Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ирэх есдүгээр сард Монгол Улс сааралтахаа болих нь үнэн болов уу?

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсныг тус байгууллагаас дэлхий дахинд зарласан юм. Ингэж “найдваргүй” орны тоонд багтсанаар нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр заавал биелүүлэх зургаан үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллажээ.

Эхний тайланг 2020 оны нэгдүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлын яг талыг нь буюу гурвыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн “Ковид-19” цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг дөрвөн сараар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны гуравдугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн байдаг. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрчээ.


Ажлын хэсэг нь 2020 оны дөрөвдүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн гурван ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалсан гэж байгаа. ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн зургаан ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, ФАТФ-ын өгсөн “Гэрийн даалгавар”-ыг марталгүй, булталгүй Монгол Улс хийчихэж. Ингэснээр Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой болох юм.
Монгол Улсыг гэрийн даалгавраа хэрхэн хийсэн талаар ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн байна. Утга нь, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс орнууд мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлаа арилгах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байна. ФАТФ-аас улс орнуудыг хяналтад оруулсан гэдэг нь тухайн улс орнуудыг стратегийн дутагдлаа тогтоосон хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг амлалт өгч, хяналтад хамруулахыг хэлдэг. Энэхүү хяналтын жагсаалтыг ихэвчлэн “Саарал жагсаалт” гэж нэрлэдэг.


ФАТФ-ын зүгээс хяналтад байгаа улс орнууддаа стратегийн дутагдлаа шийдвэрлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаарх тайланг ирүүлэх, харилцан тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө заасан хугацаанд яаралтай биелүүлж дуусгахыг шаарддаг. Хэдийгээр ФАТФ нь эдгээр улс орнуудад харилцагчдыг таньж мэдэх нарийвчилсан хяналтын арга хэмжээ авахыг шаарддаггүй боловч өөрийн гишүүн орнуудыг тухайн улс орнуудын эрсдэлийг үнэлсэн мэдээллийг анхаарч үзэхийг зөвлөж байна. Мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудыг нэмж тодорхойлох ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.
“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг дөрвөн сараар сунгалаа. Үүний үр дүнд ФАТФ-аас Монгол Улсын үнэлгээг хийж, холбогдох төлөөллүүдтэй цахим хурал зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын үр дүнг танилцуулж байна.
2019 оны аравдугаар сард Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний үүрэг амлалтыг өгсөн юм. Энэ хүрээнд ФАТФ-ын 2020 оны зургадугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргав.
Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн.

Үүнд:
(1) Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
(2) тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;
(3) хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
(4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
(5) санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. ФАТФ-аас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.

Иймд ФАТФ-аас 2020 оны хоёрдугаар сард гаргасан хяналтын жагсаалтад Монгол Улс болон Исланд Улсаас бусад дараах улс орнуудыг хэвээр үлдээж байна. Үүнд:
1. Албани
2. Багамын арлууд
3. Барбадос
4. Ботсвана
5. Камбож
6. Гана
7. Ямайк
8. Мавритани
9. Мьянмар
10. Никарагуа
11. Пакистан
12. Панам
13. Сири
14. Уганда
15. Йемен
16. Зимбабве гэсэн байна.


Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс есдүгээр сард Саарал жагсаалтаас гарах болсон” гэдгийг зарласан байгаа. Тэрбээр энэ тухай "Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтаас гарах­тай холбоотойгоор төрийн болон мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны аравдугаар сард FATF-аас өгсөн зургаан үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн үр дүнг FATF-ийн цахим хуудсанд 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нийтэлсэн байна. Үндсэндээ Саарал жагсаалтаас Монгол Улс гарах болзлыг хангасан гэдгийг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас зарласан хэрэг. Есдүгээр сард газар дээрх шалгалтыг хийгээд Монгол Улс Саарал жагсаалтаас гарах болсон сайн мэдээг дуулгая" гэсэн юм.
ФАФТ-ын хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хамгийн боломжит хугацаанд газар дээрх үнэлгээг хийж, шийдвэрээ гаргах аж.
Тэгвэл Саарал жагсаалтад орохгүй боломж байсан уу? Мэдээж хэрэг, байсан. Бүр 2017 оны сүүлчээр анх Монгол Улсад сануулга өгсөн байдаг. Тэр үед МАН Засгийн эрх бариад жил гаруй болчихсон байсан хэрэг. Бидний хувьд саарал жагсаалтад орохгүй байх бүрэн боломж байсан. Дөрвөн зүйл дээр манай Засгийн газар ямар нэгэн байдлаар биелүүлээд явах боломж байсан боловч хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд эцэст нь Монгол Улсыг саарал жагсаалтад орууллаа гэж Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулан “Чөтгөрийн нүдийг гурилаар хуурна” гэгч болоод өнгөрсөн. Монгол Улсад санхүүгийн ил тод байдал болон шилэн дансны хууль огт хэрэгжээгүй. Үүнээс гадна маш олон зүйл байна. Саарал жагсаалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбож тайлбарлаж байгаа. Өгсөн зөвлөмж дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбосон нэг ч зүйл байхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Монголд далд байсан зүйлийг ил гаргаж ирсэн сайн талтай.


Шулуухан хэлэхэд, Саарал жагсаалтад орсон хариуцлагыг МАН-ын эрх баригчид хүлээх ёстой. Тэдэнд сануулга ирснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч юу ч хийгээгүй. Уг нь, энэ хугацаанд бүх зүйлийг засах үүрэгтэй байсан. Гэтэл тийм алхам хийлгүй үл тоож яваад ФАФТ-ын саарал жагсаалтад орчихоод одоо гарах гэж мэрийж, гуйж явна.
Эцэст нь, ирэх есдүгээр сард Саарал жагсаалтаас гарна гэж УИХ-ын дарга нь хэлж байна. Ирэх есдүгээр сард Монгол Улс сааралтахаа болих нь үнэн болов уу? Эсвэл МАН-ын ээлжит молиго үмхүүлэлт болов уу. Харж л сууя даа.

 

Н.Төгөлдөр

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com