Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн хувьд ямархуу жил болно гэж та харж байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаад орчноос их хамаардаг. Бид 1990 оноос хойш эдийн засгийн бүтцийн менежментийн бодлого хэрэгжүүлж чадаагүйгээс болоод өнөөдөр уул уурхай хөдөө аж ахуйгаас хүчтэй хамааралтай улс болсон. Томоохон эдийн засгийн байгууллагуудын таамаглаж байгаагаар эрдсийн зах зээлд томоохон эрсдэл харьцангуй гайгүй гэж харж байна. Манай гол эрсдэл болох нүүрс зэсийн хувьд том эрсдэл гайгүй болов уу. Харин гол эрсдэл биднээс хамаарах юм. Учир нь 2020 он сонгуулийн жил, энэ жил бид ОУВС-гийн хөтөлбөрөөс наймдугаар сард гарна. ОУВС-гийн дэмжлэг байхгүй болно гэсэн үг. 2020 оны төсөв нэлээд үрэлгэн болсон. Энэ агуулгаар бидэнд дотоод эрсдэл бий. Томоохон бүтээн байгуулалтын хувь заяа хаашаа эргэх юм. Таван толгой, Гашуун сухайтын төмөр зам ганцхан чиглэлд бариад эдийн засгийн өгөөж ямар байх бол гэсэн асуултууд байгаа.
Ерөнхий таамаг хэлэхэд 2020 онд Монгол Улсын эдийн засаг өнөө жилийнхээс бага зэрэг саарах төсөөлөл одоогоор харагдаж байна.
-Зарим улстөрчид Оюутолгойн гэрээг цуцална гээд байгаа. Сонгуулийн дөхөхөөр цаашдаа ийм амлалт үг яриа их гарах байх. Оюу толгой зогсвол Монголын эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Саяхан МУИС-ийн эдийн засагчид Оюутолгойн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар судалгааг энэ намар хийсэн. Тэр судалгаанаас харахад Оюутолгой Монголын эдийн засаг, уул уурхай, аж үйлдврийн томоохон хэсэг болсон нь харагдаж байна. Шууд болон дам нөлөөлөл өндөртэй. Зөвхөн эдийн засаг талаас нь харвал Оюутолгойн гэрээг зогсоох боломж их хязгаарлагдмал. Улстөрчдийн зүгээс Оюутолгойг гол сэдэв болгож сүүлийн арван жил явж ирлээ. Гэхдээ Оюутолгой тойрсон улстөржилт хэтрэх ёсгүй гэж би үздэг. Оюутолгойн гэрээнд засварлаж залруулах шаардлагатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Зогсоох боломж байхгүй. Оюу толгой дан ганц эдийн засгийн асуудал биш, дан ганц улстөрийн асуудал биш. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хувь заяатай холбоотой асуудал болж хувирсан. Гадаад ертөнцөд Монголыг илэрхийлдэг индикатор болдог. Тийм болохоор аль болох Монголын талд ашигтайгаар засах боломжийг мэргэжлийн түвшинд олон улсын гэрээ хэлэлцээр, хэм хэмжээний түвшинд авч үзэх нь зүйтэй. УИХ-аас тогтоол баталсан. Тодорхой хэмжээгээр тэр тогтоолтой санал нэг байгаа. Тогтоолоо хэрэгжүүлэх түвшинд Оюутолгойн талтай суух ёстой. Оюутогойн гэрээг сайжруулж, үргэлжлүүлэх асуудал бий.
Хэрвээ би шийдвэр гаргагч, улстөрч байсан бол Оюутолгойн гэрээг зогсоох тухай асуудлыг ерөөсөө ярихгүй.
-Банкны шинэчлэл хийгдэж байна. Банкинд тавигдах шаардлага өндөрсөхийн хэрээр иргэнд очих нөлөөлөл нь зээл авах боломж хязгаарлагдсанаар илрэх юм шиг . Зээлийн хүү үнэхээр чухал асуудал уу. Банк санхүү тойрсон асуудлыг яаж харж байгаа вэ?
-Уул уурхайн дараа Монгол Улсын эдийн засагт банк санхүүгийн зах зээл томоохон нөлөө үзүүлж байгаа гэж үздэг. Банкны салбар Монгол Улсын эдийн засгийн санхүүгийн талыг нь сайнтай ч муутай ч гучаад жил нуруундаа үүрч ирлээ. Сул тал байна уу гэвэл байна. Мэдээж хүү өндөр байна гэдэг харьцангуй ойлголт. Банкны салбарын хүү гэдэг та бид хоёрын өмнө яриад байгаа улс төр, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Эдийн засаг сайжраад улс төр нь тогтворжвол хүү буурдагийг амьдрал дээр ч бид харж байна. Онолын хувьд ч тийм л байдаг. Эдийн засгаа тогтворжуулах урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь бидний хувьд чухал байна. Ингэж байж хүү буурна. Банкны шинэчлэлийн хувьд хэрэгжүүлэх асуудал нь ОУВС-гийн болон Монгол банкны бодлогын хүрээнд ч байна. Иргэдийн итгэлийг даадаг, эрсдэлд суурилсан удирдлага бүхий салбар болгон өөрчлөх гэж оролдож байна. Энэ хүрээнд Монгол банкны зүгээс эрх зүйн орчин дахь шинэчлэлүүдийг нэлээд амжилттай хийсэн. Эрх зүйн шинэчлэлээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ зөвхөн банкны салбар гэлгүйгээр хөрөнгийн зах зээл, нийгмийн даатгал сангуудийн тогтолцоогоо сайжруулж чадвал санхүүгийн салбар нь олон тулгууртай болж, банкнаас гадна хөрөнийн зах зээл даатгалын салбар нь хөгжих боломжтой болно. Ингэснээр санхүүгийн салбарт тэнцвэртэй байдал бий болж, иргэдэд ирж байгаа хүүгийн дарамт багасах боломж байна. Дан ганц банкны салбарыг өөрчилнө гэж онилоод асуудлыг бага зэрэг багасгаж болох ч бүрэн зорилгодоо хүрэх боломж хязгаарлагдмал юм.
-Ипотекийн 8 хувийн зээл бараг зогсоод байна. Гэтэл Улаанбаатарт энд тэндгүй барилга босоод байгаа. Барилгадаа баахан мөнгөө хийгээд гацаачихвал эдийн засагтаа эргээд сөргөөр нөлөөлөх үү?
-Энэ бидний нэлээд том тулгамдсан асуудал мөн. Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд орон сууцжуулах асуудал чухал байгаа юм. Манай ипотекийн тогтолцоо анхнаасаа зохиомол зүйл. Үүнийг 2013 онд Монголын эдийн засагт байхгүй бага хүүгээр, хүчээр бий болгосон. Санхүүжилтийн схем нь ч эргэлзээтэй. Тийм учраас нэгдүгээрт ипотекийг схемийнх нь хувьд ерөнхийдөө засварлах ёстой. Засгийн газар үүнийг дангаараа авч хэрэгжүүлнэ гэсэн зүйлийг сүүлийн хоёр, гурван жил яриад хэрэгжээгүй. 2020 онд мөн л Засгийн газар, Монгол банк, МИК гэсэн тогтолцоо хэвээрээ явах бололтой. Үүнийг хэрэгжүүлдэг олон улсын ерөнхий хандлагаас харвал ипотекийн тогтолцоо нь өөрөө суурь болдог байна. Санхүүжилтийн өөр боломжуудыг авч ашиглах шаардлагатай. Ногоон санхүүжилт, ногоон зээлд суурилсан хэлбэрээр олон улсын санхүүжилтийн боломжуудыг татах хэрэгтэй бололтой. Утаа, хөрсний бохирдол нийгмийн асуудлуудтай холбогдохоороо ногоон санхүүжилт хүсэх боломжтой. Гэх мэтээр санхүүжилтын олон боломжит хувилбаруудыг эрэлхийлэх хэрэгтэй. Таны хэлж байгаа зүйл бас үнэн. Өнөөдөр Улаанбаатарт барилга, хотхонууд баригдсаар л байна. Сард 2000-3000 орон сууц зарагдаад л байгаа юм. Энэ нь цаанаа эрэлт хэрэгцээ хүлээлт байгаатай холбоотой. Барилгын компаниуд нийлүүлэлтийн илүүдлээс болоод барилгаа борлуулах олон хувилбарыг санал болгож байгаа нь борлуулалтад тодорхой хэмжээний дэмжлэг болж байх шиг байна.
-Эдийн засгийн өсөлт 6 хувьтай байна гээд мэдээлдэг. Гэтэл хүмүүс амьдрал хэцүү байна гээд шүүмжилдэг. Хэзээ тэр эдийн засгийн өсөлт жирийн иргэдэд “наалддаг” болох вэ?
-Энэ үнэхээр анхаарал татсан асуудал. Өнөөдөр Монгол Улс бүх л тогтолцооны хувьд гажуудалд орчихсон. Баялагийн өсөлт, түүний хуваарилалт шударга бус. Хуваарилалтыг дэмждэг хөрөнгийн зах зээл, нийгмийн даатгалын сангийн бүх л тогтолцоо эдийн засгийн бүтэц гажуудсан. Эдийн засагт асар их мөнгө ороод байгаа мөртлөө тодорхой хэсэгхэн хүмүүсийг баяжуулахад чиглэдэг. Энэ нь АТГ-т байгаа авилгын хэргийн нийт хохирлын дүн 11 их наяд төгрөг гэсэн тооноос харагдаж байх жишээтэй. Ард иргэдийн амьдал сайжрахгүй байгаа нь ийм шалтгаантай. Нөгөө талаасаа Монгол уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээнд суурилсан эдийн засагтай орон боллоо. Үйлдвэржилтийн бодлого хаачив. Төмөр зам, нефтийн үйлдвэр одоо л эхлэл нь цухалзаж байна. Эрдсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр Монгол Улсын эдийн засаг өсч, орлого нь нэмэгдэж, түүний дагалдах салбаруудад харьцангуй шууд хуваарилалт явагддаг. Бүх салбарт хуваариалт очихгүй саармагждаг. Нөгөө талаас ийм шалтгаантай. Ард иргэдийн амьдралыг бодитойгоор сайжруулахыг хүсвэл дунджаар 5-6 хувийн өсөлтөө дахиад таван жил хадгалах төрийн холч бодлого хэрэгтэй. 1990 оноос хойш улстөрчид эрдсийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр хөөрөөд, элдвийг амладаг, төсвөөрөө дамжуулаад цацдаг. Үнэ унаад эдийн засаг доройтоход ОУВС-гийн хөтөлбөрт давхиад орчихдог. Нэг ийм тогтсон бодлого чиглэлгүй явж ирсэний гайгаар өнөөдөр Монгол Улсын иргэд зах зээлд шилжээд 30 жил өнгөрч байхад амьдралын чанар нь доривтой сайжраагүй байна.
Тогтвортой улстөртэй, тогтвортой бодлоготой дор хаяж 10 жил тогтвортой эдийн засаг хөгжүүлвэл нийгэм, эдийн засгийн асуудлууд хурдтай шийдвэрлэгдэх боломжтой.
-Ингэхэд та сүүлийн үед ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
-Бид саяхан нэг судалгаа хийж дууссан. Монгол Улсын төсөв санхүүгийн бодлогод нөлөөлж байгаа улс төрийн нөлөө, үр дагавар, залруулах боломжийг эрэлхийлэх судалгаан дээр Улаанбаатар бодлогын судалгааны төвтэй хамтарч ажиллалаа. Энэ судалгааны дүнд Монгол Улсын төсөв үндсэн шинж чанараа алдсан юм байна. Эдийн засаг, нийгмийн гол үүрэг рүүгээ зорихоо больсон юм байна. Зөвхөн улстөрийн хүрээнийхний намын болон хувийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болж хувирсан юм байна. Төсөвт улс төрийн бүх түвшний нөлөөлөл хавтгайрсан юм байна. Ийм ч учраас Монгол Улсын төсөв их хэмжээгээр тэлж байгаа боловч төрийн удирдлагын чадвар, засаглалын чанар, эрүүл мэнд боловсролын бодлого сайжирч чадахгүй иргэнд хүрч байгаа төрийн үйлчилгээний үр дүн нэмэгдэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Төсөв дэх улстөрийн буруу нөлөөллийг багасгаагүй цагт Монгол Улсыг хөгжүүлэх тухай ярих нь тийм ч утга учиртай бус.
-Сонгуулийн тогтолцоо, амлалтууд төсөв дэх улс төрийн нөлөөг ихэсгэж байна уу?
-Хамгийн гол нь улс төрийн намын төлөвшил, ёс суртахууны асуудал чухал л даа. Үнэхээр улстөрчдийн маань ёс суртахуун өндөр гэгээн, мэлмий нь тунгалаг байсан бол өнөөдөр Монгол Улс ямар ч хуультай, сонгуулийн тогтолцоотой байсан зөвхөн Монголын төлөө гэсэн язгуур сэтгэлээр хандвал гучин жилийн дотор хөгжүүлчих байсан байх. Харамсалтай нь улс төрийн намуудын хөгжил төлөвшил нь тэр чиглэлдээ хараахан явж чадсангүй. Тийм учраас таны хэлээд байгаа Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоогоо л өөрчлөхөөс аргагүй. Жижиг 76 тойрог гэдэг бол Монгол Улсын хөгжлийн бодлого, мөнгийг ч тарамдуулж дуусч байгаа. УИХ-ын гишүүн гэдэг 76 төсөв зохиогчтой болчихсон. 76 тийш нь Засгийн газрыг чангаадаг. Өөрийнхөө тойрогт төсөв мөнгө хуваарилуулах гэж хичээдэг. Хуваарилахгүй бол төсвийг барьцаалдаг, бойкотолдог ийм л тогтолцоо Монголд явж ирлээ.