Ц.ХАС
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, “Forbes” сэтгүүлийн 2011 онд гаргасан жагсаалтаар манай гаргийн хамгийн их эрэн сурвалжилж байгаа 10 гэмт хэрэгтний гуравдугаарт Энэтхэгийн хар тамхины наймаачин Давуд Ибрагимын нэр орсон байна. Зохион байгуулалттай аллага, дээрэм тонуул, хар тамхины наймаа, терроризм хууль зөрчсөн бусад үйлдлүүдээр буруутгагдаж байгаа энэ эр 1955 онд Энэтхэгийн Мумбаид төрж 1970-аад онд гэмт хэргийн D-Company бүлэглэлээ байгуулсан гэдэг.
2003 онд Энэтхэг, АНУ-ын Засгийн газар Давуд Ибрагимыг 1993 онд Бомбей хотод болсон дэлбэрэлтийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзээд олон улсын террорист хэмээн үзэж, түүнийг эрж хайх, олоход тусалсан хүнийг 25 сая ам.доллароор шагнахаа зарлаж байсан. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 6.7 тэрбум ам.доллар гэж гаргасан байдаг.
Амьдралынх нь эхний жилүүд
Давуд Ибрагим 1955 оны арванхоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн Ратнагири буюу өнөөгийн Махараштра мужид мусульман гэр бүлд төржээ. Түүний эцэг нь цагдаагийн дарга, эх нь гэрийн эзэгтэй байж. Ибрагим эхлээд Ахмед Сейлорын дунд сургуульд орсон ч төдөлгүй орхисон гэдэг. Тэрбээр Донгри хотод Хажи Мастаны гэмт хэргийн бүлэглэлд элссэн ч 1970-аад онд өөрийн ах Шабир Ибрагимтай гэмт хэргийн D-Company бүлэглэл байгуулсан байна.
Давуд Ибрагимыг өнөөдөр Африк, Ази, Дундад Дорнодод ихээхэн хөрөнгө эзэмшдэг брокеруудад шахалт дарамт үзүүлэн харилцан тооцооны үндсэн дээр хууль бус санхүү-тооцооны тогтолцооны ихэнх хэсгийг хянадаг гэж үздэг. Санхүүгийн ихэнх ажиллагаагаа Энэтхэгт явуулдаг байна. Ийм ч учраас АНУ-ын Сангийн яам Давуд Ибрагимыг террорист хэмээн зарлаж Гадаад активд хяналт тавих газраас түүнтэй ажилладаг АНУ дахь санхүүгийн байгууллагуудыг хааж, түүний эзэмшдэг гэж үзсэн активуудыг нь хурааж байсан юм.
Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африкийг хэрсэн хууль бус наймаа, ялангуяа алан хядагч “Аль-Кайда” байгууллагын ашиглаж байгаа хил давуулсан наймааны маршрут, гэмт хэргийн бүлэглэлийн мэдээллийг нь байнга мэдээлж байдаг учраас түүний үйл ажиллагааг АНУ-ын Сангийн яам байнга хянан мөрддөг байна. АНУ-ын Сангийн яамны мэдээллээр Давуд Ибрагимын гэмт хэргийн бүлэглэл хар тамхийг Их Британи болон баруун Европын орнуудад их хэмжээгээр нийлүүлдэг гэнэ. Давуд Ибрагимыг алан хядагч “Аль-Кайда” бүлгийн тэргүүн Осама Бин Ладентэй холбоотой байсан гэсэн мэдээлэл бий.
1990-ээд оны сүүлчээр Давуд Ибрагим Афганистанд очиж лалын “Талибан” хөдөлгөөнд дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Ер нь гэмт хэргийн D-Company бүлэглэлийг эмх замбараагүй байдал үүсгэх, террорист ажиллагаа, иргэдийн дуулгаваргүй байдлыг өдөөж Энэтхэгийн Засгийн газрыг тогтворгүй болгох зорилготой гэж үздэг. АНУ-ын Засгийн газар 2006 онд НҮБ-д хандаж энэ байгууллагын гишүүн бүх улс орон Давуд Ибрагимын бүхий л активыг царцааж түүнийг улс орондоо нэвтрүүлэхгүй байхыг уриалж байлаа.
Давуд Ибрагимыг террорист байгууллагуудтай холбоотой хэмээн сэжиглэж, 2002 онд Лашкаре-Тайбагийн зүгээс Энэтхэгийн Гужаратад хурдан галт тэрэг рүү халдаж 58 хүний амь нас хөнөөсөн хэт даврагчдын үйл ажиллагааг санхүүжүүлсэн гэж үздэг. 2006 онд Энэтхэгийн Засгийн газар Пакистанд хамгийн их эрэн сурвалжилж байгаа 38 гэмт хэрэгтний нэрс хүлээлгэн өгсний дотор Давудын нэр байжээ.
2006 оны арваннэгдүгээр сарын 21-нд Давуд Ибрагимын гэмт хэргийн бүлэглэлийн арван гишүүнийг баривчилж Арабын нэгдсэн Эмиратаас Энэтхэгт шилжүүлсэн байна. Давуд Ибрагимыг Мумбайд болсон 166 орчим хүний аминд хүрч, 600 шахам хүнийг шархдуулсан террорист цуврал халдлагыг санхүүжүүлж материал, техникийн тусламж үзүүлсэн гэж India Today сонин 2008 онд мэдээлж байлаа. 2013 онд Балбын Засгийн газар Давуд Ибрагимтай холбоотой 224 хүн, 64 байгууллагын активыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлынхаа хүрээнд царцаасан байна.
