Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Импортын утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлээд 100 хувь ноолуур гэсэн шошго хадаж байгаа нь гэмт хэрэг гэв
“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум хоёр өдрийн турш зохион байгуулагдсан юм. Эдгээр өдрүүдэд уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортод гаргах, түүний үр шимийг хэрхэн хүртэх, нөөц бололцоо, тулгамдаж буй асуудал зэрэг олон асуудлаар бизнес эрхлэгчид хэлэлцсэн юм. Энэ үеэр ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгийн тавьсан илтгэлээс онцлон хүргэж байна. Манай улс жилдээ ойролцоогоор 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа мал аж ахуйн бүхий л түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргана гэдэг бол шууд өргөс авч байгаа юм шиг нэг л өдөр бүрэн шийдэгдэх боломж төдийлэн байхгүй гэдгийг тэрээр онцолсон юм. Гэхдээ төр, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд хамтарч зорилтоо хэрэгжүүлэх юм бол өндөр үр дүнд хүрэх боломжтой байгаа гэдгийг илтгэлдээ онцолсон. Сүүлийн жилүүдэд мал аж ахуй эрхлэгчдийн тоо өсч байгаатай холбоотойгоор малын гаралтай ширхэгтийн хэмжээ өсч байгаа гэнэ. Бид жилдээ 9400 тонн орчим ноолуур авдаг байсан бол, энэ жил 10 мянган тонн ноолуур авсан байна. Мал сүргийн тоо өсөх нь сайн мэт боловч, нөгөө талаасаа түүхий эдийн чанарыг бууруулах бас нэг нөхцөл болж байгаа гэв. Ялангуяа, ямааны амьдын ашиг шим өндөр байдаг учраас малчид ямааны тоо толгойг бууруулахгүй байгаа аж. Үүнээс үүдэж ноолуурын микрон бүдүүрэх асуудал үүсч байгаа нь малын тоо өсөхийн хэрээр бүтээгдэхүүний чанар нь муудаж байгааг илтгэх нэг жишээ хэмээв. Манай улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг, БНХАУ 42 хувийг нийлүүлдэг. Гэтэл БНХАУ-д ч мөн ноолуурын микрон бүдүүрэх байдал ч ажиглагдаж байгаа нь ноолуурын чанартай холбоотой асуудал дэлхий нийтийн асуудал болсныг илтгэж байна. Бид дэлхийн зах зээлд нийлүүлдэг нийт ноолуурынхаа 74 хувийг зөвхөн угаасан байдлаар экспортод  гаргаж байна гэдэг бол үнэхээр харамсалтай хэрэг гэдгийг хэлж байсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох асуудлыг түлхүү анхаарч байгаа гэв. Түүнээс биш бүх ноолуураа угаагаад гаргадаг байх нь бидний зорилт биш  гэдгийг тэрээр онцолсон. Өнгөрсөн жилийн хувьд ноолуурын зах зээлд 1570 ажлын байр бий болж, борлуулалтын 27 хувьд хүрчээ. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт 30 орчим хувьд хүрсэн амжилттайгаар ажилласан байна. Энэ нь Хөгжлийн банкнаас 188.2 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжсэнээр ийнхүү өндөр үр дүнд хүрэхэд нөлөөлсөн гэв. Түүнчлэн, аж ахуйн нэгжүүд ч өндөр хариуцлагатай ажилласан байна.
Манай улсын ямааны ноолуурын онцлог бол байгалийн дөрвөн өнгөтэй. Цаашлаад нарийвчлан үзвэл найман өнгө ч гардаг. Энэ байдал нь БНХАУ-ын ноолууртай өрсөлдөхөд хамгийн том давуу тал болдог. Энэ олон өнгөөр ялгарах нь химийн будагч бодис оруулалгүйгээр бүтээгдэхүүнээ олон өнгөөр үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх томоохон боломж гэдгийг хэлж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан тооцооллоос харахад Япон улс жилд 4 их наяд 282 тэрбум төгрөгийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг импортолдог байх юм.  Гэтэл, дэлхийн ноолуурын 40 хувийг бүрдүүлдэг манай улс Япон улс руу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээг тус улсад нийлүүлж байгаа ноолууран бүтээгдэхүүний эзлэх хувиас харахад үл мэдэгдэх улаан зураасаар тэмдэглэгдэж байна. Харин Итали улсын хувьд багахан хэмжээний ноос ноолууран бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлсэн байх боловч, олсон орлого нь өндөр байх жишээтэй. Энэ бол бүтээгдэхүүнээ сайн хөгжүүлсэн улсын үр дүнгээ хүртэж байгаа явдал гэдгийг тэрээр энэхүү жишээгээр үзүүлсэн юм. Тухайлбал, Итали улс 250 грамм ноолуураар хийсэн цамцаа 10-20 мянган доллароор борлуулж чадаж байхад, бид яг ижил цамцаа 100 доллароор зарж, чадахтай үгүйтэй л байгаа аж.

