Монгол дахь АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Магий Монголын эдийн засгийг өөдрөгөөр хардаг нэгэн. Тэрээр монголчууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр хөдөө аж ахуйн салбараа босгож чадна гэж үзэж байна. Мөн Японтой байгуулсан стратегийн гэрээнээс ашиг олоход төр компаниудаа чадавхжуулахад анхаарах хэрэгтэйг сануулж байна.
-Өнөөдөр манай улсын эдийн засаг өсөлттэй байгаа тухай гадна, дотны санхүүгийн байгууллагууд магтаж байна. Энэ талаар та ямар сэтгэгдэлтэй байна?
-Монгол улсын эдийн засаг 2017 оноос хойш боломжийн өсөлттэй, бас тогтвортой байгаа нь харагдаж байна. Эдийн засгийн засаглал буюу менежментийн гол үзүүлэлтүүд эерэг байгаа. Харин цаашдын төлөвийн хувьд Хятад улсын үйл ажиллагааг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хятад АНУ-ын худалдааны маргаан даамжрах тусам Монголын экспортын хэмжээ буурах эрсдэл бий. Цаашлаад дэлхийн хэмжээнд түүхий эдийн үнэ буурах эрсдэл үүсч мэднэ. Харин би ирээдүйн Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. Гэхдээ л болгоомжлох зүйлс цөөнгүй байгааг мартаж болохгүй.
-Манай улс уул уурхайгаас хараат байгаа нь л өнөөдөр АНУ Хятадын худалдааны дайнаас болгоомжлоход хүргэж байна. АНУ бидэнд тарифийн хөнгөлөлт үзүүлбэл нааштай өөрчлөлт гарах болов уу?
-Хэдийгээр гадаад нөхцөл өнөөдөр монголоос хамаарахгүй ч гадаад түншүүдтэй тохирсон экспортын харилцаагаа улам бэхжүүлж, итгэл алдахгүй байх нь өнөөдөр маш чухал болж байна. АНУ тарифийн хөнгөлөлт үзүүллээ гэхэд монголчууд тэр хэмжээний экспорт хийх нь хамгийн чухал. Хэрэв хийж чадвал эдийн засгийн сайн нөлөө үзүүлнэ.
Хамгийн гол нь экспортоо хийж эхлэх хэрэгтэй. Гэхдээ монголчууд экспортыг ганц хоёр зүйлээр бус өөр олон боломжуудыг хайж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Боломжуудыг алдахгүй байх, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарт ихээхэн боломж байгаа шүү дээ.
-Японтой байгуулсан түншлэлийн гэрээ хэрэгжсэнээр Японы экспорт нэлээдгүй нэмэгдэж байна. Харин манай экспорт дорвитой нэмэгдэхгүй байна. Бид яах ёстой вэ?
-Японы экспорт нэмэгдэхэд яаран харамсаад байх хэрэггүй байх. Өмнө нь өөр улсаас үнэтэй авдаг байсан бүтээгдэхүүн нэмэгдсэн үү, үнэ нь буурсан уу, цаашдаа ямар эерэг үр дүн авчрахыг тооцох хэрэгтэй. Харин монголын экспортыг нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй. Төр засгийн хувьд япончуудтай маш сайн үг хэлээ ололцох шаардлагатай. Японы талаас үзүүлж байгаа таатай боломжуудыг иргэд, компаниудад нээж өгөх хэрэгтэй. Япончуудын сонирхож байгаа бүтээгдэхүүний монголын компаниуд хүссэн хэмжээнд үйлдвэрлэх чадвартай болгоход төр анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Хэдийгээр олон улсын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн өсөлтийг магтаж байгаа боловч ОУВС ээлжит санхүүжилтийн ярихгүй байгаа нь ямар учиртай вэ?
-Би монголын эдийн засгийн ирээдүйг өөдрөгөөр хардаг гэдгээ хэлсэн шүү дээ. Том зургаар харвал Монголын ардчилал, зах зээлийн эдийн засаг харьцангуй залуу байна. Багагүй хэмжээний хүндрэл, бэрхшээл байгаа нь ойлгомжтой. Гэхдээ бэрхшээлийг хэрхэн давж, туулах, ямар алхам хийж байгаа нь л чухал байдаг. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бол олон талын асуудал байна гэсэн. Ийм хөтөлбөр амар хялбар хэрэгждэггүй. ОУВС Засгийн газрын олон ярвигтай асуудлуудыг нарийн тохиролцож хэрэгжүүлэх шаардлага тавигддаг. Ийм хөтөлбөрүүд үр дүн өгсөн эсэх, амжилттай хэрэгжсэн гэх мэт олон асуулт гардаг. Монголын Засгийн газартай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хувь олон нааштай үр дүн харагдаж байна. Өр буурсан зэрэг нааштай үзүүлэлтүүд бий. Гэхдээ өнөөдөр асуудал байна уу гэвэл бий. Миний харж байгаагаар өнөөгийн асуудлаа харилцан ойлголцоод хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж үр дүнд хүрнэ гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг огцом үр дүнгээ өгч, богино хугацаанд амжилтад хүрнэ гэж ойлгож болохгүй. Хүүхнүүд зундаа сайхан турчхаж болно. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийг түүнтэй зүйрлүүлж болохгүй. Хөтөлбөрийг амьдралын хэм хэмжээ, зан үйлийг өөрчлөх хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй. Хөтөлбөрийн үр дүн бол цаашдаа зөв хэвшил, зөв дадал удаан хугацаанд хэрэгжиж байдаг.
