Хоёр системийн зааг, хаалт болж байсан Берлиний ханыг нураасны 30 жилийн ойг германчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтлэл материал бичжээ. Яагаад үүнд ийм их ач холбогдол өгөв. Берлиний хана бол бэлгэ тэмдэг. Гэхдээ юуны бэлгэ тэмдэг вэ. Нэг хэсэг нь энэ ханыг буулгасныг дарангуйлагч дэглэм нуран унаж барууны эрх чөлөөнд нэгдсэний бэлгэ тэмдэг гэж байна. Мэдээж ард түмний хөдөлгөөний үр дүнд. Гэтэл өнөөдөр бас бидний ардчилсан Баруун нь эргээд л сөргөлдөөн болж Оросын эсрэг боллоо гэх хүн ч бас байна. Бодит байдал дээр бол 30 жилийн өмнө эрх чөлөөний тухай яриа байгаагүй, зөвхөн мөнгө, өндөр цалингийн тухай л ярьж байсан.
Дэлхийн дайн дууссаны дараа бараг 15 жилийн хугацаанд германчууд БНАГУ, баруун берлин гэсэн хоёр хэсэгт тайвнаар зэрэгцэн амьдарсан. Хагас сая хүн өдөр бүр нааш цааш зорчиж, ажилдаа явж, дэлгүүр хоршоо, ах дүү нарынхаараа орж гарч байлаа. Ингэж байтал зөвлөлтийн талыг баримтлагч БНАГУ-ын санаачилгаар 1961 онд энэ ханыг барьсан. Гол зорилго нь чадварлаг боловсон хүчнээ баруун руу алдах явдлыг зогсоох гэсэн байна.
Мэдээж мэргэжил чадвартай германчууд өндөр цалингийн төлөө баруун руу зугтан гарч байсан л даа. Зөвхөн 1961 онд гэхэд л 200 мянган хүн баруун руу гарч явсан байдаг.
Хана босгосон нь
1961 оны наймдугаар сарын 12-ны бямба гаргаас 13-нд шилжих шөнө Берлиний хана босгох ажил эхэлжээ. Шөнө дундаас өмнөхөн Берлиний гарнизоныг түгшүүрээр босгож хотыг хоёр хувааж байсан хил орчмыг цэргээр бүслүүлсэн байна. 13-ны өглөө зүүн германы иргэд ерийнхөөрөө л баруун хэсэг рүү ажилдаа явах гэтэл цэрэг цагдаагийн эргүүлүүд зогсоон нэвтрүүлсэнгүй. Наймдугаар сарын 15-нд берлиний метроны дөрвөн шугам, төмөр замын хэд хэдэн шугамыг хаалаа. Улмаар берлиний иргэд хотоор чөлөөтэй зорчих аргагүй болов. Хилийн ойролцоох орон сууцны байшингуудын баруун руу харсан цонхнуудыг тоосгоор битүүлэн хааж, хожим нь бүр буулгасан байна. Нийт 193 гудамжийг хааж зорчихыг хориглолоо. Телефон шугамыг мөн тасаллаа. Хана босгох ажил 1962-оос 1975 оныг хүртэл үргэлжилсэн байна. Эхлээд бетон блок, тоосгоор барьж байсан бол 1960-аад оны дундаас илүү нарийн технологиор бүтээсэн байгууламж ашиглах болжээ.
Гурван метр 60 см өндөртэй энэ хана зөвхөн баруун зүүн Берлинийг тусгаарлахын зэрэгцээ баруун Берлинг БНАГУ-ын газар нутгаас тусгаарлж байсан юм. Нийтдээ 155 км урттай энэ хилийн 43 км нь Берлин хотыг тусгаарлаж байсан бол баруун Берлинийг тойроод 112 км хил байжээ. Хилийн 200 метр тутамд хилчдийн цэг байдаг байж. Нийт ханын дагуу “Зогс!. Хилийн бүс. Нэвтрэхийг хориглоно” гэсэн бичиг хадаастай.
Зугталт, золиос
Зүүн буюу Ардчилсан Германы Засгийн газрын мэдээлснээр хана даван баруун руу зугтаах гэж оролдож байгаад цэргүүдэд буудуулан амь алдсан хүн 125 гэдэг. БНАГУ-ын Аюулгүй байдлын яамны архивт 1973 оны аравдугаар сарын 1-нээр огноолсон зугтах гэж оролдсон хэнийг ч болов, хүүхэд ч байсан бууд гэсэн тушаал байсныг Би-би-си 2007 оны наймдугаар сарын нэгэнд олж мэдээлсэн. Улмаар Би-би-си хана даван зугтаах гэж байгаад амь үрэгдсэн хүний тоог 1245 гэж мэдээлсэн юм. Өөр нэг мэдээгээр бол хана хоёр германыг тусгаарлаж байсан 28 жилийн хугацаанд 645 хүнийг буудан хороосон гэдэг. Хил давах гэсэн хүмүүс болон, баруун германы зүгээс буудсан суманд өртөж БНАГУ-ын найман хилчин амь үрэгдсэн байдаг.
