Ц.Хас
2008 оны оны наймдугаар сарын 8-нд Оросын цэргийн нисэх хүчин Гүржийн Цхинвали, Гори хотуудын ойролцоох Гүржийн байрлалыг агаараас дайрлаа. Үүнийгээ Оросын тал гүржүүд Өмнөд Осетид цэргийн хүчээр дайрах гэж байна гэж тайлбарлав. Дмитрий Медведев бас Өмнөд Осетид байгаа орос иргэдээ хамгаалж байна гэж мэдэгдэв. Ингээд хоёр хоногийн дотор Оросын цэрэг Поти, Кутаиси, Гори гээд Тбилисээс ердөө 36 км газар дахь байрлалуудыг эзэлжээ.
Гүржийн улс төр судлаач Гела Васазе Оросын 2008 оны түрэмгийлэл зүгээр нэг тохиолдлын зүйл байгаагүй гээд “Орос улс Гүржтэй дайн хийх гэж бүр 2007 оны намраас эхлэн бэлтгэсэн. Цэргийн хүчээ татах дэд бүтцээ боловсронгуй болгож, Кавказад хээрийн сургууль хийн, техникүүдээ татаж байрлуулсан. Гэлээ ч тэд Тбилисийг авч чадаагүй. Оросууд тэртээ 1921 оных шиг Гүржийн арми, Засгийн газар зугтааж өөрсдөө Тбилисийг тун амархан эзэлж чадна гэж бодож тооцоолж байв. Ганцхан гүржийн цэргүүд Тбилисийн дэргэдэх байрлалаа бэхжүүлэн тулаанд бэлтгэж байлаа. Ингэж байтал ч гал зогсоох гэрээ байгуулсан. Балтийн орнууд, Украин улсууд Гүржийг дэмжиж байсан юм. Харамсалтай нь Гүржид тохиолдсон явдал тун удалгүй Украинд тохиолдсон юм даа.
Гела Васазе бас 2008 онд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анх удаагаа мэдээллийн дайн эхлүүлж, тэдний энэ хар сурталчилгааг барууны зарим хэвлэл ч давтаж байлаа. Энэ дайны гол ялгаа нь Украины Крымыг Орост нэгтгэсэн бол, Абхаз, Өмнөд Осет арай Орост нэгдээгүй.
Ер нь В.Путины дэглэм хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүхий л орон зайд өөрийн хяналт нөлөөллөө тогтоох гэж хичээж байгаагийн хоёр том жишээ бол энэ. Эзэнт гүрний шинэ бодлогоо Гүржид анх удаагаа туршиж үзсэн нь тэр. Тэгэхэд харин хөрш улс руугаа цэргийн хүчээр довтолсон Оросын эсрэг элдэв хориг тавиагүй юм. Одоо энэ бодлогоо Украинд үргэлжлүүлж байгаа гэжээ.
Сэтгүүлч Олег Панфилов Гүржийг ингэж хувааж тусгаарласнаар Украиныхаас илүү гамшиг буюу дүрвэгсэдийн хямрал эхэлсэн гэж бичиж байна. “Украинд болж байгаа дайн нь Гүржийнхээс ялгаатай нь эзлэгдсэн Донбассын иргэд тэндээ л амьдарч байгаа. Гэтэл тэр цагт Абхазын хүн амын 60 хувь нь гэр орноо орхин дүрвэсэн. Тэд хүүхэд нас, өвөг дээдсийн шүтээн, шарилаасаа салж хагацсан. Хэзээ нэг цагт тэд гэр орондоо эргэн очно гэж найдсаар л байгаа” гэжээ.
Гүржийн сэтгүүлч Тенгиз Аблотия улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ гэдэгт тун итгэл муутай ханддаг нэгэн. “Абхаз, Өмнөд Осетийг эргүүлэн авах механизм Владимир Путиныг амьд байгаа цагт байхгүй дээ” гэж тэр хэлсэн байна.
Оросын түрэмгийллийн дараагаар Абхаз, Өмнөд Осетийг эргүүлэн авах тухай яриа бол хийсвэр яриа, гэхдээ яах вэ өөрийгөө тайвшруулсан яриа юм биз дээ. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сэргээх тухайд бид ёстой тэмдэглэгээ л хийх юм даа.
Одоо Владимир Путиныг амьд байхад бол Абхаз, Өмнөд Осетийг эргүүлэн авах найдлага тун бага. Тэгээд ч одоо Өмнөд Осети аль хэдийнээ оросын жинхэнэ бүс нутаг болж орос мөнгө хэрэглэж, тийшээ орос жуулчид ирцгээдэг болчихлоо. Гүржийн Засгийн газрын хувьд оросыг уурлуулчихгүй юм сан гэсэн хоёрдмол байр суурьтай байна гэсэн байна.
ОРОСЫН ЦЭРЭГ ДОНБАССТ УКРАИНЫ ЭСРЭГ БАЙЛДАЖ БАЙГААГ НОТЛОХ Долоон ЖИШЭЭ
ОХУ Крымыг бүх нийтийн санал асуулга гэгчээр өөртөө нэгтгэсний дараа украины зүүн өмнөд нутаг Донбасст Донецкийн, Луганскийн бүгд найрамдах улс гэгч өөрсдийгөө тунхаглан салан тусгаарлахад орос ихээхэн үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч энд болж байгаа цэргийн мөргөлдөөнд оросууд, оросын цэрэг оролцож байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсээр байгаа. Орос улс үүнийг байнга няцаадаг ч “Радіо Свобода” украины дорнод хэсэгт болж байгаа байлдааны ажиллагаанд оросын цэрэг оролцож байгааг нотлох дараах тодорхой долоон жишээг дурдсан байна.
Десантын арван цэрэг
2014 оны наймдугаар сарын 24-нд Донецк мужийн Зеркальный суурингийн ойролцоо Украины хүчний байгууллагынхан Оросын десантын 10 цэргийг хувийн бичиг баримт, зэвсэг хэрэгсэлтэй нь саатуулсан байна. Тэд Оросын Зэвсэгт хүчний агаарын десантын Свирийн 98 дугаар дивизийн 331 дүгээр хорооны цэргийн албан хаагч гэсэн бичиг баримттай, тэд ч өөрсдөө үүнийгээ баталж өчсөн байдаг.
Оросын десантын дайчид Дон дээрх Ростовын районд болох хээрийн сургуульд оролцох, төмөр зам дээр очих тушаал авснаа хэлсэн байна. Тэд буух газартаа очоод байлдааны машинуудын дугаарыг цагаанаар будаж, энэ нь сургуулилтын үед салаа салбаруудыг ялгах юм гэнэ. Үүний дараа оросын цэрэг хэдэн км үргэлжилсэн цуваагаар орж ирж Украины цэрэгтэй байлдах ёстой гэж тэд мэдүүлжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам үүнийг няцааж манай десантчид “эргүүл хийж яваад” хөрш улсынхаа хилийг санамсаргүй давчихсан байна гэж мэдэгдсэн байна.
Буриадын танкчин
Буриадын танкчин Доржи Батмункуевын тухай 2015 оны гуравдугаар сард Оросын “Новая газета” сонины сурвалжлагч түүнээс ярилцлага авсны дараа тодорхой болсон. Тэр ярилцлагад Оросын цэрэг Украины дорнод нутагт байлдааны ажиллагаанд оролцож байгаа тухай тодорхой дурдсан байдаг. Үүнээс бүр өмнө хоёрдугаар сарын 23-нд Д.Батмункуев телевизээр Оросын дуучин Иосиф Кобзонтой эзлэгдсэн Донецкийн төв эмнэлгийн түлэгдлийн төвд хэвтэж байгаа шархадсан орос цэргүүдтэй уулзаж байгаа сурвалжилгад бас харагдаж байсан.
Хэдэн сарын дараа “Новая Бурятия” сонины сэтгүүлч Д.Батмункуевыг Өвөр байгалийн хязгаарт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гээд Оросын Батлан хамгаалах яамнаас ээж нь тусламж гуйж байгаа сурвалжилга гарч байсан. Уг сурвалжилга гарснаас гурав хоногийн дараа Буриадын энэ сониныг бүгдийг нь хураан авсан байна. Д.Батмункуев Донецк мужийн Дебальцевын дэргэд болсон тулалдааны үед олон тооны түлэгдэл аван шархадсан юм байна. Дорнод Сибирийн Могойт суурингийнхан түүнийг “Оросын зэвсэгт хүчинд алба хаах үедээ шархадсан” хэмээн эмчлүүлэхэд нь зориулж хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулсан мэдээ ч байдаг.
Тагнуулын газрын тусгай үүргийнхэн
Луганск мужийн Счастя хотын дэргэд болсон тулалдааны үеэр 2015 оны тавдугаар сарын дундуур украины цэргийнхэн Евгений Ерофеев, Александр Александров гэдэг хоёр цэргийг баривчилсан байна. Украины Зэвсэгт хүчний жанжин штабт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд Ерофеевын “Винторез” маркийн мэргэн буудагчийн винтовыг үзүүлсэн нь Оросын тусгай үүргийн цэргийнхний хэрэглэдэг буу болохыг нотолсон. Энэ бууг Тула хотын зэвсгийн үйлдвэрт хийж Оросын зэвсэглэлд авсан юм.
Байцаалт дээр саатуулагдсан дайчид өөрсдийгөө Тагнуулын газрын тольяттины бригадын цэргийн албан хаагч болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Оросын Батлан хамгаалах яам үүнийг бас л няцааж тэднийг цэргийн албанаас бүр арванхоёрдугаар сард халагдсан гэсэн. Тэднийг улсын хил хууль бусаар зөрчин Украины 92 хоёрдугаар бригадын эсрэг террорист маягаар дайтаж цэргийн албан хаагчдыг хөнөөсөн гэж буруутгасан. Харин тэд Оросын армийн дайчид гэсэн өмнөх мэдүүлгээсээ татгалзаж байжээ. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 18-нд тэднийг Украины шүүх 14 жилийн хорих ялаар шийтгэсэн ч сарын дараа тавдугаар сарын 24-нд өршөөж, украины цэргийн албан хаагч Надежда Савченкогоор сольсон.
