МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын эдийн засгийн тэнхмийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Та эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Гол зовлон гэвэл Хятад, Америк хоёрын худалдааны дайн байсан. Одоо тэр асуудал түр намжсан байна. Манай гол зах зээл болох урд хөршийн эдийн засаг харьцангуй сул өсөлттэй байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад долоон хувь хүрч байсан үеэ арай гүйцэхгүй, зургаан хувьтай, бага зэрэг удааширч байна гэж хэлж болно. Тэр л гол санаа зовох зүйл байна. Бусдаар эдийн засгийн байдал харьцангуй тайван, салбарууд нэлээн их өсөлттэй, технологийн хөгжил маш хурдтай, ийм л байдалтай байна.
-УИХ төсөв хэлэлцэж байна. Сонгуулийн жилийн төсөв алдагдалтай батлагддаг. Төсөв тэлэх байх даа?
-2020 он бол эрх баригч намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил. Тэр утгаараа 2020 оны төсвийн ачаалал их өндөр байна. Тэр бол нууц асуудал биш. Сонгуулийн жил болгонд л байдаг үзэгдэл. Энэ жилийн төсвийн гол онцлог гэвэл томоохон дэд бүтцийн төслүүд их байна. Аж үйлдвэрийн төслүүд эрчимтэй хэрэгжиж байна. Дээрээс нь нийгмийн хүрээнд шинэ сургуулиуд барих, эмнэлгүүдийг ашиглалтад оруулах, зам тээврийн сүлжээг сайжруулах гээд төрөл бүрийн томоохон даалгаврууд байна л даа. Эрх баригч нам сонгуулийн өмнө тэр даалгавруудыг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тийм учраас ирэх оны төсөв тэр хэмжээгээрээ л ачаалалтай байгаа. Төсөв тэлж байгаа. Манай эдийн засгийн өсөлт сайн байгаа учраас ер нь тэлэх л ёстой. Тэр утгаараа боломжоосоо хэтэрч тэлж байгаа гэж би хэлэхгүй. Төсвийн алдагдал байгаа. Гэхдээ жил болгон тэгж баталдаг. Харин заавал алдагдалтай хэрэгжүүлэх албагүй байдаг. Тийм учраас тухайн үед донор улсуудын дэмжлэг, хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу авсан зээлүүд орж ирэх юм бол тэр хөрөнгөөр төсвийн алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөж болдог.
Сүүлийн хоёр жилд төсвийг алдагдалтай баталж байгаа ч яг хэрэгжүүлэхдээ гүйцэтгэл нь ашигтай гараад байгаа.
-Та төсвийн хэлэлцүүлгүүдийг ажиглаж байгаа юу?
-Анх танилцуулсан үеэс нь эхлээд гол гол үзүүлэлтүүдийг уншиж танилцсан. Миний бодлоор хэрэгжүүлэх боломжтой төсөв явж байна. Түүний тулд экспортын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн орлогоо сайн бүрдүүлэх хэрэгтэй байна. Экспортод байнга саад болдог хил дээрх тээврийн асуудлуудыг арилгахын тулд хилийн гарцуудыг сайжруулах ажлууд шаардлагатай байгаа. Манай эдийн засгийн өсөлт энэ жил долоон хувьтай явж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Ерөнхийдөө 2013 оноос хойш эдийн засаг хамгийн өндөр үзүүлэлттэй явж байна.
-Эдийн засгийн байдал уруудна, хэлбэлзэнэ гэсэн таамаглал буруу гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь манай эдийн засаг хоёрхон зүйлээс шалтгаалдаг. Нэг нь дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, нөгөөх нь гадаад зах зээлийн байдал. Гадаад зах зээлийн байдал дээр онцгой, огцом дордож байгаа зүйл алга. Дотоодын эх үүсвэрийн хувьд сонгуулийн жилтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байгаа. Энэ бүхнээс харахад манай эдийн засгийг унагах хүчин зүйл харагдахгүй байна. Мөн хувийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр идэвхжиж байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар компаниуд хөрөнгө оруулалт хийхгүй байснаа 2019 онд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна лээ. Энэ нь компаниуд ирээдүйн 2,3 жилийн эдийн засгийн төлөвт харьцангуй итгэлтэй байна гэсэн үг юм. Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ч маш сайн ажилласан. Тэд хөрөнгө татах үүднээс төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн гаргах, зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржийг ашиглах бүхий л боломжуудыг бүрдүүлсэн нь сайшаалтай.
-Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон. Саарал жагсаалт манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Саарал жагсаалт гэдэг бол “хяналтад орсон” гэсэн үг л дээ. Манай улсаас гарч, орж байгаа мөнгөний урсгалыг илүү сайн хянах ёстой л гэсэн үг. Түүнээс биш ямар нэг арга хэмжээ аваад, хориг тавиад, Монголд хөрөнгө оруулж болохгүй гэсэн юм байхгүй. Манай эдийн засагт ямар нэг шууд нөлөө байхгүй. “Саарал жагсаалт” сайн зүйл биш боловч, урьд нь манай улс иймэрхүү байдлаар хяналтанд орж байгаад тэрнээс гарч байсан. Энэ удаа ч гэсэн хурдан гарах бүрэн боломжтой гэж бодож байна. Эдийн засгийн байдал гурван жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй сайжирсан байгаа. Тэгэхээр үлдэж байгаа шалтгаанууд бол илүү улс төрийн шинж чанартай дарамт ирж байна гэж ойлгож болно.
Манайхаас гадна хяналтад орсон олон улс байгаа. Манай улсын хувьд давж гарах ёстой асуудлуудын нэг юм. Хурдан давахын тулд “саарал жагсаалт”-аас гарах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, бүх холбоотой байгууллага идэвхтэй ажиллах ёстой.
-“Саарал жагсаалт”-д оруулсан бурууг тохох хүмүүсийг хайж байх шиг байна. Монголбанкны ерөнхийлөгч болохоор тогтолцооны асуудлыг нэг хүний нуруун дээр үүрүүлэх нь өрөөсгөл гэсэн. Нэг, хоёр байгууллагын даргаар туг тахиад өнгөрөх асуудал мөн үү?
-Буруутан гэж аль нэг байгууллага, хүнийг чичлэх нь туйлын буруу л гэж бодож байна. Монгол Улс гэдэг бол нэгдмэл улс. Түүний нэг хэсэг нь сайн ажиллаад, нөгөө хэсэг нь муу ажиллана гэж байхгүй л дээ. Олон улсын тавцан дээр Монгол Улс гэдгээрээ л хариулна. Хийсэн ажлуудыг нь харахаар Монголбанк, СЗХ, Сангийн яам өөрөөсөө шалтгаалах бүхий л боломжоо ашиглаад сайжруулахын төлөө маш их хичээсэн байгаа.
“Мөнгө угаах” гэдэг талаас нь аваад үзэхээр сануулгад юу гэж бичсэн байсан бэ гэхээр “...танайх арга хэмжээ авахгүй байна” гэж заасан байгаа. Арга хэмжээ авах талаас нь харахаар тэр нь шүүх, прокурор гээд хуулийн байгууллагуудын хийх ажил байдаг. Тэнд хийгдээгүй ажлыг өөр бусдад тохож, холбогдуулах нь учир дутагдалтай. Хэрэв олон улсын байгууллага тэр хэргүүдийн талаар “удаан, удаашралтай, шийдэгдэхгүй байна” гэсэн бол тэр асуудал дээр л гол нь анхаарах ёстой.
-Ер нь СЗХ сайн ажилласан юм уу, муу ажилласан юм уу?
-СЗХ бол санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх үүрэгтэй. Энэ талаас нь харахаар манай улсын санхүүгийн зах зээл сүүлийн гурван жилд үнэхээр үсрэнгүй хөгжсөн. Юуны өмнө үнэт цаасны ханшийг харахад дөнгөж 10000 дээр явж байсан индекс маань 20000-аас дээш боллоо. Хөрөнгийн бирж дээр байдаг үнэт цаасны үнэлгээ хоёр, гурав дахин өслөө. Маш олон компани Хөрөнгийн бирж дээр ажиллаж сурлаа, бонд, хувьцаа гаргалаа. Дээрээс нь санхүүгийн маш олон төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гарлаа. Энэ бүхэн тэр байгууллагын ажил сайн явж байгаагийн шинж л дээ. Урьд нь манай нийт санхүүгийн дотор банкны бус салбар дөнгөж 5 хувийг эзэлж байсан бол одоо 16 хувь болоод, анх удаа энэ салбар дэлхийн зах зээлд гарахаар тэмүүлж, бэлдэж байна. Энэ бол маш том ахиц дэвшил юм. “Саарал жагсаалт”-ыг тойрсон асуудлуудыг судалж, бусад салбаруудтай харьцуулж харахаар, харьцангуй СЗХ-той холбоотой ноцтой асуудал гараагүй гэж би бодож байна. Төв банкны хувьд ч маш хүнд нөхцөлд банкны салбарыг чирж, эрүүл болгохын төлөө ажиллаж байна. Ингээд харахаад манай гол хоёр байгууллага банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх гэж их хичээж байна. 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Монголбанк, СЗХ сонгууль хүртэлх богино хугацаанд маш идэвхтэй ажиллах шаардлага байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудыг аль болохоор дэмжих нь зүйтэй санагдаж байна. Олон улсын байгууллагуудаас анхааруулаад байгаа хэргүүдээ шийдэх тал дээр илүү анхаарах нь зөв болов уу гэж бодож байна. “Саарал жагсаалт”-аас гаръя гээд очиход тэр тавьсан шаардлагынхаа хариуг л нэхнэ шүү дээ.
-Гадаад өрийн дарамтад орлоо, Монгол дампуурлаа зарлахад ойрхон байна гэж ярьдаг эдийн засагчид бий. Өрийн дарамт түгших түвшинд хүрсэн үү ?
-Хүмүүс гадаад өрийн дарамт маш их боллоо гэж ярих, сенсац үүсгэх дуртай болжээ. Аргачлал, тооцооны хувьд анхаарах зүйл байдаг. Аливаа улсад хийсэн бүх гадаад хөрөнгө оруулалт нь өөрөө өр гэж автоматаар тооцогддог боловч тэр нь бүгд зээлсэн зүйл биш юм. Манай Улсын Засгийн газрын өр тийм их өндөр биш, 29 тэрбум доллар гэж ярьж байгаагийн дотор яг манай цэвэр өр нь 3/1 орчим хувь нь л байгаа. Бусад нь манай хувийн компаниуд гаднаас босгосон хөрөнгө, дээрээс нь манайд хийгдсэн хөрөнгө оруулалтууд байгаа. Тэгэхээр өрийн асуудлуудыг зохицуулах бүрэн боломжтой.
Б.Эгшиглэн