- Трамп дахин сонгогдож, Украин салж бутран, Венесуэль унана -
Ц.ХАС
Энэ 2020 онд дэлхий дээр улс төрийн ямар үйл явдал болох, цаашдын төлөв ямар байх вэ. Дэлхийн халуун цэгүүдэд ямар үйл явдал болж, цаашид хэрхэн өрнөх гэдэг нь хэн хүний анхаарал татсаар байна.
Энэ талаар Оросын Москвагийн их сургуулийн профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор Андрей Викторович Манойло ингэж ярьж байна.
Трамп дахин сонгогдох нь
Энэ 2020 оны олон улсын тавцан дахь хамгийн гол үйл явдал бол яахын аргагүй арваннэгдүгээр сард болох АНУ-ы ерөнхийлөгчийн сонгууль. Саяхан болж өнгөрсөн түүнийг буруутгах, эгүүлэн татах үйл явц бол Трампын дахин нэр дэвших байр суурийг ганхуулах гэж төлөвлөсөн зальжин арга хэмжээ байлаа. Энэ үйл явц Трампын уур цухлыг барж, хамаг чөлөөт цагийг нь үрэхэд чиглэсэн ажиллагаа байв. Импичмент зохион байгуулагчид ийм байдлаар Трампын сонгуулийн кампанит ажилдаа анхаарахаас хөндийрүүлж, алдаа гарган, ялагдуулна гэж тооцоолсон. Гэвч Трамп шийдэмгий байж өрсөлдөгчид нь суларсан нь харагдаж байна. Дональд Трамп дахин сонгогдох нь гарцаагүй.
Трамп хэрэв ялбал орос-америкийн харилцаа өөрчлөгдөхгүй. Тэд дахиад оросыг дайснаа гэж үзсэн хэвээр байна. Гэхдээ сонгуулийн кампанийн үед Трамп улс төрийн тактикаа энх тайван, нөхөрлөл гэж үзэх байх.
АНУ, Хятадын худалдааны дайн
Энэ тухайд АНУ хятадыг шахаанд оруулж чадаж байна. Эцсийн хэлэлцээрийн өмнө америкчууд Си Зиньпинийг Гонконгийн асуудлаар дарамтална. Дээр нь Шинжаан Уйгурын автономын асуудал байна. Гонконг бол Си Зиньпинд тавьсан урхи. Тэнд хятад арми оруулж цус урсгах юм бол хэлэлцээрийн нөхцөл байдал улам муудна. Гэтэл нөгөө талд нь Си Зиньпин асуудлыг шийдэж чадахгүй бол түүний нэр хүнд хятадын улс төрийн бүлэглэлүүдийн дунд унана. Ойрын сонгуульд Си Зиньпин дахин сонгогдохгүйгээр барахгүй авлигын хэрэгт буруутгагдсан, ХКН-ын төв хорооны “үхэшгүй найм”-ын нэг Бо Силийн хувь заяаг ч давтаж мэднэ.
АНУ худалдааны дайнд ерөнхийдөө ялж байгаа. Вашингтон татварын замаар хятадад дарамт үзүүлж байгаад өөрийнхөө барааг худалдаалах эрх олж авсан. Энэ бол хятадуудын хувьд сүйрэл болж бага дунд бизнес нь унаж эхлээд байна. АНУ-г ингэж Хятадтай үг хэлээ ололцохын зуур Орос гэж нэг асуудал гараад ирсэн. Мэдээж АНУ хятадад хэрэглэсэн технологио хэрэглэж магадгүй юм.
Макронд итгэх эсэх Европын хувь заяа
Европ үр ашиггүй хориг тавьснаар өөрсдөө алдагдалд орж байгаа гэдгийн тухайд үүнээс болж нэрвэгдэж байгаа салбар үнэхээр бий. Тэд хоригоос болж туйлдан АНу-аас нөхөн төлбөр хэлбэрээр амь зууж байна. Оросын суртал нэвтрүүлэг “Европ хоригоос болон амьсгаадаж байна” гэсэн толгой гарчгаар сүр бадруулж байгаа ч баруунд бол хоригийг хортой гэж ярьж байгаа хүн нэг ч алга. Европ хоригоос болж туйлдаагүй байна. Тэд зүгээр л ажилласаар байгаа. Харин ч оросуудын амьдрал доройтоход хориг нөлөөлсөөр байна. Үнэ өсч, тариф өсч байна. Амьжиргааны зардал улам нэмэгдэж байна. Тэд хориг үр ашиггүй гэж сурталчилж байгаа юм.
