Николас Мадуро
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 он дөрөвдүгээр сарын 19-нөөс өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесийг нас барсны дараа улсын тэргүүнээр ажиллаж хоёр дахиа сонгогдоод байгаа. Уго Чавесийн үед 2006-2013 онд Гадаад хэргийн сайд, 2012-2013 онд Дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан.
Эцгийн талаасаа еврей гаралтай тэрээр эхлээд автобусын жолооч байсан бол 1970-1980 онд Каракасын метроны үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж. 1980-аад онд Авали лицей, Каракасаас баруун зүгт дунд сургууль дүүргэжээ. Уго Чавесийг суллахад чухал үүрэг гүйцэтгэж “Тавдугаар бүгд найрамдах улс хөдөлгөөн”-ийг үндэслэгчийн нэгд тооцогдох болсон. 1998 онд “Тавдугаар бүгд найрамдах улс” хөдөлгөөнөөс Венесуэлийн төлөөлөгчийн танхимд, 1999 онд Үндсэн хуулийн ассамблейд, 2000, 2005 онуудад Үндэсний ассамблейд сонгогдож байсан. Тэр бүү хэл дээд боловсролгүй ч парламентын спикер болж байжээ.
Уго Чавес 2012 оны арванхоёрдугаар сарын 8-нд эрүүл мэнд нь муудаж албан үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл дараагийн ээлжит сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг Николас Мадуро гүйцэтгэнэ гэж мэдэгдээд сонгуулиар түүнийг дэмжихийг уриалсан юм.
Уго Чавесийг нас барсан тухай мэдээлэхдээ л Николас Мадуро түүний амийг “гадаадын дайснууд” авлаа гээд сөрөг хүчнээ “фашистууд” гэж нэрлэсэн байна. 2013 оны дөрөвдүгээр сарын 14-нд болсон сонгуулиар Николас Мадуро өрсөлдөгч Энрике Каприлесаас ердөө 1.5 хувиар түрүүлж төрийн тэргүүн болсон юм. Сонгуулийн дараа тэрээр тавдугаар сарын 14-нд өөрийгөө еврей гаралтай гээд “Еврейн ард түмний баялаг социалист уламжлалтай” гэж мэдэгдэж байсан юм. Харамсалтай нь тэр Боливарын бүгд найрамдах улсыг сүйрүүлж байна.
Н.Мадуро Венесуэлийг ядуурал, гудамжны дайнд хүргээд байна
Үнэхээр Николас Мадуро төр, засгийн эрхэнд гарнаас хойш Венесуэль улс уруудах замаар эргэлт буцалтгүй доошилж эдийн засаг нь улам бүр доройтон, ард түмэн нь ядууран улс орондоо тайван амгалан амьдрах аргагүйд хүрээд байгаа юм.
Тус улсад 2018 оны байдлаар инфляци 1.7 сая хувьд хүрсэн гэж парламентынх нь санхүүгийн хороо мэдэгдэж байна. Олон улсын валютын сан болохоор нэг сая 370 мянган хувь болсон гэж байгаа юм. Дотоодын нийт бүтээгдхүүн нь Николас Мадурог Ерөнхийлөгч болсон 2013 онд жилийн 1.3 хувийн өсөлттэй байсан бол 2018 онд хасах 11.03 хувьтай гарсан бол энэ 2019 онд бүр 15 хувийн хасах үзүүлэлттэй гарах төлөв байна. Венесуэльд хүн амынх нь 30 хувь ажилгүй болж, авлигын түвшингээрээ дэлхийн 180 орноос 169-д орж байгаа бол даруй гурван сая хүн эх орноо орхин гадаадад дүрвэн гараад байна. Нефть олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг Венесуэль өнөөдөр бензин, эм хэрэгсэл, хүнсний зайлшгүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр тасалдан хүн ам нь гачигдаж байна.
Улсыг яаж ийм болгосон бэ, буюу хямралын товчоон
2016 он
Бүх зүйл Венесуэльд их хэмжээний ган болж улс орны эрчим хүчний гол эх үүсвэр Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын усны түвшин бүр хямралын хэмжээнд доошилсноос эхэлсэн гэж бие даасан хэвлэлүүд бичдэг. Тэгэхэд Засгийн газар хатуу арга хэмжээ авахгүй байсан гэнэ.
-2016 оны нэгдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо хоёр сарын хугацаатай эдийн засгийн онц байдал зарлалаа.
-Дөрөвдүгээр сарын эхээр ажлын дөрвөн өдөртэй долоо хоног зарлаж, цахилгаан эрчим хүчийг зөв хэмнэлттэй ашиглах, цахилгаан хэрэгсэлтэй хариуцлагатай хандахыг уриалсан байна.
