Хятад улс америкийн дипломатууд болон бусад албаны хүмүүс, сэтгүүлч жуулчдыг Төвдөд айлчилж аялахыг дэс дараатайгаар хориглосны хариуд АНУ хятадын эсрэг ийм хориг тавих гэж байна.
Энэ хоригт гадаадын иргэдийг Төвдөд айлчлахыг хориглоход оролцсон байж болох БНХАУ-ын Засгийн газар, Коммунист намын албан тушаалтнуудыг оруулах юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэнийг төрийн департаментын албан ёсны сайтад нийтэлжээ.
Помпеогийн хэлснээр бол Хятад Төвдийн автономит районд америкийн дипломатууд, сэтгүүлч, жуулчдыг зорчихыг системтэйгээр хориоглож хязгаарласаар байгаа гэнэ. Гэтэл БНХАУ-ын албан тушаалтнууд, бусад иргэд болохоор АНУ-д илүү ихээр зорчиж байгаа гэж Төрийн нарийн бичгийн дарга онцолжээ.
Бүс нутагт тогтвортой байдал бий болгох, ялангуяа БНХАУ-ын зүгээс хүний эрх зөрчиж байгаа, Азийн гол гол ус мөрний эхийн ойролцоох байгаль орчныг хамгаалах талаар Бээжин хангалтгүй ажиллаж байгаа нөхцөлд Төвдийн автономит район нь чухал ач холбогдолтой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үзэж байна.
Энэ хязгаарлалт хоригийг АНУ-ын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд баталсан “Төвдөд харилцан зорчих тухай” хуулийн хүрээнд авч байгаа юм.
Өнөөдөр гадаадын иргэд Төвдөд зорчихын тулд Хятадын засгийн газраас тусгай зөвшөөрөл авсаар байгаа. Гэхдээ Бээжин төвдөд зорчих гэсэн дипломат ажилтан, албаны бусад хүмүүс, сэтгүүлчдийн хүсэлтийг байнга няцаасаар байгаа юм гэж 2018 онд Төрийн департамент тэмдэглэж байжээ.
Төвд улс 1951 он хүртэл оршин тогтнож байсан. 1949 онд төвдийн нутаг дэвсгэрт хятадын цэрэг дайран орсноор хоёр жилийн дараа Хятадын бүрэлдхүүнд орж 1965 онд БНХАУ нь Төвдийг өөрийнхөө автономит район болгон баталсан юм. Төвдийн ард түмэн Бээжинг төвдийн иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг боомилох замаар соёл шашны уламжлалыг устгах гэж байна хэмээн буруутгаж тусгаар тогтнохыг эрмэлзэж ирсэн юм. Харин Хятадын эрх баригчид болохоор энэ бүхнийг, тэдний удирдагчдыг салан тусгаарлагчид гэж үзсээр ирсэн байна.
Энэ долдугаар сарын эхээр АНУ-ын сенат БНХАУ-ын баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуультай холбогдуулан хятадын эсрэг хориг тавих хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хоригт Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлахад гол үүрэг гүйцэтгэсэн хятадын албан тушаалтнуудын хамаарал бүхий банк, компаниудыг оруулсан юм. Зургадугаар сарын сүүлчээр хүчин төгөлдөр болсон Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь засаг захиргааны тусгай энэ бүсэд терроризм үйлдэх, гадаадын хүчин дотоод хэрэгт нь оролцохыг хориглох агуулгатай юм. Улмаар засаг төрийг сүйрүүлэх, салан тусгаарлах, халдлага үйлдэх, гадаадын хүчинтэй хуйвалдаж яриа хэлцэл хийх замаар БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэж байхаар тусгасан юм байна.
Вашингтоны үзэж байгаагаар Шинжаан Уйгурын автономит районд уйгурууд болон мусульман шашинтнуудын эрхийг зөрчиж байгаа албан тушаалтан, байгууллагуудын эсрэг хориг тавих тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бас өнгөрөгч зургадугаар сарын 17-нд гарын үсэг зурсан юм. Энэ хоригоор тэдний данс хувьцааг царцааж, визийн хязгаарлалт тавьсан байна.