Өчигдөр Монголын Үндэсний фронтынхон Сүхбаатарын талбайд эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа. Нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө зарим нь ажиглаж, өөр хэд нь эсэргүүцэн доог тохуу хийж байна.
Хамгийн сонирхолтой нь жагсаал зохион байгуулахаа олон хоногийн өмнөөс мэдэгдэж, зөвшөөрөл авсан байхад яг тэр өдөр цагт нь эрх баригчид арга хэмжээ зэрэгцүүлэн Сүхбаатарын талбайг “өмчлөн” төмөр хаалт босгож цагдаагаар хүрээлүүлж.
2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө 100 хувь эргэж, улсынхаа эдийн засгийг сөхрүүлэн, ард түмнээ ядуурлын туйл руу чирч, олон улсад нэр нүүрээ баран “Саарал жагсаалт”-д оруулсан эрх баригчид айхаас ч яах вэ.
Төрийн эрхийг хууль бусаар авсан уу
МАН засгийн эрх аваад удаагүй байтал МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сундуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын төрийн албыг зэрэг дэвээр нь ангилан худалдаж 60 тэрбум төгрөг босгох талаар ярьсан ярианы бичлэг олонд ил болж дуулиан тарьсан. МАН-ын дарга М.Энхболд үүнийг “эвлүүлэг” гэж гүрийсэн бол Ц.Сундуй нь “Ийм яриа болох нь болсон” гэж хүлээн зөвшөөрсөн. Улмаар хууль шүүхийнхэн хэрэгсэхгүй болгож, дахин сэргээж мөрдсөний дүнд Ц.Сундуй, А.Ганбаатар нарыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэлээ. Ингэснээр энэ бичлэг “эвлүүлэг” биш, ийм хуйвалдаан болсон нь шүүхийн тогтоолоор нотлогдох нь тэр. Тэгэхээр МАН 2016 онд төрийн эрхийг хууль бус аргаар авсан болж таарч байна.
Амлалтаасаа ухарсан нь
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын амласан бүхнийг биелэлттэй нь харьцуулан гаргавал цаг хугацаа цаас хоёр хүрэлцэхгүйгээс гадна биелсэн зүйл нэг ч гарахгүй. Чухам үнэнийг хэлэхэд “Засгийн эрхийг авна” гэсэн амлалт, “Эрх мэдэл олж байгаад баяжаад авъя” гэсэн нууц хүсэл биелсэн байх.
-МАН 2016 онд “Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэж амлан иргэдийн тархийг угаасан. Гэтэл засгийн эрх аваад ердөө жил хагас болоход л найман төрлийн татвар нэмж ард түмнийхээ халаасыг суйлан тохуу хийсэн. Ард иргэдийнхээ хуруу хумсаа хуйхалж, үр ач нартаа, орон сууц худалдан авч өөртөө хөрөнгө оруулахаар хуримтлуулж байсан хадгаламжид хүртэл 10 хувийн татвар бий болгосон. Энэ бүхнийгээ тэд Олон улсын валютын сангийн зөвлөгөө, шаардлага хэмээн тайлбарласан.
-МАН “Эдийн засгаа хямралаас гаргана” хэмээн өндөр дуугаар хашхирсан. Энэ үгийг хамгийн чангаар хашхирсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэгч “Нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэртэй тэнцлээ. Бид үүнийг зогсооно хэмээн уйлаг алдаж байсан. Гэтэл яг сонгуулийн үеэр 1940 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2702 төгрөгтэй буюу 27 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байхад эрх баригчид таг дуугүй л байна. Харин ч бүр FATF-ын саарал жагсаалтад оруулчхаад үүнийгээ “Бүр хар жагсаалтад орох байсан юм. Бид зүтгэж байж сааралд нь орууллаа” гээд инээмсэглэцгээж сууна.
-Өнөөгийн МАН-ын Засгийн газрын сайдууд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар 2016 онд АН-ын Засгийн газрыг давхар дээлтэй байгааг нь шоолж Сүхбаатарын талбайд давхар дээл өмсөөд зогсоцгоож байсан. Тэгээд ч 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гэж том дуугарсан ч өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн газрын 16 гишүүн бүгд “давхар дээлтэй” ажиллан энэ тухай ярихаар инээмсэглээд сууж байна.
-Энэ бүхнийг цаг үеийн шаардлагаар тухайн үед улс орны эрх ашгийн улмаас ийм арга хэмжээ, татвар нэмэх, УИХ-ын гишүүд нь засгийн газарт орохоос аргагүй нөхцөл байдал байсан гэж тайлбарладаг юм гэхэд МАН, эдний гишүүн эрх баригчид өнгөрсөн жилүүдэд төрийн, ард түмний хөрөнгөнөөс луйвардаж завшсан нь бас илрээд байгаа.
Ард түмний хөрөнгөнөөс хулгайлсан нь
-Эхнийх нь Концесс. Ж.Эрдэнэбат 2016 онд 37 дугаар тогтоол гаргаж “2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх концесс байгуулахгүй” гэсэн байдаг. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үеэр долоон төслийн концесс баталж долоон нэрийн концессыг сайд дарга, УИХ-ын гишүүдэд олгож ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байдаг.
-Дараагийн хамгийн аймаар нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа ард иргэдэд дэмжлэг болгон өгөх, гэхдээ гаргасан төслийг нь шалгаруулах замаар олгох ёстой Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөрөнгийг мэдээлэлд ойр байгаагаа далимдуулан энэ УИХ-ын гишүүд хуваан авсан дуулиан байлаа.
Энэ санг хариуцаж байсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэхэд л өөрөө гурван тэрбум төгрөгийн зээлийн өөрийн харьяа хамаарал бүхий Тээвэр Ачлал ХК, Наму дэвжих ХХК-ийн нэр дээр аваад бусдыг нь УИХ-ын гишүүд, яам агентлагийн дарга нарт баруун солгойгүй тарааж өгсөн нь илэрч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх толгойг нь авна сэлэмдэнэ, цавчина хэмээн сүр бадруулсан ч ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас нь огцруулах төдийгөөр толгойг нь илээд өнгөрөөсөн.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь хүртэл албан тушаалаа ашиглан сайд Б.Батзоригийгоо дарамталсан уу, Б.Батзориг нь зусардаад юм уу Тайшир Өргөө ХХК, Арго Технологи Шижирт компанийнх нь нэр дээр 1.3 тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг. Энд манай хууль тогтоох байгууллагын 20 гаруй гишүүн холбогдож өөрийн харьяа хамаарал бүхий компанидаа зээл аван мөнгө эргэлдүүлэн ашиг олж байсан нь илэрсэн.
Бас нэг сонирхолтой зүйл нь Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн ихэнх нь бүгд жигдхэн 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэ нь намынхаа нэр хүндийг аварч УИХ-д суудал авсны нь төлөө МАН-аас тус бүр нэг тэрбум төгрөгийн зээлийг урамшуулал болгон өгч, 50 сая төгрөгийг нь намдаа авч үлдсэн юм биш байгаа гэсэн хар төрүүлж байгаа.
Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан нөхөд зээлээ эргүүлж төлөхгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж хашхирснаас өөрөөр хэнд ч ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн.
Ёс зүй ч гэж авах юм байхгүй л дээ
За амлалт бүр дүүрч гэхэд МАН-ын “Би чадна” гээд байсан мөрийн хөтөлбөр орвонгоороо эргэхтэй хамтраад энэ намыг шилдгийн шилдэг гэж төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшүүлэн сонгосон, төрийн өндөр албанд томилсон гишүүд нь төрийн түшээ хүний бүү хэл, эгэл жирийн иргэний ёсзүйг уландаа гишгэж намынхаа нэрийг шавартай хутгаж орхисон.
