НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ 2018 эцсээр 168.4 функт болж өмнөх 2017 оныхоосоо 3.5 хувиар хямдарсан гэсэн байна. Энэ дотор элсэн чихэр, ургамлын тос, мах, сүүн бүтээгдэхүүний үнэ хямдарсан нь нөлөөлсөн гэнэ. Харин үр тарианы үнэ өсчээ. 2018 оны арванхоёрдугаар сард үнийн индекс 161.7 пункт болсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас нэг их өөрчлөгдөөгүй байна.
Ганцхан үр тарианы үнэ арванхоёрдугаар сард 167.7 пункт болсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас гурван пунктээр буюу 1.8 хувиар өсчээ. Энэ нь 2017 оны арваннэгдүгээр сарынхтай харьцуулбал бүр 9.6 хувиар их болжээ.
Үр тарианы үнэ ингэж өсөхөд Аргентинд хур тунадас бага орсон, Оросын экспортын хэмжээ буурсантай холбоотой гэж Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага үзсэн байна. Гэхдээ үнэ хэт өсөхөөс экспортын зах зээл дээрх өрсөлдөөн хамгаалж чадсан гэжээ.
Үр тарианы үнэ хэдийгээр 2018 онд өмнөх 2017 оныхоос 9.0 хувиар өссөн ч гэлээ 2011 оны хэт өндөр өссөнтэй харьцуулбал 31 хувь доогуур гэдгийг ч бас тэмдэглэж байна. Буудай, эрдэнэ шишийн хувьд дэлхийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай холбоотой, харин бусад үр тарианы хувьд дэлхий даяар хангалттай, нөөц нь хүрэлцээтэй байгаа гэж тайланд дурдсан байна.
Ургамлын тосны хувьд үнэ нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас 0.4 хувар өссөн гэнэ. Энэ нь сүүлийн есөн сарын турш буурсны дараах эхний өсөлт юм байна. Энэ нь далдуугийн тос үйлдвэрлэгч орнуудын дотоод эрэлт өссөн, бусад улсуудын импортын эрэлт өссөнтэй холбоотой гэжээ. Шар буурцаг, рапсын тосны хувьд дэлхий дахины үнэ эсрэгээрээ улам буурч байгаа нь АНУ-д хангалттай нөөц байхад Европын холбооны орнуудын эрэлт буурч байгаатай холбоотой юм байна. Ургамлын гаралтай тосыг бүхэлд нь авч үзвэл 2017 оны үнээс бүр 15 хувь буурсан гэдгийг тайланд тэмдэглэжээ.
Махны үнэ өнгөрөгч 2018 оны арван хоёрдугаар сард 163.6 пункт болж арваннэгдүгээр сарынхаас 0.8 хувиар өсчээ. Шувуу, үхрийн махны үнэ нэг их өөрчлөгдөөгүй бол хонины махны үнэ Далайн орнуудын экспорт нэмэгдсэний улмаас үл ялиг буурсан байна. Дэлхийн зах зээл дээр, ялангуяа Бразилд эрэлт өссөнтой холбогдоод гахайн махны үнэ харин үл ялиг нэмэгдсэн гэнэ.
Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бүтэн долоон сарын турш унаж арванхоёрдугаар сард 170 пункт болсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас 3.3 хувь доогуур байгаа юм. Шинэ Зеландын зүгээр цөцгийн тос, бяслаг, хуурай сүүний экспортоо нэмэгдүүлж байгаа нь энэ бүтээгдэхүүнүүдийн үнийг буурахад хүргэсэн байна. Ганцхан тослог багатай хуурай сүүний үнэ эрэлтээ дагаад жаахан өсчээ. Бүхэлд нь авч үзвэл сүү сүүн бүтээгдэхүүний үнэ өмнөх 2017 оны үзүүлэлтээс 4.6 хувиар буурсан дүн гарсан байна.
Саахарын үнэ ч бас л буурч арваннэгдүгээр сарынхаас 3.6 пункт буюу 1.9 хувиар буурсан харагдаж байна. Сүүлийн үед Энэтхэгийн саахарын үйлдвэрлэл эрс өсч нийлүүлэх мэдээлэл их гаргаж байгаагаас болж саахарын үнэ ийнхүү унаж байгааг Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага тэмдэглэжээ. Энд бас эрчим хүчний үнэ хямдарч, нефтийн үнэ дэлхий даяар унасан, этанол үйлдвэрлэхэд саахарын тростник ашилгах нь хорогдсон нь нөлөөлсөн байна.
Дэлхийн зэрлэг байгалийн сангийн мэргэжилтнүүд 2050 он гэхэд хүн төрөлхтөн хүнсний нөөцгүй болж дэлхий даяараа, бөмбөрцгийн өнцөг булан бүрт өлсгөлөн нүүрлэнэ гэсэн илтгэл бэлтгэсэн байна. Тус сангийн ажилтнууд хүмүүс байгалийн хишгийг зөв хэрэглэж сурахгүй юм бол 30 жилийн дараа гэхэд дэлхий дахинд их хэмжээний өлсгөлөн нүүрлэх болно гэж эндээ онцолжээ. Илтгэлд хүн төрөлхтөн өнөөдөр тарьж ургуулж, ХАА-д ашиглаж болох нийт газрынхаа талыг хэрэглэж байгаа гэдгийг илтгэлд тэмдэглэсэн байна. Газрыг хайр найргүй хэмнэлтгүй ашиглаж байгаагаас хүрээлэн байгаа орчин эрс өөрчлөгдөж байгаа гэнэ. Агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийн 30 хувь нь хүнс үйлдвэрлэлийн үед ялгардаг бол, манай гаргийн усны нөөцийн 70 хувь нь хөдөө аж ахуйн хэрэгцээнд зарцуулагддаг байна.
Гэтэл манай дэлхийн бөмбөрцгийн нийт усны нөөцийн дөнгөж гурван хувь нь л цэвэр ус байгаа гэдгийг эрдэмтэд сануулсаар байна. Эрдэмтэд бас өнөөдөр хүн төрөлхтөн загасны 90 орчим хувийг ашиглаж байгаа болохоор хэдхэн жилийн дараа гэхэд загасны хэмжээ арав дахин буурна гэсэн тооцоог ч илтгэлдээ дурдсаныг replyua.net хэвлэлд нийтэлжээ.
Олон улсын үр тарианы зөвлөлийн өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчилсэн илтгэлд 2018-2019 оны дэлхий даяар хурааж авсан улаан буудайн хэмжээг 762 сая тонн гэж гаргажээ. Үүний өмнө гаргасан тооцоогоор гурван сая тонноор илүү гэж тооцож байсан юм байна. Харин 2019-2020 онд манай дэлхий 752 сая тонн улаан буудай хэрэглэнэ гэж гарсан нь өмнөх 2018-2019 оныхоос 11 сая тонноор илүү байгаа юм.
2018-2019 он дэлхийн хэмжээнд 174 сая тонн улаан буудай арилжаалсан гэж Олон улсын үр тарианы зөвлөл илтгэлдээ дурдсан байна.
Африкийн гахайн тахал Азийн орнуудад дэлгэрснээс болоод манай гараг дээр махны үйлдвэрлэл энэ 2019 онд сүүлийн 20 жилд анх удаагаа 0.2 хувиар буурч 337 сая тонн боллоо гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага ФАО-гийн бэлтгэсэн Food Outlook илтгэлд дурдсан байна. Мах үйлдвэрлэл анх 1996 оноос өсч эхэлсэн юм. Тэгэхэд тахианы махны үйлдвэрлэл 2.8 хувиар өсч 128 сая тонн, хонины мах 0.4 хувиар өсч 15 сая тонн, гахайн ман харин дөрвөн хувиар буурч 116 сая тонн болж байжээ.
Африкийн гахайн тахлын нөлөөгөөр Хятадын гахайн махны үйлдвэрлэл 10 хувь буурсан бол тус улсын махны салбар бүхэлдээ таван хувь буурсан нь дээд амжилт боллоо гэж тус байгууллагын илтгэлд дурдсан байна. Дэлхийн махны томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч Хятадын махны зах зээл дэх гахайн тоо толгойн алдагдал энэ байдлаар 2019 онд 30 хувьд хүрч мэдэхээр байна гэж илтгэл тэмдэглэсэн байна. Африкийн гахайн тахлын анхны шинж 2018 оны наймдугаар сард илэрсэн бол Хятадад халдварын 129 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар тусулс нэг сая гаруй гахайгаа устгаад байгаа юм.
Гахайн махны үйлдвэрлэлээрээ дэлхийд тавдугаарт ордог хөрш Вьетнамд ч гэсэн гуравдугаар сард африкийн гахайн тахал гуравдугаар сард илэрч, нийт 29 мужид нь тархсаны улмаас 1.2 сая гахайгаа устгаад байна. Илтгэлд дурдсанаар бол гахайн энэ тахал Монгол, Камбожид ч илэрсэн байна.
Хоёрдугаар сарын эцэс гэхэд Хятадын мэгжний тоо өмнөх 2018 оны мөн үейинхээс 19 хувиар хорогдсон гэсэн мэдээ ч байна. Энэ бол тус улсын гахайн махны үйлдвэрлэл 2020 он хүртэл буурна гэсэн үг хэмээн америкийн шинжээчид үзэж байгаа юм.
АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар цаг уурын өөрчлөлтийн улмаас дэлхий дахинаа хүнсний ногооны үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр буурах гэнэ. Энд зөвхөн тоо хэмжээний асуудал ч биш, хүнсний ногооны чанар ч буурна гэдгийг тэд тэмдэглэж байна. Энэ асуудлыг одоо л анхааралдаа авахгүй бол, зохих арга хэмжээ авахгүй юм бол хөдөө аж ахуйн ургац, хүнсний ногооны ургац 35, шошийн ургац 9.0 хувиар буурах болно гэж эрдэмтэд хэлж байна. Тэд үүнийгээ хүн төрөлхтний устай харьцаж байгаа байдал, озоны давхаргын байдал зэрэг нь хүнсний ногоонд нөлөөлнө гэж байгаа юм. Эрдэмтэд бас хүрээлэн байгаа байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлт нь XXI зууны гол асуудал болно гэдгийг ч тэмдэглэж байна. Энэ бүхэн дэлхий дахины хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж байгаа юм. Эцэст нь эрдэмтэд энэ бүх эрсдэлийг бууруулах гол арга бол газар тариалангийн үйлдвэрлэлд инновац нэвтрүүлэх, арга технологийг сайжруулах явдал гэж байна хэмээн aeconomy.ru сайтад бичжээ.