Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Венесуэлийн инфляц 2018 онд 130 мянган хувьд хүрчээ

 Венесуэлийн Төв банк сүүлийн гурван жилд анх удаагаа улс орныхоо инфляцийн түвшинг албан ёсоор зарласан байна. Илтгэлд дурдсанаар 2018 онд тус улсын инфляцийн үзүүлэлт 130 мянга 060 хувьтай гарчээ. Энэ үзүүлэлт 2017 онд 862, 2016 онд бүр бага 274 хувьтай гарч байсан юм. 

Энэ 2019 оны эхний нэгдүгээр сард үнэ 197 хувиар өссөн бол хоёрдугаар сард 114.4, гуравдугаар сард 35, дөрөвдүгээр сард 34 хувь өсчээ.
Венесуэлийн Төв банк инфляцийн түвшингийнхээ талаар 2015 онд илтгэл гаргаж байснаасаа хойш энэ талаар зарлахаа больсон ч Олон улсын валютын сангийн шахалтаар ийм зарлаж байгаа нь энэ. Ингэхгүй бол ОУВС тус улсын эсрэг хориг тавина гэсэн юм байна.


Венесуэль 2018 онд нефтийн борлуулалтаасаа 29.8 тэрбум ам.доллар олсон нь өмнөх 2017 оныхоос 5.6 хувь бага байна гэж илтгэлд тэмдэглэжээ.
Төв банк эдийн засгаа 2013 оноос хойш 47.7 хувь буурсан гэж мэдээлсэн бол Олон улсын валютын сан, Дэлхийн банк энэ 2019 онд Венесуэлийн Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 25 хувиар буурна гэж тооцоо гаргасан байна.


Инфляц ч тус улсад Төв банкны гаргаж байгаагаас их байгаа гэж үзэж байна. Үндэсний ассамблей дэх сөрөг хүчний депутат Хосе Герра өнгөрсөн гуравдугаар сард инфляц 2018 оны хоёрдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 2296000 хувьд хүрсэн гэж мэдэгдэж байсан. Олон улсын валютын сан ч Венесуэлийн Төвбанкны хэлж байгаагаас хол зөрүүтэй тооцож байгаа юм. ОУВС-гийнхаар бол тус улсын инфляц 2018 онд 1370000 хувьд хүрсэн, энэ 2019 онд 10 сая хувьд хүрч, 2020 онд ч энэ үзүүлэлт хэвээр байна гэж үзэж байна.
Венесуэлийн эдийн засаг дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом унасан 2014 оноос унаж эхэлсэн юм. Тэр үед тус улсын нефтийн борлуулалт гурав дахин буурч байсан юм. Дээр нь Венесуэльд эртнээс эхлээд байсан үндэсний үзэл үргэлжилж гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах ажил ч үргэлжилж байсан. Хамгийн аюултай нь төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн олон хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн Төв банк мөнгө хэвлэж эхэлсэн нь инфляцийг хөөрөгдөж өгсөн юм.
Ингэж байтал Вашингтон тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьснаар жинхэнэ сүйрэл өндрөө авсан байна.


“Венесуэлийн эдийн засаг сүйрэхэд АНУ-гаас тус улсын нефтийн гол компани PDVSA-ийн эсрэг тавьсан хориг, гадаадад байгаа алтны нөөцийг нь блоколсон явдал гол аюул нүүрлүүлсэн. Үүнээс болоод америкийн хязгаарлалтаас айсан олон хэрэглэгч өөр түнш хайхад хүрч байгаа юм. АНУ хэдийгээр хориг тавьсан ч гэсэн Венесуэлийн хуучин түнш Энэтхэг, Хятад, Орос нефтийг нь худалдан авсаар байгаа юм” гэж ОХУ-ын худалдааны “БКС Брокер” танхимын захирал Вячаслав Абрамов хэлж байна. Гэхдээ энэ бол ОХУ-ын байр суурь. Үнэндээ Венесуэлийн эдийн засгийн хямрал өчнөөн жилийн өмнө эхэлсэн байхад тэдний нефтийн төрийн өмчийн PDVSA компанийн эсрэг АНУ энэ оны эхээр л хориг тавьсан юм.


“Универ Капитал”-ын захирал Артем Лютик Венесуэлийн төлбөрийн чадварын сүйрэл бүр 2016 оноос эхэлсэн гэж хэлж байна. Тэгэхэд Дотоодын нийт бүтээгдхүүн 20 хувь унаж, инфляц 550 хувьд хүрэн, гадаад өр нь 130 тэрбум ам.доллар болсон гэжээ.
“2017 оны арваннэгдүгээр сар гэхэд Венесуэль зээлээ төлөх чадваргүй болж дефолтоо зарласан.Эндээс л гадаадын томоохон компаниуд үйлдвэрлэлээ зогсоож, эндээс гарч эхэлсэн” гэж “Эксперт Плюс”-ийн шинжээч Мария Сальникова хэлж байна.


Эцсийн эцэст Орос, Хятад хоёр л Венесуэльд үнэнч үлдлээ. Хятад улс 2008 оноос хойш Каракаст нийтдээ 70 тэрбум ам.доллар оруулсан гэж Bloomberg мэдээлжээ. Венесуэль Орост хэдий өртэй талаар тодорхой мэдээлэл байхгүй ч 2006 оноос хойш ОХУ Боливарын бүгд найрамдах улсад 17 тэрбум доллар оруулсан гэж Reuters мэдээлсэн байна.
Венесуэльд одоо хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна гэж олон улсын ажиглагчид бүр хэдийнээс хэлж байна. Өнөөдөр тус улсын иргэдэд хүнс хоол, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна. Ийм хямралаас болоод 2015 оноос хойш тус улсын гурван сая хүн дүрвэж хөрш орнууд руугаа явжээ.