-Анх төсвийн тогтвортой байдлын хуулийг баталж байхад олон улсын санхүүгийн байгууллагууд “алтан хууль” гэж нэрлэж байсан. Өнөөдөр таазыг нь өөрчлөөд их хэмжээний өрөнд орчихлоо.
-Тааз өөрчилсөн явдлыг буруутгахад хэцүү л дээ:
- Яагаад?
-Төсвийн алдаатай бодлого хэрэгжиж байсан. Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө явж байсан. Энэ бүхнийг төсөвт нэгтгэхэд таазыг нэмэхээс өөр гарцгүй болчихсон байсан юм. Харин ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд энэ таазыг өнөөдөр байх ёстой хэмжээнд аваачих ёстой. Бодлого тодорхойлогчид зохих түвшинд аваачна гэж амласан. Одоо амлалтаа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээр нь төсвийн гадуур мөнгө байдаг том алдааг давтахгүй байх нь чухал.
- Монголбанк инфляцыг найман хувьд барих амлалт авсан. Хэрэгжихэд төвөгтэй болж байх шиг байна.
-Инфляцын хувьд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байх шиг байна. Гэхдээ үүнд олон хүчин зүйлийн нөлөөлөл бий. Энэ үзэгдэл зөвхөн Монголд биш, дэлхийн олон орон харагдаж байгаа. Жишээлбэл хятад улс. Хятад Африкт гарсан өвчний улмаас гахай хорогдож, махны үнэ өссөн. Гахайн махны үнэ өсөхөөр бусад амьтны махны үнэд нөлөөлнө. Монголбанкны хувьд инфляцыг найм орчим хувьд барих зорилт бодит байдалд арай ойр зорилт байх. Дараа жил хүнсний үнийн өсөлт тогтворжих болов уу.
-Засгийн газар та бүхнийг шаардлагатай мэдээллээр хангаж чадаж байна уу?
-Төрийн ил тод байдлын хувь бид Засгийн газартай сайн хамтарч ажилладаг учраас мэдээллээ авч чаддаг. Бүхэлд харвал бас тийм биш. Зарим байгууллагууд мэдээл маш сайн өгдөг. Зарим мэдээлэл хаалттай байх жишээтэй. Монгол улс олон улсын хэмжээнд ил тод байдлаараа дунд хэмжээнд явдаг. Бизнесийн орчинг шийдвэрлэж байгаа механизм л хамгийн их ил тод байх хэрэгтэй.
-Гуравдагч орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудын амласан мөнгө зогсонги байдалтай байхад Хятадаас их хэмжээний зээл яригдаж эхэлж байна.
-ОУВС-ийн хөтөлбөрийн гол ач холбогдол нь эдийн суурийг зүгшрүүлж өгөх. Эдийн засгийн зөв суурь, зөв хүрээтэй байхад өөрсдийн эдийн засагт чадавхад тохирсон өр тавина. Дээр нь тавьсан өрийг үнэхээр улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулдаг механизм бүрдэнэ.
- 2021 оноос том өр төлж эхэлнэ. ОУВС-тай хамтран тавьж байгаа манай Засгийн газрын суурь энэ бүхнийг давах болов уу?
-Монгол улсын 2021-2021 онд төлөх өр бол том асуудал. Гэхдээ сайн менежмэнт хийж чадвал давагдашгүй хүчин зүйл биш. Өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд энэ асуудлыг зохицуулж болох байх. Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Сангийн яаманд энэ асуудлын нарийн ширийнийг ойлгож байгаа хүмүүс байгаа нь харагдаж байна.
-Дахин санхүүжилт буюу өрийг өрөөр дарах тухай яриад байгаа шүү дээ.
-Тэр ч бас аюул биш. Өрийн тогтвортой байдал буюу өр нэмэгдэхгүй байх нь л чухал.
- Оюу толгойн асуудлаар ямар байр суурьтай байна?
-Аль нэгэн тодрхой хэлцлийн талаар АХБ байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Тэр гэрээ хийгдэж байхад ч, одоо ч бид уул уурхайн салбарт оролцдоггүй.
-Хувийн бодлоо хэлж болохгүй юу?
-Миний хувьд Монгол улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар амжилтад хүрч болно гэж боддог. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн тохиолдолд эдийн засгийн өсөлт нэмэгдээд зогсохгүй бусад салбаруудаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ зөв менежмэнт хэрэгжүүлсэн тохиолдолд шүү дээ. Оюу толгойн хувьд цаашдаа монголчууд учраа олоод яваасай л гэж бодож байна. 34 хувь эзэмших үү, АМНАТ-өө авах уу гэдэг нь хувилбарын л асуудал шүү дээ.
-Тавантолгойн талаар ямар бодолтой байна?
-Нарийн ширийнийг мэдэхгүй ч, 30 хувийг нь олон улсын зээлд гаргаад 70 хувь хэний эзэмшилд байхыг тодруулах шаардлагатай. Тэгээд 30 хувь борлогдох эсэхийг сайн тооцох хэрэгтэй.