Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа. Энэхүү тайлан хагас жил тутамд шинэчлэгдэн гардаг бөгөөд Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв болон бусад гол үзүүлэлтүүдийн талаар дүн шинжилгээнд тулгуурласан бодлогын зөвлөмж санал болгодог.
Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Дэлхийн банкны тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлогтой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллароос бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сард тооцож байснаас бараг долоон сая хүнээр нэмэгджээ.
Тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байна. Энэ нь бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбоотой байгаа юм. Мөн АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхойгүй байдал нэмэгдсэн нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар эдийн засгийн “дархлаа”-г шалгасан үйл явдал болж байна. БНХАУ, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон Брэкситын талаарх тодорхой бус байдал зэрэг нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй. Хэрэв маргаан удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдвэл хөрөнгө оруулалтын идэвхжилтэд сөргөөр нөлөөлөх бололтой. Ийнхүү худалдааны маргаан бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тайланд дурджээ.
Зарим улс орнууд өр ихтэй, цаашид мөн өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл бүс нутгийн орнуудын өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн дарамт үзүүлэх хандлагатай.
Худалдааны маргаан бүс нутгийн өсөлтөд урт хугацааны турш сөргөөр нөлөөлж болзошгүй
Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрсэн. Харин энэ оны сүүлчээр 6.9 хувь болж, цаашлаад 2020 онд 6.3 хувь болох таамаглал гарчээ. Өсөлт тогтвортой хадгалагдахад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ. Үүний зэрэгцээ макро эдийн зсаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд хэрэгжиж байгаа нь нэмэр болсон.
Ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувь болж буурах магадлалтай талаар Эдийн засагч Б.Даваадалайгаас тодруулахад:
“Буурах гэхээсээ илүүтэй энэхүү эдийн засгийн өсөлтийн тоо нь нэлээд өндөр өсөлттэй 7.2 байсан. Гэтэл энэ нь яг үнэхээр эрүүл, зөв зохистой өсөлт мөн үү гэх асуулт гарна. Харин 6.3 хувь гэж буурч байгаа нь яг тогтвортой өсөлтийг бий болгож байна. Ирэх жилүүдээс дунджаар зургаан хувийн өсөлттэй байна гэж тооцоолж байна. Энэ өсөлт нь бага өсөлт эсвэл огцом бууралт биш бөгөөд илүү дунд, урт хугацаандаа зохистой, эрүүл өсөх боломжтойг харуулж байна. Ирэх 2020 онд түүхий эдийн үнэ буурч болзошгүй байгаа учраас экспорт, үйлдвэрлэл буурах болов уу. Гэхдээ энэ бол эрсдэл болохоос баттай буурна гэсэн үг биш, тохиолдохгүй ч байж болно. Нөгөө талаас эдийн эдийн засгийн идэвхжил саарч байна. Бараа бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авах эрэлтийг сааруулах, удаашруулах нөлөө үзүүлж болзошгүй. Мөн бусад гадаадын хөрөнгө оруулалтын тоо бага зэрэг буурах эрсдэлтэй байна. Гэхдээ зургаан хувийн өсөлт нь бусад орнуудтай харьцуулахад өндөр өсөлт. Цаашдаа энэ өсөлтийг тогтвортой байлгахын тулд дотоодын зарим асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Ингэвэл бид эдийн засгийн өсөлтөө сайжруулах боломжтой.
Манай улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхай бол мэдээж голлох байр суурийг эзэлнэ. Түүнчлэн уул уурхайтай холбоотой бусад салбарууд болох тээвэр, худалдаа зэрэг салбаруудын хөгжил эдийн засгийн өсөлтийг тэтгэх юм. Мөн хөдөө аж ахуйн салбарыг бид дэмжих хэрэгтэй. Ялангуяа махны экспортоос хамааралтай хөдөө аж ахуйн салбарын өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Аж үйлдвэр болон үйлчилгээний салбарууд дээр илүү дорвитой бүтцийн шинэчлэл, арга хэмжээ авч чадвал цаашдаа эдийн засгийг нэлээд хүчтэй тэтгэх боломжтой” гэв.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь уг орнуудын өөрсдийн онцлог салбарууд буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын идэвхжилээс голлон шалтгаалжээ. Цаашид хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эерэг үзүүлэлт авчирна гэж үзжээ.
Хэдий манай улсад эдийн засгийн өсөлт сайн байгаа ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа юм. Тиймээс ядууралд өртөх магадлалтай нийгмийн эмзэг бүлгийг дэмжих нийгмийн халамжийн бодлогодоо илүү анхаарах хэрэгтэй. Тухайлбал, нийт хүн амын 25 хувь нь ядууралд өртөх магадлал өндөр. Хэрэв эдийн засагт ямар нэгэн “шок” сөрөг үзэгдэл гарахад эдгээр хүмүүс ядууралд өртөх эрсдэлтэй байна.
Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын зохицуулалт хийх боломжтой ба улс орнууд төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүй. Мөн бүс нутгийн улс орнуудын хувьд худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцыг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй гэж зөвлөсөн юм.