүлээж авна. Аль ч хувилбар нь байлаа гэсэн шинэчлэлийн төлөө залуучууд бид тууштай тэмцэнэ.
Нэгэнт та АН-ын даргын төлөө өрсөлдөж байгаа хүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд танай намын ялагдлын хамгийн том нэг шалтгааныг нэрлээч гэвэл?
Энэ бол эв нэгдэлгүй байдал. Гишүүдээ сонсдоггүй, намын дотоод ардчилал байхгүй. Нийгэмд ардчиллын үнэт зүйл, үзэл санааг ойлгуулж чадаагүй явдал юм. Зарчмын хувьд алдаа, оноогоо цэгнэвэл маш олон асуудал бий. Гэхдээ бид 30 жилийн турш алдаагаа ярьсаар ирлээ. Алдааг хэн нэгэн хүн дээр тохох гэдэг. Энэ бол утгагүй зүйл. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй. 30 жилийн өмнөх манай намын гавьяа бол Ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан. Бүгд хүлээн зөвшөөрнө. Гэтэл одоо зарим нэг нь ардчилал гэдэг чинь би өөрөө гээд өвгөн партизан шиг юм яриад явахаар ард иргэд залхаж байна. Ингээд зогсохгүй хэрэг төвөгт орооцолдоод байхаар ардчилал гэдэг бол бүхэлдээ болж бүтэхгүй зүйл мэтээр нийгэмд ойлгогдож байна.
Энэ хуваагдал, талцал, мөнхийн манлайлалгүй явж ирсэн байдал бол бидний л алдаа. Ардчилал бол агуу, тэс өөр зүйл шүү дээ. Хувь хүний эрх чөлөө, үгээ хэлэх, итгэл үнэмшил, эдийн засгийн эрх чөлөө гээд маш өргөн утга агуулгатай ойлголт. Тиймээс би манай нам эв нэгдэлтэй байж, ардчиллын хоёр дахь хувьсгалыг хийх цаг нь болсон гэж бодож байна.
Хүний амьдралын мөн чанар нь өнөөдөртөө амьдарч, маргаашийн ахуй амьдралаа сайжруулах шүү дээ. Нөгөө талаас, бид огцом айхтар сайжраад, бүх зүйл сайхан болохыг хүсэж хүлээдэг. Үнэндээ бол алхам, алхмаар урагшлах нь чухал. Өнөөдөр магадгүй гэрт амьдарч байгаа бол маргааш байшинд орох, өнөөдөр бүрэн дунд боловсролтой бол маргааш дээд боловсролтой болох гэх зэргээр хүн хүсэл эрмэлзлэлтэй явсаар сайн сайхан амьдарна. Үүнтэй адил хамтдаа урагшилж, сайн сайхан нийгмийг бүтээе. Зөвхөн урагшаа, маргаашийг харж, бодлогоо гаргацгаая.
Улс төр судлаачдын хэлж байгаагаар, АН-ын ялагдлын шалтгаан нь таны хэлсэнчлэн эв нэгдэлгүй байдал. Эв нэгдэлгүй болсон нь 2000 оны таван намын нэгдэл. Таван нам нь нэг нам болоогүй, таван фракц болсон гэж үзэж байна. Намаа эв нэгдэлтэй болгохын тулд юу хийх шаардлагатай гэж та боддог вэ?
Би хувьдаа таван нам нэгдсэнээр эв нэгдэлгүй болсон гэж бодохгүй байна. Дэлхий даяар долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. Бүгд л өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэхдээ бид нэгдье гэвэл нэгдэж чаддаг. Үүнтэй адил хэдэн ч нам нэгдэж, нэг нам болж болно. Бидэнд үнэхээр оюун санааны манлайлал хэрэгтэй байна. Бидний үеийн залуучууд шинэ цаг үед төрж өссөн хүмүүс. Залуучууд бид зөв ойлголцож, зөв манлайлан, үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэх ёстой. Ингэж чадвал гурван саяулаа ч нэгдэж болно. Нийтээрээ боловсролоо яаж дээшлүүлэх, хэрхэн амьдралаа урагшлуулах талаар ярих хэрэгтэй байна. Улсаараа нэгдмэл үзэл санаатай байж чадвал хөгжил асар ойрхон байна. Хөгжил гэдэг тийм хүрч болдоггүй зүйл огт биш.
Улс төр гэхээр албан тушаал тойрсон цөөн хүний бялуу хүртдэг зүйл болчихоод байна. Сонгууль дууслаа. Ард түмний асуудал Засгийн газрын асуудал биш болдог. Энэ байдлаар 30 жил явлаа. Сонгуульд ялалт байгууллаа гэхэд зөвхөн би, миний ойр тойрны хүмүүс гээд өөрийгөө хайрцаглачихдаг. Бусдыгаа ойртуулдаггүй. Ойлгохыг ч хүсдэггүй. Энэ байдал эргээд үл ойлголцолд хүргэж байна. Бусдыгаа сонсож чаддаггүй. Сонслоо гэхэд заавал доромжилдог. Үүнийгээ болих ёстой.
