Мэдээллийн технологийн инженер, судлаач А.Батчимэгтэй аж үйлдвэрийн хувьсгал, хиймэл оюун ухааны талаар ярилцлаа.
-Сүүлийн үед аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тухай дэлхий нийтээр ярих болсон. Үүний үр нөлөө манай улсад хэрхэн тусч байна вэ?
-Манай улс үйлдвэрлэл хөгжүүлсэн орон гэж хэлэхэд хангалттай биш. Мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин манай улсад хангалттай байгаа юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн эрин зуун, дижитал, хиймэл оюун ухаан чиглэлийн мэргэжилтэн маш олон бий.
-Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр маш олон хүн ажилгүй болно гэсэн болгоомжлол хүмүүст байдаг. Энэ талаар судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай улсад одоогоор IT, хиймэл оюун ухаан байтугай асуудал шийдэгдээгүй тул энэ аюул нүүрлээд байна гэхэд өрөөсгөл. Дэлхий хэмжээнд уг асуудлыг хийсвэрээр авч үзээд байгаа. Хиймэл оюун ухаан хөгжвөл уран сайхны кинонд гардаг шиг роботуудын эрин зуун гарч хүн үгүй болох талаар ярьдаг. Гэвч хиймэл оюун хүний оролцоогүйгээр ажиллах боломжгүй юм. Тэгэхээр хиймэл оюун, хүний чадвар хоёрыг нэгтгэж бүтээмжийг нэмэгдүүлэх, үүний үндсэн дээр хөгжлийн явцыг хурдасгах зайлшгүй шаардлага бий. Ийм учраас хиймэл оюун айдастай зүйл биш. Харин цаг хугацаа хэмнэж асар их үйлдвэрлэл явуулах боломжтой. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажилгүйдэл их болж байна. Маш сайн мэргэшсэн хүмүүсийн ажлыг робот хийгээд эхэллээ. Ингээд 100 хүний ажлыг нэг робот яг адилхан хийж байна. Тэгэхээр хувь хүний асуудлыг яах вэ гэдэг асуулга тавьдаг. Хэрэв ийм хэмжээнд хөгжсөн улсын хувьд иргэдийн боловсролд зайлшгүй анхаарах ёстой. Хиймэл оюун хөгжсөн эрин зуунд хүүхдэдээ ямар мэргэжил эзэмшүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгвэл өнөөдөр робот хийж чадах мэргэжил лав биш. Харин тэр роботыг удирдах, роботоор оруулан хийх боломжгүй мэргэжил, ажлын байрт бэлтгэх нь чухал. Мэргэжлийн хажуугаар технологи гэдэг зүйлийг хүн эзэмшиж байж хүн ажилгүйдэл гэдэг зүйлээс хол байна. Хүнгүй бол хиймэл оюун байхгүй. Ийм учраас хиймэл оюун ухаан бие даасан айдас хүргэм зүйл биш.
-Та дээр хэллээ. Аж үйлдвэрийн хувьсгалаар үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр үйлдвэрлэл талаасаа эдийн засагт ахиц гарах нь. Харин хүний ажлын байр, орлого, амь зуух асуудал яах болж байна вэ?
-Эдийн засгийн хувьд маш олон давуу талыг авч ирж байгаа. Хиймэл оюуны технологийг анх үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд асар их хөрөнгө орно. Харин үүнийг нэвтрүүлсэн, хийсэн байхад түүнийгээ хэд дахин нугалж олох боломжтой. Эдийн засгийн хувьд урт удаан хугацаанд үр ашгаа өгнө гэж харж байгаа. Зарим мэргэжлийн хүмүүс роботод ажлын байраа алдаж буй нь сул тал. Энэ сөрөг тал нь хүмүүсийг ажилтай байлгахыг төрийн бодлогоор зохицуулах, хүний эрхийн тухай асуудал болж гарч ирж байна.
-Тэгэхээр хүний ажлын байрыг бууруулахгүй авч үлдэх талаар өндөр хөгжилтэй орнууд ямар ямар бодит зүйл хийж байна вэ?
-Өндөр хөгжиж буй орнууд энэ асуудлаар тусгайлан ажилладаг яам, агентлаг байгуулж тусгай бодлого боловсруулах болсон. Учир нь дэлхий нийтээр шинэ асуудалтай нүүр тулж байгаа учраас асуудлыг шийдэх давлагаа хүчээ авч байна. Тэгэхдээ шийдэл нь энэ гэхээс илүү улс орныхоо онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Ингээд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн хэлэлцүүлэг дэлхий дахин өрнөж байгаа гэж хэлж болно.
-Дэлхий нийтээр өрнөөд байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр дүн хэдий хугацаанд гарах бол гэж та судлаач хүний хувьд харж байна вэ?
-Өнөөдөр технологи асар хурдацтай хөгжиж байна. Тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгал үр шимээ улс орнуудад өгөөд эхэлсэн. Харин манай улсын хувьд эхлэлээ хараахан тавьж амжаагүй. Ийм учраас өндөр хөгжилтэй улс орнуудад үр шим нь гарч байгаа. Манай улс өнөөдөр өндөр хөгжсөн орнуудын бэлэн туршлагуудаас оновчтойг нь шууд сонгож хэрэглээд явах ёстой. Өөрөөр хэлбэл алдаж оноод явах бус хамгийн оновчтойг нь хэрэгжүүлэх боломжтой юм.
-Тэгвэл манай улсад энэ талаар бодлого боловсруулж, судалгаа хийж байгаа зүйл бий юү?
-Тодорхой хэмжээнд зарим яамд энэ талаар ажиллаж байгаа гэж сонсч байсан. Түүнээс биш тодорхой зүйл олж хараагүй л байна. Манай улсад өнөөдөр шийдэх ёстой асуудал асар их бий. Тухайлбал, сошиал орчинд болон хувь хүний нууцтай холбоотой мэдээ мэдээллийг хэрхэн хадгалах, хамгаалах чиглэлийн хууль, эрх зүйн орчин хангалттай, сайн хэмжээнд хүрч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл медиа ертөнцтэй холбоотой суурь хуулиуд алга гэж хэлж болно. Үүнээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь нэг сугалаанд оролцоход бидний регистерийн дугаар, орлого зэргийг асуудаг шүү дээ. Энэ нь олон улсын түвшинд хувь хүний нууц мэдээлэл байдаг. Ийм учраас хувь хүний ийм мэдээллийг авсан байгууллага цааш нь задруулахгүй байх асуудлыг хуулиар хамгаалж өгдөг. Гэтэл Монголд ийм хууль алга. Тэгээд хувь хүний нууц мэдээллээ чөлөөтэй өгч байна. Энэ мэдээлэл нь эргээд бидний эсрэг ямар нэг байдлаар ашиглагдахгүй гэх баталгаа манай улсад байхгүй. Энэ асуудлыг дэлхий нийтэд хүний эрхийн асуудлын хэмжээнд авч үздэг болсон. Манай эрх баригчид үүнийг олж хараагүй юу эсвэл олж харсан ч тоохгүй байна уу гэдэг нь эргэлзээтэй. Уг асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл нөлөөлөх зүйл. Жишээ нь миний ригестерийн дугаарыг ашиглаж эмнэлгээс өвчний түүхийг авч үзэж болно. Ингээд тэр мэдээлэлдээ тулгуурлаж бизнес хийх тал бий. Тэгэхээр манайхаас бусад улс энэ мэдээллийн аюулгүй байдлаа шийдээд өнөөдөр хиймэл оюун ухааны асуудал руу орж байна.
-Хиймэл оюун ухааны салбарт ямар улс тэргүүлж байна. Энэ салбарын хөгжил ямар үр дүнд хүргэж байна вэ?
