Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар мэдээлэл хийсэн.
Тэрбээр:
-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилаа. Монгол Улсын тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Үүнд Сангийн сайд, СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацын дарга нар байдаг. Ингээд аж ахуйн нэгж, арилжааны банкуудаас өгсөн хүсэлт, Засгийн газраас нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмжийн талаар ярьсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж тодорхой шийдвэр гаргасан гэв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Банкны харилцагч, хэрэглээний зээл авсан иргэд, бизнес эрхлэгчид банканд хандсан. Ингээд ямар асуудал байна, яаж зохицуулах вэ гэдгийг ярилцсан. Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Монголбанкнаас хэрэгжүүлдэг банкуудын активын ангиллын журам, мөн зохистой харьцааны журам гэж байдаг. Эдгээр журмууд нь арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагааг хангахад үйлчилдэг. Тэгэхээр уг журамд тодорхой өөрчлөлт оруулах, хөнгөлөлт хөнгөлөлт үзүүлэх юм бол арилжааны банкууд харилцагчдадаа зээлийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн. Активын ангиллын журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд хамтарч гаргадаг. Ийм учраас Санхүүгийн тогтвортой байдлын хурлаар уг асуудлыг хэлэлцсэн. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ зөвхөн банканд байдаггүй. Банк бус санхүүгийн байгуулагад ч бий. Иймд гарч буй шийдвэр нь бүгдэд нь нийцтэй байвал зөв гэдэг үүднээс хандсан.
Covid-19-ийн халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Үүнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас судалгаа хийж байна.
Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хүний хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн, цалингийн зээл ч орно. Иймд зээлийн эргэн төлөлтийн байдлыг судалсан. Ингээд 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах болсон. Тэгэхээр энэ хугацаанд үндсэн зээл болон, зээлийн хүү төлөхгүй байж болно. Зээлийн хүү нь бодогдохгүй болохоор аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт хөнгөрөх боломжтой. Энэ хэрээр арилжааны банкууд орлого, эх үүсвэрээ алдана гэсэн үг. Гэвч зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа учраас арилжааны банкуудад эрсдэл учрахгүй юм.
Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжүүд банканд хандаж зээлийн гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулж өгсөн байгаа. Хэрэглээний зээл дээр үндсэн зээл болон хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тэгвэл тухайн зээлдэгчийн хувьд санхүүгийн сахилга батаа алдсан гэж ангилал буурахгүй юм. Улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлдэгчийн ангилалд өөрчлөлт оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тэгэхээр иргэд аж ахуйн нэгжүүд зээлийн хугацаа хэтэрсэн, хэвийн бус ангилалд орчихлоо гээд Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орохгүй. Мөн 90 хоногийн хугацаанд зээл, үндсэн төлбөрт алданги, хүү торгууль ногдохгүй гэсэн үг. Монголбанк цаашид Засгийн газартай хамтарч ямар нэг шийдвэр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
-Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага санхүүгийн системийн нийт зээлийн 7.4 хувийг бүрдүүлж байгаа. СЗХ-ны дарга Сангийн сайдтай хамтарч ХЗХ, ББСБ-ын активын журмыг баталдаг. Активын журмаар зээлийг дөрөв ангилдаг. Тэгэхээр ангилал тус бүрийг гурван сараар хойшлуулах боллоо. Өөрөр хэлбэл зээлдэгч зээл төлөх хугацаагаа нэг хоногоор хэтрүүлэх юм бол хугацаа хэтэрсэн зээлд ороод явчихдаг. Тэгвэл 90 хоногийн хугацаанд дээрх ангилалд оруулахгүй гэсэн үг. Зээлдэгч энэ хямралын үед муу зээлийн ангилалд орчихвол дахиад зээл авах боломжгүй болдог талтай. Өнөөдрийн байдлаар 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглээд байна. Зарим нь нэмэгдүүлсэн алданги тооцохгүй болсон. Мөн зээлийн хүү, үндсэн төлбөрт хөнгөлөлт үзүүлж байгаа.