Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Авлигачдад ээлтэй, ардад халтай засаг

Ардын засаг ард түмэндээ халтай бүхнийг хийж байна. Ажил хийснийг нь дарамталж, ажил хийх гэснийг нь мохоож, хийж бүтээж, санаж сэдсэн нэгнийг нь хавчин боогдуулж, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нөгөөг нь хөсөр унагаж нухчин дарж байна. Иргэдийнхээ боломж бүхнийг хулгайлж, булааж авдаг ийм төр урьд хожид байсангүй. Гаргасан шийдвэрүүд нь ард түмний нуруун дээрх дарамт, чирэгдэл, ачааг улам нэмж, амьдралыг нь уруудуулж байгаагаас биш нааштай үр дүн, өөдрөг шийдэл үзээд өгье гэсэн ч байхгүй.

Эгэл жирийн ард иргэдээс эхлээд бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад, төрийн албан хаагчид хүртэлх бүх давхаргынхан өнөөгийн эрх баригчдын буруу, муйхар шийдвэрүүдийн үзүүрт ширвэгдэж, алдаатай бодлогынх нь золиос болсоор. УИХ, Засгийн газар увайгүй улстөрч, ёс суртахуунгүй түшээд, амин хувиа хичээгч, ашиг хонжоо хайгчдаар дүүрсний гай, балаг ингэж гарч байгаа юм.
МАН-ын ээлж дараалсан хоёр Засгийн газар улс орон, ард түмэндээ халтай, халгаатай шийдвэрүүд олныг гаргаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг дордуулсныг доор дурдах цөөн хэдэн баримтаас харж болно.

 

Төрийн албыг самарсан 60 тэрбумын наймаа

Энэ бол өнөөгийн эрх баригчдын “гарааны бизнес” нь байв. Сонгууль болохоос өмнө сонгуулийн дараах эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтаа хийж, бялууны зүсэм бүрийг тэрбум тэрбумаар үнэлсэн энэ гэмт хэргийг эдүгээгийн МАН-ынхан үйлдсэн. Энэ хэрэгтээ НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн гэх А.Ганбаатар нар шүүхээс ял сонсон хоригдож буй. Хоёр хүнээр туг тахиад өнгөрөх гэж байгаагаас биш уг нь энэ хэргийг задлах юм бол МАН-ынхан ташраараа гэмтний ширээнд суухад хүрнэ. Тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх л гэхэд ял эдэлж буй 60 тэрбумын схемийг гаргасан Ц.Сандуй. А.Ганбаатар хоёртой тас тэврэлдэн суугаад патиараа татуулж л явсан байдаг.
Хамгийн гол нь төрийн албыг ийнхүү үнэлж, худалдахыг завдсан санаархал нь өнөөдөр амьдрал дээр бодитоор хэрэгжиж байгаа явдал. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал алдагдаж, дархлаа нь суларч, төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар муудсан нь МАН-ынхны анхны халтай, халгайтай, хор уршигтай үйлдэл юм.

 

Саарал жагсаалт, санхүүгийн хөтөлбөрт боомилуулав

МАН эрх барьж, засаглаж чаддаагүйгээ хүлээн зөвшөөрч 2017 оны тавдугаар сард ОУВС-гийнханд мөнгө, санхүүгийн эрх мэдлээ өгсөн. Тус сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт багтсанаар улс орон эдийн засгийн хувьд бүсээ чангалж, мөнгө санхүүгийн хатуу бодлогод шилжсэн. Энэ нь эцэстээ иргэд, бизнес эрхлэгчдэд л хүнд тусч байгаа. Эрх баригчдын бодлогын алдааг эгэл жирийн монголчууд ийнхүү ирээдүйд олох байсан орлого, өнөөдөр атгах байсан боломжоороо төлж буй хэрэг юм. Түүнээс биш ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт орлоо гээд нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайд, нэг ч улстөрчийн орлого буурахгүй. Харин ч тэдний бизнес улам цэцэглэн хөгжсөөр байгаа нь чоно борооноор гэдгийг санагдуулна.
Өнгөрсөн сарын 18-нд Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF-ын саарал жагсаалтад орсон. Энэ бол Ардын Засгийн алдаатай бодлогын хор уршиг байв. Авлигын гэмт хэрэгтэйгээ тэмц, шүүх, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа томоохон авлига, албан тушаалын хэргүүдээ шийд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд татагдан орох эрсдэлтэй салбарууддаа хууль хяналтын хэрэгжилтийг сайжруул гэдэг зөвлөмжийг FATF хоёр жилийн өмнө өгөөд байхад эрх баригчид энэ талаар юу ч хийгээгүй. Тиймээс FATF сая дүнгээ тавьж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан. Эрх баригчдад авлигын гэмт хэрэгтнүүддээ ял оноох хүсэл зориг үгүй нь эндээс харагдана. Улс орноо унагаад ч болтугай, ямар ч үнээр хамаагүй төрийн мөнгөөр ууж идсэн гэмт хэрэгтнүүдээ хуулийн хариуцлагаас хаацайлж үлдэх сонирхол МАН-ынханд байна гэж хардах бүрэн үндэстэй. Эцэст нь FATF-ын саарал жагсаалтал орсноор ард түмний нуруун дээр дарамт нь ирж буй. Авлигачдадаа хайртай, ард түмэндээ халтай ардын Засаг гэдгээ ийнхүү олон улсын түвшинд харуулав. “Гайхамшиг” үргэлжилсээр.