-АНУ дэлхийд хиймэл оюун ухааны хэрэглээ болон амжилтаараа тэргүүлж байна. Энэ хэрээр тухайн орны эдийн засаг хурдацтай хөгжиж, хүний үйл ажиллагаа улам хялбарчлагдаж, хамгийн чухал нь цаг хугацаа хэмнэдэг болсон. Бүр онцгойлон эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан ашиглан өвчнийг урьдчилан таамаглаж, түүнээс сэргийлэх боломж бүрдэж байгааг онцлох хэрэгтэй. АНУ-ын эрдэмтэн, шинжээчдийн хийсэн судалгаагаар хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн. Эдгээр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч ихээхэн шаардагддаг ажлыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилтны болон үйлдвэрийн ослын даатгал гэх мэт олон зардлыг хэмнэх зэрэг өөрчлөлтийг дурдаж болно. Ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс өдөр тутамдаа хийдэг жижиг ажлуудаас чөлөөлөгдөж, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахад илүү их цаг зарцуулах боломжтой болж байгаа. Мөн бид хийж буй ажилдаа алдаа гаргах нь багасна шүү дээ. Мэдээж энэ бол багагүй ололт, амжилт, одоо түүнийг хэрхэн энгийн хэрэглээнд нэвтрүүлэх буюу хүмүүсийн ажил амьдралыг хялбар болгоход ашиглаж болох вэ гэдэгт улс орон анхаарч бодлогоор дэмжих хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнөөс хиймэл оюун нь SAS (Statitical Analysis System) гэдэг программ хангамжид өргөнөөр ашиглагдах болсон. Энэ системийг маш олон салбарт ашиглах болсон байна лээ. Анагаах ухааны салбарт “X-ray” хэмээх рентгенийг хүний биеийн өвчнийг илрүүлэхэд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл рентген туяагаар өвчнийг оношилно гэсэн үг. Мөн үйлдвэрлэлд хиймэл оюунд суурилсан төхөөрөмжүүд хоорондоо мэдээллээ солилцон оновчтой шийдлүүдийг гаргаж, цаг хэмнэж хэрэгцээгүй, шаардлагагүй давтагддаг байсан үйлдлүүдийг багасган хэмнэлт гаргах болсон. Бидний хэрэглэдэг зарим “platform”-ууд хэрэглэгчдэд сонирхдог хэрэгцээт барааг нь шууд санал болгодог нь цаанаа хиймэл оюуныг ашигласан байдаг. Тухайн хүний онлайн худалдан авалтын дата буюу өгөгдөлд суурилан боломжит хувилбаруудыг санал болгодог гэсэн үг юм. Таны онлайнаар хийж байгаа үйлдлүүд тань дата болон хадгалагдаж, түүн дээр анализ хийхдээ таныг юу сонирхож байгаа, юу авч байгааг тань таньж цаашид юу сонирхох магадлалтайг ч тааж мэдэх юм. Бизнесийн салбарт хэрэглэгчдэдээ хүрэх ашиг орлогоо оновчтой аргаар нэмэгдүүлэх гарц бол хиймэл оюун гэж боддог.
-Ухаалаг системд суурилсан технологи дэлхий нийтэд нэлээд нэвтэрч байгаа. Гэхдээ манай улсад төдийлөн орж ирэхгүй байгаа шүү дээ?
-Монгол инженерүүд их чадварлаг. Хамгийн гол нь төр засгийн дэмжлэг л дутдаг. Монгол оюутан, эрдэмтэд 3D принтер бүтээж байгаа тухай сонссон. Ингэснээр хугарч гэмтсэн нурууны үе, хурууны яс зэргийг хэвлэж, орлуулах боломжтой болох юм. Мөн Японы хиймэл оюун ухаанд суурилсан программ хөгжүүлдэг компанид монгол залуус ажиллаж байна, “Google”-ийн ахлах программист нь монгол залуу бий. Боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалгүй, харин төрөөс үүнийг бодлогоор дэмжин хэрэгжүүлэх шаардлагатай л гэж харж байна даа.