Өнөөдөр Венесуэльд хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, бүр сүйрлийн ирмэгт тулаад байгаа ч түргэн хоолны “Макдональдс” сүлжээ л эдний орон даяар ажилласаар байгаа гэнэ. Тэд Венесуэлийн ядуу иргэдэд зориулан хамгийн бага орцтой хүнсээ 18.5 мянган боливараар худалдаж байгаа гэнэ. Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сар гэхэд тус улсын дундаж цалин 18 мянгаас, 40 мянган боливар байгаа нь дунджаар найман доллар гэсэн үг. Тэгэхээр венесуэль хүн сарынхаа цалингаар хоёр түргэн хоол худалдаж авна гэсэн үг. Зарим нь бол бүр ч чадахгүй.


Ойрын үед тус улсад нөхцөл байдал улам дордоно гэж шинжээчид харж байна. “Энэ оны сүүлч гэхэд тус улсаас зугтаж дүрвэх хүний тоо таван саяд хүрч Сирийн хямралын хэмжээнд хүрнэ. Дүрвэгсдийн урсгал Бразил, Колумба, ойролцоох бусад улс руу чиглэнэ. Өнөөдөр Венесуэлийн хүн амын 90 хувь нь ядуу, хоёр гэр бүлийн нэг нь хэвийн хэмжээнд хооллож чадахгүй байна” гэж “Олон улсын санхүүгийн төвийн шинжээч Гайдар Гаанов онцолжээ.
ОХУ, Венесуэлиэс мөнгө эргүүлэн авах найдлага тун бага, оросын мөнгө зүгээр л салхинд хийссэн гэж Оросын “Газета.Ru” хэвлэлийн шинжээчид хэлж байгаа юм.
Венесуэль хямралын эхэн үедээ очиж эдийн засаг нь хэвийн байдалд ороход нефтийн салбар нь сэргэх хэрэгтэй болно. Нөгөө талаар тус улсад гадаадын капитал урсан орох шаардлагатай ч үүнд дэлхий дахин, улс орнууд өнөөгийн эрх баригч дэглэмтэй харьцах харьцаанд өөрчлөгдөхийг хүлээх хэрэгтэй болно л доо гэж “БКС Премьер”-ийн ерөнхий шинжээч Антон Покатович тэмдэглэжээ.


Венесуэльд Засгийн газар солигдсон ч гэсэн энэ улс руу хөрөнгө урсах найдлага бас тийм хангалттай билүү гэж Оросын Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын академийн шинжээч Геннадий Николаев хэлж байгаа юм. “Венесуэльд оросын ямар ч өмч хөрөнгө байхгүй, хоёр орны бүхий л харилцаа зөвхөн санхүүгийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа. Тухайлбал түүхий эд, зэвсэг нийлүүлсний төлбөр, авлага л бий” гэж шинжээч онцолжээ. Ийм тохиолдолд бид хүлээцтэй хандаж, сөрөг хүчинтэй маргалдалгүй, төлбөртөө нефть авах, түүнийгээ Азид дамжуулан худалдах л арай дээр арга” гэж Геннадий Николаев хэлж байна.

 

Улстөрийн хямрал

Венесуэлийн эдийн засгийн хямрал, доройтол нь яваандаа улс төрийн хямралд хүргээд байна. Энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Николас Мадурог тангаргаа өргөсний дараагаар сөрөг хүчин олонх парламент Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр цагийн ерөнхийлөгч хэмээн өргөмжилсөн юм. Николас Мадуро ч хуулийн дагуу Парламентдаа тангараг өргөлгүй сөрөг хүчнийхнээс “зугтаан” Үндсэн хуулийнхаа шүүхэд тангаргаа өргөсөн.
Хуан Гуайдог ерөнхийлөгч хэмээн АНУ, Канад, Латин америкийн орнууд, Австрали Европын холбоо хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа бол Хятад, ОХУ, Куба зэрэг орнууд хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм.


Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо дөрөвдүгээр сарын сүүлчээр Николас мадурогийн засгийн газрыг огцруулах аяны шинэ шат эхэлж байгааг зарласнаар улс орон даяар жагсаал цуглаан болж эхэлсэн.
Венесуэлийн энэ хямралыг зохицуулахад зуучилъя хэмээн Норвеги улс санаачилга гарган Засгийн газрын болон сөрөг хүчний төлөөлөгчдийг Ослод лхагва гарагт уулзуулсан нь ямар ч амжилтгүй болж, сөрөг хүчнийхэн засгийн эрхийн төлөөх тэмцлээсээ татгалзахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Үндэсний ассамблейн депутат Сталин Гонсалес уулзалтын дараа мэдэгдсэн байна.


“Венесуэльд ардчилал, эрх чөлөөг эгүүлэн тогтоох бүхий л боломжийг судалж байна. Энэ дотроос байж боломгүй, хүлээн зөвшөөрөх аргагүй цор ганц боломж нь бидний зүгээс тэмцлээ зогсоох л байна. Бид эх орныхоо ирээдүйн төлөө, эрх чөлөөний төлөөх тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй” гэж сөрөг хүчний депутат онцолсон байна.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ч Ослод болсон засгийн газартай хийсэн уулзалт “хэлэлцээрт хүрэлгүй өндөрлөлөө” гэж мэдэгдсэн байна.


Николас Мадурогийн хяналтад байдаг Үндсэн хуулийн ассамблей өнгөрсөн мягмар гарагт сөрөг хүчин олонх Үндэсний ассамблей дахь сөрөг хүчний долоон депутатын халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргажээ. Венесуэлийн хүчний байгууллага ч парламентын дэд спикерийг саатуулсан байна хэмээн gazeta.ru хэвлэлд Наталия Еремина бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com