Ердөө саяхан, энэ тавдугаар сарын эхээр АНУ хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын татварыг 10 хувь байсныг 25 хувь болгон өсгөв. Хоёр орны худалдааны хэлэлцээр бараг 90 хувьд хүрээд байгаа гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлж байгаа ч энэ хэлэлцээр одоо зогсчихоод байна. Гол зангилаа асуудал нь өөр өөрийн өмчийн эрхийг хамгаалах, АНУ-ын зүгээс хятадын төрийн өмчийн корпорцуудыг хууль бус гэж харах, худалдааны тэнцлийг хангахын тулд БНХАУ бүтцийн өөрчлөлт хийх тухай ярьж байгаа юм.
Дональд Трамп цаашид БНХАУ-аас оруулж ирдэг 300 тэрбум ам.долларын барааны татварыг өсгөхөөр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Хариуд нь Хятад америкийн 60 тэрбум ам.долларын барааны татварыг нэмэх шийдвэрээ зургадугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэллээ. Ингэхээр Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс авахаа зогсоож, Boeing онгоц захиалахаа багасгах төлөвтэй байна.
Дональд Трамп худалдааны хэлэлцээр амжилттай бол ойрын 3-4 долоо хоногт нөхцөл байдал арай сайжирч мэднэ гэж байгаа юм. Трампын мэдэгдсэнээр бол одоохондоо татвар нэмэхээр төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Америкийн тэргүүн хятадын Си Зиньпинтэй нөхөрсөг харилцаатай гэдгээ мэдэгдээд хэлэлцээр төгсгөлийн шатандаа орсон гэж байгаа юм. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ч хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр Бээжинг удахгүй зорино гэж мэдэгдээд байгаа.
Энэ бүхэн хэзээ яаж эхэлсэн бэ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны тангараг өргөхдөө л хятадын худалдааны аргад сэтгэл ханамжгүй байгаагаа мэдэгдсэн. Улмаар 2017 онд АНУ Хятадын худалдааны бодлогыг шалгаж эхэлсэн бол 2018 онд Бээжингээс худалдан авдаг тэрбум орчим ам.долларын хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж, Хятад ч яг адил хариу барьсан юм.
Энэ сөргөлдөөн хэдэн сар үргэлжилж арванхоёрдугаар сард ийм байдлаар шинэ шинэ татвар ногдуулахаа зогсооё хэмээн хэлэлцээрийн ширээнд суусан юм. Яриа хэлэлцээр амжилтад хүрэх эсэх нь тийм ч амар биш байлаа. Ингэж байтал 2019 оны гуравдугаар сард АНУ хятадын 200 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүний татварыг хоёр илүү дахинаар нэмлээ. Бээжин ч зүгээр суусангүй ердөө гурав хоногийн дараа америкийн 60 тэрбум ам.долларын үнэ бүхий барааны тарифыг нэмсэн юм.
Ямар бараа бүтээгдэхүүн үүнд өртөж байна вэ
Өнгөрөгч 2018 онд АНУ хятадын нийтдээ 250 тэрбум ам.долларын үнэ бүхий барааны тарифыг гурван ч удаа нэмэгдүүлсэн юм. 25 хувийн татварыг өргөн хэрэглээний сагсан дахь болон аж үйлдвэрийн бараа, төмөр замын тоног төхөөрөмж, нарны зайд ногдуулсан.
Бээжин хариуд нь америкийн 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулаад АНУ-ыг “эдийн засгийн түүхийн бүхий л үед тохиож байгаагүй худалдааны том дайн өдөөлөө” гэж буруутгасан юм. Энд хятад химийн бүтээгдэхүүн, нүүрс, эмнэлгийн тоног төхөөрөмжийн татварыг 5-25 хувь хүртэл нэмсэн юм.
Ялангуяа бүгд найрамдах намыг дэмждэг мужуудад үйлдвэрлэж гадаадад гаргадаг шош зэргийн татварыг нэмсэн байна.
