Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.
Тэрбээр, Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилсан “Ардчиллыг хамгаалах анд нөхөд” албан бус бүлгийн хүрээнд хүний эрх, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийн төлөө хамтран ажиллах боломжтой гэв.
Түүнчлэн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Манай УИХ-д Монгол-Шведийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Шведийн Риксдагт мөн Швед-Монголын парламентын бүлэг байгуулахад хатагтай Оса Линдестамыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам эмэгтэй гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрийн улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар товч мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Энэ жил манай улс ардчиллын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудлыг одоо ч хөндсөөр байдаг. Хүйсийн тэгш байдлыг хангах асуудал нь нийгмийн шударга ёсны зарчим юм. Манай улсын парламентын 47 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдэж, 50 хувьд хүрээд байна. Гэсэн ч хөдөлмөрийн зах зээлд эзлэх хүйсийн тэгш байдал, цалингийн ялгавартай байдал, нийгмийн сүлжээнээс эмэгтэй манлайлагчид руу чиглэсэн дайралт зэрэг асуудлууд тулгарсаар байгаа. Энэ бүхнийг шийдвэрлэхэд зөвхөн хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, хамтын шийдвэр гаргах процесс чухал” хэмээн онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 18 орчим хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага юм. Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг. Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэртэй байдлын хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны халамж, бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг.
Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хийгдэх учиртай. Ялангуяа, бүх шатны сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудад эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүү, хөрөнгийн дэмжлэгийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Түүнчлэн олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг хийх нь чухал юм. Эдгээр өөрчлөлтүүдийг амжилттай хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн манлайлал, дэмжлэг тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг олон улсын туршлагаас үзэхэд сонгуулийн пропорционал тогтолцоо хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдгийг тэмдэглээд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлд Шведийн парламентаас туршлага судлах талаар санал гаргав.
Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.