-Цахилгаан удаа дараа тасалдсаны дараагаар дөрөвдүгээр сарын 22-нд эрчим хүч хязгаарлах төлөвлөгөө гарган 40 хоногийн хугацаанд ихэнх нутагт хоногт дөрвөн цагаар цахилгаан өгч байхаар шийдсэн нь олон түмний эсэргүүцэлтэй тулгарсан байна.
-Дөрөвдүгээр сарын 27-нд төрийн албан хаагчдын ажлын өдрийг долоо хоногт хоёр өдөр болгосноор олон түмний санал гомдол барагдахаа больжээ
-Өдөр бүр цахилгаан тасалдаж байгаад бухимдсан иргэд дөрөвдүгээр сарын 28 гэхэд гудамжинд гарч олон хотод цагдаагийнхантай мөргөлдөв. Дээрэм тонуул ч гаарав. Хүнс, эн тэргүүний хэрэгцээд бараа дутагдаж эхэллээ.
-Эрчим хүч хэмнэх нэрээр тавдугаар сарын 1-нээс цагийг хагас цагаар урагшлуулав.
-Хямралын улмаас Засгийн газар шатахууны үнийг нэмж, мөнгөний ханшаа өөрчиллөө.
-2016 онд Венесуэлийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 16.5 хувиар хорогдсон гэж Олон улсын валютын сан үнэлсэн байдаг.
2017 он
-Энэ оны эхнээс Венесуэлийн боливарын ханш эрчимтэй унаж эхэлсэн юм.
-Үүний зэрэгцээ 2017 оны арваннэгдүгээр сар гэхэд Венесуэль зээлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч дефолт зарлалаа. Тус улсын гадаад өр янз бүрийн үнэлгээгээр 63 тэрбумаас 150 тэрбум ам.доллар байсны нэлээд хэсэг нь төрийн өмчийн нефтийн PDVSA компанийн өр байлаа. Үүний 10 тэрбумыг нь л гэхэд 2018 онд төлөх ёстой байв. Гэтэл тус улсын алтны нөөц нь 10 тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан юм шүү дээ.
2018 он
-2018 оны наймдугаар сард Николас Мадуро бензин шатахууны үнийг дэлхийн дундажид хүргэн өсгөхөөр болсон ч тусгай карт эзэмшигч 16.5 сая хэрэглэгчдээ хоёр жилийн турш хуучин үнээр нь авах боломж олгосон байна.
-2018 оны наймдугаар сарын 20-нд улс оронд өмнөх боливарын зэрэгцээ шинэ бие даасан боливар гэгч валют хэрэглэх болов. Эхлээд 1000:1 хэмээнэ ханш тогтоосон ч үнэн хэрэг дээрээ 100000:1 болж хувирлаа. Бие даасан боливар нь криптовалют “петро”-той 3600:1 ханшаар холбогдох ёстой. Яг тэр өдрөө Венесуэлийн төв банк үндэсний валютын ханшаа 96 хувь унагаж, бие даасан боливарынхаа ханшийг өмнөх боливарын ханшны хамгийн сүүлийн ханшаас доогуур тогтоов. Улмаар валютын хяналт алдагдах нь тэр.
Үйлдвэрүүд хаалгаа барьж, үйлдвэрлэл уналаа
2016 оны тавдугаар сарын 24-нд “Coca-Cola” компани сахар хүрэлцээгүйгээс болоод Венесуэль дэх ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо. Цахилгаан эрчим хүчний хомсдол ч бас нөлөөлсөн.
Дугуй үйлдвэрлэгч “Bridgestone” компани Венесуэль дэх салбараа худалдахаар зарлалаа. “Grupo Corimon” зэрэг үндэстэн дамнасан компаниуд болох “Ford”, “Procter&Gamble”, “Halliburton” тэндэх үйлдвэрлэлээ бууруулж, зарим нь бүр хаагаад, Венесуэльд хөрөнгө оруулахаа зогсоолоо.
Гадаадын бизнес ингэж хорогдохын хэрээр үлдэж байгаа аж ахуйн нэгж компаниудын үйл ажиллагаа, ажлын нөхцөл улам дордож ажилгүйдэл газар аван Латин Америкт ажилгүйдэл дунджаар 7-8 хувь байдаг бол Венесуэльд 30 хувьд хүрлээ.
