Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Аргал

Түүхийн ухааны доктор ( Ph D ),
профессор  Л.Чулуунбаатар

 

Монгол хэлний үгийн санд олонтаа тааралддаг өвөрмөц утга агуулга бүхий үг, хэллэг үлэмж билээ. Түүний нэг нь аргал гэдэг үг юм. Хүмүүсийн ярианд, ямар нэгэн ажил, үйл ажиллагаанд хэн нэг нь оролцох боломжгүй болбол хамт ажилладаг нөхөртөө хандаж, намайг аргалаарай гэх буюу түүнийг аргал гэж хэлдэг тал бий. Энэ нь үйлт нэрийн захиран тушаах маягийн утга агуулгатай билээ. Бас манай хүмүүс аргал гэхээр монгол оронд байдаг зэрлэг хонь хэмээн ойлгодог. Аргалыг монгол хонины өвөг гэж саяхан болтол үзэж иржээ. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар, аргал нь монгол хонины өвөг биш ажээ. Хонийг аргалаас биш, харин Түвдийн шодон сүүлтэй, урт үстэй хониноос үүссэн гэж үзэж байна. Учир нь монгол хонь, аргалын хромосомын тоо харилцан адилгүй, шодон сүүлт хонь нь өмнөд Азид амьдарч байсан хонин гөрөөс буюу зэрлэг хонь – муфлоноос үүсээд, улмаар түүнийг Түвдэд аваачиж үржүүлсэн, Түвдээс Төв Азийн бусад нутагт тархсан, Төв Азийн экологи, газар зүйн нөлөөний дор монголын нүүдэлчдийн ардын селекцийн үр дүнд одоогийн нутгийн богино өөхөн сүүлтэй хонь буюу монголын ууцан сүүлт хонийг эрлийзжүүлэн, энэ үүлдэр нь тогтвортой өсөж, монгол даяар нутагшсан ажээ.


Аргал гэдэг үгийн нөгөө нэг утга нь малын ялгадас, хөдөө орон нутгийн айлын гол түлшийг илэрхийлсэн нэр томьёо юм. Монголын яруу найргийн нэгэн бүтээлд, аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би, атар хээр нутгаа өлгий минь гэж боддог хэмээн шүлэглэсэн байна. Аргал бол монголчуудын гал голомтыг бадрааж ирсэн, илч сайтай, олдоц боломжийн түлш билээ. Монголчууд аргалыг тэнгэрийн хүж, газрын арц, лусын зандан, галын сахиус, галын эзэн хэмээн эрхэмлэн дээдлэж ирсэн уламжлалтай. Олон үеийн туршид нүүдэлчин монголчууд таван хушуу малынхаа буян хишгийг хүртэж, мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг арвижуулан, өөрсдийнхөө хэрэгцээг хангаж, бас тийм хэрэгцээг бий болгож, хойч үеийнхэндээ өвлүүлж чаджээ. Малын ялгадас бол бодисын солилцооны үр дүнд гарсан түүхий эд, түүнийг малчид олон янзаар нэрлэж байжээ. Зун үхрийн баасыг нойтноор нь зөөж, хүрзээр тараан дэлгэж хатаадаг бөгөөд сармай хэмээн, бас зарим орон нутагт шар аргал гэж нэрлэдэг. Энэ нь сүү сааль боловсруулахад гал нь зөөлөн учраас тогоон дахь сүү амархан ширгэж, ууршдаггүй онцлогтой. Өвлийн улиралд айлын хотонд байгаа үхэр сүрэг үлэмж хэмжээний баасыг хэвтэртээ гаргасныг хүйдэс, бас зарим орон нутагт хөлдүүс гэж нэрлэдэг. Хүйдсийг XVIII зуунаас өмнө малын хотноос зөөж овоолдоггүй, мал хажуу талаасаа жиндэнэ, хүйдэс харин малд ивүүрэг болж, хэвтэртээ дулаан байхад тустай хэмээн үздэг байжээ. Харин XIX зууны үед малын хотноос хүйдсийг тал бүр тийш нь тарааж орхидог байсан бол XX зууны үеэс зөөж нуруулдан овоолж, нар, салхины үйлчлэлээр олон сарын туршид сайхан хатаж, хөх аргал болдог. Хөх аргалыг гол төлөв өвөл, хаврын улиралд түлшинд хэрэглэж, илч сайтай, харьцангуй удаан ноцдог ажээ. Үхрийн бааснаас гадна адууны баасыг хомоол, Дундговьд үнгүүш хэмээн нэрлэдэг. Адууны хомоол нь гал түлэхэд амархан асаж, бас отрын адууны шар хомоолыг малын тэжээлд ашигладаг талтай. Тэмээний ялгадсыг хоргол гэдэг. Хоргол нь хөлдүү үедээ ч амархан асаж, илч сайтай байдаг. Хонь, ямааны ялгадас нь малын хотонд малын хөлөөр няцлагдан бууц болж, улмаар зузааран хөрлөж, хашаа хорооны хэмжээгээр хөрзөн тогтдог. Өвлийн улиралд малчин айлууд малаа бэлчээрт явуулсны дараа өтөг бууцыг овоолж орхиход, түүнээс их уур савсаж байдаг. Энэ нь малын ялгадасанд амин хэм бүхий илч байдаг гэдгийг нотлож байгаа хэрэг. Ер нь зуны цагт бууцны илч газрын хөрс үрүү доошоо чиглэлтэй бол өвлийн улиралд илч нь дээшээ татагддаг, тийм ч учраас малчид өвлийн улирлыг “ дунд идэш дулаан хэвтрийн үе “ гэж, хуурай хөх бууцыг их хэмжээгээр нөөцлөн бэлтгэдэг. Учир нь мал өвлийн улиралд хотондоо олон цаг байхад, бууцгүй буюу эсвэл хэвтэр бууц нь нойтон байвал мал дороосоо жиндэн даарч, тарга хүч нь амархан буурахаас гадна эх мал хээл хаях тохиолдол гардаг байна. Хөдөөгийн хүмүүс намар хөрзөн ховхлож, хөрзөн хороо барьдаг нь малаа хүчтэй салхи шуурганаас хамгаалж байгаа, мөн дараа жилийн өвлийн түлшээ бэлтгэж авч байгаа ажээ.