Намын дүрмээр сунгаа явууллаа гэхэд өмнөх шигээ нэр дэвшигчээс мөнгө татаад, орон нутгаар явахдаа намынхаа гишүүдийн дээрээс мөнгөн бороо асгаад байх уу?
Үүнийг болих хэрэгтэй. 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших хүсэлтэй намын гишүүнээс 100 сая төгрөг татсан явдал нь намын гишүүдийг туйлдуулсан, талцуулсан, маргуулсан. Өнөөдөр бид шинэ эрин үед амьдарч байна. Бүх зүйл цахимжсан. Хэдэн мянган хүн цуглаад хуралдахын тулд ирж, очихгүйгээр технологид суурилан мэдээлэл цуглуулж, үзэл бодлоо солилцон, шийдвэрээ гаргадаг хэв маягт шилжих хэрэгтэй. "Ковид 19"-ын үед хэдэн ч хүн цахимаар хуралдаж болдгийг харлаа шүү дээ. Тиймээс хий дэмий зүйлд мөнгө зарцуулдаг, хүмүүсийг талцуулдагаа болих хэрэгтэй. Нүсэр аппарат, өндөр төсөв гарган, үүнийгээ олохын тулд гишүүдийнхээ татварыг нэмдэг нь эргээд тэдний итгэл үнэмшлийг сулруулж байна. Намын гишүүн саналаа хэллээ гэхэд арав, хорин шат дараалал дамждаг байдлыг таслан зогсоож, хоёр, гурван үе шаттай хэвтээ тогтолцоотой больё. Бүгдэд нээлттэй, хүртээмжтэй байя.
Намын даргын сунгаа долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд болж, их хурлаа 23-нд зохион байгуулна. Ингэж байтал аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Намын шинэ дарга, бүтэц бүрэлдэхүүн цаг хугацаанд шахагдаж, УИХ-ын сонгуулийн үр дүн дахин давтагдах юм биш биз?
2020 оны УИХ-ын сонгуульд бид үндсэндээ жанжингүй оролцлоо. Ахин хэлэхэд, улс төр бол цөөн хэдэн хүний асуудал биш. Энэ нь нийт намын гишүүн, дэмжигч, Монголын хүн бүрд хүртээлтэй асуудал. Бид цаг хугацаанд шахагдаж, орон нутгийн сонгуульд оролцвол мөн л өмнөх дүр зураг давтагдах магадлалтай. Угтаа бол бид энэ хугацаанд иргэд, гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийг сэргээх ёстой. Нам шинэчлэлийн процессыг эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн байх ёстой. Аль болох эрт тийм орон зайг үүсгэх учиртай. Гэтэл ингэж байтал орон нутгийн сонгууль өнгөрчих юм бол ахиад л бид жанжингүй тулаанд орох гээд байна. Бид тэнэг хүн шиг нэг гаргасан алдаагаа давтаад байж болохгүй. Тиймээс өнөөдөр шийдвэр гаргаж буй намын удирдлагууд нэгд, улс эх орноо бодмоор байна. Улс төрийн нэг том хүчин юм бол том хүчин шиг л байх ёстой. Дүрмээ барих ёстой. Хоёрт, намын жирийн гишүүн, дэмжигчдээ бодох ёстой. Гуравт, намынхаа цаашдын хувь заяа, ирээдүйг бодох ёстой. Энэ нам бол Монголын цаашдын хөгжлийн суурь баганын нэг шүү дээ. Асуудлыг ингэж эрэмбэлэх хэрэгтэй. Түүнээс биш феодализмын үе шиг миний дараагийн үе гарах ёстой гэсэн хандлагаар хандах юм бол ардчиллын амин сүнс аюулд орно.
АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр тодроод ирэхээр энэ ч тэрний хүн, тэр ч энэний хүн гэсэн яриа гардаг. Одоогийн ерөнхийлөгч, хуучин ерөнхийлөгч хоёрын хооронд тулаан болно ч гэж ярих юм. Та хэний хүн бэ?
Би Булган аймгийн Ардчилсан намын жирийн гишүүн. Өнөөдрийг хүртэл өөрийн итгэл үнэмшлээрээ намдаа зүтгэж ирлээ. Хувийн бизнес ч хийж байна. Бизнесийн эв нэгдэл, ашиг сонирхлыг хангах гэж хичээн ажиллаж байна. Энэ намыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа бол шүүмжлээд суугаад байлгүй оролцох ёстой. Тийм ч учраас би үеийнхээ бүх залуучуудыг гар, гараасаа барилцаад шинэчлэлийн төлөө алхацгаая гэж хэлмээр байна. Зөвхөн урагшаа харж алхья. Хэрэв бид эв санаагаараа нэгдэж чадах юм бол энэ намд хоёр дахь хувьсгалыг хийж чадна. 30 жилийн өмнө 30 настай байсан хүмүүс тухайн үедээ хийх зүйлээ хийжээ. Өнөөдөр 60 хүрцгээсэн байна. Тэгвэл бид өнөөдөр шинэ үзэл баримтлал, шинэ давалгааг эхлүүлэх хэрэгтэй. Би бол нийгэмд, намдаа шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байгаа залуусын төлөөлөл.