Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Лакшми: 2021 онд том өрийг өрөөр дарахаас өөр зам үлдээгүй

Өчигдөр Монголын банкуудын холбооны байранд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс “Монголын макро эдийн засгийн хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт эдийн засагчид, судлаачид оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Тус хэлэлцүүлэгт оролцсон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

Эдийн засгийг цөөн тоогоор дүгнэдэггүй

-Хэлэлцүүлгийн явцад эдийн засгийн зураг нэлээд тодорхой харагдаж байна уу?

-Макро эдийн засгийн хувьд нэлээд өсөлттэй харагдаж байгаа. Хэдийгээр гоё тоонууд харагдаж байгаа боловч бид хэр хүртээмжтэй өсөлт вэ гэсэн асуулт тавьж байна. Эдийн засгийг ганц хоёр том тоогоор төсөөлж болохгүй цогцолбороор авч үзэж байж бодит үр дүн гарна. 

-Юуг орхигдуулж дүгнээд байна?

-Бүхэл бүтэн системийг хэдхэн тоо илэрхийлж чадахгүй. Өнгөрсөн хавар Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгаа гарсан. Ийм тохиолдолд эдийн засгийг сайн байгаа гэж дүгнэж болохгүй.

-Засгийн газрын зарлаж байгаа эдийн засгийн өсөлт иргэдэд очихгүй өөр тийшээ явчихсан уу?

-Дахиад хэлэхэд эдийн засгийн өсөлт гэдэг нь цөөн том тоо биш. Хамгийн энгийн жишээ. Манай эдийн засгийг 7.3 хувиар өссөн гэж байна. Гэтэл өрхийн орлого тэр хэрээр өссөн үү. Өрхийн орлого өссөн бол хэр хүртээмжтэй байсан бэ гээд асуулт гарна. Магадгүй хэн нэгний өрхийн орлого долоон хувиар өссөн байж болно. Тэгвэл инфляц найман хувь учраас орлогын өсөлт тэгтэй тэнцэнэ. Ингэхээр эдийн засгийн өсөлтийг харуулсан тоо амьжиргаанд нааштай үр дүн авчирсангүй.

-Засгийн газар УИХ-д 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа. Энэ төслийг онолын нүдээр харвал юу харагдах бол?

-Засгийн газар төсвийг жил бүр нэмж УИХ-д оруулж ирж байна. Энэ нэмэгдэл нь алдагдалтай төсөв батлахад хүргэж байгаа. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байна.

-Ирэх гурван жил эдийн засаг хурдтай өсөх үү?

-Хүүхэд тоглоом өрж тоглож байгаа юм шиг ирэх жилүүдэд тус бүрд нь зургаа гэсэн тоо тавьсан. Энэ нь ойрын гурван жилд эдийн засаг жил бүр зургаан хувиар өснө гэсэн үг. Энэ бол боломжгүй үзүүлэлт. Зүгээр л механик тоо тавьчихсан.

-Яагаад болохгүй үзүүлэлт гэж?

-Өнөөгийн эдийн засагт маш олон тодорхойгүй нөхцөлүүд нүүрлэж байна. Гадаад, дотоод нөхцөл тааварлах боломж олгохгүй байгаа. Худалдааны дайнаас эхлээд дэлхийн эдийн засаг дараагийн жилүүдэд хямрах магадлалтай гэсэн таамаг гарсаар байгаа. Ийм байхад бид төсвөө хэт өөдрөгөөр тооцоод байна.

-Яагаад хэт өөдрөг төсөв хийгээд байна?

-Түүхий эдийн үнэ өмнөх жилүүд шигээ өндөр байна гэж горьдоод байна. Дээр нь экспортоо хэт өндрөөр тооцоод байгаа юм.

-Жишээлбэл...

-Нүүрсний экспортыг ирэх онд 42 сая тоннд хүргэнэ гэж төсөөлж байна. Өнгөрсөн онд бас энэ хэмжээнд төлөвлөөд хүргэж чадаагүй. Энэ бол манай улс түүхэндээ экспортолж байгаагүй нүүрсний хэмжээ.

-Чадахгүй байж дахин төлөвлөдөг нь ямар учиртай юм бол?

-Сангийн сайдаас асуух асуулт байна л даа. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын дэд бүтцийг хөгжүүлсэн үү гэхээр нэмэгдсэн юм алга. Албаныхан гаалийн дэд бүтцийг сайжруулаад экспортын орлого нэмэгдэх агуулгатай юм ярьж байна. Бид лав тийм нааштай үр дүн гарна гэж итгэхгүй байна.

-Гаалийн тоног төхөөрөмж шинэчлэгдэхээр экспортын орлого нэмэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Энд хоёр асуудал бий. Өмнө нууцаар гаргаад байсан юм илрүүлнэ гэсэн үг ч юм шиг. Эсвэл нүүрсний тээвэр хийж байгаа машины тоог нэмэгдүүлэх юм уу. Нүүрсийг том оврын ачааны машинаар гаргаж байна. Гэтэл зам нь гамшиг болчихсон. Юуг, яаж шинэчлээд экспортын орлого нэмэгдэнэ гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Дундговьд хоёр, Хэнтийд 140 тэрбум төгрөг төсөвлөсөн

-Төсвийн төсөлд өөр ямар зөгнөл байна?

-Зөгнөл гэхээсээ илүү мөрөөдөл гэмээр олон зүйл бий. Томоос нь дурдвал төсвийн хөрөнгө оруулалт. Маш ихээр нэмчихсэн.

-Юу нь муу юм?

-Сумын захиргаа соёлын төв гээд олон хөрөнгө оруулалт бий. Гэтэл аливаа хөрөнгө оруулалт өгөөжтэй байх ёстой. Энэ хөрөнгө оруулалт хэдэн ажлын байр гаргах вэ. Даргатайгаа нийлээд сумын клуб ихдээ л таван хүн ажилтай болно биз дээ. Гурван мянган хүнтэй сумын төвд тэрбум төгрөгөөр барьсан ЗДТГ-ын барилга хэзээ ч оруулсан хөрөнгөө нөхөхгүй шүү дээ.

-Та Сангийн сайд байсан бол хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах вэ?

-Бизнесийн орчинг сайжруулах, дэд бүтэц гээд эргээд эдийн засгийн өсөлтийг хангахад олон зүйл хийх шаардлагатай.

-Яагаад төсвийг ингэж үр ашиггүй жижиглээд байна?

-Сонгууль дөхсөн тул тухайн тойргоос сонгогдсон гишүүдийн сурталчилгаа. Өөрөөр хэлбэл төрийн төсөв биш. Сонгуулийн сурталчилгаа. Энд мэдээж сонгуулийн тогтолцоо нөлөөлж байгаа. Жижиг тойргоос сонгогдсон гишүүн амьжиргаанд нөлөөлөх юм хийх мөнгө хүрэхгүй. Огт юм хийхгүй бол сонгогчдодоо тайлан тавьж чадахгүй. Юу барьсан түүнийгээ “Би бариулсан юм” гэж хэлэхийн тулд асар их мөнгийг үргүй цацаж байна л даа. Сонгуулийн тогтолцоо нь жижиг тойргуудаас бүрдэж байгаа болохоор төсвийг олон жижиг тойргуудад хуваахаас өөр замгүй болчхож байгаа юм.

-Танай байгууллага аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа хийдэг. Энэ жил гоц сонирхуулах зүйл байна уу?

-Энэ жилийн төсвийн хуваарилалт гайхаш төрүүлж байгаа. Дундговь аймагт нийт төсөв нь хоёр тэрбум гаруйхан. Харин Хэнтий аймагт хамгийн их буюу 140 тэрбум төгрөг хуваарилсан.

-Хүн амын харьцаа төсөвт хамаардаггүй юм уу?

-Юуг ч хамаарахгүйгээр “Хэнтий аялал, жуулчлал хөгжүүлнэ” гээд л ийм төсөв оруулж ирсэн.

-Үүнд заавал төр хөрөнгө оруулах ёстой юу?

-Асуудал энд л байгаа юм. Яагаад хувийн хэвшил хийчхэж болох зүйл рүү төр тэмүүлээд байна. Ашигтай ажилладаг хувийн хэвшлийнхний өмнүүр төр алдагдалтай төсөв хийгээд л дайраад байна.

-Дундговьчуудад юу ч өгөөд сэхэл авахгүй гэж үзсэн юм болов уу?

-Бас тэгж үзээгүй юм шиг байгаа юм. Саяхан жижиг, дунд үйлдвэрийн мөнгийг 21 аймагт тэгш хувааж өгсөн байсан. Төсөв, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн мөнгө чинь яг ижил тэгш ард түмэнд очих учиртай мөнгө. Гэтэл аймгуудад том мөнгийг нь дэндүү шударга бус хуваарилаад, жижиг мөнгийг тэнцүү хуваасан байна. Сонгуулийн төсөв гэж үүнийг л хэлээд байна.

-Ерөнхий сайд нутгаа хөгжүүлэх нь зөв биш үү?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн аялал, жуулчлалын хөрөнгө оруулагч тэрбумтан биш. Түүний тарааж байгаа хөрөнгө нийт Монголын хэмжээний сан. Ерөнхий сайд нийт Монгол Улсын хэмжээгээр харах ёстой болохоос дов, жалганы үзэл гаргаж болохгүй. Зөвхөн Ерөнхий сайд биш. Хэдийгээр УИХ-ын гишүүн тухайн тойргоос гарч байгаа ч нийт монголчуудынхаа төлөө үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хэн нь намдаа өндөр тушаалтай, хэн нь сайн лобби хийсэн нь л арай ахиу төсөв тойрогтоо авдаг жишиг тогтож дээ.

Саарал жагсаалт улс төрийн асуудал болж хувирч байна

-Саарал жагсаалтыг иргэд эдийн засгийн асуудал гэж харж байсан өнөөдөр юу болж хувирч байна?

-Эдийн засгийн асуудал мөн. Гэхдээ үүнийг өнөөдөр улстөрчид хэн нэгнээ зайлуулах улстөрийн зэвсэг болгож байх шиг байна.

-Яагаад?

-Саарал жагсаалтад Монгол Улс орсон нь системийн гажуудлаас шалтгаалсан. Энд хэн нэгэн албан тушаалтан, аль нэгэн байгууллага хамаагүй. Энэ чинь болохгүй байна гэж тодорхой хэлсээр байтал хуруугаа хөдөлгөхгүй суучхаад эцэст нь хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг шиг үйл ажиллагаа явагдаж байна.

-Та Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргын тухай яриад байна уу?

-Тийм.

-Тийм айхтар найз юм уу?

-Би тэдэнтэй танил биш. Ямар ч хамаарал байхгүй. Энэ албан тушаалтнууд, байгууллагууд саарал жагсаалтын асуудлыг шийдэх боломжгүй. Тэр тусмаа асуудлыг тодорхойлоогүй байж тэднийг огцруулна гэдэг нь яагаад саарал жагсаалтад орсноо одоо ч ойлгоогүй явна гэсэн үг.

-Яг ямар асуудлыг тодорхой болгох шаардлагатай вэ?

-Эхний ээлжинд яагаад саарал жагсаалтад оров гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Дараа нь орсон шалтгаанууд нь ямар даргатай, аль байгууллагад хамаарч байгааг тогтооно.

-Бараг тогтоосон гээд байгаа шүү дээ?

-Ямар ч дүгнэлтгүйгээр яваад байгаа нь саарал жагсаалтаас гарах итгэл төрүүлэхгүй байна. Зохих байгууллагууд өнөөг хүртэл саарал жагсаалтад яагаад орсноо ярихгүй байна.

-УИХ-ын дарга “Хэд хэдэн хүнээр туг тахичихвал FATF монголчууд гэмшиж байна” гэж итгээд жагсаалтаас гаргана гэсэн юм биш үү?

-Улстөрчдийн сонгогчдоо хуурдаг юманд олон улсын байгууллагууд хууртахгүй л дээ. Тэд монголчуудаа хуураад сурчихсан. Нэг даргыг хусаад л нөгөө дарга гарч ирээд сайхан болно гэж үлгэр ярьдаг. Харин гадны байгууллага “дараа нь хэн ирэх юм, юу хийх юм” гэдгийг хараад сууж байгаа. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг. Төрийн толгой байгууллагууд асуудлаа тодорхойлохгүй байгаа нь ойлгохгүй байгааг л харуулж байна.

-Монголбанкны ерөнхийлөгчийг авч хаях өөр шаардлага байгаа юм болов уу, ганц хүн хусах нь эвгүй тул СЗХ-ны даргыг хавчуулсан юм болов уу?

-Үнэхээр үгүйсгэж мэдэхгүй. Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах шалтгаан өөр, шалтаг нь саарал жагсаалт байж магадгүй. Авч хаях гээд цаг хугацаагүй чичигнээд байгааг хар л даа.

-2020 оны гоё төсөв хэрэгжихэд саарал жагсаалт нөлөөлөх болов уу?

-Мэдээж нөлөөлнө. Угаасаа хэрэгжихгүй төсөв. Дээр нь эдийн засгийн төсөөлөл муудахаар бүр дордоно. Төсвийн алдагдал л ихэснэ.

-Тэгээд яах бол?

-Тодотгол хийнэ. Алдагдал өсөхөөр 2021, 2022 оны том өрийн асуудал хүндэрнэ.

-Яагаад?

-Энэ өрийг төлөх нөөц бидэнд байхгүй. Эртхэн хэлэхэд бид өрийг өрөөр хаахаас өөр замгүй үлдсэн. Тэгэхээр 2020 оны төсөвт 2021 оны өрийг дарах өрөө босгох механизм суулгаж өгөх байсан. Энэ зүйл алга. Цаашдаа өрийг дарах хямд өр хайх хэрэгтэй болж байгаа юм.

-Саарал жагсаалтад орсон оронд хямд зээл олдох уу?

-Хэцүү шүү дээ. Саарал жагсаалт зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлнө. Бидэнд хямд мөнгө олдохгүй ээ.

-Манай эдийн засгийг ямар хувь тавилан хүлээж байгаа бол?

-Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсыг маш анхааралтай ажиглаж байгаа. Төрийн зүгээс юу хийхийг харна. Түүнээс хэн нэгэн албан тушаалтныг авч хаях, хаяхгүй нь тэдэнд сонин биш.

-Төсөв эцсийн байдлаар батлагдахад гуравхан хоног байна. Алдаагаа засах боломж байна уу?

-Өнгөрсөн байхаа даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com