Францын ерөнхийлөгчийн НАТО-гийн эсрэг явуулж байгаа бодлогын тухайд тэр ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө маргааш Берлин рүү нисч Меркельтэй уулзсан. Одоо болохоор Оростой ер бусын нааштай хандаж байгаа ч манай шинжээчид үүнийг дэлхий нийтийн чиг хандлагатай зүйл гэж тайлбарлаж байгаа. Ер нь бол НАТО-д элсэх мөнгө Макронд байхгүй, тэгэхээр Макрон энэ эвслийг буруутгасан зүйл ярьж байгаа хэрэг. Тэрбээр Путинтай найзлах гэсэн дүр үзүүлж байгаа боловч Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёрдугаар фронт нээж Нормандид холбоотны цэрэг буусны ойд Путинг уриагүй шүү дээ.
Украин, Донбассын хувь заяа хэрхэх вэ
Украины хувьд шинэ засаг нь өмнөхөөс дээрдсэн юм алга. Амьдрал гэдэг Авхаалж сэргэлэнчүүдийн клуб нэвтрүүлэг биш болохоор Зеленский ноцтой алдаанууд гаргаж эхэллээ. Сайн талаас нь харах юм бол тэр улс орноо тарах үйл явцыг удаашруулж байгаа ч бүрэн зогсоож чадахгүй.
Энэ бүхнээс харахад Украин улс задарч эхэлж байна, харин хэдэн хэсэг болохыг хэлж мэдэхгүй. Хөрш улсууд нь одоо украинчуудад өөрийнхөө паспортыг олгож байна шүү дээ. Энд польш, унгар, румынууд байна. 2014 онд болсон майданы алдаа давтагдаж байна гэсэн үг. Эргэлт гарлаа л гэдэг, хуучнаараа олигархиудын бүлэглэл төрийн эрхэнд байна. 2014 онд оросын эсрэг олигархиудыг толгой дээрээ гаргаж биднээс зайгаа барьсан.
Донбассын хувьд таван жил дайтаж, Донецк, Луганск өөрсдийгөө бүгд найрамдах улс хэмээн “тунхаглаж” байгаа ч тэд цаашид яаж хөгжих нь өнөө болтол тодорхойгүй хэвээр байна. Нөхцөл байдал улам дордож, эдийн засаггүй, хүмүүс нь цалингүй, уурхайнууд нь дуртай үедээ зогсч байна.
Гэхдээ Украиндаа эргэн нийлнэ гэж байхгүй, тэгэх юм бол ёстой бөөнөөр хядах ажиллагаа эхэлнэ.
Оростой нэгдэнэ гэж бас байхгүй. Олон улсын дарамт шахалт ирнэ. Эцэст нь хэлэхэд Украин улам тарж бутарна.
Венесуэль
АНУ-ын Тагнуулын төв газар Венесуэльд төрийн эргэлт хийх гэж байсан төлөвлөгөө ил болсон, гэхдээ энэ оролдлого сүүлчийнх биш гэдэг нь харагдаж байна. Тэд сөрөг хүчин олонх болсон Үндэсний Асамблейн спикер Хуан Гуайдог Мадурогийн оронд тавих технологи 2019 оны эхээр боловсруулсан л даа. Харин ч оросын тусгай ажиллагааны хүчинд энэ эргэлт бололгүй өнгөрсөн. Америкчууд ч энэ зуур түр завсарлага аван Боливт Эво Моралесыг унагаах ажиллагаа явууллаа.
Ерөнхийд нь харвал АНУ 2021 он гэхэд Куба, Никарагуагаас бусад Латин америкийн бүхий л орныг хянана. Энэ хоёр улсын хувьд жаахан хүлээлтийн жагсаалтад үлдэх байх. Одоо Венесуэлийн нефтиэс тусгаарлагдчихаад байгаа Куба яах вэ гэдэг бас л асуудал. Тэднийд Кастрогийн хувьсгалт үзэл санааг дэмжихгүй шинэ үе төлөвшиж байна.
