Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэг нь өөрийн үнэ цэн нь суурь хэрэгслийн үнэ цэнээс шууд хамаардаг санхүүгийн хэрэгсэл юм. Хувьцаа нь эд хөрөнгийн эрхийг илэрхийлдэг бол үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь ихэвчлэн гэрээ байдаг.
Энэхүү үүсмэл санхүүгийн хэрэгслийн гол чиг үүрэг нь суурь хэрэгслийн үнийн хэлбэлзлийн эрсдэлээс сэргийлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцогчид нь валютын ханш, хувьцаа, хөдөө аж ахуйн гаралтай барааны үнийн хэлбэлзлээс өөрсдийгөө хамгаалах зорилготой.
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн төрөл
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь үндсэн дөрвөн төрөлтэй байдаг. Энэ нь 1. Форвард, 2. Фьючерс, 3. Опцион, 4. Своп юм.
Харин арилждаг хэлбэрээсээ хамааран уг хэрэгсэл нь зохицуулалттай зах зээлийн буюу биржийн (exchange-traded), эсвэл биржийн бус зохицуулалтгүй зах зээлийн (OTC) гэж хуваагддаг байна. Зохицуулалттай болон зохицуулалтгүй зах зээлд арилжаалагддаг үүсмэл санхүүгийн хэрэгслийн гол ялгаа нь хаана арилжаалагдаж байгаад бус харин хэрхэн арилжаалагдаж байгаад оршдог. Зохицуулалттай зах зээлд арилжаалагддаг үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээний хүргэлт, төлбөрийн нөхцөлийг стандартчилж өгсөн байдаг. Мөн арилжаа нь олон нийтэд ил тод явагдаж, төлбөр тооцоо нь тооцооны байгууллагаар дамжин хийгддэг.
Харин зохицуулалтгүй зах зээлд арилжаалагддаг үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээ нь хоёр талын хооронд хийгддэг, хүргэлтийн чанар, тоо хэмжээ, хүргэлтийн цэг, хугацаа, үнэ ханш зэрэг гэрээний нөхцөлийг талууд харилцан чөлөөтэй тохиролцож болдог.
Эдгээр зах зээлийн хоорондын ялгаа нь нэг нэгийгээ нөхдөг бөгөөд бизнесийн төрөл бүрийн хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагддаг. Зохицуулалттай зах зээлд арилжаалагддаг үүсмэл санхүүгийн хэрэгсэл үнийн хувьд ил тод, харилцагчийн төлбөрийн чадварын хувьд эрсдэл бага байна. Харин тусгай нөхцөлтэй, харилцагчийн онцлогт тохирсон арилжаанд биржийн бус зах зээл илүү тохирно.
Форвард, фьючерс гэрээ
Форвард болон фьючерс гэрээ нь суурь хэрэгслийг тодорхой хэмжээгээр, урьдчилан тохиролцсон үнээр, ирээдүйн тогтоосон хугацаанд худалдаж, худалдан авахаар тохирсон гэрээ юм.
Форвард болон фьючерс гэрээ нь онцлог шинжүүдээрээ ижил боловч хэд хэдэн шинжээрээ ялгаатай байна:
● Форвард нь биржийн бус зах зээл дээр, фьючерс нь зохицуулалттай зах зээлд арилжаалагддаг байна.
● Фьючерс гэрээ нь стандартчилагдсан байдаг бол форвард гэрээг хоёр талын эрэлт, хүсэлтэд нийцүүлэн өөрчилж болдог.
● Фьючерс гэрээний төлбөр тооцоо нь тооцооны байгууллагаар дамжин хийгддэг бол форвард гэрээний төлбөр тооцоо талуудын хооронд хийгддэг.
● Фьючерсийн арилжаанд оролцохын тулд оролцогч нь өөрийн дансанд анхдагч барьцааг байршуулах бөгөөд барьцааны хэмжээг тооцооны байгууллага тооцоолж тогтооно.
● Форвардын гэрээнд оролцогчид нь гол төлөв банкууд байдаг ба харилцан нэг нэгийгээ сайн судалсан байна. Зарим тохиолдолд аль нэг тал нөгөө талаасаа барьцаа хөрөнгө байршуулахыг шаарддаг.
Опцион гэрээ
Опцион гэрээ нь зохицуулалттай болон биржийн бус зах зээлийн аль алин дээр нь арилжаалагдаж болно. Опцион гэрээ гэж опционыг худалдан авагчид тухайн хэлцлийг биелүүлэхээс татгалзах эрх олгох хугацаат гэрээг хэлнэ. Гэрээнд хоёр тал оролцох бөгөөд опционыг худалдан авагч нь гэрээг биелүүлэх эсвэл биелүүлэхээс татгалзах сонголтын эрхийг худалдан авч, нөгөө тал буюу опционыг худалдагч нь сонголт хийх эрхийг эдэлнэ гэсэн үг юм. Опцион гэрээ нь колл болон пут гэсэн хоёр төрөлтэй байна. Колл опцион гэдэг нь опционыг худалдан авагчид суурь хэрэгслийг тодорхой хэмжээгээр, урьдчилан тохиролцсон үнээр (exercise price), ирээдүйн тогтоосон хугацаанд (expiration date) худалдаж авах эрхийг үүсгэдэг боловч үүргийг бий болгодоггүй гэрээг хэлнэ.
Пут опцион гэдэг нь опционыг худалдан авагчид суурь хэрэгслийг тодорхой хэмжээгээр, урьдчилан тохиролцсон үнээр, ирээдүйн тогтоосон хугацаанд худалдах эрхийг үүсгэдэг боловч үүргийг бий болгодоггүй гэрээг хэлнэ. Худалдан авагч нь худалдагчдаа гэрээ байгуулах үед урамшууллын төлбөр (premium) төлнө. Хэрвээ худалдан авагч нь опционы гэрээгээ хэрэгжүүлээгүй бол урамшууллын төлбөрийн хэмжээгээр алдагдал хүлээнэ. Харин худалдан авагч опционы гэрээгээ хэрэгжүүлбэл худалдагч тал нь суурь хэрэгслийн үнийн хэлбэлзлийн хэмжээгээр алдагдал хүлээнэ.
Гэрээг биелүүлэх хугацаанаас хамааран опционы гэрээ нь америк, европ мөн бермуд загварын гэж хуваагдана. Америк опционыг хугацаа дуусахаас өмнө ямар ч өдөр биелүүлж болдог бол европ опционыг зөвхөн хугацаа дуусах өдөр биелүүлнэ. Харин бермуд загварын опцион нь гэрээ үйлчилж байх хугацаанд урьдчилж тогтоосон хугацаанд биелүүлж болдгоороо ялгаатай.
Своп гэрээ
Своп гэрээ гэдэг нь талууд мөнгөн төлбөр, авлагыг ирээдүйд тогтоосон цаг хугацаанд солилцохоор тохиролцсон гэрээ юм. Энэ тохиолдолд нэг талын мөнгөний урсгал нь тогтмол хүүтэй (fixed-rate), нөгөө талын мөнгөний урсгал нь хөвөгч хүүтэй (floating rate) байна. Форвард гэрээний хувьд хугацааны эцэст зөвхөн нэг л төлбөр хийгддэг бол своп гэрээ нь гэрээний хугацааны туршид хэд хэдэн төлбөр хийгддэгээрээ онцлогтой. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг своп нь хүүгийн түвшний своп (Interest rate swap) юм.
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн ач холбогдол
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд дараах зорилгоор оролцдог.
