АНУ Ирак руу пуужингаар харваж Багдадын ойролцоо Ираны генерал Касем Сулейманы амийг хөнөөсөн нь өнгөрч байгаа долоо хоногт дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байлаа. Энэ дайралтыг Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрээр гүйцэтгэсэн гэдэг. Үйл явдлын дараагаар Иран генералыг хөнөөсний хариуг хатуухан авна гэдгээ мэдэгдээд түүнийг хөнөөх тушаал өгсөн Дональд Трампын толгойг 80 сая доллароор үнэлж, алсан хүнийг шагнах энэ мөнгөө ираны иргэн бүрээс нэг доллар цуглуулж босгоно гэдгээ зарлалаа.
АНУ ч хариуд нь чимээгүй байсангүй, бид өөрсдийгөө, булангийн орнууд дахь цэргийн баазууд, америкийн иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс батлан хамгаалах зорилгоор Ираны генералыг хөнөөсөн гээд манай байгууламж, баазуудад халдах юм бол тус улсын 52 байгууламж, үүний дотор соёлын байгууламжуудыг харвана гэж мэдэгдээд байна.
Өчигдөр өглөө Иракийн баруун нутаг дахь Айн аль-Асад дахь америкийн нисэх хүчний бааз, Эрби дэх обьект руу Иран арав орчим пуужин харвалаа гэж Пентагоны олон нийттэй харилцах албаны орлогч Жонатан Хоффман мэдээллээ.
Энэ үйл явдал, үүний дараа өрнөж байгаа нөхцөл байдлыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн бичиж байна вэ. “К.Сулейманыг хөнөөх тушаалыг Д.Трамп өөрөө Флорида дахь гольфын талбай дээр байхдаа тун хурдан өгсөн нь одоо Ойрхи Дорнод дахь тэдний бодлогыг эрс өөрчлөхөд хүргээд байна” гэж олон шинжээч Д.Трампын энэ шийдвэрийг өмнө нь байсан “битүү дайн”-аас гарч, нөхцөл байдлыг эрс өөрчиллөө гэж байна.
“New York Times”, АНУ
Д.Трампын сүүлийн гурван жилд Иран, Сири, Йемен, Афганистантай харилцаж ирсэн туршлагаас үзэхэд Америкийн Ерөнхийлөгчид дайн ба энхийн асуудал, гарах үр дагаврыг анхааралтай харна гэсэн хангалттай баримт нотолгоо алга байна”. Есдүгээр сарын 11-ний дараах жилүүдэд конгресоос Ерөнхийлөгчид олгосон дайн хийх эрх нь ертөнцийн аль ч өнцөгт хүн алж, агнах технологийн шинэ шинэ ололт бүтээж ашиглахад хүргэж байна.
Генерал К.Сулейманыг хөнөөсөн нь Ирантай хийж байсан өргөн хүрээтэй яриа хэлэлцээрийн үргэлжлэл гэж харж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ ажиллагаагаа баасан гарагт тэр АНУ, Ираны хоорондох хурцадмал байдал хяналтаас гарчихгүй байх баталгаа болсон зайлшгүй ажиллагаа гэж тайлбарлахыг оролдсон. Ерөнхийлөгч Флорида дахь Палм-Бичийн амралтад үг хэлэхдээ генерал К.Сулейман аллага халдлага хийхээр санаархаж байсан учраас бид түүнийг хэргийн газар дээр нь барьж устгасан гэснийг генерал үнэхээр олон жилийн туршид ямар аюул заналхийлж байсныг засаг захиргааных нь ажилтнууд батлаагүй л байна.
“The New Yorker”, АНУ
К.Сулейманы үхэл нь Ираны дэглэмд хүнд цохилт боллоо. Тэр бол Ираны гадаад бодлого, цэргийн хүрээний гол төв нь болж байсан төдийгүй хувьсгалын нь гол тулгуур гэгдэж байсан юм. 1979 оноос хойш Ираны стратегийн гол бодлого нь гадаадын дайснаас, ялангуяа АНУ-аас хамгаалах явдал байсан. Сая гаруй хүний амийг хөнөөсөн болон иранчууд АНУ болон холбоотнуудыг ямар ч үндэслэлгүй буруутгаж байсан өнгөрөгч зууны 1980-аад оны иран-иракийн дайны үеэс л К.Сулейман энэ бүс нутагт тодорсон юм.
Д.Трампын засаг захиргаа К.Сулейманыг хөнөөсөн нь урьдчилан таамаглаагүй байсан өргөн хүрээний сөргөлдөөн дагууллаа. Ираны дэглэм Америкийн цохилтын хариуг өгөхгүй байна гэж юу л бол, тэд үүнийг заавал хийнэ. Хамгийн аюултай зүйл бол иранчууд ямар хариу өгнө, тэр үед АНУ бас тийм хариу барих болно. Ингээд л дайн эхэлнэ”
“Аль-Жазира”, Катар
Үндэсний гашуудал дууссаны дараа Иран хариу авах гэх болов уу. Ираны хувьд дэлбэрэлт үйлдэх, хүн хулгайлах, кибер дайралт гээд хариу авах олон арга, сонголт байгаа. Эдний аль нэгийг Иранд хамгийн ойр байгаа газарт, яг л Саудын Арабын нефтийн орд газарт халдсан шиг үйлдэж мэднэ. Энэ бол Ирак, Сири, Ливанд байгаа АНУ-ын байрлалуудад халдаж мэднэ гэсэн үг. Энэ үйл явдлыг улстөрчид Иракийн талаарх бодлогод Ираны үүрэг хадгалагдаж байгаа явдал гэж магадгүй юм. Өнөөгийн энэ их сэтгэл хөдлөл, цочролын үед дипломат алсын хараа үнэхээр дутаж байна.
Энэ долоо хоногт хоёр тал цөмийн хэлэлцээрт эргэн орох гэж байна гэсэн цуу яриа тарж байна. Үүнийг АНУ-ын саяны дайралтыг зөвтгөж байгаа Европын орнууд, ялангуяа Герман мэдэгдэж байна. Гэтэл 2015 онд гарын үсэг зурсан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай талууд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөнөөс Иран улс гараад ямар нэг хэмжээгээр уран баяжуулаад эхэлчихсэн байгаа шүү дээ. Ойрын өдрүүдэд дайн самуун, сөргөлдөөнд уриалж, бүс нутагт дайн өдөөх гэсэн хүмүүсийг тайван байдал, дипломат аргаар ялах л хамгийн чухал байна.
Энэ их сөргөлдөөнийг зогсоохын тулд наад зах нь АНУ Ирак дахь аллагаасаа татгалзах ёстой. Дээр нь Иран ч, АНУ ч аль аль нь өшөө авах, хүчирхийлэл үйлдэх замаар бүс нутагт дайн өдөөх гэсэн элдэв уриалгыг сонсохгүй байх хэрэгтэй байна.
“Forbes”, АНУ
“Өнөөдрийн Ойрхи Дорнод дахь Иран-Америкийн энэ сөргөлдөөн юуг харуулж байгааг геополитикийн шинжээчид таах гэж чармайж байна. Нэг хэсэг нь ихээхэн хүчтэй мөргөлдөөн болно гэж батлахыг оролдож байгаа бол нөгөө зарим нь АНУ-ын энэ зоримог ажиллагаа Ираныг номхруулна гэж байна.
...Гэхдээ л бид Ираны зүгээс үйлдэж мэдэх кибер аюулгүй байдлаа хангах хүрээнд зарим талаар бэлэн байх ёстой. Тегераны ойрын өдрүүдэд барих гээд байгаа хариугийн нэг хэсэг нь кибер орон зайгаар дамжих үйлдэл байж мэднэ. Үүнээс гадна Иран улс АНУ-тай сөргөлддөг орос, хятадын кибернетикийн хүчнийг дэмждэг.
Ийм ажиллагаа нь Америкийн нийгэм олон нийт болон, Иранд цэргийн хүчээр нөлөөлдөг бусад орнуудад суртал ухуулгын томоохон ажиллагаа байж болно. Бид зөвхөн улс орондоо юм уу, холбоотнуудад учирч болзошгүй халдлага дайралтад бэлэн байх төдийгүй, олон улсын сөргөлдөөнд байдаг хэм хэмжээнээс гадуурх шинэ төрлийн “дайралтад” бэлэн байх ёстой. Ийм дайралт бол цэргийн баазаас эхлээд санхүүгийн зах зээл, эрчим хүчний сүлжээ, дэд бүтцийн бусад чухал обьектуудад аюул учруулж мэдэх юм.
“Би-би-си”, Их Британи
К.Сулейман бол Ираны цэргийн хамгийн хүчирхэг төлөөлөл, өнөөдөр Ойрхи Дорнодын орнуудын хүсэл тэмүүллийн удирдагч, дайн энхийн асуудалд хамаатай бүхнийг хариуцдаг гадаад хэргийн сайд л гэсэн үг. Тэр яг л тусгай үүргийн цэргийн командлагч шиг энэ бүс нутагт нууц ажиллагаа, босогчдын сүлжээ гээд бүхнийг удирдаж чиглүүлдэг хүн. Тэр бас Ираны дотоод улс төрийн бодлогыг командалж, дээд тэргүүний дараагийн хүнд тооцогдож байлаа.
Буурал үс, богинохон тайрсан сахалтай энэ генерал өөрийнхөө дайчдын дунд жинхэнэ баатар, харин дайснуудынх нь хувьд ёстой гамшиг байсан. Өөрийнх нь хүч рүү дайрч, олон нийтийн сүлжээгээр дуулиан болсон энэ ухаалаг, зальжин дайснаа хөнөөх боломжийг АНУ-ын албаны хүмүүс олон жил судалсан. “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг оруулаад үеийн үед түүнийг онилсоор байсан ч тэр амьд үлдсээр байсан юм.
Ираны албаны хүмүүс генералыг хөнөөсөн явдлыг “хатуу шийтгэл” хүлээх ёстой дайны үйлдэл гэж байна. Үүнд хариу барих олон арга Иранд бий, тэр цагт удаан үргэлжилсэн хямрал, шууд л цоо шинэ, гэхдээ илүү аюултай арга хэлбэрт шилжиж орно доо.