Ингэж харилцан татвараа нэмж байсаар 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд ярилцаж хэлэлцээрийн ширээнд суусан юм. Гэхдээ 2019 оны тавдугаар сард АНУ дахиад л хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувь байсныг 25 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хятад ч бас мөчөөгөө өгсөнгүй хариу болгож татвар нэмсэн ч хэлэлцээр хараахан дуусаагүй байгаа гэж албан ёсны төлөөлөгч нь мэдэгдлээ.
АНУ дахиад хятадын 300 тэрбум ам.долларын бараанд шинэ тариф тогтоолоо. 2019 оны тавдугаар сарын 17-нд АНУ өөрийн компаниудыг холбоо мэдээллийн тоног төхөөрөмж, гар утасны Huawei компанитай хамтран ажиллахыг хориглолоо. Ингэж Huawei компани АНУ, БНХАУ-ын худалдааны дайны анхны хохирогч болох нь тэр. Энэ хоригийн улмаас хятадын гар утасны энэ том компанид Google өөрийн сервис, андройд системийг Хуавэйд ашиглуулахаа зогсоов. Microsoft бас зөөврийн компьютерт өөрийн программ ашиглахыг хориглолоо. Intel болон AMD компаниуд өөрийн бичил чипүүдийг тэдний гар утсанд зориулж өгөхөө зогсоов. Энэ хоригт японы Toshiba, Panasonic, английн ARM компаниуд нэгдэж Huawei эсрэг зогсов.
Одоо ямар тариф үйлчилж байна вэ
Өнөөдөр хятадын 250 тэрбум ам.долларын бараанд өндөр татвар ногдуулаад байгаа бол хятад улс америкийн 110 тэрбум ам.долларын бараанд илүү татвар ногдуулаад байна. 2019 оны зургадугаар сарын 1-нээс Хятад дахиад америкийн 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж эхэлсэн нь хэрэгжиж байна. Энэ татварт мах, хүнсний ногоо, жүүс, ургамлын тос, цай, кофе, мебель тавилга, хөргөгч, зэрэг бараанууд өртөж байгаа юм.
Одоо яах бол
Бүр 30 жилийн өмнө хятадын коммунист удирдагч Дэн Сяопин “Саудын Арабад нефть бий, харин Хятадад газрын ховор элемент бий” гэж мэдэгдэж байжээ. Одоо шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс АНУ-тай хийж байгаа худалдааны дайндаа бууж өгөлгүйгээр Apple, Tesla, Boeing зэрэг том акулуудад цохилт өгч магадгүй байна.
1990-ээд оны эхээр хятадын тэр үеийн удирдагч Дэн Сяопин iPhone ч юм уу, нисгэгчгүй аппарат, Tesla-гийн автомашин, робот, өндөр технологийн сөнөөгч онгоцны тухай бараг төсөөлөлгүй байсан. Гэтэл өнөөдөр амьдралын чухал энэ хэрэгслүүд худалдааны дайны нэг хүчин зүйл болж мэдэх нь.
Дональд Трампын засгийн газартай харьцуулбал Си Зиньпиний засгийн газар арай бага нөлөөтэй атлаа Си яагаад харилцан ойлголцохоо зугтаад байна вэ. Магадгүй Хятад нөгөө талаасаа илүү хөзөр атгачхаад байгаа юм биш биз.
Ердөө өнгөрсөн сард Си Зиньпин газрын ховор элементийн байгууламжид зочилсон. “Энэ бол саудын арабын нефть биш, гэхдээ техникийн үйлдвэрлэлд маш чухал хэрэгцээтэй энэ бүтээгдэхүүний хятадын нөөц нь Бээжингээс америкийн Цахиурын хөндийд нөлөөлөх хөшүүрэг болж мэднэ” гэж Forbes сэтгүүлд бичсэн байна.
