Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.ДОЛГОРСҮРЭН: Зөрчлийн тухай хуулиар дамжаад санхүүгийн зах зээл дээрх сахилга бат, үр дүн сайжирсан

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-СЗХ-ны Хяналт шалгалтын газрын түүх яаж эхэлсэн бэ?

-СЗХ 2006 онд анх бий болоход хяналт шалгалтын газрыг тусад нь байгуулсан. Тухайн үед санхүүгийн зах зээл дөнгөж бүрэлдэж байлаа. Банкнаас бусад санхүүгийн секторын хөгжлийн явц банкны системтэй харьцуулахад маш жижиг байсан. Даатгалын салбарын зохицуулалт Мэргэжлийн хяналтын газарт, үнэт цаасны зах зээлийн зохицуулалт нь Үнэт цаасны хороонд, ББСБ-уудын зохицуулалт нь банктайгаа хамт Монголбанкинд хамаарч, хадгаламж зээлийн хоршоо нь төрийн зохицуулалтад хамрагдаагүй байв. 2004-2006 оны эдийн засгийн хямралын дараа л төр ХЗХ-г зохицуулах ёстой гэдэг дээр анхаарсан. Тэгээд эдгээр байгууллагыг СЗХ-ны зохицуулалтад хамруулж байлаа. 2007-2008 оны үед эдийн засаг сайжирч, санхүүгийн зах зээл ч өргөжиж эхэлсэн. Энэ үеэс Хороо, салбар бүр лүү чиглэсэн хяналт шалгалт байх нь зүйтэй гэж үзээд хяналт шалгалт, бодлого зохицуулалт нэг дороо байхаар өөрчилж 2014 он хүртэл тэр бүтцээрээ явсан. 2014 оноос эдийн засгийн байдал өөрчлөгдөж, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн санхүүгийн хямралууд, түүний давлагаа долгион манай орныг маш хүчтэй цохисон. Бас энэ үеэс Монгол Улсын санхүүгийн салбар олон улсын чиг хандлагаа дагаад интеграцчлагдах буюу хавтгайрсан нөхцөлд Хороо ч маш болгоомжтой ажиллаж байсан ба болгоомжтой байна гэдэг нь зах зээлийг дэмжихгүй байна гэсэн үг биш. Аажимдаа Хорооны зохицуулалтын салбарууд хоорондоо уялдаж эхэлсэн. Тухайлбал ББСБ, даатгалын компаниуд үнэт цаасны зах зээл рүү орж ирж, олон нийтэд хувьцаагаа гаргах зэргээр санхүүгийн зах зээл глобалчлагдахын хэрээр хоорондоо уялдаж эхлээд байна. Тийм учраас хяналт шалгалт тухайн салбараа дагах биш, ерөнхий нэгдсэн шалгалтын систем явах ёстой болсон. Мөн банк толгойтой, дотор нь санхүүгийн байгууллагууд орчихсон нэгдлүүд, даатгалын компани, ББСБ-тай санхүүгийн группүүд бий болчихлоо. Энэ нэгдлүүдийг нэгдсэн журмаар, нэг цонхоор, нэг өнцгөөс харж зохицуулах нь оновчтой арга юм. Тийм учраас Хороо сүүлийн гурван жил Хяналт шалгалт, зохицуулалтын газрыг тусад нь байгуулан ажиллуулж байна.

-Хянаж шалгах арга хэлбэр ч бас өөрчлөгдөж байна уу?

-Олон жилийн практикаас харахад өмнө нь хяналт шалгалт хийдэг процесс их энгийн байсан. Гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалт явуулж, өнгөрсөн цаг үеийнх нь баримт материалд тулгуурлаж үнэлгээ өгдөг байлаа. Энэ бол үр дүн муутай арга байсан. Хороо 2011 оноос эхлээд гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу шилжих бодлогыг баримтлан энэ хүрээнд тусгайлсан газар, нэгжүүд байгуулагдаж, хариуцсан чиглэлүүдээ аваад явж байна. Олон улсын хяналт шалгалтын стандарт ч бас өөрчлөгдлөө. Жишээ нь БАЗЕЛ-ийн хороо банк, ББСБ, даатгалын байгууллагуудад хийх хяналт нь эрсдэлд суурилсан шалгалт байх ёстой гэдэг дээр тогтсон. Олон улсын байгууллагууд “Хяналт шалгалт нь оновчтой, чухам эрсдэлийг олж хардаг, ирээдүйд ирж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх ёстой” гэсэн бодлогыг барьж байгаа. Бид ч эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд бүрэн шилжихээр ажиллаж байна. Тухайлбал, даатгалын салбар дээр эрсдэлд суурилсан шалгалтыг туршилтын журмаар явуулаад жил гаруй болж байна. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд ХЗХ-дын хандлагад чиглэсэн хяналт шалгалт буюу өнгөрсөн үүх түүхийнх нь хандлагыг нь хараад ирээдүйд гарч болох эрсдэлийг нь хайдаг, олдог, түүнийг зохицуулдаг ажлыг эхлээд, туршаад явж байна. Үнэт цаасны зах зээл дээр тодорхой хэмжээний эрсдэлүүдийг хаах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эхний алхмуудыг хийлээ. Үнэт цаасны компаниуд нь төлбөрийн чадвартай байх ёстой, санхүүгийн боломжтой гэдэг үүднээс бид тэднийг чадавхжуулах чиглэлд нэлээн ажиллаж байна. Санхүүгийн тайлан мэдээллийн маягтуудыг нь бүгдийг шинэчилсэн.

-Технологийн хурдацтай хөгжил хяналт шалгалтын ажилд хэр нөлөөлж байна вэ?

-Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хувьсалд орж, бүх асуудлыг техник технологид суурилан шийддэг болчихсон энэ үед бид ч санхүүгийн салбарын хяналт, зохицуулалт нь технологид, инновацад суурилсан байх ёстой гэдэг рүү явж байгаа. Тэгээд программ хангамжуудаа аль болох төгөлдөршүүлэх, зохицуулалтыг илүү оновчтой, түргэн шуурхай болгохоор ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа идэвхэжлээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

-Олон улсын хэмжээнд 2005 оноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа их идэвхэжсэн. Монгол Улс энэ ажиллагаанд нэгдэж, 2006 онд хууль баталж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилсэн. Ингээд хяналт шалгалтын хүрээнд мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлыг явуулахад Хороонд маш том үүрэг ноогдоод байна. Хороо өөрийн зохицуулалтын бүх байгууллагаас гадна үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниуд, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь оролцогчдыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр хянах болсон. Хорооны хяналт шалгалт, зохицуулалтын хүрээ улам л тэлж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд нэгдсэн хяналт шалгалтын систем маань үр дүнгээ өгч байгаа. Зуучлалын компаниудын цаана нэг эзэнтэй, зэрэгцээ олон компаниуд байдаг, тийм байх магадлал өндөр. ББСБ-тай, банктайгаа, үнэт цаасны компани, даатгалтайгаа хамт компаниуд бий болчихсон байна. Мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор бид үүнийг хянах тухай асуудал яригдаж байна.

-Хяналт шалгалтыг хэр давтамжтай явуулж, ямар арга хэмжээ авдаг вэ?

-Бид жил болгон төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд хийдэг. Хяналт шалгалтыг хоёр аргаар хэрэгжүүлдэг бөгөөд эхнийх нь зайнаас, нөгөөх нь газар дээр нь очиж шалгах шалгалт юм. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу шилжиж байгаа нөхцөлд бид ихэвчлэн зайнаас хяналт тавих ёстой. Ингэхдээ тухайн байгууллагаас ирүүлж байгаа мэдээ нь хууль, хорооноос гаргасан журам заавраар тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, бусад дагаж мөрдөх хэм хэмжээг хангаж байгаа эсэх дээр улирал, сар болгон дүгнэлт гаргаж байгаа. Хэрэв тэр хэр хэмжээг хоёр, гурван улирал дараалан хангахгүй байвал тухайн байгууллага эрсдэл, доголдолд оржээ гэж харагддаг учраас газар дээр нь очиж шалгалт хийдэг. Зөрчил, доголдол илэрвэл бид дараагийн арга хэмжээг авч, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх асуудал тавина. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн хуацаанд тэр байгууллага Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн нөхцөлд, өөрсдөд нь цаашид хэвийн үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл үнэмшил, байгууллагын удирдлагууд, хувьцаа эзэмшигч нарт нь доголдолгүй ажиллах чин эрмэлзлэл байгаа бол сэргээх асуудал яригддаг. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсад Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Шинээр мөрдөж байгаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийн хэрэг хянан шалгах хуулиар гарсан бүх зөрчил дээр зөрчлийн хэрэг нээгдэж, зөрчлийн хэргээр дамжуулж шийтгэл оногдуулдаг болчихсон. Үүнтэй холбоотойгоор Хорооны хяналт шалгалтын ажлын цар хүрээ маш өргөжсөн. Энэ өөрөө маш том асуудал.

-Энэ тухай тодруулж яриач?

-Юуны өмнө ажлын ачаалал ихэсч, нэмэлт хүн хүч хэрэгтэй болсон. Давуу тал нь Зөрчлийн тухай хуулиар дамжаад санхүүгийн зах зээл дээрх сахилга бат, үр дүн сайжирсан. Аливаа зөрчлийн торгуулийн дүн нь өндөр боллоо. Зөрчлийн хэрэг нээгдээд шийдэгдэх хүртэл хэрэг бүртгэлийн ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг учраас хэн нэгэн хөндлөнгийн этгээд нөлөөлөх боломжгүй.

-Технологи санхүүгийн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгож байгаа ч дагаад олон эрсдэл үүсгэх вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг?

-Санхүүгийн зах зээлийн тэлэлт нь хяналт шалгалтын бодлого зохицуулалтыг нарийвчлах ёстойг харуулж байгаа. Урд нь цомхон, дангаараа үйл ажиллагаа явуулдаг байсан ББСБ-ууд технологид суурилсан компаниуд болж хувирч, үнэт цаасны зах зээл дээр гараад, олон нийтээс хөрөнгө татаж байна. Даатгалын салбар маань ч үнэт цаасны зах зээл рүү ороод ирсэн. Бас л технологид суурилсан үйлчилгээ, боломжийг санал болгож, олон нийтэд нээлттэй болж байна. Үнэт цаасны компаниуд ч технологио дагаад сайжрах ёстой. Бүх зүйлд технологи нэвтэрч буй энэ бүх өөрчлөлтийг дагаад эрсдэлүүд ч үүсээд эхэлж байгаа юм. Энэ бүгдийг даван туулахын тулд бид IT хянан шалгагч гэсэн шинэ мэргэжлийн хүмүүстэй байх хэрэгтэй. Бидэнд санхүүгийн салбараар мэргэшсэн хуульч нар маш их хэрэгтэй болж байна. Санхүүгийн салбарт нэгдэх, хамтрах явц түргэсэхээр маш хүчтэй багууд бий болж эхэллээ. Тэд хуулийн компаниуд, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Хийж байгаа шийдэл болгон нь нухацтай, далайцтай явагдаж эхэллээ. Бид хуулийг тэднээс илүү мэдэхгүй бол үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахад асуудал үүснэ. Одоо урт удаан жил ажилласан гэдгээрээ туршлагаждаг асуудал үгүй болж байгаа учраас хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх ёстой.

-СЗХ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тусгай нэгжтэй болсон гэсэн үү?

-Бид санхүүгийн зах зээл дээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална. Тэд л хамгийн эрсдэлгүй орчинд байх, хэрэглэгч хамгаалагдах ёстой. Нөгөө талдаа бид зохицуулалтын байгууллагуудаа дэмжиж, тэднийг чадваржуулах ёстой. Энэ бол дугаарлах боломжгүй нэг асуудлын хоёр тал шүү дээ. СЗХ бүтэцдээ 2015 оноос хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгай нэгжтэй болсон. Тэр нэгжээрээ дамжуулж зөвхөн өргөдөл гомдол хүлээж аваад шийдэх биш, хүмүүсийн гаргаж буй өргөдөл, гомдол дээр судалгаа хийж, яагаад, юунаас болж буй шалтгаан, суурийг нь олж хууль, журамд өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг хийдэг. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын нөгөө талд олон нийтийн санхүүгийн боловсрол гэж чухал зүйл бий. Нэг талаас аливаа санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хамгийн бага зардлаар, хурдан шуурхай хэрэглэгчид очихыг л Хороо дэмжиж байгаа. Харин нөгөө талд нь энэ үйлчилгээг хүлээж авах чадвартай хэрэглэгч байх ёстой. Бид иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах ётой. Тийм учраас бид “Та үнэт цаасны зах зээлд оролцох бол үүнийг анхаараарай, даатгуулахад танд ийм сонголт бий шүү, зээл авах болбол зээлийн гэрээний заалтуудыг хараарай, хүү, хураамж шимтгэлийн асуудал нь ийм шүү” гээд байнгын сургалт явуулж, зөвлөмж гаргаж байгаа.

-Мэдээллийг нягтлахгүйгээр ашигтай гэж сохроор итгэн, санхүүгийн эрсдэлд ордог хүмүүс олон бий?

-Хүмүүс зээл, үйлчилгээ авсныхаа дараа л маргаан хийдэг. Хэзээ ч эхлээд гэрээгээ уншдаггүй, сэтгэл хөдлөл, хэрэгцээндээ хөтлөгдөөд тодорхой үйлчилгээ авчихдаг. Энэ нь хүмүүсийн санхүүгийн боловсрол нимгэн байгаатай л холбоотой. Иргэд санхүүгийн мэдлэг нимгэнээс гадна буруу сонголт их хийдэг. Жишээ нь манайд ирж буй өргөдөл гомдлуудын гол хэсэг нь жолоочийн албан журмын даатгалтай холбоотой байна. Даатгалын компани, даатгуулагч хоёрын хооронд гарсан маргаан нь ихэвчлэн нөхөн төлбөртэй холбоотой байдаг. Хороо өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд бүх маргааныг шийдвэрлэж байгаа. Даатгагч компани гэрээгээ дагаж мөрдөөгүй, эсвэл тодорхой бус баримтаар нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан нөхцөлд бид хугацаатай үүрэг даалгавар өгдөг. Энэ асуудал олон удаа давтагдвал “Компани эрсдэлтэй байна” гэж үзээд бид шалгадаг, анхааруулдаг. Хорооны хяналт шалгалт, зохицуулалтын тогтолцоо гэж бүхэл бүтэн систем ажиллаж байна шүү дээ.

-Дижитал даатгал, цахим хэтэвч гээд санхүүгийн олон бүтээгдэхүүн гарах хэрээр та бүхний ачаалал нэмэгддэг байх даа?

-Хүмүүс зээл авах гэж банкин дээр очоод, материал нь гологдоод буцдаг байсан бол одоо гар утсаараа зээл авах боломж нээгдчихлээ. Дижитал даатгал, зээл гээд энэ бүх үйлчилгээ хэрэглэгч рүү маш хурдан, хямдхан, шударга очих ёстой. Шударга гэдэг нь зээл авсан, ямар нэг үйлчилгээ авсан хүн, тухайн байгууллагаас болж эрсдэлд орох ёсгүй гэсэн үг юм. Түүнийг л бид харж хянаж байна. СЗХ төрийн байгуулагын хувьд хуулиар оноосон, өөрийнхөө хийж чадах бүр үйлдлийг хийж байгаа. Хорооны бодит боломжоос давсан, зээлийн хүүгийн асуудал, үнэт цаасны зах зээл дээр Хороо байгуулагдахаас өмнө зөвшөөрөлгүй зарагдсан хувьцаануудын маргаан, 1991 онд их хувьчлалаар бий болсон 475 компаниудын ихэнх нь алга болчихсон гэх мэт асуудлууд бий. СЗХ-нд 2000 зохицуулалтын байгууллагыг хянах гэж 100 гаруй хүн ажилладаг. Хяналт шалгалтын газар 30 хүнтэй. Бид бүх хүчээ төлөвлөж, боломжоо дайчлан ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com