Шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхийн болон Монголын эдийн засагт үүсч буй нөхцөл байдлын талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.
- 2020 оны төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасалдах эрсдэлтэй байна -
-Хятадаас гадна дэлхийн 70 гаруй улс оронд шинэ коронавирусийн халдвар тархаж, өмнөд хөрш төдийгүй барууны зах зээлүүдийн үзүүлэлтүүдийг доош чангааж эхэллээ. Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын зогсонги байдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Халдварт өвчний тархалтын улмаас БНХАУ-ын эдийн засагт ихээхэн алдагдал хохирол учирч байна. Өчигдөрхөн Хятад улсын Статистикийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд тус улсын аж үйлдвэрлэлийн салбарын индекс 35,7 хувь буюу түүхэн доод түвшинд хүрч уналаа. 2008 оны хямралын үед энэ үзүүлэлт 38,0 хувьд хүрч байсан.
Мөн аж үйлдвэрлэлийн бус бусад салбарын индекс ч ихээхэн хэмжээгээр буурч 28,9 хувьд хүрсэн.
Удахгүй хэд хоногийн дараа Хятад улсын эхний хоёр сарын статистикийн тоо мэдээлэл гарахад учирч буй алдагдал, хохирлын хэмжээ илүү тодорхой болно. Зөвхөн Хятад улс төдийгүй дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд ихээхэн доголдол үүсч, олон улс оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны хувьд шууд хамааралтай олон төрлийн аж үйлдвэрлэл доголдож, зогсч байна. Жишээлбэл, БНСУ-д автомашины үйлдвэрлэл, Японд цахим төхөөрөмж, тоглоом, гар утасны үйлдвэрлэл доголдож байна.
ЭЗХАБ-ын саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд дурдсанаар коронавирусийн халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1,1 хувиар буурч 4,9 хувьд хүрнэ гэж таамаглал гаргажээ. Хэрэв тархалт энэ хэвээр үргэлжилбэл үүнээс ч буурах эрсдэлтэй байгаа.
-Энэ нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, бизнест ямар байдлаар нөлөөлж байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилд өсөлтийн хурдац нэмэгдэж, гадаад худалдааны эргэлт, экспорт, төсвийн орлого нэмэгдэж ирсэн. Өнгөрсөн 2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын экспорт 1,771.6 сая ам долларт, импорт 1,285.6 сая ам.долларт хүрсэн. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны нэгдүгээр улиралд 486,0 сая ам.долларын ашигтай гарч байсан.
Одоо халдварын тархалтын улмаас УОК-ын шийдвэрээр хилийн боомтуудын үйл ажиллагааг 40 гаруй хоногоор хааж, экспортын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Энэ бол онцгой нөхцөл байдалд зайлшгүй авах ёстой зөв арга хэмжээ мөн. Үүний өмнө Хятадын цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сард мөн долоо хоногийн хугацаатай хилийн боомтын үйл ажиллагаа зогссон.
Саяхан Засгийн газрын хуралдаанаар хилийн зарим боомтын үйл ажиллагааг энэ сарын 15-наас дахин сэргээж, нүүрс, газрын тос, зэсийн баяжмалын экспортыг сэргээхээр шийдвэрлээд байна. Хэдийгээр ийм арга хэмжээ авсан ч гэсэн Хятад улсын талд гангийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон, экспортод гаргах ган, төмөрлөгийн хэмжээ ихээхэн буурсан тул импортоор авах коксжих нүүрсний хэрэгцээ хурдтай нэмэгдэхгүй, тун аажим аажмаар л нэмэгдэх хандлагатай байна.
Үүнээс дүгнэж үзвэл 2020 оны нэгдүгээр улирлын дүнгээр манай улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2,5 дахин буурч, 600,0-650,0 орчим сая ам.долларт, импорт мөн буурч 900,0 -1,0 тэрбум ам доллар хүрэх төлөвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл 2004 оноос хойш анх удаа алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ 300,0 гаруй сая ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна.
Ийнхүү экспорт, импорт буурахын хэрээр улсын төсвийн орлогын бүрдэлт тасалдаж, улсын төсөв алдагдалтай гарах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, түүнд ханган нийлүүлэгч ААН-үүдийн орлого ч эрс буурах нь тодорхой. Мөн улсын хэмжээнд хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тул үйлчилгээний салбарын орлого ихээхэн хэмжээгээр буурахаар байна.
