Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
80 жилийн тэртээ Зөвлөлтийн цэрэг Балтийн орнуудыг эзэлсэн

Өдгөөгөөс яг 80 жилийн өмнө 1940 оны зургадугаар сарын 17-нд Зөвлөлтийн цэрэг Балти орчмын Латви, Эстони улсын стратегийн гол байгууламжуудыг эзэлсэн байна. Литвийн нутагт Зөвлөлтийн цэрэг хоёр хоногийн өмнө орчихсон байлаа. Ийм байдлаар ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотов, Германы сайд Риббентроп хоёрын 1939 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Балтийн гурван орон Зөвлөлт холбоот улсад эзлэгдэж нөлөөнд нь орсон. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Балтийн орнуудын Засгийн газрууд ЗХУ-ын дарамтан дор харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурсан бол 1940 оны зун ЗХУ энэ гурван орныг гэрээгээ зөрчиж байна гэж буруутгаж байлаа. Үүнээс үүдээд л энэ гурван орон Зөвлөлтийн өмнө буруутан болж цус урсгахаас сэргийлж Засгийн газраа байгуулахаас эхлээд бүхий л зүйлээ Москвагаас асууж нутагтаа байрлуулах Зөвлөлтийн цэргийн тоог хязгаарлах эрхгүй болжээ. Долдугаар сарын дундуур гурван улсад гурвууланд нь парламентын сонгууль болж коммунизмын талынхан ялсан байна. Шинэ парламент наймдугаар сарын эх гэхэд ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхээр саналаа гаргажээ.
“Зөвлөлтийн Засгийн газар Балтийн орнуудыг эзлэхээр хэдийнээс бэлтгэсэн. Улаан армийн штаб 1938-1939 онд Латви, Литва, Эстонийг ЗХУ-ын бүгд найрамдах улс хэмээн оруулсан газрын зураг хэвлэж байсан” гэж 1990 онд Литва тусгаар тогтносны дараа анхны Ерөнхийлөгч нь болсон Витаутас Ландсбергис хэлж байна. Феликс Чуевын “Молотовтой ярьсан 140 яриа” номд ЗХУ-ын Гадаад хэргийн сайд асан Вячеслав Молотов “Балти орчим, Баруун Украин, Баруун Беларус, Бессарабын асуудлыг бид Риббентроптой бүр 1939 онд шийдсэн. Немцүүд явах зүгтээ яваг, бид Латви, Литва, Эстони, Бессарабийг өөртөө нэгтгэнэ. Яг жилийн дараа 1940 оны арваннэгдүгээр сард би Берлинд очсон. Тэгэхэд Гитлер “За та нар Украин, Беларусыг өөртөө нэгтгэсэн нь сайн байна. Тэгээд Молдавыг шийдэж болно, цааш нь Балтийн орнуудыг юу гэж тайлбарлах гэж байна” гэж асуусан би хариуд нь “Тайлбарлана аа” гэж хариулсан” гэж ярьсан байдаг. Улмаар ЗХУ энэ гурван орны нутаг дэвсгэрт тэнгисийн, хуурай замын болон нисэх хүчний цэргийн бааз байгуулан 75 мянган цэргээ байрлууллаа. Хэлэлцээр ёсоор Герман Дани, Норвегийг 1940 оны дөрөвдүгээр сард эзэлсэн бол тавдугаар сард Нидерланд, Бельги, Люксембургийг эзэлж Францад цэргээ орууллаа.
Тавдугаар сарын сүүлчээр ЗХУ Литви улс Зөвлөлтийн хоёр цэргийг хулгайллаа хэмээн буруутгаж зургадугаар сарын эхээр Ленинград, Калининград, Беларусын цэргийн тойрогт түгшүүр зарлан Балтийн орнуудын хилийг нэвтрэн орлоо. Энэ бүлэглэл 435 мянган цэрэг, найман мянган миномет, гурван мянга орчим танк, 500 хуягт машин, 2601 нисэх онгоцтой байсан. Ийм байдлаар Балтийн гурван орон агаар, тэнгисээр үндсэндээ тусгаарлагдсан байна. Зөвлөлтийн цэрэг Латви, Литвийн хилийн хэд хэдэн пост руу довтлоход тус улсуудын зэвсэгт хүчин эсэргүүцэл үзүүлэхийг оролдсон байна. Улмаар Литвийн Засгийн газар Германд зугтаж гарчээ. Харин Латви, Эстонийн Засгийн газар, Ерөнхийлөгч Карлис Улманис, Константин Пятс нар Зөвлөлтийн болзлыг хүлээн авч тэднийг Сибир лүү хорих лагерьт илгээснээр тэндээ нас барсан байна.
Ингэж Зөвлөлтийн цэрэг Балтийн гурван орны стратегийн гол гол төвүүдийг хяналтдаа авчээ. Зургадугар сарын сүүлчээр шилжилтийн “Ардын засгийн газар” байгууллаа. Долдугаар сарын 14-15-нд Литва, Латви, Эстонд парламентын ээлжит бус сонгууль болж “Хөдөлмөрийн намын блок” гэдэг коммунист нам ялсан байна. Саналын хуудсанд ганцхан хүн бичжээ. Литвийн түүхч Иненис Фелдманис энэ талаар “Зөвлөлтийн мэдээллийн ТАСС агентлаг Латвид сонгуулийн саналын хуудсыг тоолж эхлэхээс 12 цагийн өмнө сонгуулийн дүнг зарлан мэдээлж байсан” гэж бичсэн байдаг. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд нэгдэх тухай асуудал байлаа. 1940 оны наймдугаар сарын эхээр Москва энэ хүсэлтийг нь “хүлээн авсан “ байна.


Үүний дараа Зөвлөлт Холбоот улсын Дотоод хэргийн ардын комиссариатын газар Балтийн энэ гурван оронд “Хувьсгалын эсрэг болон найдваргүй этгээдүүд”-ийг цэвэрлэх ажилд шамдан орж жинхэнэ эх орончдыг мөрдөн шалгаж хэлмэгдүүлэх ажил эхэлжээ. Дараа жилийн зун хүртэл Литва, Латви, Эстони улсуудаас 130 орчим мянган хүнийг албадан гаргажээ. Энэ ажиллагаа Эх орны дайн эхлэх 1941 оны зургадугаар сарын 21 хүртэл үргэлжилж эх орончдыг “цэвэрлэсэн” байна. Зөвлөлтийн болон Оросын түүхчид 1940 оны энэ үйл явдлыг Балтийн гурван орон сайн дураараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн гэж өнөө хүртэл тайлбарлахыг оролдсоор байгаа. Латвийн сэтгүүлч, улстөрч, парламентын депутат Алекс Григорьев энэ талаар ямар ч “сайн дураараа” байгаагүй гэсэн байдаг. Тэрээр “Гудамжаар дүүрэн танк орж ирсэн, тэднийг угтан мэндчилсэн хүн нэг ч байгаагүй гэж миний ээж ярьдаг. Харин коммунист намын гишүүн байгаад хожим нь түүхч болсон Маврик Вульфсон л “Би л энэ танкийг үнсч угтсан” гэж ярьсан байдаг. Гэхдээ тэр хожим нь Латвийн тусгаар тогтнолын төлөөх онолчдын нэг болчихсон байсан шүү” гэж бичжээ.
Зөвлөлт холбоот улс тарахаас бүр өмнө 1991 онд Балти орчмын гурван улс өөрийн тусгаар тогтнолоо зарлаж гарсан. 1940 оны үйл явдлыг Европын улс орнууд эзлэн түрэмгийлэл гэж үзсээр ирсэн. Балтийн улс орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд эзлэн түрэмгийлэх, хүчирхийллийн замаар нэгдсэн гэж Европын зөвлөл 1960, 1994, 2005 онуудад тогтоол гаргаж байсан. АНУ-ын Сенат 2008 оны есдүгээр сарын 16-нд “Зөвлөлтийнхөн Латви, Литва, Эстонийг хууль бусаар эзлэн түрэмгийлснийг Орос улс хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн тогтоолыг санал нэгтэй баталсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com