-Үндсэн хуулийн цэцийн энэ жилийн төсөвт 600 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаар тусгажээ-
Энэ удаагийн УИХ сүүлийн хоёр жилийн төсвийг маш хурдан хугацаанд шаламгай гэгч нь баталсныг сонгогч та анзаарсан байх. Өнгөрсөн жилд эрх баригчид Монгол Улсын өрийг 1.9 их наядаар нэмсэн бол 2020 оны сонгуулийн жилийн төсвийг батлахдаа 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай чигээр нь зүтгүүлсэн.
Сонгуулийн жил болоод ч тэр үү Засгийн газар энэ жил зардлаа өмнөх 2019 оноос 21 хувь өсгөсөн. Ялангуяа, хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн жил 1.68 их наяд төгрөг байсан бол үүнийг 3.679 их наяд болгож, 119 хувиар нэмэгдүүлж алдагдалтай төсөвтөө тусгасан.
Тэгвэл бид 2020 оны алдагдалтай төсвийн задаргааг нэг бүрчлэн харуулахаар зэхлээ. Энэ удаад төрийн томоохон гэгдэх 15 байгууллагын тоног төхөөрөмж худалдан авах зардлыг задлан доорх инфографикаар харуулж байна. Хамгийн гол нь, тоног төхөөрөмжийн төсвийг энэ удаад онцолж буй нь төрийн мөнгийг төр түшилцэхээр ард түмний сонгосон эрхэм түшээд жил ирэх тусам тансаглалын нэг хэлбэр болгож байгаад асуудлын гол нь буй.
Өнөөдөр V төрөх эмнэлгийн барилга баригдах гэж өчнөөн жил царцаж, үр дүнд нь ханиад томууны дэгдэлттэй үед эмнэлгийн орны хүрэлцээ муу учраас бяцхан хүүхдүүд шалан дээр зулж байхад бидний сонгосон эрхэм сайд, дарга нар маань байгалийн модон хийцтэй, түшлэгтэй, нуруу ууцны массажтай сандалтай бүрэн тохижуулсан тансаг өрөөнд цай кофегоо таны хүүхдээр зөөлгөөд тухлаад сууж байгаад асуудлын гол нь буй.
Энэ л тансаглалаа бүрдүүлэхийн тулд манай сайд, дарга нар жил бүрийн улсын төсөвт урсгал зардал, тоног төхөөрөмж нэрээр хэдэн зуун сая төгрөгийг суулгадаг нь өнөөдөр бичигдээгүй хууль мэт болжээ. Эрүүл саруул ухаанаар бодоод үзсэн ч тэр 2019 онд хийсэн урсгал зардлыг 2020 онд хийх хэрэгтэй юү. Өмнөх онд нь тоног төхөөрөмж худалдан авчхаад ахиад дараа онд нь авах гээд зүтгээд байдаг нь ямар учиртай юм бол?
Тэгээд дээрээс нь шинэхэн, хурган эсвэл бүр олон жил төрд сонгогдсон сайд, дарга нарын цамаан зан ч үүнд шууд нөлөөлдөг нь нууц биш. “Би түүний бөгсөө тавьсан сандал дээр суухгүй. Надад шинэ сандал худалдаж ав. Миний өрөөний тохижилт таалагдахгүй байна, урсгал засвар хийж сайжруул” гэж лүндэн буулгаж, энэ мөнгөө улсаар даалгадаг нь үнэн.
Бүр нэг инээдтэй жишээ санаанд орчихлоо. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын орой дээр байдаг “Хан-Уул дүүрэг” гэдэг бичиг АН-ын үед уг нь цэнхэр өнгөтэй байсан. Тэгсэн МАН-ын нөхөр гарч ирснээр улаан өнгөтэй болж хувирсныг тод санаж байна. Ийм л ядмаг, явцуу эрх ашиг хурган дарга нарт үйлчилж, тархины тураал нь дээд цэгтээ хүрсэн учраас л Монгол Улс хөгжихгүй байгаа биз ээ.
Энэ жилийн тухайд ч нэр бүхий төрийн байгууллагууд бас л хэдэн зуун саяар нь урсгал засвар, тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвлөөд байна. Тодруулбал, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, УБЕГ, УЕПГ тэргүүтэй хууль эрх зүйн салбарын гол 15 байгууллага нийтдээ 18 тэрбум 576 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвлөснийг мөн БСШУС-ын сайдын багцыг энэ удаад онцолж дэлгэж байна.
Тэгвэл энэ жилийн тоног төхөөрөмжийн худалдан авах төсөв дотор Үндсэн хуулийн цэцийнх илүү их анхаарал татаж байна. Учир нь, 45-49 хүн ажилладаг Үндсэн хуулийн цэц нь 2018, 2019 онд 840 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авсан бол 2020 онд дахин Сангийн яам, Засгийн газраас өргөн бариагүй 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж авахаар төсөвлөсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн байдлаар Үндсэн хуулийн цэц нийт нэг тэрбум 440 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан байх юм. Энэ нь нэг хүнд дунджаар 30.6 сая төгрөг ногдох хэмжээний тоног төхөөрөмжийн өртөг болоод буй.
