Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Импортын татвараа нэмж, дотоод зах зээлээ хамгаалахгүйгээр аж үйлдвэржилтийг яриад ч хэрэггүй

“Хойд хөршийн зах зээлд бараагаа гаргахад 40 гаруй хувийн татвартай, урд хөрш үүнээс ч өндөр, БНСУ бол бараг 100 гаруй хувийн өндөр татвар авдаг. Гэтэл Монголд ердөө 10-хан хувь” хэмээн манай аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой эрхэм дуугаа өндөрсгөн хэлэхэд танхим дүүрэн цугласан хүмүүс алга нижигнэтэл ташив. Зарим нэг нь шүгэлдэж ч байх шиг, энд тэндээс сонсогдов. “Өнөөх маань” дуугаа улам өндөрсгөн “Өнгөрсөн 25-26 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид бид худалдааны энэ шударга бус тогтолцоонд дарлуулж ирлээ” хэмээн индэрт суугаа эрх­мүү­дэд хандаж хэлэхэд танхимд хуран цуглагсад алгаа бүр ч чанга ташиж, уур амьсгал ширүүслээ. Энэ бол Төрийн ордны их танхимд дөрвөн жилийн өмнө болсон инженерүүдийн чуулга уулзалт байсан юм. 

Оюуны бяд, ур ухаанаа шавхаж хэчнээн хэрэгтэй зүйл улс эх орондоо бүтээгээд ч үйлдвэрлэлд нэвтэрч, хүмүүсийн хэрэглээ болдоггүй үхмэл цаг үе ардчиллаас хойш үргэлжилж байгаа учраас Монголын аж үйлдвэрийн хамгийн мундаг инженерүүд хүртэл туйлджээ гэсэн бодол тэрхүү чуулганыг сурвалжилж байх үед төрж байсан билээ.

Энэхүү арга хэмжээний дараахан БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал телевизэд өгсөн ярилцлагадаа тус санд эрдэмтдийн маш олон жилийн бүтээл, нээлтүүд хадгалагдаж байгааг онцолж байв. Гэхдээ зөвхөн цаасан дээр. Энэ нь эрдэмтдийн бүтээл, инновац нь үйлдвэрлэлд нэвтэрдэггүй, хэрэглээ болдоггүй гэсэн үг. Цаад агуулгаараа манай улсын аж үйлдвэрийн салбарын уналт, мөхлийн л илрэл. Нэг ёсондоо монголчууд 1990-ээд оноос өмнө байсан 1500 орчим үйлдвэрийнхээ 90 гаруй хувийг ардчиллаас хойших он жилүүдэд өмч хувьчлал нэрийн дор нураасны уршиг одоог хүртэл арилаагүй гэж болно. Энэ асуудлыг академик түвшинд эрдэмтэн судлаачид, инженерүүд тийнхүү ярьж хөнддөг бол үйлдвэрлэлээ буцааж бүтээхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид л хамаг хүнд хүчрийг үүрч яваа билээ.

Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг тэрхүү хүнд хүчирт нэлээд жин дардаг хэсэг нь импортын татвар. Манай улсын импортын татвар бусад улс орныхтой харьцуулахад маш бага учраас үйлдвэрлэлийн асар том потенциалтай урд хөрш болон бусад худалдааны түнш орнуудын импортын бараатай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөж чаддаггүйгээр барахгүй улмаар дампуурал, мөхлийн шалтгаан нь болж буйг үйлдвэрлэгч бүр хөнддөг. Энэ байдлыг засч, импортын татвараа нэмж, дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэгчдээ өсч өндийх бололцоогоор нь хангаж, аж үйлдвэрээ сэргээн босгох шаардлагатай байгааг тэд цаг үргэлж ярьж, хэлсээр.

Гэхдээ дээд шатандаа энэ асуудал гацдаг, яван явсаар манай гадаад худалдааны бодлоготой салшгүй холбоотой учраас импортын татварыг нэмэх нь бараг биднээс үл хамаарах зүйл болж хувирдаг. Үүнийг хөгжлийн эдийн засагчид неолиберализмын сүүдэр гэдэг юм билээ.

Зах зээлд шилжихдээ манай шийдвэр гаргагчид гаднын зөвлөхүүдийн хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж, ард түмнийг нэг өглөө босоход л төгрөгийн ханш хоёр дахин унаж, инфляц 325.5 хувьд хүрч, хүнсний дэлгүүрүүдэд хомсдол нүүрлэсэн. Гэтэл үүнийг эрх баригчид түр зуурын үзэгдэл, энэ үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно хэмээн ард түмэнд тайлбарлаж, өөрсдөө ч түүндээ итгэсэн байсан гэдгийг эдийн засагч А.Баярцэцэг онцлоод “гадаад худалдаагаа чөлөөлж, аж үйлдвэрээ хамгаалах бодлогоо устгаж, төрийн өмчит үйлдвэрүүдээ хувьчлах нэрээр үгүй хийсний гайгаар бид баян орнуудын түүхий эдийн хавсарга орон болсон” гэж дүгнэсэн байна.

Түүхий эдийн үнийн мөчлөгийн оргил үе болох 2011 онд Монгол Улсын эдийн засаг 17.3 хувьд хүрч, дэлхий дахиныг алмайруулж байв. Тухайн үед өмнөд хөршийн Тяньжин хотын “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ю Мань И “Европ, Америкийн ихэнх улсын эдийн засаг буурч байгаа энэ цаг үед манай хойд хөрш Монгол Улсад бизнесмен, хөрөнгө оруулагчдын хөл тасрахгүй байна. Монгол Улс өнгөрсөн жил дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй улс болсон юм.

Хэдийгээр Монголын гурван хүн тутмын нэг нь нүүдэлчин болон хагас нүүдэлчин амьдралаа хадгалсаар байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын тасралтгүй урсгал энэ орныг “шинэ баян” болгож байна. ...Монголд асар өндөр үнэтэй Европын брэнд хувцас өмссөн, бугуйндаа швейцар цаг зүүж, “Бенз” хөлөглөсөн олон хүн бий. Бас тансаг байшин барилга, хаусууд, европ жимсний дарс, америк шар айрагтай уушийн газар, ресторанууд, гадаадын бараа битүү өрсөн супермаркетууд зөндөө бий. Гэсэн хэдий ч аж үйлдвэрлэл гэхээр зүйл бараг байхгүй. Усны сав, шил, цаас тэр байтугай савлагааны зориулалттай хөөсөнцрийг ч импортолдог. Үүнийг Монголд очиж үзсэн хэн бүхэн хэлээд өгөх болно” хэмээжээ.
Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад манай улсын ДНБ 27.4 их наяд төгрөгт хүрсэн ч үүний ердөө долоон хувийг л боловсруулах аж үйлдвэр буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Зах зээлээ чөлөөлснөөр Монгол Улсын гадаад худалдааны түншүүд олширсон хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Гэвч эдүгээ манай экспортын 96 хувь зөвхөн нэг улсаас хамааралтай. Олон жил гадаад худалдааны бүтэц ийм л дүр зурагтай явж ирлээ. Гуравдагч хөрш гэгдэх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, Европт 7000 нэр төрлийн бараа татваргүй экспортолж, АНУ ч ийм боломж монголчуудад олгосон атал жижиг бөгөөд нээлттэй зах зээлтэй бид ашиглаж чадахгүйг цаг хугацаа харууллаа. Аж үйлдвэрээ устгасан учраас, эргээд босгох ухаан, сэтгэл хоёр төрийн жолоог атгагсдад дутагдаж байгаа учраас ашиглаж чадахгүй яваад байгаа хэрэг.

Харин орчин цагт аж үйлдвэрлэлгүйн улмаас буурах үр ашиг үйлчилж буй улсын сонгодог жишээгээр Эрик С.Райнерт Монголыг нэрлэсэн байдаг. Тэрбээр 2000 оны хавар Улаанбаатарт ирж, Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн стратегийг боловсруулах зорилготой олон улсын бага хуралд оролцохдоо асар богино хугацаанд шилжилт хийсний үр дагаврыг тод томруун олж харсан байна. Статистик харах аваас хамгийн хөгжиж байсан аж үйлдвэрээс авхуулаад бараг бүхий л үйлдвэр нэг нэгээрээ хаалгаа барьсан байна. Хэдхэн жилийн дотор бодит цалин 50 дахин буурч, ажилгүйдэл асар ихээр нэмэгдэж, импорт нь экспортоос хоёр дахин өсч, инфляцыг тооцсон банкны зээлийн хүү 35 хувь болсон хэмээн баримтжуулжээ. Гагцхүү архи, спиртийн болон ноолуурын гэсэн хоёрхон л үйлдвэрлэл өссөнийг олж харснаа ярьсан. 1991 оноос өмнөх 50 жилд Монгол аажим боловч маш олон аж үйлдвэрийн салбарыг бүтээн бий болгосон байв. Гэвч нүд ирмэхийн зуур нээлттэй улс болсноор дөрөвхөн жилийн дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэл 90 ба түүнээс дээш хувиар унасан тухай Эрик С.Райнерт номондоо бичжээ.

Үндсэндээ техник технологийн эрин болох XXI зууныг монголчууд аж үйлдвэргүй, хэдэн зууны өмнөх бэлчээрийн мал аж ахуйтайгаа угтан авч, экологи, эдийн засаг, хүмүүнлэгийн гуравласан сүйрэлд нэрвэгдсэн гэж нээлттэй зах зээлтэй улс болсноос хойш 10 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг товч бөгөөд тодорхой өгүүлсэн байна.
Дэлхийн нөлөө бүхий эдийн засагч, томоохон судлаачдын хэлсэн үг, хийсэн дүгнэлтийг дээр эшилсэн шалтгаан бол яагаад өнөөдрийг хүртэл төр засгийн удирдлага дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах олигтой бодлого хэрэгжүүлж, тариф болон гаалийн бусад арга хэрэгслийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгааг ойлгуулах гэсэн хэрэг. Үндэсний үйлдвэрлэгчид импортын татвараа нэмээд, дотоод зах зээлээ хамгаалаад өгөөч ээ гэдгийг байнга хэлж, үе үеийн эрх баригчид ч уулзаж учрах бүрдээ ам гардаг.

Үнэндээ импортын нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт өгөх нь хангалтгүй, үр дүнгүй юм. Бидэнд илүү далайцтай, цогц бодлого үгүйлэгдэж байна. Бүрэн аж үйлдвэржиж, дэлхийн баялгийн дийлэнхийг атгадаг хүч чадалтай, хөгжингүй орнуудын өмнө бид гар нүцгэн, гуя шалдан, үүдээ дэлгээд зогсч байгаа гэдгээ ухаарах цаг хурдан ирээсэй билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com