Нидерландын Засаг захиргаа “Голланд” гэдэг нэр нь дэлхий дахинаа тус улсын имижийг таагүй харуулж байна гэж үзэн үүнээс хойш энэ нэршлийг хэрэглэхээ болих шийдвэр гаргасан байна. Энд Голланд улс хөнгөн зэргийн мансууруулах бодисыг хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгээрээ Европт төдийгүй Америкт танигдсан болохоор тэр гэнэ. Тийм болохоор тус улсын Гадаад хэргийн яам үүнээс хойш элдэв сурталчилгаа, зурагт хуудсанд зөвхөн “Нидерланд” гэдэг нэрийг хэрэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор урлаг соёл, спортын арга хэмжээнүүд, ялангуяа 2020 онд Токиод болох зуны олимпын тоглолт, Роттердамд болох “Евровидение” дууны наадам зэрэгт зөвхөн Нидерланд гэдэг нэрийг ашиглах болж байна. Тус улсын үндэсний хөлбөмбөгийн баг хүртэл нэрнээсээ Голланд гэдэг үгийг хасах нь.
Нидерландын одоо халж байгаа Голланд гэдэг нэршил нь бүр эртний holt land буюу “Модны орон” гэдэг үгнээс гаралтай, энэ ч нэрээрээ өнөөгийн Европын анхны улсын нэг болж байсан. Ер нь улс орнууд нэрээ өөрчлөх явдал эрт цагт ч байсан. Дэлхий дахины өөрчлөлт, эдийн засаг, газар нутаг, үндэсний онцлог зэргээс шалтгаалаад тухай тухайн үеийн Засгийн газар улсынхаа нэрийг өөрчилдөг байж. Ийм тохиолдол олон байдаг ч цөөн хэдийг энд дурдъя.
Белорусс - Беларусь
Зөвлөлт Холбоот Улсын 15 бүгд найрамдах улсын нэг байгаад тусгаар тогтнолоо зарлан ОХУ-ын хөрш болсон Бүгд найрамдах Беларусь улс энэ шинэ нэрээ 1991 онд зарласан. 1991 оны есдүгээр сарын 19-нд тус улс тусгаар тогтнол, үндсэн хуулиа зарлан тунхагласан юм.
2000 онд Беларусийн Ерөнхийлөгч улсынхаа нэрийг Беларусь гэх үү, эсвэл Бүгд найрамдах Беларусь гэх үү гэдгийг чөлөөтэй сонгохыг үүрэгдсэн. Дорнод славянчууд бүгд найрамдах улсын албан ёсны нэрийг хүлээн зөвшөөрч авсан ч эндхийн орос хэлтнүүдэд өнөө болтол нэг л буухгүй байгаа юм. Хэл шинжээчид бичихэд ч дуудахад ч эерэг байдгаар нь тус улсын нэрийг өмнөх Белоруссия гэдэг албан бус нэрээр нь л ярьж бичсээр байна.
Сиам - Таиланд
Өнөөгийн Тайланд улс тэртээ 1238 оноос 1932 оныг хүртэл гол үндэстнийхээ нэрээр Сиам хэмээн нэрийдэж ирсэн юм. Сиам (Саям Кок) гэдгийг алдарт Ангкорын хийдийн цогцолбор дээрх товгор баримал дотор байгаагаас үзэж болно. Чухам үүгээр Тайландын түүхчид бахархдаг. “Саям” гэдэг үг нь санскритийн Sama буюу “хар, шар, алтан” гэдэг үгнээс гаралтай. Хоёр дахь Кок гэдэг нь Тайландын умард нутгаар урсдаг голын нэр.
Ингэхээр “Саям Кок” гэдэг нь “Кок голын хөндийн алтлаг хар арьс” гэсэн утгатай юмсанж. 1932 оны хувьсгалаар төрийн байгууллыг өөрчилж Үндсэн хуульт хаант засаг тогтоолоо. Ингээд Сиамыг Тайланд хэмээн өөрчилж, иргэддээ Тайландын иргэншил олгосон байна. Гэхдээ хуучны Сиам гэдэг нэрийг гадаадад өнөө хүртэл албан бусаар хэрэглэдэг. Магадгүй муур шиг ч юм уу, залгаатай ихрийг санагдуулдаг ч байж мэднэ.
Цейлон - Шри-Ланка
Цейлон арал тэртээ 1796 онд Их Британийн эзэмшилд орсон ч далайн гүрнүүд Энэтхэгийн далай дахь энэ жижигхэн арлын төлөө тэмцэлдсээр иржээ. Британийн эзэнт гүрэн орон нутгийн захиргааны байгууллагыг өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилснөөр 30 жилийн дараа Цейлон татвар хураахаас ч илүү ашигтай болжээ. Юу гэвэл энд кофены мод суулган талбай байгуулснаар XIX зууны эцэс хүртэл энэ арал Европт кофе гаргадаг гол нийлүүлэгч болж байсан юм. Харин XIX зууны эцэст хорт шавж кофены тариаланг сүйтгэснээр оронд нь цай тариалах боллоо.