Ард түмний хүнс, эрүүл мэнд
2017 оны эхээр Засгийн газрын бус байгууллагын явуулсан судалгаагаар Венесуэлийн иргэдийн 75 хувь нь жингээ хамгийн багаар бодоход есөн кг-аар алдсан нь хүнсний хомсдолтой холбоотой гэнэ. Судалгаагаар хүн амын 93 хувь нь шаардлагатай хэмжээний хүнсээ худалдан авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. 2017 оны гуравдугаар сард Венесуэлийн Засгийн газар НҮБ-д хандаж улс оронд нь зайлшгүй байх ёстой эм хэрэгслийн дөнгөж гурван хувь үлдсэн учраас тусламж үзүүлэхийг гуйж байлаа. Эн тэргүүний хэрэгцээт эм бэлдмэл, антибиотик, инсулин, хавдрын эсрэг эмгүй болжээ.
Жирэмслэлтээс сэргийлэх төрөл бүрийн хэрэгсэл хүрэлцэхгүй, олдохгүй болсноос Венесуэльд сайн дураараа үр хөндөх явдал газар авсан байна. Энэ бүхий л хямрал дээд цэгтээ хүрч нийслэл Каракаст ундны усны төлөө тэмцэл болж, төмөр торх, элдэв саванд нөөцөлсөн ус нь хумхаагийн шумуул үржих орчин болсон байна. Улмаар тус улсад хумхаа дэлгэрч, түүнтэй тэмцэх эм бэлдмэл байхгүй байлаа.
Арай дээр газар хайн дүрвэхээс яахав
Эдийн засгийн гүн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэрэг, хүчирхийлэл өсөн нэмэгдсэн нь олон түмнийг тайван амьдрах аргагүй болгон гадаадаад үй олноороо дүрвэж гарахад хүргэлээ. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 2016-2018 оны эхний хагас гэхэд тус улсын 1.6-2.3 сая хүн эх орноосоо дүрвэж Өмнөд Америкийн янз бүрийн улс оронд гарсан байна. Энэ бол албан ёсоор дүрвэн гарсан хүний тоо. Гэтэл хөрш зэргэлдээ орнуудад очин хууль бусаар амьдарч байгаа хэдэн зуун мянган венесуэль хүн байгаа. Ингэж хууль бусаар амьдарч байгаа хүмүүс бол хүний наймаа, бэлгийн боолчлол, боолчол, хууль бус хөдөлмөр, ялгаварлан гадуурхлын золиос болох аюултай хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар анхааруулсаар байгаа.
Венесуэлийн ихэнх дүрвэгч Колумбаар дамжин Эквадор, тэндээсээ Перу, Чили, Боливи, Аргентин хүрдэг. Зөвхөн 2018 оны нэгээс наймдугаар сард Колумб, Эквадорын хилээр Венесуэлийн хагас сая гаруй иргэн нэвтэрсэн байх жишээтэй. 2018 оны наймдугаар сарын 24-нд Эквадор Венесуэлийн дүрвэгсдэд зориулан хүмүүнлэгийн хонгил гаргаж тэднийг Перугийн хил хүргэх боллоо.
Венесуэлийн дүрвэгсдийн өөр нэг чиглэл нь Бразил. 2018 оны нэгээс наймдугаар сард Венесуэлийн 117 мянган иргэн Бразилаас орогнол хүссэн бол 25 мянган хүн албан ёсны дүрвэгчийн эрх авчээ. 2018 оны наймдугаар сарын 6-нд Бразилийн Рорайма мужийн засаг захиргаа Венесуэлийн дүрвэгсдийн цуваа ихэссэнтэй холбогдуулан хилээ хаасан болов ч улсын нь дээд шүүх үүнийг нь тэр даруй өөрчилж цуцалсан байна.
Улс төрийн хямрал
Улс орон нь ийн сүйрч байгаагаас сөрөг хүчин олонх болсон парламент-Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө ээлжит бус сонгууль хүртэлх Венесуэлийн түр цагийн Ерөнхийлөгч хэмээн зарлаж улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан.
Үүний хариуд Николас Мадуро Үндэсний Ассамблейг хүчингүй хэмээн өөрийнхөө талынхнаар бүрдүүлсэн Үндсэн хуулийн ассамблей гэгчийг байгуулан Хуан Гуайдогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Улс орон даяар, хот бүрт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэрэг цагдаагийн хүч хөдөлгөснөөс болж энд тэндгүй, жагсагчид, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч эдийн засгийн хямрал доройтол дээр эмх замбараагүй байдал нэрмэж нэгэн цагт Латин Америкийн тансаг орны нэг байсан Венесуэл сүйрлийн ирмэгт ирээд байна.