 

Дэвшилттэй бүхнийг дэвсэн гишгэчив

Бусдын сайн сайханд атаархаж, харлуулж муулж, болж өгвөл нурааж дэвсч байдаг нь МАН-ынхны гэм биш зан. Үүнийг сүүлийн гурван жилийн турш явуулсан үгүйсгэх, нураах бодлогоос нь харж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон, сурлагаараа шалгарсан залуус дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлгээр сурч байсныг болиулсан, ипотекийн зээлийг сааруулж, орон сууцжуулах бодлогыг саармагжуулсан, түрээсийн орон сууцыг таг гацаасан гээд салбар бүрт эрч нь саарч зогссон ажил, санаачилгууд бий. Энэ бүхэн бол эрх баригчид улс төржиж, талцахдаа эгэл олноо хөлдөө чирч буйн жишээ. Ард түмэнд хэрэгтэй, ашигтай нь хамаагүй Ардчилсан намынх бол зогсоо, гацаа гэдэг логикоор хандаж ирснийх нь илрэл.
Хөдөлмөрлөснөө “мөлждөг” татварын дарамт

Хувийн өмч бол хүний эрх чөлөөний баталгаа. Гэтэл Ардын Засаг иргэдийнхээ хувийн өмчид хамгийн ихээр халдаж буй халтай засаг болж түүхэнд үлдэх болзлоо хангав. Татварын хувьд гэхэд л Монгол Улс хичээн зүтгэж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнээ шулж, мөлжиж, шүүсэлж татвар авах системтэй болсон. МАН-ынхан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэх амласан ч эрх баригч болмогцоо уг амлалтаа таг мартан есөн төрлийн татвар нэмсэн юм. Ийнхүү олонхоороо хүч түрэн, ямар ч тооцоо судалгаагүйгээр есөн төрлийн татвар нэмэгдүүлсний үр дагавраар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бөгөөд Засгийн газраас зөвхөн хоёр төрлийн татварыг буцаах талаар мэдэгдсэн ч нэгэнт өссөн барааны үнэ буухгүй хэвээр үлдсэн. Ийнхүү үнэ, татвар нэмэгдсэний горыг мөн л иргэд биеэр амсч, хоногийн хоолноосоо хасан байж татварын нэмэгдлийг төлж буй нь гашуун үнэн.
Эдийн засгаа доройтуулж, аж үйлдвэрлэлийн салбартаа хүнд ачаа үүрүүлсэн бодлогогүй шийдвэрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү үргэлжлүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийг хууран мэхлэх, иргэдийг төөрөгдүүлэх шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ард иргэдийн амьдралыг улам бүр доройтуулсаар байгаа тул хариуцлага тооцох ёстой гэж сөрөг хүчин АН шаардаж байв.

 

Нийгмийн даатгалыг нэмж, нийтээр нь шимэгчилнэ

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй хоёр хувийн нэгийг ажил олгогч, дахин нэг хувийн шимтгэлийг ажилтан төлнө. Ингэснээр ирэх жилээс нэг иргэн Нийгмийн даатгалын шимтгэлд 25 хувийн шимтгэл төлөх бол үүний 13 хувийг ажил олгогч, 12 хувийг нь ажилтан төлөхөөр болж байгаа юм.
800 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 92000 төгрөгийг нийгмийн даатгалд төлдөг ирэх жилээс сар бүр 100 мянган төгрөг төлөх болж байна. Дахиад л иргэдийн нурууг бөхийлгөсөн дарамт, ачаалал гэвэл энэ яах аргагүй мөн. Ардын Засгийн зүгээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдээ шимэгчилж, шулан мөлжиж байгаа хэлбэр нь. Авлига, хээл хахуулиар хувааж идсэн мөнгө нь тэрбум биш их наядаар тоологдох болчхоод байхад ардынхаа цалингаас ийнхүү шимтгэл нэрээр дээрэм хийх гэж байгаа нь өнөөгийн эрх баригчдын ичгүүргүйнх.
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувийн банк дампуурч, нийгмийн даатгалын олон зуун тэрбум төгрөг элсэнд асгасан ус болж хоцорсныг иргэдээрээ төлүүлэх гэж байгаа нэг хэлбэр ч гэж болно. Шууд хэлэхэд энэ бол луйвар. У.Хүрэлсүхийн “эх оронч” төрхийн цаадах эх оронч бус дээрэм тонуул.