Оросын их нэвтэрхий тольд амь үрэгдэгсдийн тоог 192 гээд 200 орчим хүн шархадсан бол 3000 гаруй хүнийг хил давах гэсэн хэмээн баривчилсан гэж бичжээ. Хамгийн анх 1961 оны наймдугаар сарын 24-нд 24 настай Гюнтер Литфинийг хил давах гэсний нь төлөө буудан хөнөөсөн. 1961 оны арваннэгдүгээр сарын 9-нд зүүн германаас зугтах гэсэн хүнд тусалж байсан австрийн оюутан Дитер Вольфарт буудуулан шархны улмаас нас барсан байна. 1966 онд БНАГУ-ын хилчид хана давах гэж байсан 10, 13 настай хоёр хүүхдийг буудан хөнөөсөн байна. Хамгийн сүүлд 1989 оны хоёрдугаар сард мөн хана давах гэж байсан Крис Геффройг хилчид буудаж алсан байдаг. Харин хана давж баруун руу зугтаах гэсэн оролдлогын төлөө БНАГУ-ын эрүүгийн хуулиар 10 жилийн хорих ял оноодог байжээ.
Ханыг нураасан нь
Харин яагаад 1989 онд энэ ханыг нураасан бэ. Германы хөрш Унгар өөрчлөн байгуулалтынхаа явцад Австритай хилээ нээлээ. Ингэхээр зүүн германы иргэд Унгараар дамжин ХБНГУ руу гарах болов. Берлиний хана дүрвэгсдийг хорих үүргээ биелүүлж чадахаа болилоо. Ингээд л 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд жагссан олон баруун руу нэвтрэх шалган нэвтрүүлэх цэг нээхийг шаардаж, Ардчилсан Германы цэргүүд ч биелүүлэхээс аргагүй болсон юм.
Улмаар хоёр герман нэртэй нэг үндэстний 28 жилийн турш тусгаарлаж байсан хана ямар ч хэрэггүй болох нь тэр. Ханыг нураахад тэр жагсаал, ялалтын туг, дуулиан, ер нь ямар ч хувьсгал хэрэггүй байлаа. Үүнээс нэг жилийн дараа гэхэд ханын хоёр талд байсан хоёр Герман нэгдсэн юм.
Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтын далбаан дор БНАГУ-д ч бас шинэчлэлийн салхи сэвэлзэж нам төрийн удирдлагууд нь огцорч эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 4-нд Берлинд үг хэлэх жагсч цуглах эрхээ эдлэхийг шаардсан олон нийтийн цуглаан болсон байна. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд БНАГУ-ын төв телевиз “Баруун Берлин рүү нэвтрэх хаалга нээе” гэсэн мэдээлэл дамжууллаа. Зүүн Берлиний 20 мянга орчим иргэн хана руу дайрч нөгөө талаас нь бульдозер, трактор, эксватор ажиллан ханыг нурааж эхэлсэн байна.
1989 оны арваннэгдүгээр сарын 9-ний 19 цаг 34 минутад БНАГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Гюнтер Шабовски телевизээр хэвлэлийн бага хурал зарлаж эх орноосоо гарч явах, орж ирэх шинэ дүрэм гаргахаа танилцуулжээ. Эндээ удахгүй Баруун Берлин рүү нэвтрэх виз олгоно гэсэн байна. Хэдэн зуун мянган герман хүн үүнийг хүлээсэнгүй тэр өдрөө л Берлиний ханын дэргэд цугларчээ. Ямар нэг тушаал аваагүй хилчид усан буу ашиглаж тэднийг тараахыг оролдсон ч амжилт олсонгүй олны түрэлтэд шахагдан аргагүйн эрхэнд хилээ нээхэд хүрсэн байна. Ингэж хоёр германы иргэд тэврэлдэн уулзах нь тэр.
“Берлиний хана” дурсгалын цогцолбор
Нэг үндэстэн, хоёр германыг зааглаж байсан “Берлиний хана”-ын дурсгалд зориулан 2010 оны тавдугаар сарын 21-нд дурсгалын цогцолборын эхний хэсгийг нээсэн байна. Үүнийг “Дурсгалын цонх” гэж нэрлэжээ. Энэ нь баруун руу зугтах гэж Бернауэр гудамжны байшингаас цонхоор үсрэн гарч байсныг дурссан хэсэг. Ингэж үсрээд амь үрэгдэгсдийн хар цагаан зургийг наасан тонн орчим жинтэй гангаар хийсэн хөшөө. Нийт дөрвөн га газар эзэлдэг “Берлиний хана” цогцолборыг Берлиний сенат 28 сая еврогоор санхүүжүүлэн босгосон гэдэг.
Өнөөдөр
Гэхдээ зүүн германы иргэдийг өнөөдөр ч барууныхан өөрөөр хардаг хэвээрээ. “Биднийг арай л цагаачид, хоёрдугаар сортын улс гэх нь халгүй байдаг. Энэ чинь нэг үндэстэн нэгдсэний үр дүн гэж үү. Уг нь бид өнгөрсөн үеэ хамтраад өөрчлөх ёстой. Бидэнд өөр өөрийн хүүхэд нас гэж байсан, одоо бүхнийг шинээр эхлэх ёстой гэдгийг баруун герман ойлгох ёстой” гэж Андреас Келльнер ярьж байна.