2020 оны эхэн гэхэд цөмийн зэвсэгтэй есөн улс нийт 13.4 мянган нэгж цөмийн зэвсэг эзэмшиж байна гэж Дэлхийн асуудал судалгааны Стокгольмын олон улсын хүрээлэнгийн илтгэлд дурдсан байна. Цөмийн гүрнүүд байлдааны цэнэгт хошуугаа хорогдуулж байгаа хэдий ч 2019 онд өөрсдийн цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулах ажлаа үргэлжлүүлсээр байна гэж тус илтгэлд дурджээ. Илтгэлд бичсэнээр “2020 оны эхэн гэхэд цөмийн зэвсэгтэй АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израиль, Умард Солонгос зэрэг орнуудад 13.4 мянган нэгж цөмийн зэвсэг байгаа юм байна. “Эдгээрийн 3.72 мянган нэгж нь шуурхай ангиудын агуулахад байгаа бол 1.8 мянган нэгж нь байлдааны бэлэн байдалд байна” гэж илтгэлд тэмдэглэжээ. 2019 оны эх гэхэд нийтдээ 13.865 нэгж зэвсэг байсан гэнэ.
2010 онд баталсан Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай СНВ-III гэрээний дагуу Орос, АНУ хоёр хуучирсан байлдааны цэнэгт хошуунуудаа ашиглалтаас гаргаснаар 2018 онд дэлхий дахины цөмийн зэвсэг нэлээд хорогдсон. Энэ хоёр улсад дэлхий дахины цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувь нь байдаг.
СНВ-III гэрээг дахин сунгахгүй бол энэ гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны хоёрдугаар сард эцэс болно. Хуучин гэрээг сунгаж, шинэ гэрээ байгуулах хэлэлцээр 2019 онд эхэлсэн ч амжилтад хүрэлгүй өндөрлөсөн гэж Стокгольмын хүрээлэнгийн шинжээчид тэмдэглэж байна. Хятадыг гэрээнд оролцуулъя гэсэн Америкийн засаг захиргааны санал ямагт эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа. “Ойрын болон дунд тусгалтай пуужин устгах тухай Зөвлөлт-Америкийн 1987 оны гэрээ болон СНВ-III-ийн асуудал гацаанд ороод байгаа нь цөмийн зэвсэглэлд хяналт тавих Орос, АНУ-ын хоёр талын хэлэлцээр эцэс болгоход хүрч магадгүй гэж Цөмийн зэвсэг, зэвсэглэлд хяналт тавих, түүнийг түгээхгүй байх хөтөлбөрийн захирал Шэннон Кайл онцлон тэмдэглэж байна.
АНУ, Оросын цөмийн зэвсэг
АНУ-д ч, Орост ч цөмийн хошуунуудаа, зөөгч пуужингаа, байлдааны хошуу үйлдвэрлэх хүчин чадлаа шинэчлэн сайжруулах урт хугацааны хөтөлбөр бий. Цэргийн номлол, төлөвлөгөөндөө энэ хоёр улс цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулахаар тусгасан нь Хүйтэн дайн дууссанаас хойш цөмийн зэвсгийг хорогдуулах талаар хийсэн алхмуудаас ухарч байгаа хэрэг гэж Стокгольмын хүрээлэнгийн илтгэлд дурдсан байна. Тус хүрээлэнгийн мэдээгээр АНУ-д өнөөдөр 1.75 мянган цөмийн нэгж, байлдааны бусад 4.05 мянган хошуу байна. Харин Орост 1.57 цөмийн нэгж, байлдааны бусад 4805 хошуу байгаа аж. Ингээд АНУ-д нийтдээ байлдааны 5800, Орост 6375 нэгж хошуу байна. 2019 онд энэ харьцаа АНУ-д 6185 байсан бол Орост 6500 байв.
Бусад орнуудын цөмийн хүчин чадал
Цөмийн зэвсэгтэй бусад орнуудын хувьд АНУ, Оросынхоос харьцангуй бага ч гэлээ энэ улсууд цөмийн шинэ систем бүтээж байгаа, эсвэл бүр хийчихсэн гэж мэдэгдээд байгаа. Хятад цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулах үйл явцынхаа дунд яваа, мөн анх удаа цөмийн гурвалжин бүтээгээд байна. Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсгийнхээ хэмжээ, төрөл зүйлийг аажмаар нэмэгдүүлсээр байна. Умард Солонгос урьдын адил цэргийн цөмийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын гол стратеги гэж үзсээр байгаа. Энэ улсын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хориг тавьсаар байгаа ч Умард Солонгос 2019 онд ойрын тусгалтай баллистик пуужин, мөн шинэ төрлийн зэвсэг олон тоогоор туршаад байна.
Мэдээллийн хүртээмж
Цөмийн зэвсэг, нөөцийнхөө талаарх мэдээлэл улс орнуудад өөр өөр байгааг Дэлхийн асуудал судалгааны Стокгольмын олон улсын хүрээлэнгийн илтгэлд тэмдэглэжээ. “АНУ өмнө нь цөмийн зэвсгийн нөөц, тэдгээрийн боломжийн талаар чухал мэдээллээ ил тод дэлгэдэг байсан бол 2019 оноос Америкийн засаг захиргаа энэ талаарх мэдээллээ түгээхээ зогсоосон” гэж Цөмийн зэвсэг, зэвсэглэлд хяналт тавих, түүнийг түгээхгүй байх хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ханс М.Кристенсен бичжээ. Түүнийхээр Их Британи, Франц улсууд бол зарим мэдээллээ өгч байгаа гэнэ. Орос улс болохоор СНВ-III гэрээнд ордог зэвсэглэлийнхээ талаар АНУ-тай мэдээлэл солилцдог ч нарийн мэдээлэл бас өгөхгүй байгаа гэжээ. Энэтхэг, Пакистаны Засгийн газар цөмийн туршилт явуулсан талаараа, цөмийн зэвсгийн нөөцийнхөө талаар харьцангуй сайн мэдээлдэг гэнэ. Умард Солонгосын хувьд цөмийн болон пуужингийн туришлтынхаа талаар мэдээлдэг ч, цөмийн зэвсгийн нөөцийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй байна. Израиль уламжлал ёсоороо цөмийн зэвсгийнхээ талаар ямар ч тайлбар өгдөөгүй хэвээр гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН