Ерөнхий сайд асан С.Баяр гэмт хэрэгт сэжиглэгдэн 60 хоног мөрдөнд хоригдсон тухайгаа ном болгон бичиж намынхаа шүтэн бишрэгчдэд од болсны дараа Оюу толгойн гэрээг хэрхэн байгуулж Монгол Улсад гай тарьсан тухайгаа тэр үеийн Сангийн сайд С.Баярцогт бас бестеллер ном бичнэ гэж мэдэгдлээ. Гэтэл бас Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсныхаа төлөө дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа Ц.Сундуй бас л энэ тухайгаа ном болгон бичиж МАН-ын үнэнч гишүүд, уншигчдын дунд од болох гэнэ.
Ер нь дэлхий дахинаа гэмт хэрэгтнүүд өөрсдийнхөө булай үйлдлийг зар цуу болгон ном бичиж өөрсдийгөө “ОД” болгосон тохиолдол цөөнгүй. Улс орныхоо төдийгүй, хүн төрөлхтнийг цочирдуулсан цуврал алуурчид хүртэл гэмт хэргийнхээ тухай ном бичсэн нь бий.
Цуврал алуурчдын түүхийг уран зохиол, уран сайхны кино болгон олон нийтэд хүргэхээс гадна энэ аймшигт алуурчид өөрсдөө ном бичиж гаргасан нь нэг биш. Зарим нь өөрийн намтар түүх хэлбэрээр гарсан байдаг. 1997 онд Нью-Йоркт анх “Сэмийн хүү” гэдэг хууль гарч одоо Америкийн 40 мужид үйлчилж байна. Энэ бол Сэмийн хүү нэрээр алдаршсан цуврал алуурчин Дэвид Берковиц өөрийн түүхээр ном бичих юм бол их хэмжээний шагнал өгнө гэсэн дуулиантай холбоотой гарсан хууль. Энэ хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүгдсэн гэмт хэрэгтэн гэмт үйлдлийнхээ тухай нэг бүрчлэн бичиж ашиг олохыг хориглосон хууль. Ингэж олсон мөнгийг хохирогсдын ар гэрт өгч байх юм байна.
10. “Зекка” (Zekka) 2015
Японд хоёр хүүхэд алж өөр гурван хүүхдийг 1997 онд шархдуулсан Сакакибара Сейто баривчлагдсаныхаа дараа 10 настай бас нэг хүүхдийг алснаа хүлээн зөвшөөрсөн. 2004 онд түр хугацаагаар 2005 онд бүрэн суллагдаж өөрийн намтарчилсан “Зекка” ном бичиж өөрийнх нь золиос болсон хүүхдүүдийн ар гэрт илгээж байжээ. Тэрээр номдоо багачуудыг бэлгийн гаж зуршилд ашиглаж алдаг байснаа бичсэн гэдэг.
9. “Супер хүүхдийн гурвал” 2010
Чарльз Кембо 2002 - 2005 онд эхнэр, түүний бизнесийн түнш найз бүсгүй нарын дөрвөн хүнийг алсан хэрэгт буруутгагдсан. 2005 онд хамгийн сүүлд Рита Енгийн цогцсыг олсны дараа Комбог баривчилж бүх насаар нь хорих ялаар шийтгэснээр тэр 372 хуудас бүхий ном бичиж үүнийгээ “хүүхдийн уран зохиол” гэж нэрлэсэн гэдэг.
8. “Итгэл найдварын хүү” 2006
Дэвид Берковиц 1976-1977 онд 14 сарын хугацаанд зургаан хүнийг алж, долоон хүнийг шархдуулсан цуврал алуурчин. Тэр урт, бараан үстэй эмэгтэйчүүд, машин дотроо байгаа хосуудыг онилон 44 калибрын буугаар бууддаг байж. Түүнийг зургаан удаагийн бүх насаар нь хорих ялаар шийтгэсний дараа шоронгийн хоригдлуудын өдрийн тэмдэглэлийн цуглуулгаар “Итгэл найдварын хүү” гэдэг ном бичсэнээ номын борлуулалтын орлогыг гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн ар гэрийнхэнд өгсөн.
7. Доктор Холмсын хачин түүх” 2005
Доктор Холмсыг 27 хүн алсан хэрэгт буруутгасан ч олон хүн түүнийг 200 гаруй хүнийг алсан гэж үздэг. 1896 онд түүнийг дүүжилсэн. “Доктор Холмсын хачин түүх” бол түүний гэмт хэргийн түүх бол “Холмсын хувийн түүх” ном нь түүний намтар, бүр хүүхэд байхаас нь эхлээд бүхий л амьдрал, гэмт хэрэгт холбогдсон түүхийг бичсэн байдаг гэнэ.
6. “Янусын хаалга” 2001
Ян Брэди бол Манчестерийн “намгийн алуурчин” нэрээр алдаршсан гэр бүлийн алуурчдын нэг. 1966 онд түүнийг гурван хүүхэд, дараа нь хоёр хүн алсных нь төлөө хамтрагч Майра Хиндлийн хамт шүүсэн. Тэд “Янусын хаалга” номдоо цуврал алуурчид өөрсдийнхөө ажлын талаар уншигчдад дэлгэрэнгүй ойлголт өгөхийг хичээгээд энэ үйлдэлдээ бардам байдаг хэмээн бичсэн байдаг гэнэ.
5. “Цуврал аллага үйлдэх нь” 1995
Цуврал алуурчин Дэнни Роллинг коллежийн оюутан дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэйг алсан. Таван хүнийг алсных нь төлөө түүнд цаазаар авах ял оноосны дараа тэрээр шоронд байхдаа өөрийн бэр Сондр Лондоны тусламжтайгаар “Цуврал аллага үйлдэх нь” ном бичиж 1996 онд гэрэл зурагтайгаар хэвлүүлсэн. Тэднийг “Сэмийн хүү” хуулийг зөрчсөн гэж үзэн эмэгтэйг хохирогсдын гэр бүлд тус бүр 15000 доллар нөхөн төлүүлэхээр шийтгэсэн байна.
4. “Эргэлзээтэй асуулт” 1993
9-20 насны 33 хүнийг хөнөөсөн Жон Уэйн Гейси уг нь шоронд байж байгаад суллагдан улс төрөөр оролдож, хүүхдийн баяраар алиалагчийн хувцас өмсөн явж хүн алж эхэлсэн. Аллагаас нь азаар амьд үлдсэн Жеффри Ригналл цагдаад утасдсанаар 1994 онд үхлийн тариа хийж цаазлах ял оноосон. Тэр “Эргэлзээтэй асуулт” номдоо гэрээс нь олдсон цогцоснуудын төлөө өөр хүн ч бас хариуцлага хүлээх ёстой гээд “энэ бол намтар биш, зүгээр л 1978 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 1980 оны гуравдугаар сарын 13 хүртэлх үеийн миний амьдралын хар дарсан зүүд шиг үеийн түүх” гэсэн байдаг.
3. “Жинхэнэ үнэн” 1993
Янз бүрийн аргаар 13 хүний амь хөнөөсөн Пи Ви Гаскинс өөрөө болохоор намтартаа 110 хүн алсан гэж бичсэн байдаг. 1975 онд түүнийг уг нь найман хүн хөнөөсөн гэж баривчилжээ. 1991 онд түүнийг цахилгаан сандалд суулгах хүртэл тэр Уилтон Эрлтэй хамтран өөрийн амьдрал, гэмт хэргийнхээ тухай ”Жинхэнэ үнэн: Цуврал алуурчны намтар” ном бичиж хэвлүүлсэн.
2. “Аллагын уран зөгнөл” 1990
Ж.Ж.Шеферийг хоёр хүн алсных нь төлөө баривчилсан ч тэрээр өөрийгөө 80 хүн алсан гэдэг. 1995 онд хоолойгоо хэрчиж нас барах хүртэл нь түүний алсан хүний тоо тодроогүй. 1990 онд өмнө дурдсан Сондра Лондон Шеферийн түүхээр “Аллагын уран зөгнөл” гэдэг ном бичсэн байна.
1. “Алуурчин” 1970
Карл Панзрама 21 хүн алж өчнөөн удаагийн дээрэм тонуул хийн, 30 гаруй орны мянга шахам эрэгтэйг хүчирхийлсэн. 11 настайдаа хөршийгөө дээрэмдэж байсан хүн шүү дээ. Вашингтоны шоронд байхдаа хянагч Генри Лессертэй танилцаж намтрын гар бичмэлээ өгдөг болсноор түүний гар бичмэлүүдийг эмхтгэн “Киллер: Алуурчны тэмдэглэл” нэртэйгээр хэвлэсэн.