Дээр үед хөдөөгийн айл өрх ил задгай тулганд галаа түлж, даарч хөрөхийг бараг мэдэрдэггүй байв. Өнөө үед хот суурин газрынхан энэ натурал байдлыг их бүдүүлэг, туйлын их хоцрогдсоны илрэл гэж үзэх буй за. Гэтэл японы эрдэмтэд аргалын утаа нь 300 – гаад нянг устгах чадвартайг судлан тогтоожээ. Аргалын утаа бол хүнд төдийгүй, малд, бас ахуй амьдралд их ач тустай юм. Тухайлбал, хуучирсан эд зүйлсийг мөөгөнцөртөж хорхойтохоос хамгаалж аргалын утаагаар утдаг. Хавар, намрын улиралд цас шамрага орж, хүйтрэхэд, хашаатай хонь малынхаа гадуур жижиг тэргэн дээр зуух тавьж, гал түлээд, хот тойрч явахад аргалын утаа үнэртсэн мал барагтай бол ослодоггүй гэдэг. Иймээс аргалын утаа нь дархлаа сайжруулах, элдэв өвчнөөс сэргийлэх чадвартай ажээ. Энэтхэгийн Шарма гэдэг эмч монголоос аргал аваачиж, уушигны тахалд нэрвэгдсэн өвчтөнг аргалын утаагаар утан эмчилж, амжилт гаргасан жишээ бий.
Малын баасыг нойтноор нь хашаа хороог шавах, тусгай төхөөрмжийн тусламжтайгаар биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр эрчим хүч гаргаж авах туршилтыг 1990 – ээд оны эхээр хийсэн байна. Мөн уламжлалт анагаах ухааны сударт, хүн өөрийн гар, хөлөө галд түлэгдсэн бол үхрийн нойтон баасаар даруулж бооход өвчнийг нь илааршуулахаас гадна ямар ч шарх сорвигүй, хурдан эдгэрдэг гэж бичсэн байдаг. Энэ мэт аргал хомоолтой холбогдсон ардын хар бор арга ухаан асар арвин агаад их сургамжтай гэдгийг онцлон тэмдэглүүштэй.


Манай орны нутаг дэвсгэрт малын баас, аргал хомоол үлэмж их байдаг. Түүнийг түүж, түлшэндээ ашиглах уламжлал эртний үеэс улбаатай билээ. Гэтэл 1990 – ээд оны үед япончуудтай орон нутагт эрдэм шинжилгээний судалгаа хийж явахад, японы нэрт эрдэмтэн, профессор Такаши Миаки, монголчууд хээрээс аргал түүж байгаа нь бэлчээрийн талбайг бордоогүй болгож байгаа буруу үйлдэл хэмээн шүүмжилсэн юм. Бид тухайн үед түүний шүүмжлэлийг нэг их ойшоож үзээгүй, үеэс үед монголчууд аргал түүсээр ирсэн, энэ нөхөр онц шаардлагагүй зүйл хэллээ гэж бодож байсан билээ. Өдгөө эргэж бодохноо, бас уг шүүмжлэлд зарим талаар анхаарах хэрэгтэй юм шиг санагдав. Дээр үеэс монголд жирэмсэн бүсгүйчүүдийг араг үүрүүлж, аргал түүлгэдэг байлаа. Учир нь ахмадуудын хэлдгээр, тэр нь хүний зовлонг хугасалж буй нэг ёсны домын чанартай үйлдэл хэрнээ эрүүл агаарт эх хүний хөдөлгөөнийг сайжруулж, хэвлийд торниж байгаа хүүхдийг хэтэрхий томрохоос урьдчилан сэргийлсэн талтай ажээ. Хэдэн жилийн өмнө монголын төвийн нэгэн сонинд, одоогоор ардын аж ахуйтнууд их тархай оршиж, цөөн хэдэн малын хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөж явна. Уг нь нэг нутагт 20000 орчим мал бөөгнөрч байвал, түүний аргал хомоолыг хотоос хүмүүс үнэ хүргэж зөөвөрлөх боломжтой гэсэн санаа бүхий нийтлэл гарсан юм. Энэ санаа зөв боловч, эдүгээ бэлчээрийн даац, нөөц ихээхэн муудсан нөхцөлд, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Хэрэв боломж байдаг бол мал аж ахуйг эрхлэн хөтлөх үйлдвэрлэл хөдөлмөрийн зохион байгуулалтыг эрс шинэчилж, малын гаралтай түүхий эдийг ашиглах талд бүрэн өөрчлөлт гаргамаар байгаа билээ. Аргал түлж, ахуй амьдралдаа өргөн ашиглах нөхцөлд аргалын галаас гарах үнс маш их учраас хот суурин газарт төдий л тохиромжтой биш тал бас бий. Тэгээд ч хот суурин газрынхны түлшний хэрэгцээг дан ганц аргалаар бүрэн хангаж чадахгүй нь ойлгомжтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
батаа122.201.31.171
гоё
28 өдрийн өмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com