Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Ангар: Зээлийн хүү сарын нэг хувь болж буурах боломж бий

Иргэдийн төр засгаас хүлээж буй шийдвэрийн нэг нь зээлийн хүүг бууруулах явдал байдаг. Энэ талаар олон жил ярьж буй ч төр засгаас дорвитой арга хэмжээ авч чадаагүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019 онд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхоор давамгайлж уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээгүй билээ. Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгоно хэмээн тусгажээ. УИХ-д МАН өмнөх сонгуулийн үр дүнгээ хадгалж 62 суудал авсан. Тэгэхээр иргэдэд “Зээлийн хүү буурах нь. Төр засаг уг асуудлыг шийдэж чадна” гэсэн итгэл, хүлээлт улам батжин төрж буй юм. Өнөөдөр зээлийн хүү доод тал нь жилийн 24 хувьтай байгаа. Монголбанкнаас гаргасан статистикаас харвал зөвхөн арилжааны банкуудын гаргасан зээл 17.9 их наяд төгрөгт хүрсэн байна.

Энэ нь арилжааны банкуудад байршиж буй нийт хадгаламжаас 3.5 их наяд төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад байршиж буй хадгаламж 14.4 их наяд төгрөг байгаа судалгааг Монголбанк гаргасан байдаг.
Зээлийн хүүд хязгаар тогтоох асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамгийн их эсэргүүцдэг. Уг нь зээлийн хүүг бууруулах, иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийн зөв гольдролыг дэмжих төр засгийн гол байгууллага нь юм шүү дээ. Ингээд зээлийн хүүгийн талаарх байр сууриудыг дор хүргэе.

Эдийн засагч, санхүүгийн зах зээлийн шинжээч Д.Ангар:
-Маш олон хүн “МАН-ын амласан зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгох боломжтой юу?” асууж байна. Үүнд хариулах нь зөв байх гэж бодож байна. Хариулт нь маш амархан. Боломжтой. Боломжтойгоор барахгүй ийм болгох ёстой юм. Ингэж хүүлэлтийн шинж чанартай хэт өндөр зээлийн хүүг төрийн бодлогоор буулгахгүй бол 10 хүрэхгүй жилийн дотор аж ахуйн нэгжүүд бүгд дампуураад дуусна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэж бүр яриад, зүүдлээд ч хэрэггүй. Тийм учраас зээлийн хүүг буулгах ёстой.
Нэгдүгээрт: Хадгаламжийн татварыг нэмэх. Ер нь бусад улсад хадгаламжийн хүүгийн орлого 35-60 хувийн татвартай байдаг нь хадгаламжийн хүүг хэт өсгөхгүй байх зорилготой юм. Монголд арилжааны банкуудын лоббигоор хадгаламжийн хүүгийн татвар 0 хувь байсан. Энэ нь Монголд хадгаламжийн хүү хэт өсөх суурийг тавьсан. Гурван жилийн өмнө л тусгай нөхцөлтэй хадгаламжинд ХААН банк 18, Төрийн банк 20 хувийн хүү амлаж байлаа. Ийм үед Монголд яаж зээлийн хүү буурах билээ дээ. Харин ОУВС-гийн шахалт шаардлагаар банкны хадгаламжинд 10 хувийн татвар ногдуулснаар хадгаламжийн хүү огцом буурч эхэлсэн. Одоо хадгаламжийн хүү 12-13 хувь хавьцаа болсон байна лээ. Энэ бол ОУВС-гаас бидэнд зааж өгсөн эхний хичээл байлаа. МАН үнэхээр зээлийн хүүг буулгая гэж байгаа бол хадгаламжийн хүүгийн орлогод өндөр татвар ногдуулах ёстой. Өөр арга байхгүй. Магадгүй хадгаламжийн хүүгийн татварыг 35 хувь дээр тогтоох ёстой. Гэхдээ нэг асуудал бий. МАН-д өндөр хадгаламжтай хүн маш олон байдаг учир тэд нарынхаа лоббиг дийлэх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ ам алдвал барьж болдоггүй гэгчээр сонгуулиар зээлийн хүүг буулгана гэж амласан бол буулгах л учиртай.
Хоёрдугаарт: Гадаадын банкуудыг оруулах. Тэд орж ирнэ үү, тоохгүй байна уу хамаагүй. Зүгээр л гадаадын банк орж ирэх хууль эрх зүйн боломжийг нь л нээгээд орхичих. Гадаадын банк орж ирэхгүй. Ирсэн ч тэд зээлийн хүүг буулгаж чадахгүй гэж дотоодын банкныхан ярьдаг. Энэ нь өрөвдөлтэй асуудал. Өөрийн бизнесээ хамгаалахын тулд ийм зарчимгүй загнадаг бизнес эрхлэгчид дэлхийд байхгүй шүү дээ. Өрсөлдөөнөөс битгий ай. Өрсөлдөөний үр дүнд бүх талууд хождог юм. Олон юм нуршилгүй ингээд ойлгочиход л болно. Дотоодын банкуудыг “Сэрэлт” кинон дээр гардаг оточ лам, харин гадны банкуудыг Орос эмч гээд л ойлгочих. Орос эмч хэрэгтэй юу? гэдэг асуудал бий шүү дээ.


Гуравдугаарт: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлан тогтоох учиртай. Энэ талаар өмнө нь зөндөө ярьж бичиж байлаа шүү дээ. Хүмүүс ч мэдээлэлтэй болсон. Ерөнхий сайдын илтгэлд үндэсний үйлдвэрлэлээ сэргээнэ, хүнсний экспортлогч улс болно гэж дурдаж байна лээ. Эдгээр бүх амлалт зээлийн хүүг огцом буулгахгүйгээр ямар ч боломжгүй. Уг нь жилийн 12 хувь ч маш өндөр зээлийн хүү. Үнэхээр л үйлдвэрлэлээ сэргээе гэж байгаа бол зээлийн хүүг ядаж жилийн 5-8 хувь дээр байлгах ёстой. Ийм боломж уг нь төр засагт бий. Хийж чадах эсэх нь асуудал юм.

Санхүүгийн зохицуулах хороо:
-Зээлийн хүүд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсэд макро эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлого, эх үүсвэрийн өртөг буюу хадгаламжийн хүү, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны процесс,зээлдүүлэгч байгууллагын үйл ажиллагааны зардал зэрэг орно. 2019 оны гуравдугаар сарын байдлаар инфляцын түвшин 6.7 хувь, Монголбанкны бодлогын хүү 11 хувь байгаа нь зээлийн хүүний үзүүлэлтэд гол нөлөөг үзүүлж байна. Одоогоор Монгол Улсад 539 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна. Ингээд нийт 234 мянган зээлдэгчдэд 869.2 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нэг зээлдэгчид дунджаар 3.7 сая төгрөгийн зээл олгосон байна гэсэн үг. Зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.2 хувьтай байна. ББСБ-аас зээл авч байгаа зээлдэгчдийн хувьд арилжааны банкны зээлийн шаардлагыг хангахгүй, бичил, жижиг бизнес эрхлэгч, мөн арилжааны банкнаас зээлтэй боловч санхүүгийн яаралтай хэрэгцээ гарсан, арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа хөрөнгөө эргэлтэнд оруулсан зээлдэгчид багагүй хувийг эзэлдэг. Ийм ч учраас ББСБ-уудын харилцагчид банкыг бодвол харьцангуй эрсдэл өндөртэй, маш бага хэмжээний бичил зээл авсан зээлдэгчидтэй ажиллах зайлшгүй шаардлагатай тулгардаг тул зардал нь өндөр байдаг. Зээлийн хүүд хязгаар тогтоох хууль хэрэв батлагдвал ББСБ-уудын хувьд маш хүнд цохилт болно. Өндөр өртөгтэй финтекийн үйлчилгээ, бусад зээлийн үйлчилгээ ч ихээхэн хумигдаж, үндсэндээ ББСБ-ууд үүд хаалгаа барихад хүрч болзошгүй. ХЗХ-ны хувьд зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг, ашгийн төлөө бус хуулийн этгээд болохыг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар хуульчлаад өгчихсөн. Иймд учраас ХЗХ-ны хувьд хадгаламжийн болон зээлийн хүүгийн хэмжээг бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн тогтоодог. Гэтэл энэ салбарыг ашгийн төлөө ажилладаг банкны салбартай ижил төвшинд адилтган авч үзэж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн, гишүүнчлэлтэй байгууллагын бүрэн эрхэд халдсан асуудал болно.

Монголбанк:
-Манай оронд зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага байна. Гэхдээ банкны салбарт захиргаадалтын аргаар хүүг хязгаарлах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож, хөрөнгийн зугаталтыг бий болгож, санхүүгийн хүртээмжийг хумиж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэл өндөр байна. Зээлийн хүү өндөр байхад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлаас гадна эх үүсвэрийн хүү, зардал өндөр байгаа нь гол хүчин зүйл болж байна. Ялангуяа, хадгаламжийн зах зээл дээрх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй эх үүсвэрийн зардал өндөр байгаа асуудлыг шийдвэрлэх асуудал чухал байна гэсэн байр суурь илэрхийлж байв. Энэ бүгдээс үзэхэд зээлийн буурах боломж манай улсад уг нь байна. Харин төр засаг амлалтаа биелүүлж шийдэж чадах эсэхийг харах л үлдэж буй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com