Бүтээгдэхүүнээ  экспортод гаргахад анхаарал хандуулж байгаа бол, гадаадын зах зээлд хэрхэн нэр хүндтэй ажиллаж, тоонд бус чанарт анхаарлаа хандуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хөгжүүлэх шаардлагатай гэв. Ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт ажиллаж байгаа ЖДҮ-чид том үйлдвэрүүдтэй харьцуулахад энэ салбарын  80 орчим хувийг эзэлж байна. Манай ЖДҮ эрхлэгчдийн хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-д гардаг үзэсгэлэнгүүдэд оролцож, “амь зогоодог” аж ахуйн нэгжүүд олон болсон байна. Энэ нь нэг талдаа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа сайн хэрэг хэдий ч бүтээгдэхүүнийхээ чанарт төдийлөн анхаарахгүй байгааг хэлж байсан. Цаашид Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалж, сөрөг халдлагад өртөхгүйн тулд, үйл ажиллагаагаа нэг зүгт чиглүүлэх цаг болсон гэдгийг онцолж байна. Учир нь  манай улсын ЖДҮ-үүд БНХАУ-аас оруулж ирсэн импортын утсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гадаадад гаргаж байна. Тэгэхдээ Made in Mongolia гээд, 100 хувь ноолуур гэсэн шошго хадаж байгаа нь гэмт хэрэг гэдгийг тэрээр хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Тиймээс цаашид ийм хандлага гаргахгүй байхад анхаарах ёстой. Энэ хандлага нь цаашид манай улсын дэлхийн зах зээлээс олох боломжит орлогыг сөнөөж байгаа гэдгийг анхааруулсан юм. Өнөөдрийн олж байгаа ганц нэгхэн төгрөгийн ашиг бус  ирээдүйд орж ирэх том орлогын эх үүсвэрийг хаах ёсгүй. Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн хулхи байдаг. БНХАУ-ынхаас ялгаа байдаггүй гээд нэг л судалгааны байгууллагын дүгнэлтээр илрэх юм бол томоохон үйлдвэрлэгчид төдийгүй манай улсын бүх иргэд, малчдад эдийн засгийн том хохирол учирна гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчдэд учирлав. Үнэхээр  холиотой утсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бол 50, 50 хувь гэдгээ шошгон дээрээ үнэнчээр тавих ёстой гэдгийг зөвлөсөн юм.

Ноолуурын салбарын хувьд  30 гаруй шат дамжлагыг дамжсаны дараа ноолууран цамцыг хэрэглэгч авч өмсч байгаа нь манай улсын ноолуурын салбарын хүчин чадлыг та бүхэнд харуулж байгаа хэрэг гэв. 2016 онд гаргасан тооцооллоор манай улсад ноолуур угаах хүчин чадал хангалттай буюу 130-140 хувьд хүрсэн. Мөн самнах хүчин чадлын хувьд 110 хувьд хүрсэн байна. Үүнээс цааш асуудал үүсч байгаа. Утас үйлдвэрлэх хүчин чадлын хувьд өнгөрсөн жил 20 орчим хувиар хүчин чадлаа нэмэгдүүлсэн боловч цаана нь хангалттай хэмжээнд утас үйлдвэрлэх орон зай байгаа хэмээн ойлгох хэрэгтэй гэв. Цаашлаад сүлжих, нэхэх, оёх хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага их байгаа. Өнөөдөр бид хоёр сая орчим цамц хийх хүчин чадалтай байгаа гэсэн үг. Энэ тоо нь экспортын түвшинд хангалттай бус байна. Тиймээс одоогийн хүчин чадлаа таван сая цамц үйлдвэрлэдэг хэмжээнд өсгөхөд манай улсын борлуулалт хангалттай өсөхөөр байгаа аж. Тиймээс ЖДҮ эрхлэгчид ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах нь чухал гэдгийг онцолсон. Цаашид, дэлхийн стандартад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг, боломжийн үнэ ханшаар оруулж ирэх талаар ч мөн  судалж байгаа аж. Бид экспорт ярихын тулд өөрсдийн бүтээгдэхүүний чанар чансааг мэдэж байх ёстой. Мөн аль зах зээлд гаргах гэж байгаагаас шалтгаалж тухайн нутгийн стандартыг мэдэж, судалсан байх ёстой. Ингээд тэр газрынхаа шаардлагад бүх талаараа нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг бол бизнесийн үйл ажиллагаагаа том цар хүрээгээр нь харж, хэрэгжүүлж байгаагийн илрэл юм. Түүнээс бус уриа, лоозон байдлаар хөтөлбөр боловсруулах юм бол цаашид хэрэгжихгүй зогсдог талтай гэдгийг хэлсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com