Харамсалтай нь одоо үргэлжилсээр байгаа халдварын тархалтын нөхцөл байдлаас үзвэл Хятад улс болон Азийн улс орнуудад бизнесийн үйл ажиллагаа тасалдах, эдийн засгийн өсөлт буурах явц зөвхөн нэгдүгээр улирлаар зогсохгүй, оны эхний хагас жилд ч тодорхой хэмжээгээр үргэлжлэхээр байна.
-Энэ онд хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Мөн Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн. Экспортын алдагдсан орлого цаашид нөхөж чадахгүй, төсөв тасарвал яах вэ. Засгийн газар бүтээн байгуулалтад маш их хэмжээний зардал төсөвлөсөн. Үүнийгээ танах боломж байгаа ч тодотгохгүй гэх юм?
-Өнгөрсөн намар арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Батлагдсан төсөвт төсвийн нийт орлогыг 11,8 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 13,8 их наяд төгрөг, төсвийн алдагдалыг 2,1 их наяд төгрөг байхаар баталжээ. Төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 34,1 хувьд хүрч нэмэгдэж байгаа нь ихээхэн санаа зовоох үзүүлэлт юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОУВС болон бусад түнш орнуудтай байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд манай улс төсвийн алдагдлаа нөхөх, боломжийн эх үүсвэртэй байсан. Энэ жил ОУВС хөтөлбөр дуусч байгаа тул 2020 он болон ирэх жилүүдэд төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэр дутмаг, байгаа эх үүсвэр нь өртөг өндөртэй байх болно.
Коронавирусийн халдварын тархалт дэгдэхээс өмнө л бид ийм хэт өөдрөг төсөөллөөр боловсруулсан улсын төсвийг баталсан. Одоо дэлхийн зах зээл дээр донсолгоо үүсч, түүхий эдийн үнэ ханш буурч, экспортын хэмжээ буурахад улсын төсөв дээр том эрсдэл ирж байна. Гадаад худалдааны эргэлт хэрхэн саарч байгаа байдлаас үзэхэд, мөн Хятад улсын эдийн засгийн төлөв байдлын талаар олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа судалгаа таамаглалаас үзэхэд ч 2020 оны төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасалдах эрсдэлтэй болж байна.
Манай улсын экспортын 60 гаруй хувийг эзэлж байгаа нүүрс, зэсийн баяжмалын экспортыг үндсэндээ хоёр боомтоор, ачааны автомашинаар л тээвэрлэж байгаа, дэд бүтцийн хувьд хоцрогдсон хэвээр байгаа тул оны үлдэж байгаа гурван улиралд алдагдлаа нөхөж ихээхэн хэмжээний экспорт хийх боломж байхгүй.
Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа тул бидний зүгээс хийж болох зөв алхам бол төсвийн тодотголыг цаг алдалгүй хийж төсвийн орлого, зарлагыг аль алийг нь тодорхой хэмжээгээр танах, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Улсын төсөвт тодотгол хийх эсэхийг Засгийн газраас гадна УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо сайтар бодож, нухацтай авч үзэх байхаа гэж найдаж байна.
-Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг нэг жилийн хямралыг даах хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэсэн ч хувийн хэвшлийн үйл ажиллагаа саарч, эдийн засаг бүхэлдээ царцанги болчихлоо. Тэгэхээр үүнийг дэмжихийн тулд төсөв болоод мөнгөний бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлэх нь зөв бэ?
-Чухам ямар үзүүлэлтээр авч үзэж нэг жилийн хямралыг даах чадвартай болсон гэж үзэж байгааг мэдэхгүй байна. Монголбанканд хуримтлагдаад байгаа гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдэж байгааг хэлсэн юм болов уу гэж ойлгож байна. Энэ бол зөвхөн нэг л үзүүлэлт, ганцхан валютын нөөц нэмэгдсэнээр эрсдэл даах чадвартай боллоо гэж үзвэл төөрөгдөл болно.
Түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд валютын нөөцөөс гадна экспортын орлого хэр зэрэг тогтвортой вэ, тодорхой нэр төрлийн түүхий эдийн үнэ буурахад түүний алдагдлыг нөхөхүйц өөр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн байгаа юу гэдэг нь чухал үзүүлэлт юм. Жишээлбэл, коксжих нүүрсний үнэ ханш буурахад зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнэ ханш, эсвэл биет хэмжээ нэмэгдэж чадаж байвал бид харьцангуй эрсдэл багатай байж чадна. Яг өнөөгийн нөхцөлд манай экспортолж буй түүхий эдийн үнэ ханш үндсэндээ нэг чиглэлд өсч, буурч байгаа тул ийнхүү алдагдлыг нөхөх боломж бага, уул уурхайн бус экспорт маш багахан буюу нийт экспортын 8-9 хувийг л эзэлж байна.
-Сонгуулийн жил тохиож байна. Вирусийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө V хэлбэртэй байна гэж Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн. Хурдан сэргэнэ гэсэн найдлага тавьж байгаа нь зөв үү. Гол нь татвар болон худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлэхээр болсон бодлого арга хэмжээ нь энэ нөхцөл байдалд хэр зэрэг тохирсон гэж үзэж байгаа вэ?
-Харамсалтай нь, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж ирсэн жилүүдэд эдийн засаг савлагаатай байж, гадаадын хөрөнгө оруулалт багасч ирсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллага, зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд Монгол Улсын өнгөрсөн жилүүдийн түүхийг судлан үзээд сонгууль нь эдийн засаг, бизнестээ таагүй нөлөө үзүүлж, эрсдэл учруулж байгааг анхааруулсаар ирсэн. Саяхан энэ оны нэгдүгээр сард Дэлхийн банкнаас боловсруулж гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд ч мөн адил энэ талаар анхааруулж, сонгуулийн үйл ажиллагаа нийт эдийн засаг, бизнест сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Коронавурисийн тархалт өнгөрсөн жилүүдэд тохиолдож байсан SARS, MERS-тэй адил цөөн улс оронд тархаж, халдвар авч буй хүн амын тоо цөөн байсан бол дэлхийн эдийн засагт учруулж болох хохирол, эрсдэлийг таамаглахад хялбар байх байлаа. Гэвч энэ удаагийн коронавирусийн тархалт олон талаараа өмнөх вирусийн халдваруудаас өөр байгааг ДЭМБ болон олон улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх байгууллага, халдвар судлаачид мэдэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар л гэхэд дэлхийн 70 гаруй улс оронд халдвар тархаж, нийт 91,0 мянган хүн халдвар авч, 3,2 мянган хүн амь насаа алдаад байна. Халдварын тархалтын цар хүрээ маш өргөн байна, халдвар хүрээгүй тив үлдсэнгүй. Итали, Иран, Өмнөд Солонгос улсад халдварын тархалт нэн өндөр хурдтай нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Франц, Герман зэрэг улс орнуудад ч халдвар нэмэгдсээр байна.
ДЭМБ-ийн зүгээс халдвар тархах эрсдэл нэн өндөр байгааг анхааруулж, улс орон бүрийг халдварт өвчинтэй тэмцэх боломжтой бүхий л арга хэмжээ авах нь зүйтэй гэж уриалж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр халдварын тархалтын эрсдэл өндөртэй, халдвар намжих буурах тухай ярих цаг болоогүй байна. Ингэхлээр улс хоорондын худалдаа, тээвэр, аялал жуулчлал хязгаарлагдсан нөхцөл байдал цаашид дахин 1-2 сар үргэлжлэх өндөр магадлалтай байна.
Н.Рубини (Nouriel Roubini) гэж АНУ-ын эдийн засагч, Roubini Macro Associate LLC гэсэн судалгааны байгууллагын захирал хүн бий. Энэ хүн 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал учирч болзошгүй байгааг хэдэн сарын өмнөөс анхааруулж, сэрэмжлүүлж байсан. Түүнээс хойш ч энэ хүний хийсэн таамаглал судалгаа, оновчлол сайтай, магадлал өндөртэй байгааг олон удаагийн жишээнээс харж болно.
Н.Рубини коронавирусийн халдварын тархалтын улмаас дэлхийн эдийн засагт учирч болох хохирол, үргэлжлэх цаг хугацаа, түүний дараах сэргэлтийн талаар өөрийн таамаглалыг дэвшүүлж Financial times сонинд саяхан нийтлүүлсэн.
Түүний бичсэн нийтлэлээс үзвэл:
-Коронавирусийн тархалтаас дэлхийн эдийн засагт үзүүлэх алдагдал, хохирол их байх болно,
-Улс орнуудын зүгээс төсөв, мөнгөний бодлогын хариу арга хэмжээ авсан ч гэсэн одоогийн боломж нөөц нь хязгаарлагдмал байгаа \үүний дотор өндөр хөгжилтэй орнуудад\ Энэ онд Япон, Итали, Герман, Франц зэрэг хэд хэдэн өндөр хөгжилтэй орнууд өсөлтгүй, байх буюу эдийн засаг нь зогсонги байдалд хүрэх магадлалтай.
-Засгийн газруудын зүгээс төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжих арга хэмжээ авахад түүний үзүүлэх үр нөлөө нэлээд удаан хугацааны дараа гардаг.
-Ийм учраас халдварт өвчний тархалт намжсаны дараа дэлхийн эдийн засаг буцаад сэргэхэд 1-2 улирал бус багагүй хугацаа шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Энэхүү дүгнэлтийг би бодит байдалд илүү ойр байх болно гэж үзэж, санал нэгтэй байна.
-Халдвараас болж бизнес эрхлэгчид хохирч байгаагаа мэдэгдлээ. Түрээсийн төлбөрийг хөнгөлөх, улмаар чөлөөлөх, зээлийн хүүг бууруулах, зогсоох гэх мэт санал гарч байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад эдийн засгийн эдгээр харилцааг яаж зохицуулбал оновчтой байх бол?
-Хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар бизнесийг хэрхэн дэмжих талаар хэлэлцээд НДШ-ийн алдангийг түр зогсоох, түрээсийн төлбөрөө бууруулсан компаниудад хөнгөлөлт үзүүлэх гэсэн шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн. Одоо үүсээд байгаа нөхцөл, цаашдын төлөв байдлын таамаглалаас авч үзвэл эдгээр арга хэмжээ хангалтгүй. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид ийм савлагаатай цаг үед алдагдалд орох, үйл ажиллагаагаа зогсоох, орон тоогоо цомхотгох, зээлийн хүүгийн дарамтад өртөх, дампуурах зэрэг олон эрсдэл тулгарч болзошгүй байна.
Өмнө тулгарч байсан хямрал түүнийг даван туулж байсан туршлагаа судлах хэрэгтэй. 2008-2009 оны хямралын хүнд цаг үед УИХ, Засгийн гараас ямар арга хэмжээ авч байсан бэ, түүнээс дутуугүй олон талын арга хэмжээг авч ажлын байрыг хадгалах, жижиг, дунд бизнес эрхлэгчдйиг дампуурах эрсдэлээс сэргийлэх шаардлагатай гэж үзэж байна.
-Ер нь Засгийн газар болоод Монголбанк ямар арга хэмжээнүүдийг нэн шаардлагатай авах хэрэгтэй байгаа вэ?
-Улс орнуудын Төв банкуудын зүгээс эдийн засгаа дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. БНХАУ-ын Төв банкны зүгээс удаа дараа гүйлгээнд ихээхэн хэмжээний мөнгийг оруулсан. Халдварын голомт болсон Хубэй мужийн бизнесийн дэмжих тодорхой арга хэмжээг авсан. Өнөөдөр Австралийн Төв банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүгээ 0,25 пунктээр бууруулан 0,5 хувьд хүргэхээр шийдвэрлэж байна.
G7 буюу өндөр хөгжилтэй орнуудын Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нар энэ сарын 3-ны өдөр телеконференц хийж, коронавирусийн улмаас саарч байгаа эдийн засгийг хэрхэн дэмжих ямар арга хэмжээ авах талаараа зөвлөлдөж байна.
Манай улсын хувьд юуны өмнө авах ёстой цөөн арга хэмжээг дурдвал:
-Төвбанкны зүгээс бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,
-Засгийн газрын зүгээс төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэхээс сэргийлэх, энэ онд дуусах боломжгүй, санхүүжилт нь тасалдах эрсдэлтэй байгаа хөрөнгө оруулалтын ажлыг шинээр эхлэхгүй байх болон бусад зайлшгүй шаардлагатай бус зарим зардлыг танах арга хэмжээг авах,
-Жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Гол нь авч байгаа арга хэмжээ цаг хугацаа алдаагүй байх ёстой, шийдвэр гарсны дараа уг шийдвэр бодит байдалд үр дүнгээ үзүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг болохыг анхаарах, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар олон улсын байгууллага, судлаачдын гаргаж буй шинэлэг мэдээлэл, судалгааг шуурхай авч ашиглаж байх, мөн ирэх жилүүдэд тулгарч байгаа ихээхэн хэмжээний гадаад өрийн дарамт ойртож байгааг мартах ёсгүй.
эх сурвалж :"Ардчилал таймс" сонин