Эдийн засагч Р. Даваадорж
Концесс нь латинаар concessio буюу "зөвшөөрөл " гэсэн үг. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, авто болон төмөр зам, галт тэрэг, усан онгоц гэх мэт томоохон үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн бүтээн байгууламжууд нь аливаа улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд асар их нөлөөтэй. Хувьчлах боломж бага, ихэнхдээ төрийн өмчид харьяалагдах эдгээр обьектуудыг барих, засах, сэргээн босгох, ашиглахад асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Төсөвт ийм их хэмжээний санхүүжилт тэр бүр байдаггүй.
Иймээс улсын төсөвт хүндрэл үзүүлэхгүй байх “алтан дүрэм”-ийг үндэслэл болгон төр болон хувийн хэвшил хамтарч ажиллах боломжийг концесс олгож ирсэн байдаг. Хүчирхэг эдийн засагтай ихэнх улс орнуудын хөгжлийн бодлогын салшгүй нэг хэсэг нь концесс юм.
Концесс нь төр болон хувийн хэвшилд ямар ашигтай байдаг талаар бодит жишээн дээр тайлбарлах аваас ойлгомжтой байдаг. Тухайлбал замтай холбоотой нэг жишээ авъя. УИХ-аас Улаанбаатар-Дархан чиглэлд 202 км хатуу хучилттай зам шинээр тавих шийдвэр гарсан. Санхүүжилтийн 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк гаргах юм. Үүнийг нөгөө өнцгөөс харвал манай төр ирээдүйд өр үйлдвэрлэж буй нэг хэлбэр. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр хийж байна гэж төсөөлцгөөе. Энэ бүтээн байгуулалтын хүрээнд шинээр зам тавих, зам ашиглалт, засвар үйлчилгээний ажилд шаардлагатай байгууламж барих зэргийг тооцож үзвэл чамгүй их хэмжээний санхүүжилт шаардагдах юм. Тэгвэл уг замыг тавихаар концессын гэрээ байгуулж буй хувийн хэвшлийнхэн ямар зорилгоор ийм их хэмжээний хөрөнгө босгож байна вэ, тэдэнд огт ашиггүй юм биш үү зэрэг олон асуулт зүй ёсоор тавигдана. Аж ахуй нэгжийн хувьд урт хугацаанд тогтвортой, ашигтай, найдвартай ажиллах, мэргэжилтнүүдийнхээ ажлын байрыг хадгалах гээд олон эерэг зүйл дурдаж болно. Гол нь бүтээн байгуулалтад гаргасан санхүүжилтээ хангалттай нөхөж чадахуйц тооцооллыг урьдчилан хийсний үндсэн дээр ийм бүтээн байгуулалтад оролцож таарна. Тухайлбал, бидний авч буй жишээний хувьд концесс хэрэгжүүлэгчид гаргасан зардлаа шинээр барих хурдны замын төлбөрөөр олж авах тооцоо хийж болох юм. Энэхүү урт хугацааны бүтээн байгуулалт, ашиглалт, хөрөнгө оруулалтаа нөхөх, буцаан төрийн мэдэлд шилжүүлэх... гээд процесс тус бүрийг төр, хувийн хэвшлүүд гэрээндээ тусгаж баталгаажуулдаг. Энэхүү гэрээг концессыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нар бичгээр байгуулдаг. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил хоорондын хамтран ажиллах, хоёр талын эрх ашигт бүрэн нийцэж буй гэрээний сонгодог хэлбэр байх нь. Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих эрх эдэлнэ.
Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах нь зүйн хэрэг. Гэвч төрөөс гарах ёстой санхүүжилтийг концессын гэрээ байгуулах замаар хувийн хөрөнгө оруулагчдад даатгах боломж байдгийг дээр дурдсан жишээнээс харж болохоор байна. Мөн Засгийн газар өр нэмэхгүй, төсөвт дарамт шахалтгүйгээр улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх боломж байгаа аж. Энэ бүхний өртөгт төр концессын гэрээ эзэмшигчдэд тодорхой хугацаанд тухайн бүтээн байгуулалтын обьектуудыг эзэмших, ашиглах эрхийг өгч байна. УИХ-аас 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хууль батлагдан гарсан билээ. Харин 2010 оны долдугаар сарын 21-ний өдөр Концессын зүйлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 198 дугаар тогтоолыг өнөөгийн УИХ гишүүн, тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Батболд, өнөөгийн Сангийн сайд, тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар нар гаргаж байжээ.
2010 онд батлагдсан Концессын тухай хуульд ““концесс” гэж төрийн, эсвэл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх” гэж тодорхойлжээ. Ингээд тус хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн юм. Үүнд: “Барих - ашиглах - шилжүүлэх”,“Барих - шилжүүлэх”, “Барих - өмчлөх - ашиглах”,“Барих - өмчлөх – ашиглах - шилжүүлэх”, “Барих -түрээслэх - шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах – барих - санхүүжүүлэх - ашиглах”, “Шинэчлэн сайжруулах – ашиглах - шилжүүлэх” гэсэн олон төрлийг хуульчлан тусгасан байна.
Харин олон улсын эрх зүйд концессын үндсэн таван төрлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд дараах байдалтай байна. Үүнд:
1. Барих (Build) <> Шилжүүлэх (Transfer) <> ашиглах (Operate) (ВТО-эхний үсгүүдийн товчлол),
2. Барих (Build) <> ашиглах (Operate) <> Шилжүүлэх (Transfer) (ВОТ),
3. Барих (Build) <> өмчлөх (Own) <> ашиглах (Operate) (ВОО),
4. Барих (Build) <> өмчлөх (Own) <> ашиглах (Operate) <> Шилжүүлэх (Transfer) (ВООТ),
5. Худалдах (Buy) <> Барих (Build) <> ашиглах (Operate) (ВВО),
Манай улсад мөрдөгдөж буй Концессын тухай хуульд концессын долоон төрөл байгаа боловч, зургаад нь концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах эсвэл шинэчлэн сайжруулаад гэрээнд заасан хугацаанд ашиглан, эсвэл түрээслүүлж, гаргасан зардлаа нөхөх боломжтой байна. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр заасан нь дэлхий нийтийн жишигт дүйцэхүйц загвар байна гэж дүгнэж болно. Учир нь энэ төрлийн концесс төсөвт ямар нэгэн хүндрэл дарамт үзүүлэхгүйгээр нийгэмд хэрэгтэй байгаа бүтээн байгуулалтыг хийж байна. Гэвч тус хуулийн 4.1.2-т “Барих-шилжүүлэх” төрлийн концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж төр, орон нутгийн өмчлөлд шилжүүлмэгц оруулсан хөрөнгөө төсвөөс шууд нэхэмжилж байна. Энэ нь “концесс”-ын сонгодог утга санааг алдагдуулахад хүргэсэн гэж үзэх бүрэн үндэслэл бий. Мөн төсвийн хөрөнгийг үр дүнгүй үрж байна гэж дүгнэсэн ч болохоор байна.
Засгийн газар төсвийн хөрөнгөөс “барих-шилжүүлэх” концессын төлбөрт 2017 онд 177.7 тэрбум, 2018 онд 82.9 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум төгрөг төлсөн бол 2020 онд 323.6 тэрбум төгрөг зарцуулах төсөл өргөн бариад буй. Эндээс нэг зүйл анхаарал татна. Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн байхад зөвхөн “барих-шилжүүлэх” гэсэн ганц төрлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж ирлээ. Аливаа концесс төсөвт хүндрэл учруулахгүй байх, төсвөөс гарах их хэмжээний зардлыг хувийн хөрөнгө оруулагчдад даатгах, улс орны хөгжил, нийгэмд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх, нийгэм олон нийтийн эрх ашигт хэрэгтэй байгаа эсэхийг эрэмбэлсэн байх гэсэн олон чухал шаардлагууд энд биеллээ олсонгүй. Ийнхүү 2017 оноос хойш төсвийн 728.9 тэрбум төгрөгөөр цөөн хэдэн компанийн концессыг санхүүжүүлэхээр хуульчлагдсан байх юм. Энэ нь Монгол улсын төсөвт тийм бага мөнгө ч биш л дээ. Тэгвэл концессын гэрээгээр хийгдсэн бүтээн байгуулалтууд үнэхээр нийгэмд хэрэгтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан уу гэвэл мөн л үгүй гэсэн хариулт өгнө. Тийм болохоор ядарсан төсөвтөө нэмэр биш нэрмээс болж байна гэвэл үнэнд ихэд ойртож очно.
Нэг жишээ дурдахад Ховдын Алтай-Дарви чиглэлийн зам тэртээ 2016 онд баригдаж дууссан боловч, концессын төлбөр нь дөрөв дэх жилдээ сунжирч байгаа аж. Уул нь энэ замыг барьсан хятад компаний ард зарим нэг улс төрчдийн нэр дуулддаг. Тийм ч учраас энэхүү концессыг авсан гэх яриа нутгийн иргэдийн дунд бий. Гэтэл УИХ-д байгаа гишүүдийн хамаарал бүхий компаниуд төслийн ажлаа хам хум хийчихээд санхүүжилтээ тухайн жилийн төсвийн төсөлд суулгаж чадаж байна. Хэрэгжүүлсэн төслийн өртөг ч зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр байгаа талаарх маргаан байнга дагаастай. Тэгэхээр Концессын хуулиар халхавчилсан эдгээр үйлдлийн цаана ашиг сонирхлын зөрчил, авлигын асуудал нуугдаж байгаа нь дамжиггүй. Хэрэв та бүхэн сайн санаж байгаа бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах хамгийн том шалтгаан нь, түүний кабинетын сайд нар “концесс хувааж авсан” гэх асуудал байсан. 2016 онд МАН Засгийн эрх авсны дараахан Барих-шилжүүлэх концессын гэрээ төсөвт ачаалал нэмж байна хэмээн онош тавьж, түүнийгээ нийтэд зарлаж байв. Ингээд Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолыг баталсан юм. Тус тогтоолд:
- концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх;
- улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх;
- концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох... зэрэг “эх оронч” гэж магтмаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
Гэтэл хэдхэн сарын дараа буюу тухайн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, өмнөх 37 дугаар тогтоолоо уландаа гишгээдэхэв. “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх” тогтоолоор Эрчим хүч, Зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталжээ. Эрчим хүчний зургаа, зам тээврийн дөрөв нийт арван төслийн заримыг Засгийн газрын гишүүд нь өөрсдөө авсан нь тун ч удалгүй нийтэд ил болсон юм. Хамгийн хачирхалтай нь хэл ам, шүүмжлэл дагуулж, Монгол улсын Засгийн газрыг унагаах гол шалтгаан болсон долоон концессын ганц нэгээс бусад нь “улсын төсөвт хүндрэл учруулахгүй” гэсэн тодотголтойгоор шинэ байгуулагдсан Засгийн газар гэрээ хэлцлийг нь үргэлжлүүлэн хийжээ. Мэдээж концессын төлбөр буюу төсвөөс зуу зуун тэрбум төгрөг аль хэдийн гарч эздийнхээ халаасыг зузаалсан.
Уг нь У. Хүрэлсүхийн Засгийн газар “концессын алдаа, завхрал”-ыг засч залруулах сүр дуулиантай мэдэгдэл хийж гарч ирсэн боловч бодит амьдрал дээр “дуутай тэнгэр хургүй...” гэдэг зүйр үгийн бодит биелэл нь болсон билээ. Ийнхүү концесс нь эрхтэн дархтан, дарга нарын татвар төлөгчдийн мөнгөөр найрлах нэгэн хэрэгсэл болж хувирсан байна.
Ийнхүү төсвөөс гарах асар их хэмжээний хөрөнгө мөнгийг хувийн хэвшилд даатгах замаар улсын өр нэмэхгүй байх, төсөвт дарамт учруулахгүйгээр улс орны хөгжил дэвшил, нийгэмд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт хийдэг концессын үндсэн утга алдагдахад хүрчээ. Харин ядруу төсвөөс зальхай овжин этгээдүүд халаасаа түнтийлгэдэг “төсвийн цоорхой” бий болчхож. Энэ “цоргыг” хааж, “мэргэжлийн хулгай”-г нэн даруй таслан зогсоох шаардлага байгааг, татвар төлөгч Монгол улсын иргэний хувьд хууль батлагч УИХ-ын гишүүддээ анхааруулж байна.