Ингээд ХХ зууны эхээр англичууд арал дээр шинэчлэл өөрчлөлт хийж хууль тогтоох, гүйцэтгэх зөвлөл байгуулж, Цейлоны үндэсний конгресс бий болсон байна. Англичуудыг ийм өөрчлөлт шинэчлэл хийж байхад “цайны эзэнт гүрэнд” залуу үе төлөвшин гарч ирж иргэний хөдөлгөөнүүд байгуулан колончлогчдод эсэргүүцлээ илэрхийлэх болов. Улмаар 1948 онд тус улс Цейлоны доминион гэдэг нэртэй болов. Харин өнөөгийн Шри-Ланк нэрийг 1950-иад оны эсэргүүцлийн хөдөлгөөний дараа анхны эмэгтэй Ерөнхий сайд Сирима Бандаранайке сонгогдсон 1960-аад он, Үндсэн хууль баталсан Марксист бослого болсон 1970-аад онд албан ёсоор авсан байна. Гэхдээ дэлхийн түүхнээ Цейлон гэдэг нэр заан бүхий цайны реклам дээр өнөө ч байсаар л байгаа юм даа.
Абиссини - Эфиопи
Европын соёлд Эфиопийн эзэнт гүрэн долоон зууны туршид Абиссини нэрээр үлдэж хоцорсон байдаг. Бүр өмнө XII зууныг хүртэл өнөөгийн Эфиопын нутагт Аксумын хаант улс оршин тогтнож байж. Абиссини гэдэг нэр нь семит гаралтай, “Аксумын хааны харьяат бус” гэсэн утга илэрхийлдэг гэнэ.
1270 онд Соломоновын гүрнийг үндэслэгч Йэкуно Амлаком христийн болон лалын шашинтнуудыг нэгтгэн захиргаандаа аваад эзэнт гүрнээ Абиссини хэмээн нэрлэсэн байна. Энэ нэрээрээ ХХ зуунтай золгоод байтал хаан Хайле Селассие I Британийн армийн тусламжтайгаар хаадын эцэс төгсгөлгүй тоглоом, боолчлол, Италийн колончлолыг эцэс болгон 1940-өөд онд тусгаар тогтнолоо тунхаглав. Ингэж Эфиопи нэртэй болсон ч өнөө болтол Европын түүхнээ хэлэгдсээр байдаг байна.
Бирм - Мьянма
Зүүн өмнөд Азийн энэ орныг Мьянма гэхээсээ ихэвчлэн Бирм хэмээн нэрлэж иргэдийг нь бирмчүүд, хэлийг нь бирм хэл хэмээсээр байна. Энэ нэршил бүр Европын колончлолын үеэс л нэршиж ирсэн. Улсынхаа нэрийг өөрчлөн солих явц удаан үргэлжилжээ. 1948 онд энэ улс тусгаар тогтнолоо зарласан ч Англи шууд бусаар нөлөөллөө хадгалсаар л байлаа.
Үүнээс ч болсон уу, иргэд улсынхаа нэрийг өөрчлөх санаачилга гаргаж, эрх баригчдаас шаардах болжээ. Нутгийн хэлээр “Мья” гэдэг нь “маргад” гэсэн үг санж. Харин Мьянма гэдгийг бол “хурдан”, “хүчтэй” гэж ойлгож болно. Ингээд л 1989 онд улсынхаа нэрийг албан ёсоор сольж Мьянма болгосон байна. Гэхдээ Европт уламжлалт нэрээр нь сурснаараа Бирм гэсээр байгаа юм.
Перс-Иран
Эртний Грекийн бүхий л түүх судар бичигт Ираныг Перс хэмээн бичиж үлдээсэн нь бий. Өнөөгийн Иран улсын оршин байгаа газар нутгийг персүүд эзлэн Персийн эзэнт гүрэн байгуулж байж. Харин 1935 онд Ираны Засгийн газар өөртэй нь дипломат харилцаатай улс орнуудын шахалтаар улсынхаа Перс нэрийг Иран болгон өөрчилсөн байна.
Нэрээ өөрчлөх саналыг Иранаас Германд сууж байсан Элчин сайд гаргаснаар сольж албан ёсоор мөрдөж эхэлжээ.
Дээд Вольт - Буркина-Фасо
Дээд Вольт хэмээдэг энэ улсын нэрийг Ерөнхийлөгч Томас Санкара 1984 оны наймдугаар сард сольсон байна. Францын колонийн үеийн Дээд Вольт хэмээх нэрийг солихдоо тус улсын үндсэн хоёр хэлний Буркина, Фасо гэсэн хоёр нэрийг нийлүүлэн улсынхаа нэр болгожээ. Дээд Вольт гэдэг нь Волт голын нэрээр француудын өгсөн нэр юмсанж.
Буркина гэдэг нь моор хэлээр “шударга хүмүүс” гэсэн утга илэрхийлдэг бол Фасо гэдэг нь пьюле хэлээр “эх орон” гэсэн утгатай. Ингээд Буркина-Фасо гэдэг нь “Шударга хүмүүсийн эх орон” гэдэг утга илэрхийлдэг байна.
Дагомея - Бенин
Баруун Африкийн өнөөгийн Бүгд найрамдах Бенин улсын нутагт Дагомея гэдэг хаант улс оршин тогтнож өнөөгийн Того улсыг бүрэн, Нигерийн баруун өмнөд нутгийг захирч байжээ. Дагомеягийн хаант улс хааныг хамгаалдаг эрэлхэг зоригт эмэгтэй дайчдаараа алдартай байсан гэдэг.
Харин 1975 онд тус улс Матьё Керекугийн удирдлагаар тусгаар тогтнолоо зарласнаас хойш 15 жилийн дараа улсынхаа нэрийг Бенин хэмээн өөрчилсөн байна. Энэ нэрийг Керекугийн шүтдэг марксизм-ленинизмийн сургаалтай нийцнэ хэмээн сонгосон гэнэ.