“Баргар”
2017 оны хоёрдугаар сард сэтгүүлчид, олон улсын судалгааны байгууллагын ажилтнууд 2014 оны долдугаар сарын 17-нд Донецкийн тэнгэрт сүйрсэн “Малайзын агаарын тээвэр” компанийн “Боинг-777” онгоцны сүйрэлд хариуцлага хүлээх ёстой нэгнийг нэрлэсэн нь оросын цэргийн албанаас чөлөөнд гарсан, Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн “тагнуулын” бүлэглэлийн удирдагч байсан “Баргар” хочтой Сергей Дубинский байсан. Украины Аюулгүй байдлын албаныхны олж илрүүлсэн нэг бичлэгт түүний Донбассын тэнгэрт онгоц сөнөөх тухай ярианы бичлэг байсан байна.
Энэ дайн эхлэх хүртэл тэрээр Донбассын нэг тосгонд амьдарч байсан, одоо ч түүний төрөл төрөгсөд Украинд байгаа гэнэ. Түүний төрсөн ах Роман Дубинкий оросын хурандаа, 2014 онд украины эсрэг байлдаж байгаад 2015 оноос оросын Ростов мужийн Большой Лог тосгонд амьдарч байгаа гэж “Донбасс.Реалии” хэвлэл мэдээлжээ.
Сэтгүүлчид тийшээ очиж малайзын “Боинг” онгоц руу халдсан тухай бичлэгийн тухай асуухад тэрбээр сэтгүүлчидтэй ярилцахаас татгалзсан байна. Гэхдээ энэ хурандаагийн намтар, нотлох баримтууд нь түүнийг МН187 онгоцыг сөнөөхөд оролцсон байхыг үгүйсгэхгүй байгаа юм.
“Хаягдсан” бага дарга
Украины цэргийнхэн 2017 оны зургадугаар сарын 24-нд Луганскийн дэргэдээс оросын бага дарга Виктор Агаевыг олзолсон байна. Олзлогдсон цэрэг гадаадын сэтгүүлчдэд ярирлцлага өгөхдөө Украины хилээс холгүй орших Новочекассын нэг цэргийн ангид гэрээгээр алба хаадаг гээд тэднийг Луганск руу байнга илгээдэг гэжээ. Дараа нь В.Агаев мэдүүлгээ өөрчилж Луганскийн бүгд найрамдах улсын “цагдаа”-гийн газартай гэрээ хийсэн, баривчлагдах үедээ Оросын зэвсэгт хүчинд алба хааж байгаагүй гэсэн. Гэхдээ баривчлагдсан орос цэрэг Оросын зэвсэгт хүчинд гэрээгээр алба хаадаг, Донбасс руу байлдахаар явсныг мэдээгүй гэж ээж нь баталсан байдаг. Украины эрх баригчид В.Агаевыг террорист үйлдлийнх нь төлөө 10 жилийн хорих ял оноосон.
Сонирхогчдын гэрэл зураг
Оросын цэргийнхэн Донбасс дахь байлдаанд оролцож байгааг сэтгүүлчдийн болон сонирхогчдын авч олон нийтийн сүлжээнд оруулсан гэрэл зургууд нотолдог. Тухайлбал 2015 оны гуравдугаар сард Оросын 20 орчим цэргийн албан хаагч Украины дорнод нутагт байлдаж байгаа тухай гэрэл зургууд бий. Мөн олон улсын мөрдөн шалгах Bellingcat бүлгийнхэн нэгэн бяцхан хав Оросын цэргүүдтэй Украины хил орчим хамт байж, олон цэрэг тэр нохойтой зургаа татуулсан баримтыг дэлгэсэн байдаг.
“Ачаа 200”
Оросууд Украины дорнод нутагт түрэмгийлэл үйлдэж байгаагийн бас нэг баталгаа бол Оросын цэргүүдийн шарилыг эх оронд нь аваачиж байгааг сэтгүүлч, идэвхтнүүд илрүүлсээр байгаа. Донбасст Псковын десантынхан оролцож байгаа нь тодорхой болоод байгаа юм. 2014 оны аравдугаар сард оросын Кронштадтад гэрээсээ зугтаан Донбасст украинчуудтай дайтаж байсан 18 настай пулемётчин Жена Пушкаревыг оршуулсан. Оросууд баримт бичгийг нь солих замаар өөрийн цэргүүдээ Донбасст байлдаж байгааг нуухыг оролдож байгааг 2015 оны эхээр Украины Аюулгүй албаныхан илрүүлсэн.
Энэ бүх баримтуудаас үзэхэд Оросын цэргийнхэн Донбасст болж байгаа мөргөлдөөн, байлдааны ажиллагаанд цэрэг, техник, зэвсгээр тусалж байгаа нь тодорхой. Харин Москва ямагт үүнийг няцаасаар байгаа юм хэмээн ru.krymr.com хэвлэлд бичсэн байна.