Хамгийн их тоног төхөөрөмжийн төсөвтэй УИХ-ын Тамгын газар. Уг газар жил бүр яг л энэ маягаар улсын төсвөөс мөнгө урсгаж байдаг. Энэ жил гэхэд нэг тэрбум 770 сая төгрөг төсөвлөсөн. Хэдийгээр тоног төхөөрөмж авах шаардлагатай газар байж болох ч жил бүр ёс юм шиг үүнийг худалдан аваад байгаа УИХ-ын Тамгын газар, УЕПГ, Үндсэн хуулийн цэц гэх мэт газруудын худалдан авах ажиллагаанд хяналт тавих нь зүйтэй байна.
Ерөөс хардах эрхийнхээ хүрээнд хэлэхэд, хэн нэг эрх мэдэлтний тоног төхөөрөмж нэрийн доорх мөнхийн шахааны бизнес яваад байгааг ч үгүйсгэх аргагүй. Тиймгүй бол жил бүр тоног төхөөрөмж худалдан авах ямар хэрэгцээ шаардлага байна вэ. Тэртээ тэргүй өмнөх жилийн авсан төхөөрөмж нь байсаар байхад. Тэглээ ч УИХ-ын Тамгын газрын бүтэц, орон тоо нь тийм ч том институтийн хэмжээнд биш. Үндсэн хуулийн цэц гэхэд ердөө л 45-хан хүнтэй. Гэтэл нэг хүнд 30 гаруй сая төгрөгийн эд материал худалдан авна гэдэг хачирхалтай. Эсвэл байсхийгээд л эвдэрчихдэг чанар муутай компьютер, принтер, камер юм уу. Тэгээд л жил бүр худалдан аваад байдаг хэрэг үү?
Дараагийн нэг онцлох асуудал бол БСШУС-ын сайдын багц. Учир нь энэ хүн Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэгчдийг бэлтгэх хамгийн чухал салбарыг удирдаж буй. Харамсалтай нь, Ё.Баатарбилэг сайд зөвхөн бүтээн байгуулалтад анхаараад гол капитал болох хүнээ мартжээ.
Төсөвт тусгаснаар боловсролын сайд 1.6 их наяд төгрөгийн өртөг бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 2020 онд 622 тэрбум төгрөг зарцуулна. Харин энэ мөнгийг төлөвлөсөн байдлыг харвал ажлын байр бий болгох, боловсролыг чанаржуулж, боловсон хүчин бэлтгэхэд бус урсгал зардал нэмсэн хатуу дэд бүтцүүд эзэлжээ. Тодруулбал, бас л шилжиж буй болон шинэ барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, ТЭЗҮ гэсэн хэдхэн ангилалд хуваасан 493 ажил бий. Үүний 73 хувь нь ямар нэгэн барилга байгууламж шинээр барих, 20 орчим хувь нь засварын ажил байгаа юм.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн төвд хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолборын тохижилтыг 300 сая төгрөгөөр хийх бол Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд мөн адил ажлыг 1.35 тэрбум төгрөгөөр 2020 онд бүтэн санхүүжүүлж, гүйцэтгэхээр төсөвлөсөн. Хэнтий аймгийн Норовлин сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тус тус хоёр тэрбум төгрөгөөр соёлын төв барих бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд 3.17 тэрбум төгрөгөөр орон нутаг судлах музей барих гэгчлэн бүхэлдээ зардал өсгөсөн хатуу дэд бүтцэд хөрөнгө оруулахаар тусгажээ.
Товчхондоо, багш нарыг чанаржуулж, боловсролын хөтөлбөрийг сайжруулж, боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулахаас илүүтэй сонгууль угтаж, тойргуудад ямар нэгэн дэд бүтэц шинээр эхлүүлэхийг урьтал болгожээ.
Ерөөсөө 2020 оны төсөв бүхэлдээ ийм гэж болно. Засгийн газар 2020 оны төсвийг боловсруулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 оны долоон том зорилт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хэрхэн дэмжсэнийг Төсвийн шинжилгээний алба судлахад:
-Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний 18.2 хувь,
-Хүний хөгжлийг дэмжих, нийгмийн бодлогын чиглэлийн арга хэмээний 13.5 хувийг л санхүүжүүлэхээр тусгажээ.
-Бусад буюу эрх зүй, засаглал, гадаад бодлого, батлан хамгаалах нийт арга хэмжээний 65.5 хувийг санхүүжүүлэх дэмжлэг энэ жил байхгүй хэмээн дүгнэсэн.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг чухалчлаад буйн шалтгаан нь энэ салбараас жил бүр 30 гаруй мянган оюутан ажлын байранд очихоор “бэлтгэгдэж” буй. Харамсалтай нь, салбарын бодлого ийм байгаа учраас хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлэгч иргэд чанаргүйн дээр шаардлагатай мэргэжилтнээ бэлтгэж чадахгүй байгаагаас дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр.
Төгсгөлд нь, Монгол Улс 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж Засгийн газар маань итгэж байгаа билээ. Ингэхдээ бизнес эрхлэгч, ажилчдын татварыг нэмэгдүүлж байгааг дурдах хэрэгтэй. Харин зардлаа 13.9 их наяд төгрөг байхаар төсвөө баталсан. Төр баригчид нэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй байж ДНБ-ийн тал хувьтай тэнцэх хэмжээний зардал боловсруулах нь хэр зөв бэ?
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин