Д.Одбаярыг муулах хэрэггүй. Түүнийг гайхах ч шаардлагагүй юм. Ц.Нямдорж мань хүнийг үхэн хатан өмөөрдөг нь ч зөв. Логикийн хувьд шүү дээ. Олон улсын хуралд оролцохоор KAL-ын онгоцоор нисч явахдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг үндэслэлээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагуудад саатуулагдан байцаалт, мэдүүлэг өгсөн нь зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр гэдэг албан тушаалтны биш Монгол Улсын хувьд ичгүүртэй явдал болсон. Улс орноо, ард түмнээ ийн ичиглүүлж, доромжлуулж, олон улсад нэр хүндийг нь унагах ёс бус үйлдэл гаргасан нь Д.Одбаярын уучилж болшгүй алдаа. Гэхдээ түүнийг буруутгах хэрэггүй. Д.Одбаяр хувь хүний гэхээсээ илүү төлөвшил хүмүүжлээ олж авсан намынхаа үнэн төрхийг илчилсэн нь энэ юм.
Өндөр төлбөр торгууль төлөн байж эх орондоо ирчхээд Д.Одбаяр гэдэг хүний гаргаж байгаа үйлдэл нь мөн л нүүр улайм. Товчхондоо бол ёс зүйгүй, увайгүй, бараг л балмад зэрлэг гэмээр үйлдлийг Үндсэн хуулийн Цэцийн дарга өнгөрсөн гурав дөрөвхөн хоногийн дотор үзүүлж байна. Баасан гаргийн үүрээр шахуу Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхнээр угтуулан, отуулан байж хөл тавьсан Д.Одбаяр тэр оройдоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдтэйгээ уулзсан бололтой юм. Хурал хийсэн юм даг уу даа. Уг хурал дээр хилийн чанадад хэрэг тарьсан Цэцийн дарга өөрийгөө өмөөрч, хэлмэгдсэн гэх ухааны юм ярьж, ажил, албан тушаалаасаа буухгүй гэсэн аж. Ингээд тэрээр Цэцийн гишүүдтэйгээ ам хэл нийлэлгүй хаалга саван гарч одсон гэх мэдээллийг улс төр хавийн, мэдээлэлд харьцангуй ойр “бор шувуу”-нууд жиргэжээ.
Юутай ч даваа гарагт Үндсэн хуулийн Цэцийн дарга мэдээлэл хийнэ гэдэг зар түгээсэн боловч уг мэдээлэл цуцлагдсан. Учир нь Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ажээ. Гэхдээ тэрээр зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаасаа л огцорсон бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэвээрээ үлдэнэ. Олны шоглож, егөөдөж байгаачлан Д.Одбаяр дарга өгзөг илдэг гараараа цаашид Үндсэн хуулийн эхийг эргүүлсээр сууна гэсэн үг. Мэдээж энэ бол заль. Нэг харахад хариуцлага хүлээн огцорч буй мэт харагдаад нөгөө талаас албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаагийн илрэл. Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг нь үнэн ч бай, худал ч бай, хэлмэгдүүлсэн, гүтгэсэн ч бай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалыг хашиж буй төрийн өндөр албан тушаалтан ийм асуудалд нэр холбогдсон нь том дуулиан.
Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга бөгөөд гишүүний ажлаа бүгдийг нь хүлээлгэж өгөөд иргэн Д.Одбаярын хувиар үнэн зөвөө шүүлгэж, нэр төрөө цэвэрлэж авъя гээд өргөдлөө өгсөн бол хавьгүй дээр харагдах байлаа. Төрөө, улсаа хайрладаг бол ингэх нь зүй. Өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ ч ийм л байдаг. Монголд харин эсрэгээрээ. Үүнийг Үндсэн хуулийн Цэцийн дарга нь өөрийн биеэр үлгэрлэн харуулав. Цэцийн даргын ажлаа өгчхөөд Цэцийн гишүүний хамгаалалттайгаа үлдэх юм гэнэ.
Даваа гарагт Цэцийн гишүүд санаачлан даргынхаа ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр хурлын зар товлосон байжээ. Гэвч Д.Одбаяр дарга болон Цэцийн зарим гишүүн хуралдаанд ирээгүй аж. Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулсан байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг энэ сарын 22-ны өдөр хэлэлцэхээр товлосон хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон Цэцийн гишүүд санал нэгдсэн болохыг Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Одбаяр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж, Ерөнхийлөгчтэй уулзана гэж цамнасан гэнэ. Харин Ерөнхийлөгч түүний хариуд “Чамтай уулзах шаардлага байхгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв” гэсэн түс тас хариулт өгсөн бололтой.
Ийнхүү гай тарьж ирчхээд гавьяа байгуулсан мэт даналзаж байгаа Цэцийн дарга Д.Одбаярыг буруутгах шаардлагагүй. Муулах хэрэггүй. Энэ бол тэр хүний ч буруу биш. Тэжээж тэнхрүүлж, хүмүүжүүлж төлөвшүүлсэн намынх нь л натур энэ юм. Хүн гэгч нийгмийн амьтан. Тэр амьтныг хэн болгож өсгөх нь тэжээгчээс нь л шалтгаална. Д.Одбаяр гэгч энэ хүнийг МАН буюу хуучны МАХН төдийгөөс өдий хүртэл нь өсгөн бойжуулж, төр засгийн өндөр хариуцлагатай албан тушаалд томилж иржээ. Тэгэхээр Д.Одбаярын бурууг нам нь хамт үүрэлцэх учиртай. Одбаярыг буруутгахын оронд намыг нь буруутгах ёстой. Ядаж л ийм ёс суртахууны ялзрал доройтолтой хүнээ төрийн өндөр албанд томилсных нь төлөө МАН-аас хариуцлага нэхэх нь шударга ёсонд нийцнэ. Д.Одбаярыг буруутгах, муулах хэрэггүй гээд байгаагийн учир энэ. Эрх барьж буй нам төрийн албанд төрийн улс төрийн томилгоог хийхдээ хамгийн шилдэг хүмүүсээ дэвшүүлж, тэдэндээ ёс суртахууны болон ажил үүргийн өндөр хариуцлага ногдуулдаг. Тэр жишгээр л Д.Одбаярыг МАН Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилуулсан. Түүнийг УИХ-аас санал болгон Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 2016 оны арваннэгдүгээр сард томилуулж, хагас жил гаруйн дараа Цэцийн дарга болгосон байна. Тэгэхээр санал болгож томилуулсны хувьд өнөөгийн УИХ Д.Одбаяртай хамт ёс зүйн хариуцлага хамт хүлээх нь зүйтэй юм.
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга гээд төрийн өндөр албан тушаалыг дараалан хашсан Д.Одбаяр МАН-ын боловсон хүчний шилдэг нь учир Үндсэн хуулийн Цэц буюу олон улсын тогтсон нэршлээр бол Үндсэн хуулийн шүүх хэмээх энэ өндөр том статустай байгууллагыг толгойлохоор болсон байж таарна. Гэхдээ Д.Одбаяр сайд байхдаа ч, гишүүн болоод ч тийм ч сайн нэртэй байгаагүй. Түүнийг ХЗДХ-ийн сайд байхад "Нийгмийн толь" сонин дээр ногоон паспортын наймаа, яаман дотроо бөгс бөөрний явдлаараа үүсгэсэн сүлжээ, Энэтхэгт хууль зүйн сургуульд сурч байхдаа нэг өрөөнд орсон гадаад оюутны өндөг, хиамыг зөвшөөрөлгүй авч шарж идчихээд хулгайн хэргээр хөөгдөж ирсэн зэрэг асуудал нь сөхөгдөж байсан юм. Энэ мэт ёс суртахууны доголдлыг нь хааж хаацайлж өдий хүргэсэн МАН буруутай. Хааж хаацайлаад зогсохгүй бүр өөгшүүлэн урамшуулж байгаа мэт албан тушаалын бялуу бүхнийг Д.Одбаярын өмнө овоолж тавагладаг байснаараа МАН “бэлгийн дарамт үзүүлсэн” хэргийн хамсаатан юм.
МАН-ынхны Үндсэн хуулийн Цэцийн дарга болтол өөд нь өргөж, дээш нь дэвшүүлсэн шилдгийн шилдэг боловсон хүчин нь ийм ёс зүйн хувьд ийм доройтолтой, бүдүүлэг нөхөр байгаа нь энэ нам өөрөө хэрхэн ялзарсныг харуулж байна. Албан тушаалын шатаар өөдөө өгсөх тусмаа ёс зүйн хувьд зогсоо зайгүй уруудсаар түмний шившиг, нүдний булай болж хувирсан Д.Одбаяр бол МАН-ынхны өнөөгийн байгаа царай юм. МАН-ынхан ч үүнийгээ хүлээн зөвшөөрч эхэлжээ. Жаахан ичих булчирхайтай, ёс зүйтэй хэсэг нь Д.Одбаяраас бус намаасаа ичиж эхэлсэн байна. Д.Одбаяр гэдэг толинд өөрсдийгөө харсан МАН-ынхны олонх нь цочирдож, сандарсан гэнэ. Зарим нь бузар булайгаасаа ичихийн оронд түүнийгээ нууж хаах гэж бултаж булзааруулж суугаа нь ч бий ажээ. Эцэст нь хэлэхэд, МАН хэмээх ялзарч өмхийрсөн цөөрмийн үнэн дүр төрхийг өөрийн биеэр үлгэр жишээ болгон “илчилсэн” нь Д.Одбаярт тохиолдсон муу явдлын сайн тал юм даа.
Г.УУГАНБАЯР