-Хайгуулын салбарыг хувийн хэвшилд үлдээж Монголын төр, ард түмэн татварын орлого, ажлын байр зэргээр дамжуулж өгөөжөө хүртэх боломжтой-
“Оюутолгой”-той дүйхээр дараагийн том ордыг олохоор зорьж, хайгуулын төсөл хэрэгжүүлж буй гэдгээрээ олны анхаарлыг татдаг “Кинкора коппер” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Сэм Спрингтэй ярилцлаа.
-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалтад та “Нээлтийн төлөөх өрөмдлөг” сэдэвт илтгэл тавихаар болжээ. Илтгэлийнхээ тухай тодруулахгүй юу?
-Тийм ээ. Би компанийнхаа явуулж буй өрөмдлөгө, хайгуулын ажлын явцын талаар мэдээлэл хүргэж, илтгэл тавих гэж байгаадаа баяртай байна. Манай компани саяхан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 6.35 сая канад долларын хөрөнгө босгож чадлаа. Уг хөрөнгө оруулалт компанийн ирэх бүтэн жилийн өрөмдлөг, хайгуулын ажлыг санхүүжүүлэх дүн юм. “Кинкора коппер” компани дараагийн том ордыг илрүүлж, нээлт хийхийн төлөө ажиллаж байна. Манайх хамгийн идэвхтэй, өргөн цар хүрээнд үйл ажиллагааг явуулж буй хайгуулын компани болохыг онцолж хэлмээр байна. Бид Монголын өмнийн говийн зэсийн ордын бүс дагуу хамгийн орчин үеийн хөтөлбөрөөр хайгуул хийж байна. Тодруулбал, “Хүрэл үнэг”, “Зүүн цагаан суварга” гэсэн хоёр төслийн хайгуулын талбайн таван цэгт өрөмдлөг хийж байна. Хайгуулын үр дүн, явц, цаашдын төлөвлөгөөний тухай би илтгэлдээ танилцуулах болно. Мөн чуулганд оролцогч нарыг сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгөхөд бэлэн байна.
-Танай компани Монголд хайгуулын чиглэлээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай цөөн компанийн нэг. “Хүрэл үнэг”, “Зүүн цагаан суварга” төслийн хайгуулын ажилд хэр хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулж байна вэ. Үр дүн хэр байна вэ?
-Манай компани Канад улсад бүртгэлтэй. Компани 2011 онд байгуулагдсан цагаас хойш Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай багийнхан дэлхийн томоохон зэсийн тэргүүлэх төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, “Питер Лейман”, “Жон Холлидей” зэрэг томоохон компанийн төслүүд дээр ажиллаж байсныг дурдах хэрэгтэй. Мөн Монголын шилдэг геологичдоос бүрдсэн баг ажиллаж байна. Манай компанийн ТУЗ-ийн хоёр гишүүн Монголд ажиллаж, амьдарч байна. Тэд Камерон МакРэй, Льюис Маркс нар юм. Түүнчлэн, ТУЗ-ийн гишүүн Рэй Надаражах өмнө нь Монгол Улсад ажиллаж байсан туршлагатай. Монгол орны талаар сайн мэднэ.
“Кинкора коппер” компани өнгөрсөн хугацаанд гурван томоохон хайгуулын талбайд хэлэлцээр хийж, уг төслүүдэд хөрөнгө оруулалт татсан. Нийт дүн нь 40 сая гаруй канад доллар юм. Үүний ихэнхийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босголоо. Бид “Хүрэл үнэг” төслийн талбайгаас 1.3-1.5 сая тонн зэсийн нөөц илрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн “Зүүн цагаан суварга”-ын талбайд өрөмдлөг хийж байгааг дээр дурдсан. Нийт 6200 метр өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Энэ хайгуулын талбайн геологийн тогтоц “МАК”-ын Цагаан суваргынхтай төстэй. Өмнө нь уг талбайд хайгуул явагдаж байсан юм. Гэхдээ нөөц тогтоох хэмжээнд үр дүнтэй ажиллаагүй. Манай компани Монголд хайгуулын шинэ төслүүдийг идэвхитэй хайж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд эрдэс баялгийн нөөц байх боломж бүхий 200 гаруй талбайг судалсан. Өөрөөр хэлбэл, хайгуул хийвэл ирээдүйтэй эсэхийг тандсан. Бид үргэлж шинэ боломжийг эрэлхийлж байдаг.
-Өндөр зардалтай хайгуулын салбарт зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхэд хэцүү, боломжгүй байдаг. Хайгуулын эрсдэлийг казино тоглохтой зүйрлэж, ийм эрсдэлтэй үйл ажиллагаанд татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч бий. Улс орнуудын хувьд хайгуулын салбартаа хөрөнгө оруулалт татахын ач холбогдол нь юу вэ?
-Уул уурхай өндөр эрсдэлтэй, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт, өсөлтийг дагаж савлаж байдаг тогтворгүй салбар. Энэ дотор хайгуулийн салбар бүр ч өндөр эрсдэлтэй. Гэхдээ хайгуулын салбар хөгжихгүйгээр уул уурхайн олборлолт явагдахгүй. Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн нэг хөдөлгөгч хүч. Энэ үүднээс монголчуудын хувьд хайгуул, олборлолтыг хувийн хэвшилд үлдээх нь зөв гэж үзэж байна.
Хайгуулыг казинотой харьцуулсан нь зөв. Ричардын судалгаанаас үзэхэд дэлхий даяар 3500 гаруй хайгуулын жижиг компани байна. Тэд 2018 онд ашигт малтмалын хайгуулд 12.4 тэрбум доллар зарцуулсан. Үүнд нүүрс, төмрийн хүдэр зэрэг зардал өндөртэй эрдэс баялгийн ордыг оруулаагүй шүү. Ингэж их хэмжээний хөрөнгө оруулалт зарсан ч дэлхий даяар сүүлийн 10 жилд ашигт малтмалын ердөө 730 ордыг илрүүлжээ. Энэ нь дунджаар 137 удаагийн оролдлогоос нэг нь амжилттай болж, эрдэс баялгийн нөөцтэй, ашиглах боломжтой ордыг илрүүлж байна гэсэн үг. Казинотой зүйрлэвэл рулетийн улаан дээр бооцоо тавьж, долоо дараалан хожих азтай ижил юм. Тэгвэл том ордыг илрүүлэх үүнээс 40 дахин хэцүү. Казино тоглохоос илүү эрсдэлтэй гэсэн үг. Яагаад гэвэл дээрх том ордуудыг илрүүлэх хайгуулын зардал бусад жижиг ордтой харьцуулахад асар их. Хэрэв нөөц илрүүлж чадахгүй бол үүсэх эрсдэл нь ойлгомжтой. Энэ бүхнээс хайгуулын салбарт Засгийн газар хөрөнгө оруулалт хийхгүй байх шалтгааныг харж болно.
Харин төрөөс шууд хайгуулд хөрөнгө оруулалгүй уг салбарыг дэмжихэд анхаарлаа хандуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өөрийн улсын хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх нь чухал. Төрөөс хайгуулын салбарыг дэмжихэд зориулсан нэг долларын зардал эргээд 11.4 ам.доллар болж төвийн орлогоор дамжин орж ирдэг гэсэн судалгаа бий. Иймд хувийн хэвшил хайгуулын салбарт эрсдэл үүрч орж ирэхэд нь төрөөс татвар, хууль эрхзүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлж өгөх нь гол асуудал юм.
-Хайгуулд маш их хөрөнгө, өндөр эрсдэл, цаг хугацаа, техник, технологи шаарддаг салбар гэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг санагддаг. Монголд дотоодын ч бай, гадаадын ч бай компани өрөмдлөг хийх гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, зарим ТББ эсэргүүцэж ажлыг нь гацаах нь бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Улс орон бүр энэ байдлаасаа хамааран өөр өөр байр суурьтай байдаг. Гэхдээ миний бодлоор Ричардын хийсэн судалгаанд үндэслэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Дээр өгүүлсэнчлэн 137-1 харьцаатайгаар нээлт хийхэд ойролцоогоор 12 жил шаардагддаг ч гэлээ тухайн нээлтийн ачаар та шууд уурхайтай боллоо гэсэн үг биш. Бүх хайгуулын илэрцүүдийн зөвхөн хагас нь уурхай болж хувирдаг тул ач холбогдол бүхий шинэ уурхай хайж олоход 137-1-ийн магадлал 250-1 буюу хоёр дахин эрсдэлтэй болж нэмэгддэг. Улмаар уурхайгаас олборлолт явуулахад дунджаар 12 жил шаардагддаг. Нийт дүнгээр 20 жилийн хугацаа шаардлагатай гэсэн юм. 2018 онд дэлхийн хэмжээнд нийт 475 нэр бүхий уул уурхайн компани бүртгэлтэй байсан. Тэдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ 1062 тэрбум доллар байсан ба 1,259 тэрбум долларын хөрөнгийн нийт өгөөж ердөө 1.8 хувь байжээ. Харин “Майкрософт”-ын зах зээлийн хэмжээ 1030 тэрбум доллар. Үүнтэй харьцуулахаар уул уурхайн салбар өндөр эрсдэлтэй атал өгөөж багатай нь харагдана.