Сирийн дайн хэзээ
дуусах вэ
Үнэхээр энэ оронд дайн самуун хэзээ дуусч, энх тайван амьдрал сэргэх вэ гэдэг том асуудал. Дайны хувь заяа тодорхойгүй болохоор энэ талаарх мэдээлэл брааг сонин биш боллоо. Оросууд тэнд цэргийн бааз байгуулж яах юм. Энэ чинь Зөвлөлт холбоот улсын үед ингэж бодож боловсруулж, хөрөнга хаян хөгжүүлэх гэж оролдож байсан. Сири нефтиэр тийм ч баян биш. Газар зүй геополитикийн хувьд нэг их ач холбогдолтой биш. Яахав тактиктийн хувьд оросууд сайн ажиллаж ираны Явган цэрэг, Хезболло бүлэглэлийн салбаруудтай хамтран Лалын улс зэвсэгт бүлэглэлд цохилт өгсөөр байна.
Гэхдээ л террористууд хүчээ сэлбэн хагас жилийн дотор сэргэчихлээ шүү дээ. Тэдний хувьд Ирантай хийх дайн гол нь болж байгаа. Яагаад гэвэл тэдэнд аятоллагийн дэглэмийн дэргэд ашиг сонирхол байна.
Ираны өндөр албаны дипломат Орост очоод “оросууд та нар бол гамшиг, Та нарыг устгах хэрэгтэй” гэснээ “Америкчууд бол гамшиг, бас устгах ёстой” гэсэн байна. Хүмүүс таг чимээгүй. Гэтэл “Гэхдээ оросууд та нар америкчуудаас сул дорой болохоор, арай бага гамшиг юм. Тэгэхээр та нартай хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн яриа байдаг.
Оросууд, америкчууд, иранчууд, төрөл бүрийн зэвсэгт бүлэглэлүүд оролцсон Сирийн дайн төдийд дуусна гэсэн дүр зураг алга.
Эх орны дайны ялалтын
75 жилийн ой
Энэ онд болох түүхэн үйл явдлын нэг бол яахын аргагүй Аугаа их Эх орны дайнд зөвлөлт холбоот улс ялсны 75 жилийн ой. Их өргөн дэлгэр тэмдэглэх энэ ойд ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхийн бараг улс орны тэргүүнүүдийг урьсан болохоор олон улсын хүрээний асуудлаар олон яриа, ганцаарчилсан уулзалт болох төлөвтэй байна. Владимир Путин энэ арга хэмжээнд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын тэргүүн Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарыг урьсан. Тэд ойн арга хэмжээнд оролцох эсэхээ хараахан хариу мэдэгдээгүй байна.
Ойн парадад 15 мянган цэрэг дайчин, агаар газрын 400 нэгж техник оролцоно гэдгээ Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зарлачихлаа. Үүнээс гадна гадаадын 20 улс орны зэвсэгт хүчний салбарыг энэ парадад оролцуулна гэнэ.
Ойн арга хэмжээнд бэлтгэх, тэр үеэр дэлхийн 45 орны сайн дурынхан ажиллаж ахмад дайчдад туслах, дайны үед цэрэг дайчдыг оршуулсан газрыг олох ажил хийх юм байна. Ингэхээр тавдугаар сарын 9-нд болох энэ парад, арга хэмжээ бол зөвхөн оросуудын баяр, төдийгүй дэлхий нийтийн улс төрийн томоохон арга хэмжээ, үйл явдал болох нь ээ.
Путин хэмжээгүй эрх мэдлээ үргэлжлүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор Дмитрий Медведевийн засгийн газрыг огцруулсан. Одоо үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх нийт ард түмний санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар тогтох санал явж байна.
Энэ өөрчлөлтийн гол зорилго нь Ерөнхийлөгч Путины Холбооны зөвлөлд өргөн барьснаар бол нийт 11 өөрчлөлтөд ОХУ-ын Холбооны зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөж, Ерөнхийлөгчийг хоёроос илүү хугацаагаар сонгохыг хориглосон юм байна. Ерөнхийдөө оросын төрийн тэргүүнээр 4 удаа сонгогдон ажилласан Путины өөрийн нь Ерөнхийлөгч байх бүрэн эрх, хугацаа 2024 онд дуусах болохоор одоо тэр Засгийн газрын эрх хэмжээг өргөтгөөд өөрөө тэр суудалд тухалж оросыг үргэлжлүүлэн захирах нь гэж шинжээчид ярьж бичиж байна. Юутай ч түүний санаачилж өргөн барьсан энэ өөрчлөлтийн Холбооны зөвлөл, Төрийн Дум хүлээн зөвшөөрч одоо ийн бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгаа нь энэ.
Энд бас Ерөнхийлөгч байсан хүнд бүх насаараа Холбооны зөвлөлд орж, сенатын гишүүн байх эрх олгох тухай заалт оруулахаар ажлын хэсэг санал болгожээ.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин