ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр Оросын Сочи хотноо Сирийн асуудлаар зургаан цаг гаруй ярилцаж Турк улс цэргийн ажиллагаагаа зогсоож, ОХУ Туркийн хил орчим руу цэргээ илгээхээр, харин курдийн отряд тэндээс явахаар тохиролцсон байна.
Хэлэлцээрийн өмнө Сирид юу болсон бэ
Турк аравдугаар сарын 9-нд Сирийн умард нутагт байгаа курдийн отрядуудыг бут цохиж энэ нутгийг цэвэрлээд тийш нь өнөөдөр туркт байгаа дүрвэгсдийг шилжүүлэн суулгах “Энхтайвны эх булаг” цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Энэ ажиллагааны үр дүнд хил дагуу 30 км-ийн аюулгүйн бүс байгуулна гэдгээ Турк зарласан. АНУ тэргүүтэй барууны орнууд энэ ажиллагааг халдлага хэмээн буруушаан АНУ, Турк хоёр аравдугаар сарын 17-нд энэ ажиллагааг тав хоногийн дотор зогсоохоор тохиролцоод байсан юм. Энэ хугацаанд курдууд энэ бүс нутгийг орхих ёстой байлаа.
В.Путин, Р.Эрдоган хоёрын хэлэлцээр хийдэг өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй тохиролцсон тав хоногийн хугацаа нь дуусч байсан, турк ч энэ хугацааг дуусмагц цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж байлаа.
В.Путин, Р.Эрдоган хоёр юу тохиролцов
Сочид хоёр ерөнхийлөгчийн тохиролцсоноор бол Турк цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүйгээр, тулалдаж байсан газар нутаг нь Анкарагийн хяналтад үлдэх юм байна. “Энхтайвны эх булаг” ажиллагаа явуулсан Тель-Абьяд болон Рас Аль Айн хоёрын хоорондох 32 км гүн газар нутаг энэ статустай хэвээр үлдэнэ гэж меморандумд өгүүлжээ. Энэ хоёр хотын хоорондох газар нутаг орйолцоогоор 120 км юм.
Ийм байдлаар Р.Эрдоганы өмнө нь хэлээд байсан Сиритэй залгаа бүхий л хил дагуу аюулгүйн бүс байгуулна гэсэн зорилго нь хараахан биелэхгүй болж байна. Гэхдээ Оросын олон улсын асуудлаарх зөвлөлийн шинжээч Руслан Мамедовын хэлж байгаагаар бол Турк “Энхтайвны эх булаг” ажиллагааны үеэр эзэлсэн нутгаас гадна өмнө нь явуулсан хоёр ч ажиллагааны үед эзэлж авсан хил дагуух өөр газар нутгийг бас хянах болж байгаа гэнэ.
Хэлэлцээрийн дараа Сири дэх ажиллагаа зогсоно
Курдийн “Өөрийгөө хамгаалах ардын отряд”-ын хил дээрх бусад газар нутгийг аравдугаар сарын 23-ны 12:00 цагаас эхлэн тав хоногийн дотор чөлөөлөх ёстой болж байна. Энэ ажиллагааг Оросын цэргийн цагдаа, Сирийн хилийн алба хамтран гүйцэтгэнэ. Курдуудийг гаргаж дуусахаар Орос, Турк хоёр “Энхтайвны эх булаг” ажиллагаа явуулсан газраас хил дагуу баруун зүүн тийш 10 км-ийн гүнд хамтран эргүүл хийнэ гэж меморандумд дурджээ.
Харин Камышлы хотын асуудлыг жичид нь ярьсан байна. Энд бол орос-туркийн хамтарсан эргүүл ажиллахгүй, зөвхөн Сирийн армийн хяналтад байх гэнэ. Манбиж, Таль Рифит хотуудаас курдийн отрядуудыг гаргана, энэ ажлыг Туркийн тал гүйцэтгэх юм байна.
Хэлэлцээрийн эргэн тойронд
АНУ курдуудийн нутгаас цэргээ гаргасны дараагаар Сирийн умард нутагт байсан шоронгуудаас хоёр хоногийн дотор 500 орчим алан хядагч террорист оргон зугтлаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Владимир Путин Орос, Туркийн энэ хэлэлцээр тохиролцоог хууль зүйн үндэстэй гэж байна. Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Фахреттин Алтун энэ хэлэлцээрээ “Манай хоёр талын харилцаан дахь шинэ эрин үеийн эхлэл” гэж нэрлэлээ.
Орос Туркийн хэлэлцээр юунд хүргэх вэ
Өмнө хэлсэн шинжээч Мамедов хэдийгээр Тегеран нь Москвагийн түнш ч гэлээ энэ хэлэлцээрт Ираныг оролцоогүйд анхаарал хандуулж байна. Энэ тохиролцоонд хүрсэн нь Р.Эрдоган улс орондоо амжилтаа зарлаж, нэр төрөө аврах боломж бүрдүүллээ гэж Улс төрийн шинжлэх ухааны газрын багш Леонид Исаев үзэж байна. Орос улсын хувьд цус урсгахаас урьдчилан сэргийлж, хүмүүнлэгийн сүйрэл болохоос зайлсхийх боломж олголоо гэж судлаач Мамедов хэллээ. Түүнийхээр бол Сирийн энэ районд Турктэй хамтран эргүүл хийх нь Сирийн Идлиб мужид ийм тохиролцоо хийхээс амар гэнэ.