1. Хедж хийх (Hedge)
2. Спекуляци хийх (Speculation)
3. Арбитраж хийх (Arbitrage)
Зах зээлд хедж хийхээр оролцож буй этгээд нь өөрийн хөрөнгө, өр төлбөрийн үнэ цэнийн тааламжгүй өөрчлөлтөөс хамгаалах зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээ байгуулдаг. Тодруулбал, өөрийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үүсмэл санхүүгийн хэрэгслийн үнэ цэнийн өсөлтөөр нөхөн төлөх зорилготой байдаг. Жишээлбэл, сангийн менежер нь өөрийн хөрөнгийн багцаа хөрөнгийн зах зээлийн хямрал, таагүй явдлаас сэргийлэх зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгслийг ашиглаж болно. Энэ тохиолдолд сангийн менежер нь хувьцааны индексийн фьючерсийг худалдахын хажуугаар уг индексийн опционыг худалдаж авах стратеги хэрэглэж болно. Хэрэв хувьцааны үнэ буурч, опционыг хэрэгжүүлэх үнэ индексийн үнээс өндөр байвал эдгээр позицоос сангийн менежер ашиг олж, хөрөнгийн багцын алдагдлаа нөхөх боломжтой. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл зах зээлд байхгүй тохиолдолд сангийн менежер хувьцааг худалдах, эсвэл худалдан авч эрсдэлээ удирдах бөгөөд энэ нь зардал өндөртэй, нарийн төвөгтэй байдаг. Иймд үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь эрсдэлийг удирдах үр ашигтай хэрэгсэл болж өгдөг.
Харин зах зээлд спекуляци хийхээр оролцож буй этгээд нь зах зээлийн үнийг таамаглах замаар ашиг олох зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгслийн гэрээ байгуулдаг байна. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг ашигласнаар хөрөнгө оруулагчид дараах хоёр арга замаар спекуляци хийх боломж олгоно. Нэгдүгээрт, суурь хэрэгслийн үнэ ирээдүйд буурах магадлалтай үед ч хөрөнгө оруулагч ашиг олох боломжтой. Жишээлбэл, хөрөнгө оруулагч хувьцааны фьючерсийг худалдаж, уг хувьцааны пут опционыг худалдан авснаар суурь хувьцааны үнэ унах үед ашиг хүртэнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагч үүсмэл санхүүгийн хэрэгслийн нэг шинж чанар болох санхүүгийн хөшүүргийг ашиглан спекуляци хийх боломж бүрддэг. Фьючерсийн гэрээний үед хөрөнгө оруулагч гэрээний үнийн тодорхой хэсгийг маржин хэлбэрээр байршуулдаг бол опцион гэрээний үед премиум буюу гэрээний үнийн тодорхой хэсгийг төлдөг. Тиймээс суурь хэрэгслийн өгөөжийн хэмжээ х хувь байхад үүсмэл санхүүгийн хэрэгслийн өгөөж х хувийг хэд дахин үржүүлсэнтэй тэнцүү байна.
Арбитраж хийх гэдэг нь бага үнээр худалдан авч, өндөр үнээр зарах стратеги бөгөөд эрсдэлгүйгээр ашиг хүртэх үйл ажиллагааг хэлнэ. Арбитраж хийх үед олох ашиг нь урьдчилан мэдэгдэж байх бөгөөд үүгээрээ спекуляци хийхээс ялгаатай байдаг. Зах зээлд хөрөнгийн үнэ бодитоор тогтоогүй үед арбитраж хийх боломжтой байдаг.
Спекулаци хийж буй этгээд нь хедж хийж буй этгээдтэй харьцуулбал илүү их эрсдэлийг дагуулдаг учраас зохицуулагч байгууллагаас хатуу хяналт тавих шаардлагатай байдаг. Гэвч бодит байдал дээр эдгээр стратегийг ялгах ихээхэн төвөгтэй бөгөөд зарим эрдэмтдийн тодорхойлсноор энэхүү хоёр стратеги нь нэг зоосны хоёр тал юм.
СЗХ-ны ахлах мэргэжилтэн А.НИНЖИН