Хамгийн эхлээд намын, парламентын хамгийн залуу, өсөх ирээдүйтэй гээд байсан УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдов. Гэтэл ердөө хэдхэн хоногийн өмнө энэ намын “шилдэг гишүүн”-ий нэг, парламентын гишүүн, аймгийн Засаг дарга асан өдгөө ҮХЦ-ийн даргын алба хашиж байгаа Д.Одбаяр нь Солонгосын нисэх онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгчийн өгзөг гуяыг илж базан солонгосын цагдаад баригдан улсынхаа нэрийг гутаагаад тэр улсаас 10 хоног гарах эрхгүй сууж байна. За тэгээд л энэ 76 дотор улс орон ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй байж сонгогчдоо загнасан, боов идэж бохь зажилсан, үүний зэрэгцээ өнөөх 60 тэрбумын сүлжээгээр ажил албанд орсон хүмүүсээс авлига авсан, гудамж талбайд бие зассан гээд бузар булай нь дуусахгүй үргэлжилж байгаа.
Дотоод зөрчил нь хэрээс хэтэрсэн МАН
Эв нэгдлийг эрхэмлэдэг хэмээн цээжээ дэлддэг энэ намын удирдлагуудын дотоод зөрчил 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа албан тушаал эрх мэдэл хуваарилж эхлэхдээ эхэлсэн гэж болно.
Сэлэнгэ аймгаас УИХ-д арай хийн орж ирсэн Ж.Эрдэнэбатын “Шинэчлэлийн” хэмээх сайхан тодотголтой Засгийн газрыг огцруулахад 32:33-ын бүлэг хэмээн хуваагдсан зөрчил өнөө хүртэл үргэлжилж байгаа. УИХ-ын залуу гишүүний нэг, НАМЗХ-ээр дөрөөлөн, улаан хувьсгалч болж, дарга нарынхаа цүнхийг барьж дээшээ өгссөн Л.Оюун-Эрдэнэ нэгэн үед магтан мандуулж үг хэлж байхад нь шүлсээ гоожуулан биширч явсан М.Энхболд даргыгаа огцруулах хөдөлгөөн өрнүүлсэн нь ахиад л УИХ-ын 65 гишүүнээ талцуулсан. УИХ-ын гишүүд улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллахаа умартаад Төрийн ордны өрөө тасалгаа, энд тэндхийн амралтын газар нууцаар цуглан нэгнийхээ эсрэг хуйвалдаж, нөгөө нэгнийгээ татахаар гарын үсэг цуглуулан хэдэн сарыг ардаа үдсэн.
Газрын наймаа хийж нийслэл хотыг ямар ч төлөвлөлтгүй болгосон М.Энхболдод дургүй ард түмний дургуйцэл дээр дөрөөлсөн энэ тэмцлийн үр дүнд өнөөх Л.Оюун-Эрдэнэ л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд болсноос өөр ямар ч өөрчлөлт, дэвшил гараагүй өнгөрсөн. Уг нь тэр намын даргынхаа эсрэг тэмцлийг эхлэхдээ “би сайд дарга болох гээгүй” хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь мөн л МАН-ын мөрийн хөтөлбөр шиг худал байсан нь хэдхэн сарын дараа илэрсэн.
Ийнхүү Төрөө төвхнүүлэх уриатай МАН-ын дотоод зөрчил улам ихэссэнээр олон түмэн “намаа төвшитгөж чадахгүй хэмлэлцэж байж улс орноо, төрөө төвшитгөнө” гэж хаашаа харсан юм байх вэ гэж дүгнэх болоод байна.
2020 оны сонгууль ойртох тусам МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтээн байгуулалтын мэдээ ар араасаа хөвөрч нэг ажлыг хэсэг хэсгээр нь нээн тууз хайчилсаар байгаа ч МАН-д итгэх олон түмний итгэл улам бүр дордсоор, доошилсоор л байна. Монгол түмэн хэзээнээсээ худалч, хулгайчдад дургүй билээ.