Бомбей дэх дэлбэрэлт
1993 оны гуравдугаар сард Энэтхэгийн Бомбей хотод бөмбөг дэлбэлсэн хэргийг Давуд Ибрагим зохион байгуулсан гэсэн яриа тархсан. Мөн оны гуравдугаар сарын 12-нд Бомбей хотын олон хүнтэй худалдааны төв, захуудад тэсрэх бөмбөг ачаалсан 13 машин дэлбэлсний улмаас 257 хүн амь үрэгдсэн юм. 2003 онд Энэтхэг, АНУ-ын Засгийн газар Давуд Ибрагимыг олон улсын террорист, алан хядагч гэж нэрлэснийг Энэтхэгийн Ерөнхий сайдын орлогч Лал Кришна түүхэн үйл явдал гэж тэмдэглэжээ.
2017 оны зургадугаар сард Энэтхэгийн улстөрч, хуульч Рам Жетмалани Бомбейд болсон дэлбэрэлтийн дараа Давуд Ибрагим над руу утасдаж, “Энэтхэгт, шүүхийн өмнө очиход бэлэн байна. Гэхдээ цагдаагийнхан өөрийг нь тамлахгүй байх болзолтойгоор” гэсэн хэмээн мэдэгдсэн байдаг. Рам Жетмалани энэ мэдээллээ улс төрийн нэртэй зүтгэлтэн Махараштр Шарад Паваруд дамжуулсан ч эрх баригчид Ибрагимын саналыг хүлээн аваагүй гэдэг.
Энэ бүхнийг Энэтхэгийн улстөрчид Ибрагимын аюулгүй байдлыг хангахаас татгалзсан нь түүний өгөх мэдүүлэгт өөрсдийгөө дурдагдахаас айсантай холбоотой гэж мэдэгдсэн.
Одоо Ибрагим
хаана байна вэ?
Олон улсад хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Давуд Ибрагимыг өнөөдөр Пакистанд амьдарч байгаа гэдэг. Дараа нь түүнийг Арабын нэгдсэн Эмират руу явсан гэж зарим эх сурвалж хэлдэг. Энэтхэгийн Засгийн газрын баталж буйгаар Давуд Пакистан-Афганистаны хил давсан болохоор Пакистаны тагнуулын алба Америк-Энэтхэгийн терроризмтой тэмцэх хамтын ажиллагаанд болгоомжтой ханддагаасаа болоод түүний хойноос нэг их хөөцөлдөөгүй байна.
Энэтхэгийн депутат Харибхай Партибхай Чаудхари 2015 оны тавдугаар сарын 5-нд парламентын доод танхимын хуралдаан дээр Давуд Ибрагимын байгаа газар тодорхойгүй байна гэж мэдэгджээ. Гэтэл удалгүй тавдугаар сарын 11-нд Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Раджнатх Сингх бас парламентын хуралдаан дээр Давуд Ибрагим Пакистанд байгаа, түүнийг Энэтхэгт авчирна гэж мэдэгдсэн гэдэг.
Мөн 2015 оны наймдугаар сарын 22-нд Энэтхэгийн Times Now телевиз Давуд Ибрагим Карачи мужид байна гэж мэдээлээд нэг эмэгтэй, өөрийгөө Давудын эхнэр гээд “тэр унтаж байна” гэж хэлж байгаа дуу бичлэгийг дамжуулсан байна. Гэсэн атлаа дахиад өөр нэг бичлэг дээр өнөөх эмэгтэй Давудтай танил гэдгээ няцаагаад, ийм нэртэй ямар ч хүнийг танихгүй гэж байжээ.
2015 оны наймдугаар сард Энэтхэгийн Засгийн газар Давуд Ибрагимыг Пакистанд есөн харштай, гурван ч паспорттой гээд, түүнийг шилжүүлж өгөхийг шаардсан байдаг.
Гэр бүл
Давуд Ибрагимын эхнэрийг Мехжабин Шейх гэдэг. 2006 онд түүний охин Махрух Ибрагим Пакистаны крикетийн нэрт тамирчин Жавид Миандадын хүү Жунаид Миандадтай гэрлэсэн. 2011 онд Давудын 24 настай охин Мехрин Америк пакистан гаралтай Аюбатай гэр бүл болжээ.
Мөн тэр жил хүү Мойн нь Лондонгийн бизнесмений охин Санийтай гэрлэсэн байна. Давудын ах Икбал Каскар болон ойрын хэд хэдэн хүн нь одоо ч Мумбайд амьдардаг гэнэ. Энэтхэгийн иргэд Давуд Ибрагимаас айж бас хүндэлдэг байна.
1986 онд болсон Шаржийн цомын төлөөх аваргын төлөөх тоглолтын өмнө Энэтхэгийн багийн хувцас солих өрөөнд Давуд Ибрагим орж ирээд хэрвээ Пакистаны багийг ялах юм бол багийн тамирчин бүрт автомашин өгнө гэж амлаж байсан гэж крикетийн тамирчин Дилип Венгскаркар 2013 онд дурссан байдаг.
Харин Энэтхэгийн Засгийн газар мафийн энэ том эзний эсрэг өргөн хэмжээний дайн хийхийг хүсэхгүй байсан ч 1993 онд Бомбейд болсон цуврал халдлагын дараа байр суурь нь өөрчлөгдөн, АНУ-тай хамтран эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Ийм байдлаар Энэтхэгийн эрх баригчид Давудын нөлөөн дор байгаа лалын хэт даврагчдад цохилт өгөхийг эрмэлзэж байгаа гэж болно.