Монгол дээд сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгтэй төсвийн хуваарилалт, зарцуулалт, төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд төсөв дандаа алдагдалтай батлагдаж байгаа. Энэ алдагдал нь жил бүр нэмэгдэж ирэх оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдлаа. Төсвийг алдагдалгүй батлах боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Манай улс 2021 оноос эхлээд бараг гурван тэрбум орчим ам.долларын өр төлөх графиктай. Мөн Монголбанкны Хятадын талтай хийсэн юанийн солилцооны зээл бий. Ирэх гурван жилд Монгол Улсын Засгийн газар, Монголбанк чамгүй хэмжээний зээл төлнө. Гэтэл үүнд бэлтгэх, төсвөө илүүдэлтэй гаргаж мөнгө нөөцлөх ажил ерөөсөө хийхгүй байна. Эдийн засагч хүний хувьд үүнд маш их эмзэглэж байгаа. Монгол Улс төсвөө огт алдагдалгүй батлах ёстой. Өнөөдөр орлогоосоо хэтэрсэн зардал гаргачхаад энэ зөрүүг зээл авч хааж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд төсөв хоёр их наяд орчим төгрөгийн алдагдалтай гардаг болсон. Энэ нь Монгол орныг маш хүнд байдалд оруулах эрсдэл үүсгэж байна.
-Ямар эрсдэл үүсгэж байгаа юм бэ?
-Хятадад манай төв банк өртэй. Манай бондуудыг дараагийн шатанд хятадууд авч магадгүй гэж би бодож байна. Хятад манай гадаад өрийг худалдаад авах бүрэн боломж бий. Хэрэв манай өрийг худалдаж авбал нүүрс авахаа зогсооно гэсэн үг. Тэгэхээр бид өрөө төлж чадахгүйд хүрнэ. Өрөө төлж чадахгүй мөнгөггүй гэвэл “За газар нутгаа өгч болно” гээд Тажикстаны араас орох гээд байна. Би энэ тал дээр эмзэглэж, сэрэмжлүүлмээр байгаа юм. Үүнээс гадна ирэх оны төсөв бол дээд зэргийн популизмтай, ард түмэнд таалагдах гэсэн нөхцөл байдал шууд харагдаж байна. Сонгуулийн жилд зургадугаар сараас өмнө төсвийн дийлэнх мөнгөө зарцуулдаг тал бий. Тэгээд оноо авах гэсэн, аль болох жижиглэсэн, олон хүрсэн төсөв баталж байна л даа.
-Энэ байдлаас гарах ямар арга зам байна вэ?
-Манай улсын төсвийн энэ буруу төлөвлөлт, зарцуулалт нь сонгуулийн жижиг мажаротар тогтолцоотой шууд холбоотой. Ийм тогтолцоо хэнийг ч ийм байдалд хүргэдэг. Тэгэхээр би аль нэг нам, УИХ-ын гишүүнийг шүүмжилмээргүй байна. Зөвхөн сонгуулийн холимог тогтолцоонд л яаралтай шилжих хэрэгтэй юм. Тойрогт баригдсан УИХ-ын гишүүн тухайн аймгийнхаа хэдэн сумын ард түмэнд популизм хийж төсвийн мөнгийг тарааж байна. Тэгээд сургууль, эмнэлэг, урлагийн заал барих гээд популизм хийж болох бүхий л зүйлийг барьж авч байгаа л даа. Энэ нь Монгол Улсын жижигхэн төсвийг үрэн таран хийхэд хүргэдэг. Тухайлбал, 21 аймаг, хот, 330 сумын төв рүү төсөв задарч байгаа. Манай улсын төсвийн зарцуулалт ийм учраас эдийн засагт ямар ч үр өгөөж авч ирэхгүй байгааг хүн бүр харж байна шүү дээ.
-Тэгэхээр манай төр засаг урт, дунд, богино хугацаанд хүрэх төлөвлөгөө, нэгдсэн бодлогогүй явж байна гэсэн үг үү?
-Яг үнэн. Төсвийн хуваарилалт бол хөгжлийн бодлогоо дагсан, салбарын болон бүс нутгийн тэргүүлэх чиглэл, шинжлэх ухаан, технологи гээд задарч байх ёстой. Эдгээрийн бодлогыг тав, арван жилээр гаргасан байх учиртай. Нарийн ярих юм бол Эдийн засгийн хөгжлийн яам нь тодорхойлж, зарцуулаад явдаг жишиг олон улсад бий. Түүнээс биш Сангийн сайд төсөв хуваарилаад сууж байна гэдэг нь Монгол Улсад хөгжлийн бодлого алга гэсэн үг. Ард түмний амьжиргааны түвшинг яаж дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлаас хэрхэн гаргах вэ гэдэг асуудал өнөөдөр манай улсын төсөвт сууж чадахгүй байна. Инфляцтай уялдуулж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг жаахан нэмнэ гэхээс өөр зүйл байхгүй. Монгол хүний дундаж амьдралыг хэрхэн тогтоох, цалинг нь дэлхийн дундажтай хэрхэн дүйцүүлэх вэ гэдэг бодлого харагдахгүй байгаа юм. Ийм учраас ирэх оны төсөв дээд зэргийн популист, үрэлгэн боллоо. Хамгийн харамсалтай нь улс орноо өрийн намагт унагах замаар зүтгэсэн төсөв батлагдсан гэж харж байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг шинэ он гараад нэмэх нь тодорхой болсон. Үүнийг иргэд, аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж байгаа. Та эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Би ч бас эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалыг тийм өндөр хувиар авч яах гээд байгаа юм. Энэ оны байдлаар Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 600 тэрбум төгрөг авсан гэсэн. Хэрэв цалин өсөх процессыг хоёр талаас нь татвараар зулгаагаад байвал аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг өсгөхгүй. Цалин жаахан өсөхөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 11, 13 хувийг нь шимтгэл, татвар хэлбэрээр аваад байна. Монголчуудын цалингийн түвшин өнөөдөр дэлхийн дундажаас маш доогуур байгаа. Цалин ийм бага байхад өндөр татвараар цалинг хоёр талаас нь зулгаах нь буруу. Цалин өсч дэлхийн дундаж хэмжээнд дөхөж очиход том саад боллоо. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг болих л хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа. Ийм учраас шимтгэлийн хувь хэмжээг нөхөх замаар алдагдлыг бууруулж хаана гэж НХХ-ийн сайд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга нар тайлбарлаж байгаа шүү дээ?
-Энэ алдагдлыг төсвөөс нөхөхөөс өөр арга байхгүй. Заавал даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмнэ гэдэг нь монголчуудын цалин өсөх боломжийг л хааж байна. Өөрөөр хэлбэл цаагуураа аж ахуйн нэгж, иргэдийнхээ амьжиргааг үгүй хийж байна гэсэн үг.
-Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал ямар байх дүр зураг харагдаж байна вэ?
-Эдийн засаг бол тэртэй тэргүй хаягдсан. Эдийн засгийн нөхцөл байдал, загвар тооцоо, стратеги ярьдаг улс төрч алга. Монголын эдийн засаг бол өнөөдөр урсгалаараа үлгэн салган л явж байна. Ажилгүйдэл ядуурлаа бууруулж дийлэхгүй, бүтээмж муутай эдийн засагтай болсон. Сангийн сайд нь хаа нэг ДНБ тав, зургаан хувь гэсэн тоо хэлдэг. Гэтэл энэ нь эдийн засгийг залуурдах жолооны хүрд нь биш. Нэг хүнд ам.доллароор ногдох үзүүлэлт, бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэл рүү бид эдийн засгийн бүтцээ өөрчилж, чадавхаа сайжруулахын төлөө явах ёстой.
Гэтэл энэ чиглэлийн бодлого ярих хүн алга. Уг нь иргэдийн амьжиргааны түвшинг хэрхэн дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, гадаадад гарч ажиллаж буй залуусаа эх орондоо яаж барих зэрэг томоохон бодлогод анхаарч ажиллах шаардлага байна. Манай эдийн засгийн хамгийн гол зүйл болсон ажиллах хүч асар их дутагдах болсон. Өчнөөн ажлын байр зарлаад байхад түүнд очиж ажиллах хүн алга. Монголд багашаархан үйлдвэр байгуулаад ажилчин авах гэхэд ирэх хүн байхгүй. Тэгээд хятад, хойд солонгосоос ажиллах хүч гуйх юм уу. Ийм л байдалд орчхоод байна. Үүнээс гадна залуучууд гадаад гараад явчихаар хэрэглэгчгүй болсон. Тэгэхээр ажиллах хүчгүй, хэрэглэгчгүй болохоор манай улсын эдийн засаг борц шиг хатаад эхэлж байгаа юм. ДНБ бүтээгдэхүүн тав, зургаан хувиар өснө гэдэг нь ганцхан уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд жаахан нэмэгдсэн үзүүлэлт. Жилд экспортолж буй нүүрсний хэмжээ 2-3 сая тонноор нэмэгдэж байна. Үүнийг үндэслээд манай улсын эдийн засаг өслөө гээд яриад байгаа. Түүнээс биш боловсруулах үйлдвэр, бүтээмжээрээ, үр ашгаараа өсөхгүй байгаад гол учир бий. Нөгөө талаар малын тоо өссөн, гадаад худалдаа, үйлчилгээний салбар жаахан нэмэгдэж байна. Эдгээр нь агуулга сайтай эдийн засгийн өсөлт биш.
-Та дээр яриандаа дурдлаа. Хятадууд манай өрийг худалдаж авч магадгүйд санаа зовниж байна гэсэн. Тэгвэл үүнээс сэргийлэх ямар арга зам байна вэ?
-Монголчууд мөнгөө төлж чадахгүй нь гэж эргэлзээд эхэлбэл манай бондуудыг авсан хүмүүс шууд зарна шүү дээ. Зарах эрхтэй шүү дээ тэд. Миний бодлоор Засгийн газрын өрийг тав, зургаа, долоон тэрбум ам.долларт хүргэж байгаад бүх өрийг худалдаж авч мэднэ. Манай улсын ДНБ 13 тэрбум ам.доллар байгаа. Энэ хэмжээнд хүрсэн тохиолдолд бүх өрийг худалдаж аваад нэг л өдөр одоо энэ мөнгөө өг. Өгч чадахгүй бол газар нутгаа өг. Өгөхгүй гэвэл хилээ хаалаа. Танайхаас ямар ч бараа авахгүй. Ямар ч хүнийг оруулахгүй. Өрөө өг гээд суучихвал бид яах юм. Газар нутгаасаа өг. Тажикстан улс ингээд л өрөө дарж байгаа шүү дээ гээд шахаад эхэлбэл яах вэ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хятадуудыг сүүлийн үед их бичих болсон. Африкийн болон жижиг буурай орнуудыг өрөнд оруулж байж базаж байна гэдэг. Үүнд Монгол хамгийн түрүүнд орчих магадлалтай. Ийм эрсдэлтэй орон болчхоод байна. Надад эдийн засагч хүний хувьд ийм эрсдэл харагдаад байгаа юм. Үүнээс болгоомжилж гадаад өрөө аль болох хаах хэрэгтэй. Засгийн газар өнөөгийн эрх баригчид өмнөх өрийг арай өндөр хүүтэй өрөөр дараад яваад байна. Энэ нь биднээс хойш галав юүлсэн ч яах вэ гэсэн сэтгэлгээ юм. Тэгээд ирээдүй үедээ маш хүнд өрийн дарамт бий болгож байна.