Монголыг харахад энэ онцлог илүү тод харагдаж байна. Хайгуулын салбарыг хувийн хэвшилд үлдээж Монголын төр, ард түмэн татварын орлого, ажлын байр зэргээр дамжуулж өгөөжөө хүртэх боломжтой. Уул уурхайн салбарт эзлэх төрийн хувь, оролцоо өсөх тусам олон эрсдэл дагуулдаг. Австрали, Канад, Норвеги зэрэг улс уул уурхайн салбарт түшиглэж хөгжсөн нь хувийн хэвшлийг дэмжиж ажилласантай холбоотой. Тэдгээр улсад төрийн өмчит уул уурхайн компани байхгүй. Австралийн татварын орчин, лиценз олголтын зохистой бодлого зэргийн үрээр олборлолт нь хоёр дахин нэмэгдсэн. ДНБ-д уул уурхайн салбарын эзлэх хувь 40 болж өссөн. Мөн ажил эрхлэлт 3, өрхийн баялаг 15 хувиар нэмэгдсэн статистик бий. Хайгуул, олборлолтыг дэмжсэн зөв хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн улс ямар өгөөж хүртэж байгааг үүнээс харж болно.
-Хайгуулд хөрөнгө оруулалт татахад Монголын давуу болон сул тал юу вэ. Хайгуулын салбартаа хөрөнгө оруулалт татахын тулд Монгол Улс юунд анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Монгол Улс нь хайгууль, олборлолтын салбартаа боловсон хүчин сайтай, дэлхийд өрсөлдөхүйц гэж дүгнэж болно. Газар зүйн хувьд ч таатай. Хүн амын нягтаршил багатай, тайван улс тул уул уурхайн салбар өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой. Өнгөрсөн уул уурхайн өсөлтийн циклийн үед шинэ хайгуулын төсөл маш эрэлттэй байсан. Өмнийн говийг дэлхийн зэс, нүүрсний том компаниуд сонирхож орж ирсэн. Харамсалтай нь эдгээр компани Монголоос гарсан. Засгийн газрын үзэж байгаагаар уул уурхайн салбар Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч. Одоо нөхцөл байдлыг харахад урт хугацааны томоохон цөөн төслөөс хараат байж, эдийн засгаа хөдөлгөж байна. “Эрдэнэт”-ээс эхэлж Өмний говийн нүүрсний уурхайнууд, “Оюутолгой”-гоос Монголын эдийн засаг ихээхэн шалтгаалж байна. Эдгээр гурван төсөл дээр хараат хэдий ч дараагийн шатанд хүлээгдэж байгаа төслүүд олон биш байна. Хайгууль сайн явагдахгүй байна. Татварын хувь хэмжээ өндөр байна. Газар нутгийн маш бага хэсэгт хайгууль хийх боломжтой. Тусгай зөвшөөрлийн журам нь үр дүн багатай байна.
Австрали улсын хүн амын нягтаршил нь Монголтой харьцуулахад мэдэгдэхүйц өндөр ч тус нутгийн 25 хувьд нь хайгуул явагдаж байна. Гэтэл Монголд энэхүү үзүүлэлт дөрвөн хувьтай л байгаа аж. Үүний тал нь буюу маш бага хэмжээний газарт нийт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын 90 хувь нь шингэсэн. Монголыг бусад оронтой харьцуулахад өрсөлдөх чадвартай болгох ёстой. Бусад улс оронд хайгуулын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Бид Монголын хайгууль явагдаж байгаа талбайг 10 дахин багасаж, хүлээгдэж байгаа төслүүд яагаад цөөн байгааг асуух ёстой.
-Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ ч геологийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татахыг чармайдаг. Ер нь гадаад улс орон геологийн хайгуулд хөрөнгө оруулалт татахын тулд хэрхэн анхаардаг бол?
-Олон улс хууль эрхзүйн орчноо шинэчилж, хөрөнгө оруулалт татахаар өрсөлдөж байна. АНУ, Хятад улсыг жишээ байна. Мөн Канад бий. Дэлхийд хайгуулын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт татдаг орон боловч татварын таатай орчинг улам боловсронгуй болгож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд компаниудаа дэмжин ажиллаж байна. Австрали дахь хөрөнгө оруулалт дээд хэмжээнд хүрснийг үл харгалзан хөрөнгө оруулалтыг цаашид дэмжих зорилгоор хайгуулын бодлогоо шинэчилж байна. Хайгуул, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих дөрвөн арга олон улсад байна. Нэгдүгээрт, бусад улс оронтой харьцуулахад татварын хувийг хамгийн зөв түвшинд аваачиж байна. Хоёрдугаарт, хайгуулын салбарын зардлыг бууруулах зорилгоор геологи болон газрын мэдээллийг ил болгож байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна. Хамгийн сүүлд нь олон улсын түвшинд зөв хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх нь Монголын эдийн засаг, ард түмэнд хэрэгтэй. Дараагийн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн циклийн таатай үе ирэхэд Монгол өгөөжийг нь хүртэхэд бэлэн байх хэрэгтэй.