Монгол Улсын Засгийн газрын лхагва гаргийн хуралдаанаар арилжааны банк болон ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос хэрэглээний зээл авсан нийт иргэдийн үндсэн ба зээлийн хүүг өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ноос хойш 90 хоногийн хугацаанд хойшлуулах шийдвэр гаргасан.
Тэгвэл иргэний хэрэглээний зээлд автомашины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарах бөгөөд эдгээр зээлийн төлөлтийн хугацааг иргэд боломжоосоо шалтгаалан 1-3 сараар хойшлуулж болох аж. Жишээлбэл, Та 20 жилийн хугацаатай ипотекийн зээлтэй бол 90 хоногийн хугацаанд үндсэн болон зээлийн хүүг огт төлөхгүй байж болно. Ингэлээ гээд таныг муу зээлдэгч гэсэн жагсаалтад оруулахгүй. Харин авсан зээлийн хугацаа тань 20 жил гурван сар болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сард авсан зээл 2040 оны нэгдүгээр сард дуусах байсан бол гурван сар нэмэгдэж, тухайн оны дөрөвдүгээр сард дуусна гэсэн үг. Ингэхдээ зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүнд ямар нэг хөнгөлөлт үзүүлэхгүй. Точвхондоо таны зээл гурван сараар сунгагдана байна гэж ойлгоход болно.
Түүнчлэн аливаа зээл гэрээгээр зохицуулагддаг тул иргэн, аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгах талаарх гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийх ёстой аж. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх тухай журмыг тодорхой тусгажээ.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа “Цар тахлын үеийн бэлэн байдлыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг бид судалсан. Эн тэргүүнд хэрэглээний зээл байлаа. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувийг ийм зээл эзэлж буй тул 90 хоногийн хугацаанд үндсэн өр болон зээлийн хүүг төлөхөөргүй болгож, хойшлууллаа” гэв.
Мөн хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй гэнэ. Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэх аж.
Хэрэглээний зээлийн хугацааг сунгах болсонтой холбогдуулан ББСБ, Хадгаламж зээлийн хоршооны нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас нэмж тодрууллаа.
-Танай хорооны хяналтад байдаг ББСБ, Хадгаламж зээлийн хоршоонд хэдэн хүн зээлтэй байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтад байдаг Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны зээл нь санхүүгийн салбарын нийт зээлийн 7.2 хувийг, зээлдэгчийн 24.6 хувийг бүрдүүлдэг. Шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус хоёр салбарын зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах, зээлдэгчдийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хугацааг хойшлуулах талаар 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дэмжигдсэн ба энэ талаар Засгийн газарт танилцуулсан.
-Энэ шийдвэр 90 хоногийн хугацаанд хэрэгжинэ гэсэн. Яг тодорхой он сар хэлж өгөөч?
-Хорооны дарга, Сангийн сайдтай хамтран баталсан дээрх хоёр салбарын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тухайлбал, зээлдэгчийн зээлийн гэрээний хугацааг хоёр болон түүнээс дээш удаа сунгасан бол зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилжүүлэн бүртгэж, мэдээлж байсныг зургаан сарын хугацаанд зогсоосон. Зээлийн ангилал тус бүрийг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ хугацаандаа төлөхгүй нэг хоногоор хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн ангилалд ордог байсан зохицуулалтыг 120 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй байхаар, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийг 181 хоногоос дээш хугацаагаар тооцохоор болж байгаа юм.
-Тэгэхээр хугацаа л хойшилж байгаа болохоос биш зээлийн үндсэн төлбөр ба хүүг тэглэсэн гэж ойлгож болохгүй нь тийм үү?
-Энэ шийдвэр бол зээлдэгчдийн үйл ажиллагаа зогссон, тасалдсаны улмаас зээлийн үндсэн төлбөр, хүүгээ түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй болсон тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг бууруулж мэдээлэхгүй байх, зээлдэгчийн зээлийн түүхийг бодитоор үнэлэх боломжийг олгож байгаа юм. Зээлдэгч нарт зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр хадгалагдах бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарч, бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон бол Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршоондоо хандан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хуваарьтаа өөрчлөлт оруулан шийдвэрлүүлэх боломжтой юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"