 

Ахмадуудаас тэтгэврийг нь “дээрэмдсэн” Ардын засаг

Ардын намын Ардын Засаг ахмад настнуудаас тэтгэврийг нь мөн цэвэрхэн луйвардаж буй. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоох насыг жил бүр гурван сараар уртасгах эрх зүйн орчин эдүгээ үйлчилж буй. Өмнө нь эрэгтэй 60, эмэгтэй 55 настайд тэтгэвэр тогтоолгох эрх нээгддэг байсан бол дээрх зохицуулалтаар жил бүр гурван cap нэмэгдсээр 1977 оноос хойш төрсөн эрчүүд, 2002 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 65 нас хүрч сая тэтгэврийн бараа харна.
Мөн өмнөх зохицуулалтаар 20 жил шимтгэл төлсөн бол тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг байсан бол энэ хугацаа мөн л гурав, гурван сараар уртассаар 2037 оноос 25 жил шимтгэл төлсөн хүн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох ажээ. Үүнээс гадна дараалсан таван жилийн дунджаас тэтгэвэр тогтоодог байсан бол одоо дараалсан долоон жилийн дунджаас тэтгэврийг нь тооцож бодох болж буй. Ийнхүү тэтгэвэр тогтоох насыг таван жилээр нэмж, тэтгэврийн хэмжээг нь бодох дундаж хугацааг сунгах гэх мэтээр аль болох бага тэтгэвэр өгөх, болж өгвөл өгөхгүй байх бодлогыг МАН-ынхан хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулан баталгаажуулсан нь үнэхээр хорлонтой. Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, эрүүл энх урт удаан наслах нөхцөлийг бүрдүүлэхийн оронд тэтгэвэр тэтгэмжийг нь өгөх хугацааг аль болох цаашлуулж холдуулж байгаа нь ардаа биш авлигачдаа тэтгэх Ардын намын агуу мэргэн бодлого юм.

 

Хөрөнгө оруулагчдад халгаатай засаг

АНУ, Хятад, Солонгос гээд хөгжингүй улс орнууд хүртэл бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байхад Монгол Улсын төр засаг гадаадын хөрөнгө оруулагчдыг хайр найргүй хөөж буй. Дэлхийн стандартаар явж байгаа бизнесүүдээ хавчин боогдуулж, хааж хориглож, бизнесийн орчныг улам хумьж, хязгаарлаж, хөрөнгө оруулалтын орчинг тогтворгүй болгож, хууль эрх зүйн зохицуулалтыг нь улам дордуулж байгаа өнөөгийн эрх баригчдыг ойлгох ухаан даанч хүрэхгүй. Гадаадын гэсэн бүгдийг хялайн хардаг энэ хандлага УИХ, Засгийн газрын нэг имиж болж тогтов. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид нүүр буруулж, бизнесүүд унаж, ард иргэдийн амьдрал хүндрэв. Ядарч туйлдсан иргэддээ өглөгч, халамжлагчийн дүр эсгэх нь популист засгийн ганц хийж чаддаг ажил.

 

ЖДҮ-г зөвхөн өөрсдөдөө

Эдүгээгийн УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн яам, агентлагт өндөр албан тушаал хашиж буй хүмүүс өөрсдөдөө ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж хэлэх бүрэн үндэстэй. ЖДҮХС-гийн гэх энэ хэрэгт холбогдогсодтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдмэг тэмцэж чадахгүй байгаа нь түүний дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсантай холбоотой. Түүнээс биш эдүгээ УИХ-д олонхи болон сууж буй МАН-ын 64 гишүүний дийлэнх нь ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон. Ёс зүйтэй, хууль журамтай улс оронд бол тэд аль хэдийнэ огцроод шударга шүүхийн өмнө очсон байгаа. Манайд л болохоор ЖДҮ-чин гэдэг нэр зүүчхээд жишиг ч үгүй хууль батлаад сууж байгаа юм. Түүнчлэн МАН-ынхан томоохон тендерүүдийг ч тоохгүй өөрсдөдөө түүгээд өгчихдөг нь ил тод эл дол болоод буй. ХААҮ-ийн сайд Ч.Улаан л гэхэд өмнөд хөрш руу мал амьдаар нь гаргах эрхийг хадам дүүгийнхээ компанид өгчихсөн байх жишээтэй.
Ийнхүү Ардын нам, Ардын гэх адгийн Засаг өөрсдөдөө ЖДҮ, тендер, концесс авч иргэдийнхээ хамаг боломжийг хамж булааж гаршчээ. Энэ булхай луйвар, хууль бус үйлдлүүдээ тэд улайм цайм, ил тод үйлдчихээд намынхаа хамгаалалт дор намбайж суух болов. Эрх баригчид хэчнээн эх орон, ард түмэн, шударга ёс гэж ориловч энэ засгийн шийдвэр дандаа ард иргэддээ халтай, улсдаа уршигтай гарч байна.

Г.УУГАНБАЯР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com