Өөр ямар арга байгаа юм
Энэ бол Дональд Трампад нөлөөлөх хятадын ганц л жишээ. Gavekal Research-ийн эдийн засагч Луи Гэйв хятадаас үзүүлэх шахалтыг дараах байдлаар жагсаасан байна. Үүнд газрын ховор элемент экспортлохоо зогсоох, Хятадад ажиллаж амьдарч байгаа америкчуудыг боломжгүй болгох, валютын ханшийн уналтыг өдөөх, АНУ-ын үнэт цаасыг их хэмжээгээр үнэгүйдүүлэх, эрчим хүчний дэлхийн үнийг унагах, бүхийл чиглэлийн барааг захиалахаа огцом өөрчлөх аргууд хэрэглэж мэднэ гэж байна.
“Бүр гэнэтийн цохилт өгвөл яах вэ. Сигийн засгийн газар азийн эдийн засагт асар их үүрэг бүхий Boeing-ийг хаачихвал яах вэ бол. GeneralMotors-ын автомашинууд хятадын гааль дээр таг зогсвол юу болох вэ. Apple-ийг Хятадад худалдахаа больчих ч юм уу. Америкаас шар буурцаг импортлохоо больчихвол хөдөө аж ахуйд юу болох вэ” хэмээн Forbes бичжээ. Ийм байдлаар Трамптай зөрчилдсөөр Хятад 2020 оныг хүлээгээд байвал америкчууд арай өөр хүнийг сонгож мэднэ гэж хүлээж байж мэднэ гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Гэхдээ энэ нь Хятадын хувьд бас таагүй үр дагаварт хүргэж мэдэх юм. Бээжин Токиог газрын ховор элементийн зах зээлээс хассан ч аргагүйн эрхэнд японы зах зээлд эргэн гарч болно. “Ингэлээ гэхэд үр дүн багатайгаас гадна хятадын өөрийн нь эдийн засагт хортой” гэж Гэйв үзэж байна.
Үүнээс бүр аюултай хувилбар бол америкийн үнэт цаас бондыг их хэмжээнээр худалдан авах явдал байж болох ч энэ нь эргээд Хятадын эдийн засагт цохилт болно. Үнэт цаасны орлого өсөөд эхлэхээр америкийн хэрэглэгчид дампуурч мэдэх ч “энэ давалгаа аажмаар Уоллл-Стритээс Шанхай руу чиглэж өөрт нь гай болно гэж Eurasia Group-ийн эдийн засагч Майкл Хирсон хэлж байна. Тэгэхээр Си Зиньпин үүнд тун болгоомжтой хандах байх. Өнөөдөр хятад АНУ-ын 1,1 их наяд ам.долларын үнэт цаасыг эзэмшиж байгаа юм.
Хятад худалдааны дайн хүсэхгүй, худалдааны дайн хийхээс ч айхгүй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин ердөө өчигдөр “Энэ худалдааны дайны хариуцлага бүхэлдээ Америкийн талд байна. Хятадын тал дайтахыг хүсэхгүй байна, дайн хийхийг ч хүсэхгүй байна. Гэвч дайн хийхээс айхгүй, шаардлага гарвал хийх болно. Хятад, Америкийн худалдаан, эдийн засгийн зөвшилцлийн үеэр Хятадын тал хэзээд эрх тэгш, харилцан ашигтай, харилцан итгэлцэх байр суурийг баримталсаар ирсэн. Бидний өнөөдрийг хүртэлх хэлэлцээрт гаргаж ирсэн идэвх зүтгэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах тууштай хандлага бүр ч өөрчлөгдөхгүй. Бүрэн эрх, нэр төртэй холбоотой чухал зарчмын асуудалд Хятадын тал огт буулт хийхгүй. Хятадын сорилтыг давах алхам хэзээ ч зогсохгүй. Хятадын том үүд хэзээд хаагдахгүй, зөвхөн улам бүр томоор нээгдэх болно” гэж мэдэгджээ.