2020 онд дэлхий дахины эдийн засагт хүчтэй, бүр 2008 оныхоос ч илүү хямрал тохионо гэж шинжээчид бүр 2019 оны намраас анхааруулаад эхэлсэн. Дээр нь шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас эхлэн тархаж одоо эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудыг хамраад байна. Энэ бүхнээс үүдээд улс орнууд хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоон эмийн сан, зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн худалдаалдгаас бусад үйлчилгээний газруудаа хаагаад эхэлчихлээ. Өвчин эхэлж гарсан, манай гаргийн тэргүүлэх эдийн засагтай орон Хятадын аж үйлдвэрийн өсөлт сүүлийн 30 жилд байгаагүй доод хэмжээнд очлоо.
ОУВС, Дэлхийн банк 2020 оны дэлхий дахины эдийн засгийн өсөлтийг өмнө төлөвлөж байсан таамгаа хэдэн удаа бууруулан мэдээлж байна. Ийм нөхцөлд хямралыг хохирол багатай даван туулах, эдийн засгийн өсөлтийг зохих түвшинд барихын тулд юу хийх ёстой вэ. 2008 оны дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралын үед ямар арга хэмжээнүүд авч байсан бэ. Оросын эдийн засгийн шинжээч Иван Ткачёв rbc.ru хэвлэлд ингэж бичсэн байна.
Дэлхийн эдийн засгийг аварч туслахад ямар арга хэрэгсэл үлдээд байна вэ. АНУ-ын Холбооны нөөцийн систем яг л 2008 оны хямралын үед авч байсан шигээ мөнгө зээлийн бодлогоо зөөллөлөө. Энэ нь чухамдаа дэлхийн эдийн засагт туслах уу, ямар үр дагавар авчрах бол.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж, улс орон бүрийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа энэ үед АНУ-ын Холбооны нөөцийн систем, Америкийн төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Мөнгө зээлийн бодлогын нөхцөлөө зөөлрүүлэв.
Холбооны нөөцийн систем долоо хоног тутам болдог төлөвлөгөөт хурлаа ч хүлээсэнгүй гуравдугаар сарын 15-нд жилийн зээлийн хүүг 0-0.25 хувиар бууруулав. Ийм арга хэмжээнд 2008 оны санхүүгийн их хямралын үед арванхоёрдугаар сард авч нэгээс 0-0.25 хувь болгон бууруулж байсан нь түүхэнд анх удаагийнх болж байсан.
Энэ гуравдугаар сарын эхээр Холбооны нөөцийн систем мөн л ээлжит бус хурал хийж хүүгээ 0.5 пунктээр бууруулсан. Тэгэхдээ дараах байдлаар хэрэгжүүлэх юм
-Зах зээлээс үнэт цаас худалдан авахдаа “тоон хөнгөлөлт” (QE)-ийг сэргээн ашиглана. Үүний үр дүнд Холбооны нөөцийн сан хамгийн багаар бодоход 700 доллароор өсч нийтдээ таван их наяд долларт хүрнэ.
-Зээлийн хүүг 0.25 хүртэл хувиар бууруулсан. Ингэснээр арилжааны банкууд тулгамдсан үед Холбооны нөөцийн сангаас зээл авах боломжтой болно.
-Арилжааны банкуудын нөөцөд байх шаардлагыг тэглэнэ. Өнөөдөр нөөцөд байх хөрөнгийн хэмжээ 10 хувь байсан.
-Дэлхийн тэргүүлэх улс орнуудын төв банкуудад долларын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Эндээ Евро бүс, Их Британи, Швейцарь, Канад, Япон улсуудын төв банкуудыг оруулж байна.
-Үүний өмнө гуравдугаар сарын 12-нд банкуудад 1.5 их наяд долларын богино хугацааны зээл олгож хөрвөх чадварыг сайжруулах арга хэмжээ авсан.
Холбооны нөөцийн сан яагаад ийм эрс арга хэмжээ авав
Сайндаа сар хагасын өмнөөс аюул дагуулж эхэлсэн коронавирусийн дэгдэлтийн үеэр Холбооны нөөцийн сангийн авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь 2008 оны санхүүгийн их хямралын үед хэрэгжүүлж байсан арга хэмжээг санагдуулж байна. Холбооны нөөцийн сан өнөөдөр коронавирусийн халдварын тархалт нь “АНУ болоод бусад олон орны эдийн засгийн идэвхийг эвдлээ” хэмээн тэмдэглэж байна. Гэхдээ Америкийн төв банк энэ вирусийн тархалт эдийн засагт бүр хүчтэй цохилт өгөхийг хүлээлгүйгээр тоглоод эхэлчихлээ. “Холбооны нөөцийн сан өрсөөд ажиллаж байна. Энэ нь АНУ-ын эдийн засагт дэмжлэг болох ч дэлхийн нийтийн эдийн засагт дохио болж байна. Гол нь дэлхий дахины хямралаас урьдчлан сэргийлэх явдал” гэж Оросын Тооцооны танхимын тэргүүн Алексей Кудрин Twitter хуудсандаа бичжээ.
Bloomberg агентлаг болохоор АНУ-ын эдийн засгийн уналт ойрын 12 сард 2009 оны хямралаас хойш дээд хэмжээндээ буюу 53 хувьд хүрнэ гэсэн таамаг гаргажээ. Хоёрдугаар сард гэхэд л энэ үзүүлэлт 24 хувь хүрээд байжээ. JPMorgan банк бас АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд буурна гээд, харин гуравдугаар улирлаас өсч эхэлнэ гэсэн таамаг гаргасан байна. Оросын хувьд эдийн засгийн өсөлт өмнө төлөвлөж байснаас доогуур 1.9 хувь байна гэж Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов хэлж байна.
Холбооны нөөцийн сан юунаас эмээж байна вэ
Холбооны нөөцийн сангийн энэ яаруу, ноцтой алхам нь Америкийн хөрөнгийн зах зээлийг эрс уналтад хүргэж мэднэ. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн тархалтыг цар тахлын хэмжээнд хүрлээ гэж зарласны дараа Dow Jones-ийн индекс “баавгайн” мөчлөгт орж, хоёрдугаар сарын дээд хэмжээнээсээ 20 хувь буурсан явдал бий. Энэ хүртэл АНУ-ын хувьцааны зах зээл 11 жилийн туршид ийм их уналтгүйгээр явж ирсэн юм шүү дээ.
Америкийн хөрөнгийн зах зээл дээрх хувьцааг Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 150 хувь болгож ахиулах нь үндэсний баялгийн эх сурвалж. Гэсэн ч Холбооны нөөцийн сангийн шийдвэр АНУ-ын хөрөнгийн зах зээлд сөрөг үр дагавар авчирлаа. Dow, S&P болон NASDAQ-ийн индекс гуравдугаар сарын 16-ны даваа гарагт биржийн худалдаа эхлэхэд л 4,5-4,8 хувиар унаж эхэлсэн. “Холбооны нөөцийн сан санхүүгийн зах зээл маргааш царцах ийм бодит эрсдэлийг олж харсан бол ийм арга хэмжээ авахгүй байсан. Одоо санхүүгийн зах зээл хөдлөхгүй болчих вий гэж их эмзэглэж байна” гэж Moody’s Analytics-ийн ерөнхий эдийн засагч Марк Зэнди CNN телевизээр ярьжээ.
Өөр юу хийж болох вэ
Зээлийн хүүг бууруулж QE-ийн шинэ үе зарласнаар Холбооны нөөцийн сан эдийн засгийг тогтворжуулах уламжлалт аргуудаа шавхлаа гэж Оросын Сбербанкны валютын зах зээл, зээлийн хүү хариуцсан стратегич Юрий Попов хэлж байна. Тэгэхээр одоо эхний ээлжинд төсөв, татварын шинжтэй арга хэмжээнүүд явах хэрэгтэй гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цалин хөлсний энэ оны татварын үлдэгдлийг тэглэх санал гаргасан. Гэхдээ энэ нь холбооны төсөвт орох ёстой 700 тэрбум долларыг цайруулчих болохоор Конгрессын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Санхүүгийн бус секторын үнэт цаасыг худалдах нь өнөөдөр хуулиар хориотой ч онолоор бол Холбооны нөөцийн сан ийм арга хэмжээ авах ёстой гэж Ю.Попов хэлж байна.
Бас зээлийн хүүгийн сөрөг хэлбэрт шилжиж болно. “Холбооны нөөцийн санг илүү ихийг хийж чадна, хувьцаа худалдах, QE-г өсгөх зэргээр хэмээн хүмүүс бодж байгаа бол эндүүрч байна. Ийм байдлаар цаашид явахгүй” гэж эдийн засгийн шинжилгээний Bianco Research компанийн ерөнхийлөгч Жим Бьянко хэлжээ. Зах зээлийн завсар чөлөөгүй уналт, үүнийг дагасан сандралын үед магадгүй цорын ганц гарц бол санхүүгийн зах зээлийг түр хугацаагаар хаах явдал гэж Ж.Бьянко хэлж байна.