Эдийн засагч Б.Дөлгөөнтэй валютын ханшийн өсөлтийн талаар ярилцлаа.
-Валютын ханш өсч байна. Ингэхэд валютын ханшны өсөлт иргэдэд яаж нөлөөлөх вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Валютын ханш нэмэгдсэн тохиолдолд иргэдийн хувьд авч байгаа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Бид чихэр, шоколад, автомашин гээд хэрэглэдэг зүйлсээ бүгдийг гадаадаас импортоор авдаг. Импорт гэдэг чинь валют гадагшаа гараад бараа таваар орж ирнэ л гэсэн үг. Тэгэхээр валютын ханш өсөхөөр Монголд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Хэрвээ та өнгөрсөн жилийн үнийн өсөлтийг анхаарч үзвэл инфляц 5.4 хувьтай байсан. 5.4 хувиас ойролцоогоор 0.3 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт, 1.9 нэгж хувийг бусад импортын бараа бүтээгдэхүүнүүд эзэлсэн байдаг. Энэ жил харин ашгүй шатахууны үнэ буулаа. Гэхдээ шатахууны үнийн бууралт нь валютын ханшнаас бус харин цаана байгаа газрын тосны үнэ хоёр дахин буусантай холбоотой.
-Валютын ханшийн өсөлтөд юу нөлөөлөв, сонгуулийн дараа бүр ч өснө гэж хүмүүс ярьж байна. Ийм хандлага ажиглагдаж байна уу?
-Валютын ханш олон хүчин зүйлээс хамаардаг. Хамгийн том хүчин зүйл гэвэл:
-Нэгдүгээрт, манай улс руу хэр их хэмжээний валют орж ирж байна вэ, хэр их хэмжээний валют урсч гарч байна вэ гэдэг асуудал. Нэг ёсондоо валютын эрэлт нийлүүлэлтээс хамаарч байна гэсэн үг. Нийлүүлэлтийн хамгийн том хүчин зүйл бол экспорт. Харин эрэлт бол импорт байдаг.
-Хоёрдугаарт, Монголбанк энэ валютын ханшны зах зээлд хэр хэмжээгээр нөлөөтэй оролцож байна вэ. Нэг ёсондоо гадаад валютын албан нөөц гэж байдаг. Тэндээс хэр хэмжээгээр аваад, энэ валютын зах руу нийлүүлж байна гэдгээс манай валютын ханшны үнэ ямар ханш дээр тогтох нь хамаарна. Монголбанкны хувьд оролцоог нь харахад сүүлийн гурван сарын хугацаанд нэлээдгүй хэмжээгээр оролцсон байгаа. Тийм ч учраас гурав болон дөрөвдүгээр саруудад гадаад валютын албан нөөц тус бүр зургаан хувиар буурсан нь ажиглагдаж байна. Тавдугаар сарын мэдээлэл одоохондоо гараагүй байна.
-Валютын ханшинд импорт, экспорт нөлөөлдөг гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Ам.долларыг жишээ болгоод ярьчихъя. Ам.долларыг хэн авч байна вэ гэхээр гаднаас бараа татах хүмүүс, байгууллагууд. Харин хэн оруулж ирж байна вэ гэхээр гадагшаа зэс, нүүрс, төмрийн хүдрээ зарж байгаа байгууллагууд. Үүн дээр үйлчилгээ нэмэгдэнэ, гэхдээ дийлэнхийг гадаад худалдаа эзэлж байгаа. Манай улсыг нэг айл гэж үзвэл манайх хэр их хэмжээний бүтээгдэхүүн гадагшаа зарж байна вэ гэдэг нь экспорт гэж ойлгож болно. Экспорт өндөр байх тусмаа тэр хэрээр ам.доллар Монголд орж ирнэ ээ л гэсэн үг. Ингээд экспортоо харахад бидний хувьд эхний дөрвөн сарын байдлаар манай экспорт өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 50 хувь буурсан буюу хоёр дахин багассан байгаа. Харин импорт нь 10 хувиар багассан. Нэг ёсондоо экспорт 50 хувиар багасч байхад импорт нь 10-хан хувиар багасч байгаа. Манай улс гаднаас худалдаж авч байгаа бүтээгдэхүүний хэмжээ багасч байгаа хэдий ч эргээд гарч байгаа бүтээгдэхүүн нь буюу валют авч ирж байгаа экспорт нь 50 хувиар багасчихаар томоохон гадаад худалдааны алдагдалд хүргэж байгаа юм.
Дээрээс нь нэмээд энэ коронавирустэй холбогдолтойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь Монгол Улс руу орж ирж байгаа валют л гэсэн үг. Тэгэхээр ам.долларын орох урсгал тэр хэрээр л буурч байна. Эдийн засагчид төлбөрийн тэнцэл гэж ярьдаг. Энэ бол валют буюу ам.доллар хэр их гарч байна, Монгол руу хэр их орж байна л гэсэн үг. Энэ жил нэг тэрбум ам долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай байхаар таамаг одоогоор гараад байна.
-Тэгвэл бид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Нэгдүгээрт, бид гадагшаа чиглэсэн валютын урсгалыг бууруулах хэрэгтэй. Тэр нь үйлдвэрлэлд ашигладаггүй импортын барааны хэмжээг аль болох багасгаад, суудлын машин зэрэг өндөр дүнтэй импортолдог барааг бууруулах хэрэгтэй. 2019 онд гэхэд 500 сая ам.доллароор гаднаас машин авсан байдаг. Тэгэхээр яг одооны байдлаар валютын ханшийг Монголбанкны оролцоотой барьж байгаа үед импортын тарифаар дамжуулан том хэмжээгээр гадагшаа урсдаг бүтээгдэхүүнүүд дээр тарифын зохицуулалт хийх ёстой байх.
Хоёрдугаарт, өнөөдрийн энэ хүндрэлтэй үеийг ашиглаад, ялангуяа Европ, Америкт үйлдвэр тэр бүр ажиллахгүй хүнд байгаа энэ үед Хятадын зах зээл рүү бага багаар гарах хэрэгтэй байна. Хятад дотроо зах зээлээ нээчихсэн байгаа. Тэгэхээр энэ Хятадын дотоодын зах зээл рүү орох төрөл бүрийн уул уурхайн бус экспортыг яаж дэмжих хэрэгтэй байна вэ. Энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа одооноос явуулах шаардлагатай гэж бодож байна.
Гуравдугаарт, бид дотоодын эргэлтээ сайжруулах хэрэгтэй. Дотоодын эдийн засгийн эргэлтийг нээгээд, сайжруулбал импортын бараа бүтээгдэхүүн дээр зарцуулдаг зардал нь эргээд дотоодын бүтээгдэхүүнүүд рүү илүү их чиглэнэ. Ялангуяа дотоодын аялал жуулчлал гэж авч үзвэл энэ дотоодын аялал жуулчлалын зардал нь цаанаа юу байдаг вэ гэхээр ерөөсөө үйлчилгээ, тэгээд хүнс гээд дийлэнх нь дотоодод үйлдвэрлэдэг шинж чанартай бүтээгдэхүүн бий. Бид дотооддоо мөнгөө эргэлдүүлбэл монголчууд л хожно.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН